Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 156

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Л.Ундармаа,                            

Улсын яллагч П.Ганбаатар,

Шүүгдэгч Т.Т, түүний өмгөөлөгч Б.Чулуунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Т-н Тд холбогдох эрүүгийн 1809004890411 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Булган аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, боловсрол, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгч нарын хамт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Амины орон сууцны 29 тоотод оршин суух, хувиараа машин угаалгын газарт ажиллаж байсан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 769 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: МК 96041335 / Боржигон овогт Т-н Т нь:

 

- 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Орхон” авто угаалгын газарт хамт ажилладаг иргэн Б.Ган-Эрдэнэ, Б.Мөнх-Эрдэнэ нарын гар утсыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, 216000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Ган-Эрдэнэ мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 01 дүгээр сард ажлынхаа хүлээлгийн танхимд ганцаараа сууж байхад Т.Т  орж ирээд “ Гар утсаа өгч байгаа ч. Фэйсбүүк орж хүний дугаар хараад өгье “ гэхээр нь би өөрийнхөө Самсунг Нөт-2 маркийн гар утсаа өгсөн. Т.Т аваад гарсан. Тэгээд ирэхгүй болохоор нь хайхад хамт ажиллаж байсан охин “ Хөзөр авах гээд гараад явсан “ гэсэн. Тэгээд эргээд ирэх байх гэж бодсон чинь ирээгүй. Утсаа  авмаар байна гэжээ.  / хх 22 /

Хохирогч Б.Мөнх-Эрдэнэ мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: ...2018 оны 01 дүгээр сард өдрийг нь санахгүй байна хамт ажилладаг Т.Т ирээд “ Утсаа өгч бай. Хэсэг фэйсбүүк ороод өгье “ гэж хэлсэн. Тэгээд намайг машин угааж байхад Т.Т хөзөр тоглоно гээд мөнгө цуглуулж байгаад хөзөр авна гээд гараад явсан. Дахиж орж ирээгүй. Миний гар утас нь Самсунг Глакси Жи-1 маркийн гар утас байсан. Утсаа авмаар байна гэжээ.  / хх 27 /

 

            “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 30-32 /

 

Яллагдагч Т.Т мөрдөн шалгалтын явцад мэдүүлэхдээ: Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолтой танилцлаа. Хүлээн зөвшөөрч байна. Би согтуу байсан болохоор ямар зорилгоор гэмт хэрэг үйлдсэн болохоо санахгүй байна. Юу гэж хэлж утсыг нь авсан, хаана зарсан болохоо санахгүй байна. Надад өөр үйлдсэн гэмт хэрэг байхгүй гэжээ. / хх 96-97 /

 

Шүүгдэгч Т.Тг 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 96-97 /  

 

Шүүгдэгч нар урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 37 / зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Т мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Шалгагдах хугацаандаа их зүйл ойлгосон. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Хохирлоо нөхөн төлсөн гэв.

 

            Шүүгдэгч Т.Т нь 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Орхон” авто угаалгын газарт хамт ажилладаг байсан. Б.Ган-Эрдэнэ, Б.Мөнх-Эрдэнэ нарын гар утсыг хэрэглээд өгье гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар, бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан  ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч  216000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: … Т.Т “ Гар утсаа өгч байгаач. Фэйсбүүк орж хүний дугаар хараад өгье “ гээд Самсунг Нөт-2 маркийн гар утсыг аваад алга болсон гэж мөдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Ган-Эрдэнийн мэдүүлэг / хх 22 /, ... Т.Т  “ Утсаа өгч бай. Хэсэг фэйсбүүк ороод өгье “ гээд Самсунг Глакси Жи-1 маркийн гар утсыг аваад эргэж ирээгүй гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн хохирогч Б.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг / хх 27 /, ...“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан / хх 30-32 /, ...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэж мөрдөн шалгалтын явцад мэдүүлсэн яллагдагч Т.Тгийн мэдүүлэг  / хх 96-97 / зэрэг болно.

Шүүхээс шүүгдэгч Т.Тг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад үүссэн итгэлийг нь урвуулан ашиглаж, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6-д заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул түүний учруулсан хохирол, үйлдсэн хэргийн нийгмийн хор аюулыг харгалзан хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Т.Т нь 2018 оны 05 дугаар сарын 30-ний өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 769 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлж байхдаа өмнө нь үйлдсэн дээрх залилангийн гэмт хэрэг нь илэрсэн бөгөөд хэргийн зүйлчлэлийн хувьд  өөр өөр гэмт хэргүүдийг тус тусад нь шийдвэрлэхэд хуульд харшлахгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-д зааснаар ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36,3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр  зүйлүүдийг удирдлага болгон 

                                                                                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Т-н Тг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдны харилцааны явцад үүссэн итгэлийг нь урвуулан ашиглаж, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Т-н Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 250 / хоёр зуун тавь / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-д зааснаар Т.Тд оногдуулсан 2018 оны 05 дугаар сарын 30-ний өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 769 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жилийн хорихыг эдэлж дууссан дараа энэ тогтоолоор оногдуулсан 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, Т.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүйг дурьдсугай.

5. Т.Тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногт давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Тд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          С.ОЮУНЧИМЭГ