Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 190

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Л.Ундармаа;

улсын яллагч: Т.Жавхлантөгс;

шүүгдэгч:  Б.Б (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Баянгол овогт Б.Бд холбогдох эрүүгийн 1909001270103 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1994 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо,  Зүүн наран 10 дугаар гудамжны 77 тоотод оршин суух,

Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 192 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт  зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, НЭ94042410 регистерийн дугаартай, Баянгол овогт Б.Б.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Б.Б нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, шинэ замын хажууд байх түүхий эд авдаг цэг дээр 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Э.Тэнүүнийн биед халдаж, улмаар эрүүл мэндэд нь /биед зүүн шанаа, зүүн хацрын шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт/ хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.

 

   Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Тэнүүний мэдүүлэг /хх-ийн 20-21/, Б.Бы гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 22-25, 3-4/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 707 дугаартай дүгнэлт /хх-ийн 26/, шинжээч эмч М.Ариунтөгсийн мэдүүлэг /хх-ийн 29-30/, Б.Бы хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 37-43/, Э.Тэнүүний хүсэлт /хх-ийн 46/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, шинэ замын хажууд байрлах түүхий эд авах цэгт Э.Тэнүүнтэй маргалдан түүнийг цаасны хутгаар зүсч, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Э.Тэнүүний /хх-ийн 20-21/: “... Би 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, шинэ замын хажууд байх түүхий эдийн цэг рүү ороход түүхий эдийн цэг ажиллуулдаг эгч Халиунаа, Баяраа гэдэг хүмүүс архи ууж байсан. Би тэдэнтэй цуг архи уусан. Баярсайхан тэр Халиунаа гэх хүнийг “ингэ, тэг” гээд загнаад байсан. Би Баяраа ахыг “боль” гэж хэлээд байж байтал Баяраа ах “чи намайг харах уу, би бокс тоглодог” гэсэн. Би “за та боль, боль” гэж хэлээд байж байтал шууд нэг цаасны хутга шиг юм гаргаж ирээд миний зүүн шанааг зүссэн. ... Баярсайхан надад гэмтэл учруулсан...” гэх мэдүүлгээр,

 

Б.Бы гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 22-25, 3-4/: “... Би шинэ замын хажууд байх түүхий эд авдаг цэг дээр очоод сав тушаагаад түүхий эдийн цэгийн эзэн эмэгтэй Халиун гэх хүнтэй цуг архи уусан. Тэгтэл Тэнүүн гаднаас ирээд бид нартай цуг архи уусан. Тэнүүн бид хоёр маргалдсан. Би халааснаасаа  цаасны хутга гаргаад зүүн шанааг нь нэг удаа зүссэн. ... Би Тэнүүний биед гэмтэл учруулсан. Би согтуугаар хүний биед гэмтэл учруулсан. Миний буруу...” гэх мэдүүлгээр,

 

Б.Бы буруутай үйлдлийн улмаас Э.Тэнүүний биед “зүүн шанаа, зүүн хацрын шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт” бүхий шарх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд  үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 707 дугаартай дүгнэлт /хх-ийн 26/,

 

Дээрх шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч эмч М.Ариунтөгсийн /хх-ийн 29-30/: “... Э.Тэнүүний биед учирсан зүүн шанаа, зүүн хацрын шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Энэ гэмтэл нь ир, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар ямар шалтгаанаас болж маргалдсаныг хохирогч, шүүгдэгч нар мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийг цаасны хутгаар зүссэнийг өөрөө болон хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг цаасны хутгаар зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Б.Бы санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч Б.Бы “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол 225.000 төгрөгийг нөхөн төлсөн. Хохирогч Э.Тэнүүний “найз Б.Бтай эвлэрсэн, гомдол саналгүй” гэх баримт хэргийн 46 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд Б.Быг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, нийт 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хуурагдсан 1 ширхэг /21 см урттай, бариулын урт 15 см, бариулын өргөн 3 см, ажлын хэсгийн урт нь 5,5 см, ажлын хэсгийн өргөн 2 см өргөнтэй, цэнхэр иштэй/ цаасны хутгыг хэрэгт хавсарган үлдээж, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж байна. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Баянгол овогт Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг нийт 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.                    

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.                  

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хуурагдсан 1 ширхэг /21 см урттай, бариулын урт 15 см, бариулын өргөн 3 см, ажлын хэсгийн урт нь 5,5 см, ажлын хэсгийн өргөн 2 см өргөнтэй, цэнхэр иштэй/ цаасны хутгыг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.    

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