Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/00080

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/00080

 

 

С.Ц гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Т.Бадрах, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 02-ны өдрийн 182/ШШ2023/03098 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С.Ц гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г СӨХ-нд холбогдох, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, 1-р 40 мянгат, 3-р байр, 4-р орцны зоорийн давхарт байрлах 40 м.кв тайлбайн түрээсийн гэрээний хугацааг сунгаж, шинээр түрээсийн гэрээ байгуулахыг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Миний бие 2003 оноос эхлэн Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, 1-р 40 мянгат, 3-р байр, 4-р орцонд байрлах үйлчилгээний зориулалттай талбайг Г СӨХ-той харилцан тохиролцож түрээсэлж эхэлсэн. 2022 онд СӨХ-ны дарга өөрчлөгдөж 2022 оны 08 сард 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа дуусах үед миний бие гэрээний хугацааг сунгах талаар СӨХ-ны даргад хэлсэн боловч хугацааг сунгахгүй, өөр түрээслэгч оруулах гэж байгаа гэсэн. Миний бие 20 жил тасралтгүй тус талбайг түрээсэлж байгаа. Өнгөрсөн хугацаанд ямар ч асуудал гарч байгаагүй, түрээсийн төлбөр, зардлуудыг цаг тухайд нь тогтмол төлж, засвар үйлчилгээг шаардлагатай хугацаанд нь хийж, арчлан хамгаалж, үйл ажиллагаа явуулсаар өдийг хүрсэн. Өнгөрсөн хугацаанд оршин суугч болон бусад хүмүүсээс надад ямар ч гомдол санал ирж байгаагүй, норм, дүрэм, стандартын дагуу үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Миний бие хөдөлмөрийн чадвар алдалттай бөгөөд уг талбайн үйл ажиллагаагаар амьжиргаагаа залгуулдаг. Гэтэл гэнэт намайг хөөж, өөр хүнд түрээслүүлнэ гэж байгаад гомдолтой байна. Гэрээнд зааснаар хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй, мөн гэрээний зүйлийг зөрчсөн үйлдэл байхгүй байхад гэрээг цуцлахыг шаардаж байгаа нь үндэслэлгүй. Миний бие уг үйлчилгээний талбайг үргэлжлүүлэн түрээслэх давуу эрхтэй гэж бодож байна. Иймд дээрх үйлчилгээний зориулалтай талбайн түрээсийн гэрээг үргэлжлүүлэн байгуулж, гэрээний хугацааг сунгахыг Г СӨХ-нд даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. С.Ц д Г СӨХ-ны удирдлагын зүгээс уг байр талбайг чөлөөлөхийг удаа дараа бичгээр болон амаар сануулж ирсэн. Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.2-т зааснаар С.Ц той байгуулсан түрээсийн гэрээг цуцалж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэхүү маргаантай асуудалд хэн нэгнийг ялгаварлан гадуурхсан асуудал байхгүй бөгөөд олонхийн эрх ашиг, СӨХ-ны үйл ажиллагааны зарчмыг баримтлан хуулийн дагуу Г СӨХ иргэн С.Ц д шаардлага тавин ажилласан болно гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч С.Ц той Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, 1-р 40 мянгат, 3-р байр, 4-р орц хагас зоорийн давхарт байрлах үйлчилгээний зориулалт бүхий талбайг үргэлжлүүлэн түрээслэх гэрээг байгуулахыг Г СӨХ-нд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4.   Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр болон нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.1.  Нэхэмжлэгч С.Ц нь 2003 оноос эхлэн Чингэлтэй дүүргийн 1-р хороо, 1-р 40 мянгат, 3-р байр, 4-р орцны подвалийн талбайг 20 жил түрээслэн ажиллахдаа бусдад дамжуулан давхар түрээсэлсэн. Сүүлийн 3 жил хөгжлийн бэрхшээлтэй болсон гэдгээр өөртөө давуу эрх олгуулахыг шаардан хорооны дарга болон бусад хүмүүсийн эрх мэдлийг ашиглан Г СӨХ-ны удирдлагад дарамт шахалт үзүүлэхийг оролдож ирсэн. ...Хууль болон гэрээнд заасан хугацаа дууссан тул талбайгаа чөлөөлж өгнө үү... гэж бидний зүгээс удаа дараа зохих ёсны шаардлага тавьж, зүй ёсоор харьцсан байхад ямар ч шаардлагыг хүлээн авдаггүй, хүнийг хүндэтгэн биеэрээ уулзаж, ярилцдаггүй. Энэ талбайд хэд хэдэн үсчингүүд түүнд өдөр бүр талбайн түрээсийн мөнгө өгч ажилладаг.

4.2.  Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1.2, 318 дугаар зүйлийн 318.3. 318.5, 320 дугаар зүйлийн 320.2-т заагдсан шаардлагыг Г СӨХ удаа дараа иргэн С.Ц д тавьсан. Гэтэл шүүгч илт нэг талд үйлчлэн гэрээ болон хуулийг өөрийн дур зоргоор тайлбарласан. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-д ...хуулийг тайлбарлахдаа энэ заалт нь түрээсийн хугацаатай гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай зохицуулалт байна. Дээрх тохиолдол нь хугацаатай гэрээг хугацаанаас өмнө цуцалж буй асуудал биш тул энэ заалт нь хэрэглэгдэхгүй юм... гэж хуулийг илт гуйвуулан тайлбарласан. Энэ бол хугацаагүй гэрээ биш 1 жилийн хугацаатай гэрээг хэрэгт хавсаргасан. Өөрөөр хэлбэл, уг гэрээ үл хөдлөх эд хөрөнгө түрээсэлсэн, түрээслүүлсэн гэрээ бөгөөд хэрэв шүүгч Иргэний хуулийн 289 дүгээр зүйлд заасныг баримталсан бол С.Ц нь мөн хуулийн 289 дүгэр зүйлийн 289.2.7-д заагдсан хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгөөр эд хөрөнгийг гуравдагч этгээдэд шилжүүлэх, дамжуулан хөлслөх эрхээ зөрчсөн юм. Мөн хуулийн 289 дүгээр зүйлийн 289.6-д заасныг С.Ц зөрчсөн болохыг шүүгч анхаарч үзээгүй.

4.3.  Мөн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг буруу тайлбарласан. Жишээ нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4 болон 2-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 156 дугаар зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч С.Ц гийн нэхэмжлэл гэж тодорхой бичсэнийг шүүгч гомдол гаргасан байна гэж өөрөө сайн дураараа түүний талд нэхэмжлэлийг тайлбарлах нь хариуцагч талд хардаж сэрдэх байдлыг үүсгэж байна.

Иймд уг хэргийг бүхэлд нь хянаж үзнэ үү. Хамгийн багадаа 40, 50 жил амьдарсан Г СӨХ-ны гишүүд, оршин суугчид, олонхийн эрх ашиг иргэн С.Ц гоос болж зөрчигдөх ёсгүй. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.

5.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх үндэслэл бүхий тайлбар хийсэн. Нэхэмжлэгч 2003 оноос хойш 3 үсчингийн хамт үйл ажиллагаа явуулсан ба 2017 онд хөдөлмөрийн чадвараа алдаж, үсчингээр өөрөө биечлэн ажиллах боломжгүй болсон тул тухайн хамтран ажиллаж байсан хүмүүсээ удирдан зохион байгуулаад үйл ажиллагаагаа явуулж байгаа нь давхар түрээслүүлсэн гэх үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.2-т заасанчлан гэрээг хугацаанаас өмнө цуцлахтай холбоотой асуудал байхгүй. Тиймээс хянан шийдвэрлэх шаардлагагүй гэсэн тайлбарыг өгсөн. Хариуцагч талаас тухайн талбайг зөвхөн СӨХ-ны гишүүд эзэмших ёстой гэж ярьдаг боловч тийм хуулийн зохицуулалт байхгүй. Тухайн талбайг СӨХ-ны нийт гишүүдийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд авна гэсэн хүсэл зориг харагдахгүй байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

 1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.

 2.   Нэхэмжлэгч С.Ц нь хариуцагч Г СӨХ-нд холбогдуулан, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, 1-р 40 мянгат, 3-р байр, 4-р орцны зоорийн давхарт байрлах 40 м.кв тайлбайн түрээсийн гэрээний хугацааг сунгаж, шинээр түрээсийн гэрээ байгуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 30/3.   Хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу үнэлбэл дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1.  Талууд 2022 оны 08 сарын 15-ны өдөр 07 тоот Засвар үйлчилгээний хуримтлалын сангийн гэрээ байгуулж, уг гэрээгээр Г СӨХ нь Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, 1-р 40 мянгат, 3-р байр, 4-р орцны зоорийн давхарт байрлах 40 м.кв тайлбайг үсчний зориулалтаар 1 жилийн хугацаатай түрээслүүлэх, С.Ц нь түрээсийн төлбөрт сард 700,000 төгрөг төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон. /хх 5-6/

3.2.  Түрээслүүлэгч Г СӨХ нь түрээслэгч С.Ц д 2023 оны 06 сарын 07-ны өдөр түрээсийн гэрээг цаашид сунгахгүй талаар мэдэгдэл, 2023 оны 08 сарын 29-ний өдөр түрээсийн талбайг чөлөөлж өгөх талаар мэдэгдэл тус тус хүргүүлсэн. /хх 7/

 4.   Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, түрээсийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.

...Түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул хүчин төгөлдөр бус... гэсэн агуулгаар гаргасан хариуцагч талын татгалзал хууль зүйн үндэслэлгүй.

Учир нь, маргаан бүхий талбай нь нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах тул тусдаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй, улмаар улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй юм. Энэ талаар хариуцагч талын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 5.   Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д ...түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж, 289 дүгээр зүйлийн 289.7-д Эд хөрөнгө хөлслөх гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгэдэг хөлслөгч, гэрээний хугацаа дуусахад уг эд хөрөнгийг хөлслөн авах шинэ гэрээг тэргүүн ээлжинд байгуулах давуу эрхтэй... гэж тус тус зохицуулжээ.

 ...Өнгөрсөн хугацаанд ямар ч асуудал гарч байгаагүй, түрээсийн төлбөр, зардлуудыг цаг тухайд нь тогтмол төлж, засвар үйлчилгээг шаардлагатай хугацаанд нь хийж, арчлан хамгаалж, үйл ажиллагаа явуулсаар өдийг хүрсэн... гэсэн нэхэмжлэгч талын тайлбарыг хариуцагч тал баримтаар няцааж чадаагүй.

Иймд ...миний бие уг үйлчилгээний талбайг үргэлжлүүлэн түрээслэх давуу эрхтэй... гэсэн нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлтэй.

 Анхан шатны шүүх Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.7-д заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 6.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугар зүйлийн 38.7-д Нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгнө гэж, 40 дүгээр зүйлийн 40.5-д Анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах ... журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй гэж, 161 дүгээр зүйлийн 161.4-т ...давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй гэж тус тус зохицуулсан тул ...бусдад дамжуулан, давхар түрээсэлсэн... гэсэн агуулгаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

7.   Талуудын хооронд 2022 оны 08 сарын 15-ны өдөр байгуулагдсан 07 тоот Засвар үйлчилгээний хуримтлалын сангийн гэрээ-ний хугацаа 2023 оны 08 сарын 15-ны өдөр дууссан байх тул Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.2-т заасан түрээсийн гэрээг цуцлах зохицуулалт үйлчлэхгүй. Өөрөөр хэлбэл, хугацаа нь дууссан гэрээг цуцлах боломжгүй, улмаар ...анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн... гэсэн агуулгаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.

8.   Талуудын хооронд бусдын эзэмшил, ашиглалтад хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүргийн харилцаа үүссэн байхад анхан шатны шүүх ерөнхий ангийн иргэний эрх зүйн хамгаалалттай холбоотой зохицуулалтыг баримталж маргааныг шийдвэрлэсэн нь оновчгүй байх тул уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулна.

Мөн шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой байх, заавал биелэгдэх зарчмын үүднээс анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт найруулгын шинжтэй өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 02-ны өдрийн 182/ШШ2023/03098 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 289 дүгээр зүйлийн 289.7-д тус тус зааснаар Чингэлтэй дүүрэг, *-р хороо, 1-р 40 мянгат, *-р байр, *-р орцны зоорийн давхарт байрлах 40 м.кв тайлбайн түрээсийн гэрээний хугацааг сунгаж, 2022 оны 08 сарын 15-ны өдрөөс хойш 07 тоот Засвар үйлчилгээний хуримтлалын сангийн гэрээ-ний нөхцөлөөр шинээр түрээсийн гэрээ байгуулахыг хариуцагч Г СӨХ-нд даалгасугай гэж өөрчлөн найруулж,

шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч Г СӨХ-ноос давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 12 сарын 06-ны өдөр урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

 

Д.НЯМБАЗАР