| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 162/2018/0208/Э |
| Дугаар | 173 |
| Огноо | 2019-02-26 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Уранчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга М.Цэрэнням,
Улсын яллагч Б.Уранчимэг,
Шүүгдэгч Д.Н
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Над холбогдох эрүүгийн 1814 00483 0240 дугаартай хэргийг 2019 оны 01 сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Боржигон овогт Дашдондовын Наранбат, 1998 оны 9 сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ШУТИС-ийн 2 дугаар курсийн оюутан, ам бүл 6, эцэг, эх, ах 2 дүүгийн хамт Баянхонгор аймгийн Бөмбөгөр Улаан сайр 1 дүгээр багт оршин суух хаягтай, ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:ВИ98090331/
Шүүгдэгч Д.Н нь 2018 оны 8 сарын 22-ны өдрийн 10 цагийн орчимд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Тэди” худалдааны төв дээр явж байгаад Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын харъяат иргэн Ц.Оюунжаргалын ээзмшлийн Хаан банкны 5234036081 данснаас интернет банкаар нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.180.000 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч Д.Наас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “..Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Анх удаа ийм асуудалд орж байна. Хөнгөн шийдэж өгнө үү..” гэв.
Шүүгдэгч Д.Наас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “..би 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хот руу явсан бөгөөд 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод найз Амарзаяатай уулзаж байсан чинь гар утас болохгүй эвдэрсэн байхаар нь би Оюунжаргал эгчийн дансны интернет банкаар ороод үлдэгдэл мөнгийг нь үзсэн чинь 5.700.000 гаран мянган төгрөг байхаар нь би найз охиндоо гар утас авч өгөхөөр болоод 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн өглөө “Теди” гар утас зардаг төвөөс нэг эгчээс хавай маркийн гар утас, айфоно 6 эс маркийн гар утасыг авахаар болсон чинь нийт 1.180.000 төгрөг болохоор нь Оюунжаргал эгчийн интернет банк руу гар утсаар орж гар утас зардаг эгчийн данс руу шилжүүлж 2 гар утасыг худалдан аваад найз охин Амарзаяад өгсөн.. Би гар утас худалдан авах гээд мөнгө байхгүй болохоор нь Оюунжаргал эгчийн интернет банкнаас нь зөвшөөрөлгүй мөнгийг нь шилжүүлсэн юм..” гэсэн мэдүүлэг /хх-38-39/
Хохирогч Ц.Оюунжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-21-23/ “..2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн өглөө 10 цагийн орчимд миний данснаас 1.180.000 төгрөгийн зарлага гарсан байхаар нь Хаан банк руу хандсан чинь теллер нь Хаан банкны лавлах руу ханд гэхээр нь хандсан чинь Цагдаагийн газарт өргөдөл бичиж өг гэсэн мөн дансны хуулгыг аваад үзсэн чинь 5023482833 гэсэн данс руу шилжсэн байхаар нь Цагдаагийн газарт өргөдөл бичиж өгсөн юм. Тэгтэл миний данснаас мөнгө шилжүүлж авсан хүн нь Наранбат гээд манай сумын хүүхэд байсан. ..Миний интернет банкны нэвтрэх нэр нууц кодоо солиулсан хүн нь Д.Н гэх хүүхэд байгаа юм..” гэх мэдүүлэг,
Гэрч С.Амарзаяагаас мөрдөн шалгах шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-26-27/ “..2018 оны 08 сарын 22-ны өдөр 11 цагийн үед 20 орчим насны эрэгтэй орж ирээд хавай пи-2 маркийн гар утас, айяфон 6 эс маркийн гар утас худалдаж авсан ба над руу интернет банкаар 1.180.000 төгрөг шилжүүлээд аваад явсан.Тэгээд утас аваад явсаных нь дараа над руу Хаан банкнаас 1 удаа залгасан ба таны дансанд орсон 1.180.000 төгрөг орсон байна ямар хүн гүйлгээ хийсэн бэ гэж асуухаар нь би болсон явдлын талаар хэлсэн юм. Тэгээд өнөөдөр 14 цагийн үед нөгөө утас худалдаж авсан залуу хавай пи-2 маркийн гар утасны баттерей нь муу байна солиулъя гэж орж ирсэн. Тэгээд би ямар учиртай мөнгө над руу шилжүүлсэн юм бэ гэж асуугаад байж байсан чинь миний хажуугийн лангууны ах наад залуугаа байлгаж бай цагдаа дууд гэж хэлсэн чинь нөгөө залуу зугтаагаад явчихсан.. Тэр залуу утас худалдаж авахдаа шууд интернет банкаар төлье гэж орж ирсэн юм..” гэх мэдүүлэг, Ц.Оюунжаргал гэсэн нэр бүхий 5234036081 дугаарын дансны хуулга, М.Анхбаярын 5023482833 дугаарын данс руу 1.180.000 төгрөг орсон гэх баримт /хх-70-72/, шүүгдэгч Д.Нын иргэний үнэмлэхний лавлагаа /хх 40/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх -55/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Н нь хохирогч Ц.Оюунжаргалаас “интернет банкны нэвтрэх нэр нууц кодоо мартсан байна амар нууц үг болон нэвтрэх код хийгээд өгөөч гэсний дагуу түүний интернет банкны нэвтрэх нэр болон нууц үгийг нь сольж өгч, нэвтрэх нэр нууц кодыг нь мэдэж аван 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 10 цагийн орчимд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Тэди” худалдааны төв дээр явж байгаад “Huwai” болон “I phone” маркийн утас худалдан авч төлбөр 1.180.000 төрөгийг хохирогч Ц.Оюунжаргалын Хаан банкны 5234036081 данснаас интернет банкаар нь шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Д.Нын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авсан” гэмт хэрэг байна гэж үзээд, шүүх шүүгдэгчийг энэ гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Наранбат болон түүний өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Д.Н нь хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролыг төлж барагдуулсан байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Нын үйлдсэн энэ гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ. Ингэхдээ үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоох шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Дашдондовын Наранбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар” авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Над хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар Д.Ныг оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.
4. Шүүгдэгч Д.Н нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Над авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР