Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 88

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Батням,                                             

Улсын яллагч Ч.Мөнх-Эрдэнэ,  

Хохирогч В.Оюунгэрэл,

Шүүгдэгч Т.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Элжгин овогт Т-н Дд холбогдох эрүүгийн 1809030030700 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Монгол улсын иргэн, 1977 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Бат зэв” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 1-88 тоотод оршин суух,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2000 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 139 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-д зааснаар 1 жил 6 сарын хугацаатай хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 245 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 9 жилийн хугацаатай хорих ялаар шийтгэгдэж, 2008 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр эдлээгүй үлдсэн 2 жил 09 сар 07 хоногийн өмнө тэнсэж, суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн,  / РД: ХЕ 77053015 / Элжигин овогт Т-н Д нь:

 

- 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “БАТ ЗЭВ” ХХК-ний хашаан дотор хохирогч В.Оюунгэрэлтэй маргалдан, зууралдах явцдаа түүний баруун гарын хурууг мушгисны улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд:  Хохирогч В.Оюунгэрэл, яллагдагч  Т.Дгийн цамцны энгэрээс 2 гараараа ээлжлэн заамдаж барьсан, хоорондоо маргалдаж байгаад яллагдагч Г.Даваасүрэн хохирогч В.Оюунгэрэлийн баруун гарыг энгэрээсээ хүчтэй түлхэн тавиулаад яллагдагч Г.Даваасүрэн гартаа бор өнгийн гар утас бариад үзэж байгаа бичлэг байна гэжээ. / хх 27 /

 

Хохирогч В.Оюунгэрэл мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: … 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 16:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн Эрчим хүчний төвд гэрлийн мөнгө тушаагаад гарч ирэхэд манай нөхрийн машиныг ачаад явсан байсан. ... Миний утас дуугархаар нь гар утсаа гаргаад нар тусаад байхаар нь нар хаагаад дээшээ өргөөд утсаа харж байтал машин ачсан залуу ачлагын машинтай орж ирээд дугуйгаа эвхэж байсан. Тэгээд намайг бичлэг хийгээд байна, гар утсыг нь ав гээд Даваасүрэн гэх залуу хажууд байсан залуудаа хэлсэн чинь нөгөө залуу над дээр хүрч ирээгүй. Тэгээд нөгөө Даваасүрэн гэх залуу над дээр хүрч ирээд миний гар утсыг булааж аваад өмднийхөө баруун талын халаасанд хийгээд цаашаа явах гээд эргэхээр нь би гар утас өг гээд Даваасүрэнгийн энгэрээс хоёр гараараа заамдаж авсан. ... Даваасүрэн гэх залуугийн энгэрээс заамдаад байж байтал миний гарыг тавиулах гээд хүчтэй түлхээд, мушгиад тавиулсан тэр үед миний баруун гарын ядам хуруу гэмтсэн гэжээ. / хх 18-19 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1130 дугаар дүгнэлтэнд:

1. В.Оюунгэрэлийн биед баруун сарвууны 4-р хурууны дунд шивнүүр ясны сэлтэрсэн хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт болно.

4. Цаашид гэмтэл нь эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. / хх 74 /

 

Яллагдагч Т.Д мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ... В.Оюунгэрэл гэх эмэгтэй миний энгэрээс зуураад тавихгүй байхаар нь би баруун гарыг түлхээд салгасан гэжээ. / хх 4 /

 

Шүүгдэгч Т.Дг 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 96-98 /

 

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 32 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Т.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй. Зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Би хохирогчийн гарыг мушгиж тавиулаагүй. Урьд нь гэмтэлтэй байсан ч юм бил үү. Тухайн үед би уйчлалт гуйгаад мөнгө өгье гэж хэлсэн. Тэр үед гар гэмтлээ гэсэн зүйл яриагүй. 6 дугаар сард болсон асуудлаар 9 дүгээр сард гэмтэл учирсан гэснийг зөвшөөрөхгүй. Шүүх буруутай гэж үзвэл тогтоосон хохирлыг төлнө гэв.

 

Хохирогч В.Оюунгэрэл шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрчим хүчний газарт мөнгөө тушаагаад цаг гарангийн дараа гарч иртэл машин байхгүй байсан. Машин ачигдсан гэхээр нь бид хоёр 32-ын тэндэх журмын хашаанд очоод машинаа тойрч үзсэн. Ингээд нөхөр мөнгөө тушаахаар явсан. Даваасүрэн миний гар утсыг булаагаад авчихаар нь би гар утсаа авья гэтэл өгөхгүй болохоор нь би түүний энгэрээс нь хоёр гараараа заамдаж барьсан. Гэтэл миний гарыг мушгиж хүчээр тавиулсан. Гар утсыг халаасандаа хийгээд явчихсан. Гар эвгүй болчихоор нь би нөхрөөрөө цагдаа дуудуулсан. Анх надаас уучлалт гуйсан боловч эмчилгээний зардлыг өгөөгүй. Би 2.000.000 нэхэмжилж байна. Гартаа хагалгаа хийлгэ гэсэн. 35.000 төгрөгөөр зураг авахуулсан гэв.

 

Шүүгдэгч Т.Д нь 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “БАТ ЗЭВ” ХХК-ний хашаан дотор хохирогч В.Оюунгэрэлийг зураг авлаа гэж утсыг нь булааж авснаас маргалдан, түүний заамдсан гарыг тавиулахаар дугтрах үед түүний баруун гарын хуруу гэмтэж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: …Хохирогч В.Оюунгэрэл, яллагдагч  Т.Дгийн цамцны энгэрээс 2 гараараа ээлжлэн заамдаж барьсан, хоорондоо маргалдаж байгаад яллагдагч Г.Даваасүрэн хохирогч В.Оюунгэрэлийн баруун гарыг энгэрээсээ хүчтэй түлхэн тавиулаад ялладагч Т.Д гартаа бор өнгийн гар утас бариад үзэж байгаа бичлэг байна гэсэн Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл / хх 27 /,  … Даваасүрэн гэх залуу над дээр хүрч ирээд миний гар утсыг булааж аваад өмднийхөө баруун талын халаасанд хийгээд цаашаа явах гээд эргэхээр нь би гар утас өг гээд Даваасүрэнгийн энгэрээс хоёр гараараа заамдаж авсан. ... Даваасүрэн гэх залуугийн энгэрээс заамдаад байж байтал миний гарыг тавиулах гээд хүчтэй түлхээд тавиулсан. Тэр үед миний баруун гарын ядам хуруу гэмтсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч В.Оюунгэрэлийн мэдүүлэг / хх 18-19 /, ...В.Оюунгэрэлийн биед баруун сарвууны 4-р хурууны дунд шивнүүр ясны сэлтэрсэн хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байна.  Гэмтлийн хүндэвтэр зэрэгт болно гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1130 дугаар дүгнэлт / хх 74 / зэрэг болно.

 

Шүүхээс шүүгдэгч Т.Дг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус ажиллагаа гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан түүнд хуульд заасан торгуулийн ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирогч В.Оюунгэрэл нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд “ Даваасүрэн гэх залуугийн энгэрээс заамдаад байж байтал миний гарыг тавиулах гээд хүчтэй түлхээд, мушгиад тавиулсан. Тэр үед миний баруун гарын ядам хуруу гэмтсэн / хх 18-19 /, би зураг авах гээгүй. Гар утас дугарахаар нь автал нар тусаад байхаар нь дээш нь өргөөд харах гэтэл Даваасүрэн ирж утсыг булааж авсан гэж мэдүүлсэн боловч хэрэгт авагдсан камерын бичлэгээр шүүгдэгчийг 2 гараараа заамдан бариад тавихгүй байсан тул шүүгдэгч түүний хоёр гарын бугуйн дээрээс барьж, хүчтэй дугтарч тавиулж байгаа бичигдсэн, мушгисан үйлдэл байхгүй байна.  Харин хүчтэй дугтрахад түүний зуурсан гар гэмтсэн байна.

Мөн мөрдөн шалгалтын явцад гаргасан өргөдөлдөө: ... Ачлагын машины зургийг авах гэхэд  жолооч нь ирж гар мушгиж дээрэмдэж авсан / хх 09 /,  хохирогчоор хууль сануулан мэдүүлэг авахад:  ...Машины кабин дээр “ Бат зэв “ гэсэн бичиг байхаар нь зургийг нь дарах гэсэн юм гэж мэдүүлжээ.

 

Хохирогч В.Оюунгэрэл нь гэмтсэн хуруундаа хувийн эмнэлгээр хагалгаа хийлгэх зардалд  2.000.000 сая төгрөг нэхэмжилсэн бөгөөд одоогоор хагалгаа хийлгээгүй атлаа 1.700.000 төгрөгний нэхэмжлэл гэсэн баримтыг / хх 61 / шүүхэд өгсөн тул баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй байна. Харин “ Мөнгөн гүүр эмнэлэгт рентген оношилгоо хийлгэж 35.000 төгрөг төлсөн болох нь баримтаар нотлогдсон тул / хх 59-60 / шүүгдэгчээс гаргуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хавсаргаж, Т.Д нь цагдан хоригдоогүйг дурьдав.

 

Шүүгдэгч Т.Д нь хохирогчийн гар гэмтсэн байсан ч юм бил үү. 6 дугаар сард болсон асуудалд 9 дүгээр сард хүндэвтэр гэмтэл гэсэн дүгнэлт гарсныг зөвшөөрөхгүй гэснийг дараах баримтаар няцааж байна. Үүнд:

 1. Хохирогч В.Оюунгэрэл нь хуруу гэмтсэн талаараа уг асуудал болсон өдөр нь Цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан / хх 9 / байна.

2. Мөн өдрөө хууль сануулан хохирогчоор байцаахад хуруу гэмтсэн гэж / хх 10 / мэдүүлжээ.

3. Мөрдөгч 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр шинжээч томилж / хх 23 / шинжээчийн 8152 дугаар дүгнэлтээр хөнгөн гэмтэл учирсныг / хх 24 / тогтоосон.

4. Хохирогч дээрх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, тухайн үед хаван хавдар ихтэй байсан учир дүгнэлт буруу гарсан гээд “Мөнгөн гүүр” эмнэлгийн рентген оношлогоог шүүхэд нотлох баримтаар өгсөн учир дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилсны дагуу В.Оюунгэрэлийн биед 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 1130 дугаар дүгнэлтээр хүндэвтэр гэмтэл учирсан нь нотлогдсон болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон 

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Элжигин овогт Т-н Дг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Т-н Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавь / нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, Т.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг  дурьдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 1-д зааснаар Т.Дгээс 35.000 төгрөгийг гаргуулан хохирогч В.Оюунгэрэлд олгож, цаашдын эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.Д нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     С.ОЮУНЧИМЭГ