| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүхээгийн Оюунчимэг |
| Хэргийн индекс | 185/2018/0736/Э |
| Дугаар | 143 |
| Огноо | 2019-01-15 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Ж.Э |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 143
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Батням,
Улсын яллагч П.Бямбасүрэн,
Шүүгдэгч Ж.Э, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ж-н Эд холбогдох эрүүгийн 1809015970667 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Олон хэлний дэд мастер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хойд эцэг, эх, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага наран 43 дугаар гудамж 36 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: У3 94100257 / Боржигон овогт Ж-н Э нь:
- 2018 оны 03 дугаар сарын 31-ний оройн 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АСА циркийн орчим хохирогч Т.Төгөлдөрийн биед хүч хэрэглэн цохиж, Ай фоне 7 загварын хар өнгийн гар утсыг авч, 945.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 7-9 /
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх 12 /
Хохирогч Т.Төгөлдөр мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: … Ж.Э гэх зүс таних залуу машинд суу гэж шаардан хүчээр суулгаад баруун гараараа миний хүзүүгээр давуулж боогоод зүүн гараараа нүүр рүү хэд хэдэн удаа цохьсон. Би гарнаас нь мултартал дахиад зүүн талын шанаа руу хоёр удаа тохойлдсон. Тэгээд миний Ай-фоне 7 маркийн гар утсыг өмдний зүүн талын халааснаас авчихсан. Тэндээсээ шууд бөхийн өргөө 13 дугаар хорооллын тийшээ байран дунд машинтайгаа очиж зогсоод намайг Ж.Э дахин зодоод гар утасны дэлгэцний код болон аррlе id нууц кодыг асуухаар нь би хэлэхгүй байтал яг одоо хэлэхгүй бол чамайг ална тална гээд хэл амаар сүрдүүлж байгаад хэлүүлсэн. Тэгээд буцаагаад хүүхдийн 100 дээр ирээд “Одоо буу” гээд буулгаад тэр чигтээ гар утас аваад яваад өгсөн. Миний уруулын зүүн талд сэтэрч хавдсан. Хоёр гарын булчин болон зүүн хөлийн булчин их хөндүүртэй байна гэжээ. / хх 15-16 /
Гэрч Э.Мөнхцогт мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Ж.Э надад “Төгөлдөр хаана байгаа вэ. Уулзах хэрэг байна” гэсэн. Тэгээд Ж.Э Төгөлдөр руу яриад “ Хаана байна “ гээд хүүхдийн 100-ийн тэнд уулзахаар болоод Төгөлдөртэй Энхбаясгалан машинаас буугаад 5 минут орчим уулзсан. Тэгээд машиндаа суулгаад 13 дугаар хорооллын Натур худалдааны төвийн тэнд нэг байр руу эргээд орчих гэсэн. Ж.Эгийн хэлснээр би зогссон чинь Ж.Э Төгөлдөрийн хамт машинаас буугаад юм яриад зогсож байгаад буцаад машинд орж ирээд Ж.Э Төгөлдөрийн өвдөг руу цохихоор нь би Энхбаясгаланг “ Боль. Анхнаасаа яах ч үгүй гэсэн биз дээ “ гэж хэлээд би машинаа бариад хөдлөхөд Ж.Э тохойгоороо Төгөлдөрийг цохих шиг болсон. Төгөлдөрийн гар утсыг авсныг хараагүй, машинаас буугаад уулзаад байсан болохоор би мэдээгүй. 13 дугаар хороололд Төгөлдөрийн гар утасны кодыг гаргуулж байхад нь харсан гэжээ. / хх 17 /
Гэрч М.Сайнбилэг мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Ж.Э Төгөлдөр гэх хүүхдийг дуудаад Тулгаа гэх хүүхдийг дуудуулахаар болсон. Удалгүй Төгөлдөр ирээд бид хэдтэй машинд суусан. Ж.Э нь автомашин дотор Төгөлдөрийг “ Чи ер нь гар утсаа өгчих. Тэгээд Тулгыг дуудаад өгчих “ гэхлээр нь надад эмэгтэй хүний хажууд жаахан хүүхэд дээрэлхээд байгаа юм шиг сэтгэл түрүүлчих болов уу гэж бодоод Ж.Э болон Төгөлдөрийг гараад учраа ол гэж хэлсэн. Гадаа тэр 2 уулзаад зогсож байхад тэр хоёрыг анзаараагүй. Автомашинд орж ирэхдээ Ж.Э Төгөлдөрийн гар утсыг авчихсан орж ирсэн. Такси бариад Сансар явсан бөгөөд Ж.Э “ Ломбард орчихоод ирье “ гээд ломбард орж Төгөлдөрийн гар утсыг тавьчихаад гарч ирээд дэлгүүрээс архи худалдан авч хувааж уугаад унтацгаасан. Төгөлдөрийн гар утсыг ломбарданд хэдээр тавьсныг мэдэхгүй гэжээ. / хх 20 /
“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 23-24 /
Яллагдагч Ж.Э мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...Би дээрэмдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Тухайн өдөр Төгөлдөртэй уулзсан. “Гар утсаа өгчих. Би ломбарданд тавьчихаад хэд хоногийн дараа аваад өгье” гэж хэлэхэд Төгөлдөр үгүй гэж хэлэхээр нь шанаан тус газар нь 2 удаа алгадсан. Намайг гар утас авч байхад Төгөлдөр бид хоёрын хажууд хүн байгаагүй. Яагаад гэхээр бид хоёр машинаас буучихсан байсан. Төгөлдөрийн Ай фоне 7 маркийн гар утсыг авчихаад Сансарын Сайн ломбарданд 250.000 төгрөгөөр өөрийн бичиг баримтаар мөн Төрөө гэх нэртэй найзыгаа очиж авч болохоор тавьсан. Төрөө Монголд байхгүй байгаа гэжээ. / хх 31 /
Шүүгдэгч Ж.Эг 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 48-49 /
Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 35 / зэрэг болно.
