Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 89

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Батням,                                              

Улсын яллагч Н.Түвшинбаяр,

Шүүгдэгч Д.Н, Л.С, тэдгээрийн өмгөөлөгч Я.Батханд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Д-н Н , Чонос овогт Л-н С нарт холбогдох эрүүгийн 1809011720399 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1969 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 50 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Шонхор зуслангийн захирал ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 24-р байр 68 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ВЭ69112000 / Сартуул овогт Д-н Н ,

 

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Идэр” их сургуулийн безнисийн удирдлагын 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 2, эмээгийн хамт, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн  2-р гудамж 35 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: НН97101210 / Чонос овогт Л-н С нар нь:

 

- 2018 оны 03 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө бүлэглэн Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, “Санрайз” зочид буудлын 309 тоот өрөөнд М.Бямбажавд хүч хэрэглэн цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                                                                           

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч М.Бямбажав мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 03 дугаар сарын 04-ний орой Билгүүн, Янжинлхам, Солонго нар нь манай гэрийн үүдэнд ирээд намайг гараад ир гэсэн. Бид хүүхдийн 100-н  “Дабле” гэдэг газар орж пиво ууцгааж байгаад гараад баар орох гэтэл арай эрт байхаар нь Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо “Санрайз” зочид буудлын 309 тоотод Билгүүн, Янжинлхам, Солонго бид нар нэг шил “Тайга” нэртэй архи, пиво авч ороод ууж байхад Солонго гээд охины аав, ээж, нөхөр нь залгаад байна гэхээр нь “Янжинлхам та 2 гэр рүүгээ яв” гээд гаргаж өгөөд таксинд суулгаж өгөхөд Янжинлхам нь суугаагүй явахгүй гээд үлдсэн. Бид 3 буцаж буудал руу ороод үлдсэн пивоо ууж дуусгасан. Билгүүнээ пивонд гараад ирье гээд гарсан. Тэр хооронд өрөөний хаалга тогшихоор нь тайлж өгтөл Янжинлхамын нөхөр нь миний нүүрэн тус газар гараараа цохиж, Янжинлхамын ээж нь миний нүүрийг базаж майжсан. Би хананд шахагдахад Солонгын нөхөр гэх залуу зүүн хацар руу гараараа цохьсон. Тэгээд би орон дээр унаж гараараа толгойгоо хамгаалж доош харж сууж байхад миний толгой руу архины шилээр цохьсон. Нүд, хамар, хавирга, гуя руу өшиглөж цохьсон. Тэгээд би “ Яагаад байгаа юм бэ “ гээд орилоод босож ирэхэд миний толгойноос их хэмжээний цус гарч байсан. Тэгээд бүгд гараад явсан гэжээ. / хх 6-7 /

 

Гэрч Ц.Пүрэвдорж мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 03 дугаар сарын 04-ний орой найз бүсгүй Гангансолонго над руу залгаад  “Янжинлхам намайг дуудаад байна. Би уулзаад Янжинлхамын гэрт нь хоночих уу “ гэж асуухаар нь би “ Тэг тэг “ гэж хэлсэн. Би орой Ганагансолонго руу залгахад утсаа авахгүй байсан. Янжинлхамтай видеогоор ярихад “ Бид 2 унтаж байна “ гэхээр нь “ Битгий худлаа яриад бай “ гэхэд Гангансолонго “ Бид 2 пиво уух гээд гараад явж байна” гэхээр нь “ Би очлоо. Байж бай “ гээд гэрт нь яваад очтол утсаа авахгүй байхаар нь Гангансолонгын аав, ээжтэй яриад бид гурав Янжинлхамын гэрт нь очиж уулзтал ээж нь “ Гангансолонго, Янжинлхам нар байхгүй байна”  гэсэн.

Янжинлхамын ээж нь нилээн согтуу “ Цуг явъя “ гээд хамт явсан. Янжинлхамын ээж нь түүний найз залуу руу залгаж “ Цуг явж Янжинлхамыг хайж олъё “ гээд түүнийг 1000-н оюутны байрны зам дагуу зогсож байхаар нь авсан. Янжинлхам нь ээжтэйгээ утсаар ярихдаа “ Бид нар циркийн хажууд байдаг клаб-24 пабд байна “ гэхээр нь яваад очтол байхгүй байсан. Гангансолонго аавтайгаа яриад Сүхбаатарын талбай дээр ирээд аваач гэхээр нь бид 5 талбай дээр очиж Гангансолонгыг авсан. Янжинлхамын ээж “ Манай охиныг олж өгөхгүй бол цагдаад мэдэгдэнэ “ гэж Гангансолонгод хэлсэн. Тэгээд Гангансолонго байгаа газрыг нь зааж өгнө гээд бид нар машинтай хөдөлсөн. Замдаа явж байх хооронд Янжинлхамын ээж нь цүнхэндээ чулуу хийж байгаад Тэргэлийн тархийг хагална гэж ярьж байсан. Янжинлхамын байгаа газар болон Циркийн урд талын Санрайс зочид буудал дээр ирээд Янжинлхамын ээж, найз залуу нь намайг цуг оръё гэхээр нь би дагаад орсон.

Тухайн буудлын 3-р давхарт Янжинлхамын байгаа өрөөний хаалгыг тогшиход онгойлгохгүй байсан. Ресепшин доошоо түлхүүрэнд явсан хойтуур Янжинлхамын ээж надад “ Шуба барьж бай. Ороод алаад өгнө “ гэж хэлсэн. Тэр хооронд өрөөний хаалгыг дотор талаас онгойлгож өгсөн. Янжинлхамын ээж, найз залуу 2 дайрч ороод өрөөнд байсан нэг залууг барьж аваад 2 талаас нь зодож эхэлсэн гэжээ. / хх 13-14 /

 

Гэрч Т.Нарантуяа мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 03 дугаар сарын 04-ний орой 20:00 цагийн орчим Билгүүн гэх залуу нэг залуутай 309 номерын өрөөнд 2 ортой өрөө авсан. Удалгүй гаднаас 2 охин орж дөрвүүлээ болсон. Энэ хугацаанд зөндөө орж гараад байсан. Шөнө 02:00 цагийн орчимд 309 дугаартай өрөөнд орсон охидуудын ээж, нөхрүүд нь гэх 3 хүн ирээд ээж нь намайг 18 настай хүүхэд буудалд орогнуулсан байна гэж дайрсан. Тэр охины ээж нь согтуу, нилээн архи үнэртүүлсэн байсан. Намайг хамт өрөө рүү нь яв гэхээр нь би цуг 3 давхарт гарч хаалгыг нь тогшиход нэг залуу онгойлгож өгсөн. Өрөөнд нэг эмэгтэй орны хажуу талын сандал дээр сууж байсан. Хаалга онгойлгож өгсөн залууг охины ээж шууд цүнхээрээ нүдээд байсан. Өрөөнд байсан эмэгтэйн нөхөр нь гэх өндөр шар царайтай залуу мөн адил шууд дайрсан гартаа нэг юм барьсан толгой руу нь цохиод байсан. Би тэрийг харахдаа тэлээгээ гартаа ороосон байна гэж харсан. Цуг орж ирсэн залуу нь өрөөний үүдэнд зогсоод өрөөнд ороогүй. Зодоонд оролцоогүй, хараад байж байсан. Тэр хооронд өрөөнд байсан охин гараад зугтаахад ээж, нөхөр хоёр нь араас нь гарцгаасан. Зодуулсан залуугийн толгойноос нь цус гараад толгойгоо бариад өрөөндөө үлдсэн гэжээ. / хх 15 /

 

Гэрч Б.Баярнэмэх мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 03 дугаар сарын 04-ний шөнө 01:00 цагийн орчим би доор караокед байж байхад ресепшин Нарантуяа эгч намайг 3 давхарт дуудсан. Би 3 давхарт гараад очтол буудлын өрөөнд нэг хүний толгойг хагалсан байсан. Тэгээд би өрөөнд ороод буудалд байсан охины ээж, нөхөр хоёрыг  “ Та нар хүн аллаа “ гээд болиулаад өрөөнөөс гаргасан. Ээж нь нилээн согтуу байсан. Буудлын өрөөнд намайг ороход ээж Нарантуяа, нөхөр Сандаг-Очир хоёр нэг залууг орон дээр зодож байсан. Өөр хүн байгаагүй гэжээ.  / хх 16 /

 

Яллагдагч Л.С мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Зочид буудал руу манай хадам ээж, Солонго гэх охины нөхөр гэх залуу бид гурав орсон. Тэгээд яваад ортол буудлын хүлээн авахад хүн байгаагүй. Тэгээд “ Би хүн байна уу “ гэж асуутал хажуу талын заалнаас нэг эмэгтэй гарч ирээд яасан бэ? гэж асуухаар нь “ Энд хоёр охин, хоёр залуу орсон уу “ гэж асуутал тэр эмэгтэй нэрийг нь хэлэхгүй бол мэдэхгүй гэхээр нь эхлээд Янжинлхам, ГанганСолонго гэсэн нэрээр хайлт хийлгэтэл байгаагүй. Тэгээд Солонго гэх охин машинд явж байхдаа Билгүүн, Бямбаа гэх хүмүүсийн талаар ярьж байсан болохоор нь би “ Билгүүн гэж нэрээр хүн орсон уу “ гэж асуутал тэр эмэгтэй “ Тиймээ. Байна “ гэж хэлсэн. Тэгээд бид нарыг тэр эмэгтэй 3-р давхарт дагуулж гараад өрөөг нь зааж өгсөн. Тэгээд би хамгийн урд зогсоод хаалга тогшсон. Тэгээд 10-15 минут болтол хаалга онгойлгохгүй болохоор нь нөгөө эмэгтэйд “ Та түлхүүрээ аваад ир “ гээд явуулсан. Тэгээд хүлээгээд зогсож байтал нөгөө эмэгтэй түлхүүрээ аваад буцаад гараад ирсэн. Тэгээд тэр эмэгтэй түлхүүрээ хаалга руу шургуултал хаалга нээгдсэн. Би цаанаас онгойлгосон уу? Эсвэл тэр эмэгтэй онгойлгосон уу? гэдгийг мэдэхгүй байна. Би хаалга онгойхоор нь шууд орох гэтэл миний өөдөөс нэг эрэгтэй “ Чи ийшээ орж яах гэж байгаа юм “ гээд миний зүүн шанаа руу 1 удаа цохьсон. Тэгээд би цохиулчихаад шууд зөрүүлээд 1 удаа цохьсон гэжээ.  / хх 19 /

 

Яллагдагч Д.Н мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 03 дугаар сарын 04-ний орой би гэртэй байж байтал гурван танихгүй хүн манайд ирээд “ Танай охин, манай охин 2 алга болчихлоо “ гээд манай охинтой цуг явж байсан охины аав, ээж, нөхөр гэх хүмүүстэй  бид нар цуг яваад би Сандаг-Очир руу яриад “ Янжинлхам алга болчихлоо. Олж авья “ гээд 1000-н оюутны байрны орчимоос Сандаг-Очирыг аваад бид 5 нийлээд Янжинлхам, Гангансолонго нарыг олох гээд явж байтал Янжинлхамтай цуг явж байсан охины аав нь охинтойгоо утсаар яриад яваад байсан. Нэг буудлын гадаа очиход Гангансолонго уйлаад гарч ирэхээр нь Янжинлхамыг асуухад “ Энэ буудалд байгаа “ гэхээр нь Сандаг-Очир, Гангансолонгын нөхөр Пүүжээ бид 3 орсон.

Өрөөний хаалгыг их удаан нүдсэн. Мөн ресепшин хаалга нүдэхэд тайлаагүй. Би Пүүжээд “ Шуба барьж бай “ гээд Пүүжээд өгсөн. Удалгүй ресепшин түлхүүр авчраад онгойлгоход өрөөнд нүдний шилтэй Бямбажав гэх залуу хаалганы хажууд зогсож байсан. Янжинлхам нь орны дээр гараад буланд нь шигдээд суучихсан байсан. Бямбажав “ Чи ийшээ орж ирдэг хэн бэ “ гээд Сандаг-Очирыг цохиж авсан хаана цохьсныг хараагүй гэжээ. / хх 10-28 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3459 дугаар дүгнэлтэнд:

1. Бямбажавын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, хамрын нуруу, баруун чамархай хуйх, дээд уруул, дух, зүүн сарвуу, хуруу, зүүн гуянд цус хуралт, баруун нүдний зовхи, баруун хацарт зулгаралт, баруун чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. / хх 22 /

 

Шүүгдэгч Д.Ныг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 78 /

 

Шүүгдэгч Л.Сыг 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 79 /

 

Шүүгдэгч нар урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 36, 49 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би найзуудтайгаа хоолонд орж, 50 гр вино уугаад гэртээ ирсэн. Би согтуу байгаагүй. Гэтэл танихгүй хүмүүс ирээд “ Хүүхэд алга болчихлоо. Хамт явж хайя “ гэсэн. Тэгээд нэг буудлын гадаа очтол Гангансолонго нилээн уйлчихсан гарч ирсэн. Тэгээд бид буудал руу орсон. Орохдоо би шуб, цүнх хоёроо Пүрэвдоржид бариулчихсан байсан. Тэр хаалга тайлсан залуугийн хацарт нь би цохьсон. Тэр залуу Сандаг-Очирыг цохихоор нь Сандаг-Очир буцааж цохьсон. Яг хаана нь цохьсныг хараагүй. Пүрэвдорж бас цохьсон. Сандаг-Очир гартаа тэлээ бариагүй. Би замдаа цүнхэндээ чулуу авч хийгээгүй. Пүрэвдорж юу ярьсныг ойлгохгүй байна.

Би буудлаас гарч иртэл миний шуб, цүнх хоёр байхгүй байсан. Миний охины утас одоо болтол олдохгүй байгаа. Байцаагч олсон гэж бичүүлж авсан гэсэн. Би мөрдөн шалгалтын явцад Пүрэвдорж хохирогч залууг цохьсон гэдгийг хэлсэн. Зүйлчлэлийг зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүгдэгч Л.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр хадам ээж намайг дуудаад би хамт явсан. Би бэлтгэлийн хувцастай байсан. Тэлээ зүүгээгүй. Хохирогчийг ээж цүнхээрээ цохиогүй. Пүрэвдорж архины шилээр толгой руу нь цохьсон. Шинжээчийн дүгнэлтэнд дурьдсан гэмтлийг Пүрэвдорж учруулсан. Хохирогч намайг цохихоор нь би буцааж цохьсон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Шүүгдэгч Д.Н, Л.С нар нь бүлэглэж, 2018 оны 03 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Санрайз зочид буудлын 309 тоот өрөөнд М.Бямбажавыг хаалгаа тайлж өгсөнгүй гэж хүч хэрэглэн зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: … Янжинлхамын нөхөр нь миний нүүрэн тус газар гараараа цохиж, Янжинлхамын ээж нь миний нүүрийг базаж майжсан. Тэгээд би орон дээр унаж гараараа толгойгоо хамгаалж доош харж сууж байхад толгой руу цохьсон. Нүд, хамар, хавирга, гуя руу өшиглөж цохьсон. Тэгээд би “ Яагаад байгаа юм бэ “ гээд орилоод босож ирэхэд миний толгойноос их хэмжээний цус гарч байсан гэж мөрдөн шалгадтын явцад мэдүүлсэн хохирогч И.Бямбажавын мэдүүлэг / хх 6-7 /,  ... Тухайн буудлын 3-р давхарт Янжинлхамын байгаа өрөөний хаалгыг тогшиход онгойлгохгүй байсан. Ресепшин доошоо түлхүүрэнд явсан хойтуур Янжинлхамын ээж надад “ Шуба барьж бай. Ороод алаад өгнө “ гэж хэлсэн. Тэр хооронд өрөөний хаалгыг дотор талаас онгойлгож өгсөн Янжинлхамын ээж, найз залуу 2 дайрч ороод өрөөнд байсан нэг залууг барьж аваад 2 талаас нь зодож эхэлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч  Ц.Пүрэвдоржийн мэдүүлэг мэдүүлэг / хх 13-14 /, ... Тэр охины ээж нь согтуу, нилээн архи үнэртүүлсэн байсан. Намайг хамт өрөө рүү нь яв гэхээр нь би цуг 3 давхарт гарч хаалгыг нь тогшиход нэг залуу онгойлгож өгсөн. Өрөөнд нэг эмэгтэй орны хажуу талын сандал дээр сууж байсан. Хаалга онгойлгож өгсөн залууг охины ээж шууд цүнхээрээ нүдээд байсан. Өрөөнд байсан эмэгтэйн нөхөр нь гэх өндөр шар царайтай залуу мөн адил шууд дайрсан гартаа нэг юм барьсан толгой руу нь цохиод байсан.  Цуг орж ирсэн залуу нь өрөөний үүдэнд зогсоод өрөөнд ороогүй. Зодоонд оролцоогүй, хараад байж байсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Т.Нарантуяагийн мэдүүлэг  / хх 15  /, ... Би 3 давхарт гараад очтол буудлын өрөөнд нэг хүний толгойг хагалсан байсан. Тэгээд би өрөөнд ороод буудалд байсан охины ээж, нөхөр хоёрыг  “ Та нар хүн аллаа “ гээд болиулаад өрөөнөөс гаргасан. Ээж нь нилээн согтуу байсан. Буудлын өрөөнд намайг ороход ээж Нарантуяа, нөхөр Сандаг-Очир хоёр нэг залууг орон дээр зодож байсан. Өөр хүн байгаагүй гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Б.Баярнэмэхийн мэдүүлэг / хх 16 /, ... Бямбажавын биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун нүдний зовхи, хамрын нуруу, баруун чамархай хуйх, дээд уруул, дух, зүүн сарвуу, хуруу, зүүн гуянд цус хуралт, баруун нүдний зовхи, баруун хацарт зулгаралт, баруун чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 3459 дугаартай  дүгнэлт / хх 22 / зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Н, Л.С нарыг бүлээглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдгээрийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч нь Сандаг-Очир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл шалтгаан, учруулсан хохирол, хувийн байдал  зэргийг харгалзан тэдгээрт хуульд заасан торгуулийн ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй байна.

 

Хохирогч М.Бямбажав нь хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурьдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Д.Н нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтуу байгаагүй, хохирогч Бямбажавыг зодоогүй гэж мэдүүлж байгааг дараахь баримтуудаар няцааж байна. Үүнд:

1. Хэрэгт авагдсан гэрч Ц.Пүрэвдорж /хх 13-14 /, гэрч Т.Нарантуяа / хх 15 /, гэрч Б.Баярнэмэх / хх 16 / нарын мэдүүлгээр гэмт хэрэг үйлдэх үед Д.Н нь согтуу байсан, шүүгдэгч Л.Стой бүлэглэн зодсон болох нь нотлогдсон байна.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.С мэдүүлэхдээ: ... Хохирогч М.Бямбажавын толгой руу  Гангансолонгын нөхөр Ц.Пүрэвдорж  архины шилээр толгойг нь цохьсон, шүүгдэгч Д.Н мэдүүлэхдээ ... Ц.Пүрэвдорж хохирогчийг цохьсон гэж тус тус мэдүүлсэн болно. Гэтэл мөрдөн шалгалтын явцад шүүгдэгч Л.С энэ талаар огт мэдүүлээгүй бөгөөд Д.Н нь “ Ц.Пүрэвдорж цохьсон. Хаана цохьсныг хараагүй “ гэж мэдүүлж байсан. Хохирогч М.Бямбажав нь “Гангансолонгын нөхөр миний   зүүн хацар руу гараараа цохьсон / хх 06 / гэж мэдүүлсэн боловч түүнийг дахин хохирогчоор байцаахад “ ..Эхлээд нүдний шилтэй залуу шууд өрөө рүү орж ирээд миний баруун талын нүд рүү цохиод ээж нь орж ирээд миний баруун хацар шанаа хэсгээс базсан тэгээд би доошоо тонгойгоод суусан. Тэгтэл миний энд тэндээс өшиглөөд байж байтал гэнэт миний толгой өвдөөд толгойноос маш их цус гарсан. Тэр үед буудлын хамгаалагч орж ирсэн / хх 08 / гэж мэдүүлсэн, гэрч Б.Баярнэмэх мэдүүлэхдээ: ...Буудлын өрөөнд намайг ороход ээж Нарантуяа, нөхөр Сандаг-Очир хоёр нэг залууг орон дээр зодож байсан. Өөр хүн байгаагүй гэж мэдүүлсэн  / хх 16 /,  шинжээчийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 3459 дугаартай дүгнэлтэнд / хх 21 / хохирогч М.Бямбажавын нүүрний зүүн хэсэгт гэмтэл тогтоогдоогүй байна.

3. Хохирогч М.Бямбажав нь “ ... Миний толгойг архины шилээр цохьсон / хх  07 /, гэрч Т.Нарантуяа нь “... Өрөөнд байсан эмэгтэйн нөхөр нь гэх өндөр шар царайтай залуу гартаа нэг юм барьсан толгой руу нь цохиод байсан. Би тэрийг харахдаа тэлээгээ гартаа ороосон байна гэж харсан / хх  / гэж тус тус мэдүүлсэн боловч эдгээр нь мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3-д зааснаар тухайн мэдүүлэг нь нотлох баримт болохгүй бөгөөд өөр бусад баримтаар нотлогдоогүй байна. Харин шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохирогчийн биед  гэмтэл учирсан бөгөөд хохирогч эхэлж Л.Сыг цохьсон болох нь нотлогдоогүй, түүний мэдүүлэг хохирогч М.Бямбажав / хх 06 / гэрч Т.Нарантуяа / хх 15 / нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

4. Гэрч В.Янжиндулам нь Гангансолонгыг дуудаж, Билгүүн, М.Бямбажав нартай архидан согтуурч улмаар буудалд орж архидан Билгүүн, Бямбажав нартай үлдсэнээс энэ гэмт хэрэг гарсан бөгөөд түүний гар утсыг М.Бямбажав дуу сонсъё гээд авсан / хх 09 / ба уг утсаа буцаан авсан / хх 87 / гэж мэдүүлсэн байна. Энэ нь дээрх хэрэгт хамааралгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

                                                                                                  

1. Шүүгдэгч Сартуул овогт Д-н Н , Чонос овогт Л-н С нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Д-н Н , Л-н С нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар Д.Ныг 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр, Л.Сыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.Н, Л.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй  болохыг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Н, Л.С нар нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг  биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Д.Н, Л.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч,  өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  Д.Н, Л.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

               

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ОЮУНЧИМЭГ