Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/00079

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 01 05 210/МА2024/00079

 

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Т.Бадрах, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 04-ний өдрийн 101/ШШ2023/04291 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х ХХК-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт нийт 22,700,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д, хариуцагчийн төлөөлөгч М.Ш, хариуцагчийн өмгөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгч тал нэхэмжлэл, тайлбартаа: Х ХХК-ийн захирал М.Ш нь барилгын тусгай зөвшөөрлийн баримт бичиг бэлтгэн бүрдүүлдэг хүнд 10,000,000 төгрөг өгөх хэрэгтэй болсон. Х ХХК мөнгөгүй байсан, хөөцөлддөг хүнд М.Ш ын хүссэний дагуу 10,000,000 төгрөг зээлдүүлж төлсөн. Ингээд Х ХХК-ийн тусгай зөвшөөрөл гарч ирэхэд тэмдэгтийн хураамжид 2,700,000 төгрөг төлөх шаардлагатай болсон. Мөн л зээлээч гэж хүссэн тул нэмж зээлдүүлсэн. Үүний дараа эхнэр Б.Сарангэрэлийн хамт ирээд байр авах болоод байна, байрны урьдчилгаа 10,000,000 төгрөг хэрэгтэй байна, зээлээч гэсний дагуу 2020 оны 03 сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, хүүгүйгээр зээлдүүлсэн. Уг зээлийн гэрээ А ХХК, Х ХХК-ийн хооронд байгуулагдсан. Энэ мэтчилэн Х ХХК нийт 22,700,000 төгрөгийн зээлээ өнөөдрийг хүртэл буцаан төлөөгүй, мөнгө төлөхийг шаардаж ярихаар чамаас болж дампуурсан төлөхгүй, хараал хийнэ, ална гэж эхнэрийн хамт заналхийлдэг болсон тул аргагүй эрхэнд шүүхэд хандаж байна. Иймд Х ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 22,700,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 2.   Хариуцагч тал хариу тайлбартаа: Тусгай зөвшөөрлийн бичиг баримт бүрдүүлдэг, хөөцөлддөг хүнд өгсөн гэх 10,000,000 төгрөгийг бэлнээр болон дансаар аваагүй. Тэмдэгтийн хураамжийн 2,700,000 төгрөгийг бэлнээр өгснийг нь холбогдох дансанд бүрэн тушаан баримтыг өөрт нь өгсөн. Х ХХК-д тусгай зөвшөөрөл авах шаардлага байгаагүй. Ё.П өөрөө дур мэдэн зөвшөөрөл авсан тул тэмдэгтийн хураамжид төлсөн 2,700,000 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 100 ортой эмнэлгийн барилгын дотор цахилгаан, холбоо дохиоллын үлдэгдэл угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр 2020 оны 02 сарын12-ны өдөр 23,000,000 төгрөг, 2020 оны 03 сарын 12-ны өдөр 8,000,000 төгрөг, нийт 31,000,000 төгрөгийн ажлын хөлстэйгөөр ажил гүйцэтгэх гэрээнүүдийг байгуулсан. Уг ажлын урьдчилгаа болгон 10,000,000 төгрөгийг 2020 оны 03 сарын11-ний өдөр зээлийн гэрээ байгуулан авсан болно. Хоёр ажлын нийт үнэлгээ 31,000,000 төгрөг бөгөөд үүнээс 19,460,000 төгрөгийг авсан. Үлдэгдэл ажлын хөлс 11,540,000 төгрөг болон гэрээнд тусгаагүй нэмэлт ажлуудыг хийж гүйцэтгэсний ажлын хөлс 5,000,000 төгрөг, нийт 16,540,000 төгрөгийг аваагүй байгаа. Миний бие 2013 оны төсөвт өртгийн 53%-иар буюу 23,000,000 төгрөгөөр буюу цахилгааны ажлыг маш хямдаар хийж гүйцэтгэсэн. А ХХК нь Замын-Үүд сум дахь 100 ортой эмнэлгийн барилга угсралтын ажлыг дуусган улсын комисст хүлээлгэн өгсөн боловч Х ХХК-д гэрээний дагуу олгох ёстой ажлын хөлс 11,540,000 төгрөг, алданги 5,770,000 төгрөг, нэмэлт ажлын хөлс 5,000,000 төгрөг, нийт 22,310,000 төгрөгийг төлөөгүй байгаа. Иймд А ХХК-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 3.   Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагч Х ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 12,700,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 271,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 174,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

4.1.  Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 12,700,000 төгрөгийг гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй, мөн 2019 оны 07 сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Гэтэл зохигч талуудын гаргасан тайлбар, талуудын мэтгэлцээн, хэрэгт авагдсан баримтуудаар дээрх дүгнэлт үндэслэлгүй болох нь нотлогддог.

4.2.  М.Ш ын зүгээс ..."А " ХХК-ийн захирал Ё.П нь танай компанид тусгай зөвшөөрөл авахад мөнгө зээлдүүлсэн, авч өгсөн гэж байнга мөнгөө нэхэж дарамталдаг, загнадаг, хэцүү талаар, мөн шүүхэд өгөхөөсөө өмнө хүртэл мөнгөө нэхээд, өгөхгүй бол шүүхэд өглөө шүү гэж байсан, өгчихсөн байсан... гэж мэдүүлсэн ба уг мэдүүлгээр нэхэмжлэгч мөнгөө байнга нэхдэг байсан, эцэст нь шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардах эрхээ хэрэгжүүлсэн болох нь тогтоогдож байна. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэж чадсангүй гэж үзэж гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 04-ний өдрийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 5.   Хариуцагч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх үнэн зөв дүгнэж шийдвэрлэсэн. 10,000,000 төгрөгтэй холбоотой зээлийн гэрээ нь дүр үзүүлсэн хэлцэл байна гэдэг асуудлаар анхан шатны шүүхэд иргэний хэрэг үүссэн цагаас эхлэн хариуцагчийн зүгээс тайлбар, татгалзлаа гаргаж байсан. Шүүх хуралдааны явцад тусгайлан сөрөг нэхэмжлэл, шаардлага гаргахгүйгээр тайлбар татгалзлаар шийдэгдэх боломжтой гэж үзэн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. 2020 оны 02 сарын 12-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ урьдчилгаа төлбөртэй байсан боловч урьдчилгаа төлбөр төлөгдөөгүйн улмаас 2020 оны 03 сар хүрсэн. Төлбөр авах талаар удаа дараа хандахад ...тухайн тендертэй холбоотой санхүүжилт орж ирээгүй учир зээлийн гэрээ хийн санхүүжилтээр буцаан шийднэ... гэсэн тайлбарыг өгсөн. Тиймээс тухайн 10,000,000 төгрөгийг үйл ажиллагаандаа зарцуулсан нь хариуцагчийн тайлбараас харагдаж байна гэжээ.

6.   Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

6.1.  Хэрэгт 2020 оны 02 сарын 12-ны өдрийн 02/04 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ болон 2020 оны 03 сарын 12-ны өдрийн 01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ гэсэн 2 гэрээг хариуцагчаас татгалзал, тайлбараа нотлох бичгийн баримт болгож өгсөн. Шүүх зөвхөн нэхэмжлэгчид ашигтай баримт болох 2020 оны 03 сарын 12-ны өдрийн 01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг дурдаж зээлийн гэрээний маргааш нь ажил гүйцэтгэх гэрээ хийгдсэн мэтээр үнэлсэн нь үндэслэлгүй.

6.2.  Хариуцагч 10,000,000 төгрөгийг зээлийн гэрээ хийж авах болсон талаараа ...ажил гүйцэтгэж байгаа Замын үүд сумын ажлын санхүүжилт орж ирээгүй. Өөр эх үүсвэрээс чамд өгч байгаа учраас зээл гэж гаргаад дараа нь тухайн санхүүжилт орж ирэнгүүт шилжүүлчих юм... гэж ойлгуулсан. Би мөнгөний шаардлагатай ажил эхлээд бүтэн сар болчихсон байсан учраас шууд итгээд авчихсан... гэж бодит байдлыг тайлбарладаг. Тухайн зээлийн гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хэлцэл учраас хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан боловч шүүх хүлээн авахгүйгээр захирамжилж тайлбар, татгалзлаар шийдэгдэх боломжтой гэж үзсэн.

6.3.  Шүүхийн шийдвэр шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудын үндсэн дээр гарна, хууль ёсны үндэслэл бүхий байна гэсэн зарчмуудыг баримтлахдаа зарим нотлох баримтуудыг үнэлээгүй, орхигдуулсан.

Иймд тул анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг болох 10,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хэсгийг хүчингүй болгож бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

7.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: 2020 оны 03 сарын 11-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан ба тухайн зээлийн гэрээнд ажил гүйцэтгэх гэрээний талаар дурдсан зүйл байдаггүй. Ажил гүйцэтгэх гэрээ нь тусдаа гэрээний эрх зүйн харилцаа тул гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

ХЯНАВАЛ:

 1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж байх тул хэвээр үлдээв.

2.   Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Х ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт нийт 22,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ...ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлсийг зээл хэлбэрээр авсан... гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 22-23/

3.   Талууд 2020 оны 03 сарын 11-ний өдөр Зээлийн гэрээ байгуулж, А ХХК нь 10,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, хүүгүйгээр зээлдүүлэх, Х ХХК нь гэрээгээр тохирсон хугацаанд буцаан төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /хх 4-5, 59-60/

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг зөв тогтоож, хариуцагч Х ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 10,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Хариуцагч Х ХХК нь нэхэмжлэгч А ХХК-аас 10,000,000 төгрөгийг зээлийн гэрээний үндсэн дээр хүлээн аваагүй гэж маргах боловч уг татгалзал нь 2020 оны 03 сарын 11-ний өдрийн Зээлийн гэрээ-ний ард 10,000,000 төгрөг бэлнээр хүлээн авлаа гэсэн бичвэр, гарын үсгээр няцаагдаж байна.

Хариуцагч Х ХХК дээрх мөнгөн хөрөнгө нь ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлс байсан гэсэн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар баримтаар нотолж чадаагүй.

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан Ажил гүйцэтгэх гэрээ-нүүд нь хариуцагчийн татгалзлыг эргэлзээгүйгээр нотлох баримт болж чадахгүй. Иргэний эрх зүйн хувьд зээлийн гэрээний харилцаа болон ажил гүйцэтгэх гэрээний харилцаа нь тус тусдаа харилцаа юм. Энэ талаарх хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй. /хх 31-33, 34-36/

4.   Хэрэгт А ХХК-ийн Кассын зарлагын ордер, Мөнгө олгохыг хүссэн өргөдөл гэсэн баримтууд авагдсан, эдгээр баримтуудад Б.Билгүүн гэх этгээд 10,000,000 төгрөгийг барилгын тусгай зөвшөөрөл авахад шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэх ажлын хөлсөнд, 2,700,000 төгрөгийг тусгай зөвшөөрлийн улсын тэмдэгтийн хураамжид тус тус бэлнээр хүлээн авсан талаар тэмдэглэсэн байна. /хх 6, 37/

Дээрх баримтуудад дурдагдсан нийт 12,700,000 төгрөгийг нэхэмжлэгч А ХХК-аас хариуцагч Х ХХК-д зээлдүүлсэн мөнгөн хөрөнгө гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв. Энэ талаарх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

5.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 04-ний өдрийн 101/ШШ2023/04291 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч А ХХК-аас 2023 оны 12 сарын 04-ний өдөр урьдчилан төлсөн 218,000 төгрөг, хариуцагч Х ХХК-аас 2023 оны 11 сарын 27-ны өдөр урьдчилан төлсөн 174,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

 

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

 

 

Д.НЯМБАЗАР