Шүүгдэгч Ж.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би Төгөлдөрийн гар утсыг авч ломбарданд тавьсан нь үнэн. Мөнгөнөөс нь эхнэртээ 200.000 төгрөг өгч, үлдсэн мөнгөөр нь архи авч буудалд хоносон. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлсөн гэв.
Шүүгдэгч Ж.Э нь 2018 оны 03 дугаар сарын 31-ний оройн 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах АСА циркийн орчим хохирогч Т.Төгөлдөрийн биед хүч хэрэглэн цохиж, түүний Ай фоне 7 загварын хар өнгийн гар утсыг авч, 945.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: …Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 7-9 /, ... Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / хх 12 /, ... Ж.Э гэх зүс таних залуу машинд суу гэж шаардан хүчээр суулгаад баруун гараараа миний хүзүүгээр давуулж боогоод зүүн гараараа нүүр рүү хэд хэдэн удаа цохьсон. Би гарнаас нь мултартал дахиад зүүн талын шанаа руу хоёр удаа тохойлдсон. Тэгээд миний Ай-фоне 7 маркийн гар утсыг өмдний зүүн талын халааснаас авчихсан. Намайг Ж.Э дахин зодоод гар утасны дэлгэцний код болон аррlе id нууц кодыг асуухаар нь би хэлэхгүй байтал яг одоо хэлэхгүй бол чамайг ална тална гээд хэл амаар сүрдүүлж байгаад хэлүүлсэн гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Т.Төгөлдөрийн мэдүүлэг / хх 15-16 /, ...Би машинаа бариад хөдлөхөд Ж.Э тохойгоороо Төгөлдөрийг цохих шиг болсон. Төгөлдөрийн гар утасыг авсныг хараагүй. 13 дугаар хороололд Төгөлдөрийн гар утасны кодыг гаргуулж байхад нь харсан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн гэрч Э.Мөнхцогтын мэдүүлэг / хх 17 /, ...Автомашинд орж ирэхдээ Ж.Э Төгөлдөрийн гар утсыг авчихсан орж ирсэн. Ж.Э ломбард орчихоод ирье гээд ломбард орж Төгөлдөрийн гар утсыг тавьчихаад гарч ирээд дэлгүүрээс архи худалдан авч хувааж уугаад унтацгаасан гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн М.Сайнбилэгийн мэдүүлэг / хх 20 /, ...“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 23-24 /, ...Би дээрэмдсэнээ хүлээн зөвшөөрч байна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Ж.Эгийн мэдүүлэг / хх 31 / зэрэг болно.
Шүүхээс шүүгдэгч Ж.Эг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ж.Э нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн тул түүний учруулсан хохирол, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар хуульд заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж, түүний хувийн байдлыг харгалзан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ж.Э нь төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгч Ж.Э нь шүүх хуралдаанд ирээгүй тул шүүхээс эрэн сурвалжлах захирамж гаргасны дагуу түүнийг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч Төмөр 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр баривчилж, шүүхээс түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсон ба нийт 13 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд оруулан тоолов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Ж-н Эг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, авахаар довтолсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Ж-н Эг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-г журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар 1 жилийн / нэг / хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Ж.Эгийн эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ж.Э нь төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Ж.Эгийн цагдан хоригдсон 13 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Ж.Энхбаягаланд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНЧИМЭГ