Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 395

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Анармаа,

Улсын яллагч П.Болормаа,

Шүүгдэгч Ш.Г , С.М , тэдний өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.Г , С.М  нарт холбогдох эрүүгийн 1806 01462 0273 дугаартай хэргийг 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

      1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Төв аймгийн Угтаалцайдам суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой,  мэргэжилтэй, оюутан, ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, Ш.Г .

 

       2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 2 эхийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар  , хэрэг хариуцах чадвартай, С.М .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Ш.Г , С.М  нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар  сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 35 дугаар гудамжны 1858 тоотод оршин суух Н.Чинбатын эзэмшлийн өвлийн сууцны хаалганы цоожинд түлхүүр тааруулан нэвтэрч Скайворд маркийн 55 инчийн 3 ди зурагтийг нууцаар, хууль бусаар авч 1.484.940 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Г  мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.М  мэдүүлэхдээ: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас хохирогч Н.Чинбатын өгсөн мэдүүлэг /хх-27-3/, гэрч Б.Ялалтбаярын өгсөн мэдүүлэг /хх-34/, нд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-13, 18/, барьцаат зээлийн баримт /хх-42/, эд зүйлийн үнэлгээ /хх-43/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-23-26/, С.М ийн хувийн байдлыг тогтоосон баримт, ял шийтгэгдсэн эсэх лавлагаа /хх-78-98/, Ш.Г хувийн байдлыг тогоосон баримт, ял шийтгэгдсэн эсэх лавлагаа /хх-68/, С.М ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-76-77/, Ш.Г яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-68/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

  

Шүүгдэгч Ш.Г , С.М  нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар  сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 35 дугаар гудамжны 1858 тоотод оршин суух Н.Чинбатын эзэмшлийн өвлийн сууцны хаалганы цоожинд түлхүүр тааруулан нэвтэрч Скайворд маркийн 55 инчийн 3 ди зурагтийг нууцаар, хууль бусаар авч 1.484.940 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон байна.              

 

Дээр дурьдсан үйл баримт дараахи нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Чинбатын өгсөн: “...Би хоёр жилийн буюу 2017 онд “Арина” нэртэй электрон барааны дэлгүүрээс 2.500.000 төгрөгөөр худалдан авч байсан 55 инчийн 3ди зурагтыг авч байсан баримт нь байгаа зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн баримт нь байгаа. Авсан үнээрээ үнэлж байна. Тэгэхдээ би хулгайд алдсан зурагтаа эргүүлж авсан байгаа. 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 21 цагийн үед гэртэй иртэл байшингийн гаднах хаалга онгорхой дотор талд байдаг вакум хаалга онгорхой байсан. 2 давхарын өрөөнүүдийг үзэхэд унтлагын өрөөнд байсан Скайворд маркийн 55 инчийн Зди зурагт байхгүй байсан. Би хулгайд алдсан зурагтаа эргүүлж авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй.” /хх-27-30/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Ялалтбаярын өгсөн: “...Би 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, Автоплаза төвийн ард байрлах “Цамба” ломбарданд ажил дээр байж байтал залуухан 2 эрэгтэй хүн орж ирээд нэг гинж үзүүлэхэд хуурамч жинхэнэ эсэхийг шалгаад өгөөч гэсэн юм. Тэр хоёр хүүхэд хуурамч гинж авч явсан. 2-3 минутын дараа буцаж орж ирээд “манай эгчийн зурагт байгаа юм, мөнгө хэрэг болоод барьцаанд тавих гэсэн юм авах уу” гэж хэлэхээр “үзэж байж болъёо” гэхэд “гэрээсээ очоод аваад ирье” гээд явсан. Тэрнээс өмнө смарт интернэт ордог гэхээр нь 100 айлын “Жоби”-н ард байрлах байранд хүрээд ирээрэй гэсэн 30-40 минутын дараа таксигаар хүрч ирэхээр нь зурагтыг шалгахад асахгүй байсан. “250.000 төгрөгөөр барьцаанд авъя” гэхэд “тэгье” гэсэн. Эргүүлийн цагдаа таарч шалгахад хулгайн зурагт байсан. Манай ажил дээр интернэт кабел байдаггүй.” /хх-33-34/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Ш.Г яллагдагчаар өгсөн: “ ...С.М  нь “би эхнэр хүүхэд рүүгээ явах хэрэгтэй байна, мөнгө хэрэгтэй байна” гэж ярьж байгаад “энэ зурагтыг тавьчихая, тэгээд мөнгийг хувааж авч өгнө шүү” гэсэн. Тэгээд бид 2 тохиролцоод 100 айлын ломбарданд тавихаар болоод ломбард руу явж байгаад цагдаад баригдсан. “ /хх-68/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд С.М ийн яллагдагчаар өгсөн: “ ...Надад байсан түлхүүрээр хаалга нээж ороод Ш.Г  “хоёулаа энэ зурагтыг ломбарданд тавиад би ажил хийгээд мөнгө олоод буцаагаад аваад өгье” гэсэн. Бид 2 санал нэгдээд ломбард ольё гээд гарч 100 айлын ломбардны эрэгтэй зурагт авна гэсэн. /хх-76-77/ гэх мэдүүлэг,

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-23-26/,

Илтгэх хуудас /хх-12/,

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай баримт /хх-13-14, 18/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-43-44/,

Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-18/,

Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-97, 110/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Ш.Г , С.М  нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар  сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 35 дугаар гудамжны 1858 тоотод оршин суух Н.Чинбатын эзэмшлийн өвлийн сууцны хаалганы цоожинд түлхүүр тааруулан нэвтэрч Скайворд маркийн 55 инчийн 3 ди зурагтийг нууцаар, хууль бусаар авч 1.484.940 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь хохирогч Н.Чинбат, гэрч Н.Ялалтбаяр нарын мэдүүлгүүд, “Дамно” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон шүүгдэгч Ш.Г , С.М  нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, эд зүйл хүлээн авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Ш.Г , С.М  нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар  сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 35 дугаар гудамжны 1858 тоотод оршин суух Н.Чинбатын эзэмшлийн өвлийн сууцны хаалганы цоожинд түлхүүр тааруулан нэвтэрч Скайворд маркийн 55 инчийн 3 ди зурагтийг нууцаар, хууль бусаар авч 1.484.940 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

 

Шүүгдэгч Ш.Г , С.М  нарын гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, тэдэнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогч Н.Чинбат нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул үүнийг шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүхээс шүүгдэгч Ш.Г , С.М  нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.

 

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ш.Г , С.М  нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялыг тус тус хөнгөрүүлэн оногдуулах нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

        Энэ хэрэгтээ шүүгдэгч Ш.Г , С.М  нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1,  38.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш.Г , С.М  нарыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

           2. Ш.Г , С.М  нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

           

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Ш.Г , С.М  нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

            4. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, Ш.Г , С.М  нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус

дурьдсугай.

 

 5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, Ш.Г , С.М  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

     6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ш.Г , С.М  нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС