Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 203/МА2024/00002

 

 

Б.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 143/ШШ2023/00434 дугаар шийдвэртэй,

 Б.*******гийн нэхэмжлэлтэй,

 *******ын *******ы цахилгаан станц ТӨХК-д холбогдох,

 *******ын *******ы цахилгаан станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/169 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, үйлдвэр техникийн хэлтсийн галын хяналтын инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хүлээн авч Ерөнхий шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, Д.Цолмон /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарн агуулга: Өмнөговь аймгийн *******ын *******ы цахилгаан станц ТӨХК-ийн үйлдвэр техникийн хэлтсийн галын хяналтын инженер ажилтай байсан Б.******* миний бие компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/169 дугаартай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээж аваад эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасан эрхийнхээ дагуу хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст тушаалыг хүчингүй болгуулахаар 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр гомдол гаргасан боловч Засгийн газрын 2022 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын дүрэм-д заасан хугацаандаа гомдлыг шийдвэрлэлгүй ...Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс нь ...шинэчлэгдэн томилогдоогүй... гэсэн хариу албан тоотыг 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гардаж аваад ******* сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан боловч мөн ******* сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаагүй байх тул ийнхүү Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрлөх эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. 2 Ажил олгогчийн зүгээс 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр ...Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх заалт, 80.1.2 дахь үндэслэлээр ажлаас чөлөөлөх болсныг мэдэгдье гэсэн 06 дугаартай Мэдэгдэх хуудас-ыг надад өгдөг бөгөөд 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр дээрх мэдэгдэлдээ зааснаас өөр үндэслэлээр буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4, 80 дугаар зүйлийн 80.4, 80.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг маань цуцалж шийдвэрлэсэн билээ. Миний бие *******ын Дулааны цахилгаан станц ТӨХК-д ажилд орсон цагаасаа л өөрийгөө дайчилж, хоёргүй сэтгэлээр ажиллаж, дүрэм журмыг зөрчилгүй, ёс зүйн алдаа дутагдал гаргалгүй хөдөлмөрлөсөөр ирсэн атал ажил олгогч нь эрх бүхий байгууллага шаардсан гэж Хөдөлмөрийн тухай хуулийн суурь зарчмуудыг зөрчин, хууль зүйн үндэслэлгүй, ажилтны хөдөлмөрлөх эрхэд ноцтой хохирол учруулсан тушаалыг гаргасан тул Б/169 дугаартай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн суурь зарчмуудыг зөрчин, хууль зүйн үндэслэлгүй, ажилтны хөдөлмөрлөх эрхэд ноцтой хохирол учруулсан тушаалыг гаргасан тул Б/169 дугаартай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг маань цуцалсан тушаалыг хүчингүй болгож, эрхэлж байсан Үйлдвэр техникийн хэлтсийн галын хяналтын инженерийн ажил, албан тушаалд минь эргүүлэн тогтоож зөрчигдсөн эрхийг минь сэргээж өгнө үү гэжээ.

 2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Б.******* нь 2014 оны 10 дугаар сарын 09-ний өдөр борлуулалтын нэгжид борлуулалтын байцаагчаар ажилд орсон. *******ын *******ы цахилгааны станц ТӨХК-ийн зүгээс 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 06 дугаартай мэдэгдэх хуудас Б.*******д хүргүүлсэн. Мөн цахилгаан ******* хянах хэмжүүр автоматикийн цехийн удирдах шитний цахилгааны монтёр ажлын байранд шилжин ажиллахыг санал болгосон боловч өөрөө зөвшөөрөөгүй тул дараах албан бичиг, дүрэм журмыг үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан.

1. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 тоот Чиглэл хүргүүлэх тухай албан бичгийн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, түүнчлэн тухайн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн дүрмээр тогтоосон журмын дагуу томилогдоогүй, ажил үүргийн тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, ур чадварын болон бусад шаардлагыг хангаагүй томилогдсон,

2. Эрчим хүчний яамны 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн в/865 тоот Мэдээлэл ирүүлэх тухай албан бичгийн ажил үүргийн тодорхойлолтод заасан мэргэжил, мэргэшил, ур чадварын болон бусад шаардлагыг хангаагүй томилогдсон эсэх,

3. Компанийн хөдөлмөрийн дотоод журмын ажилтны мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн байдал нь ажлын байрны тодорхойлолтод тавигдах шаардлагад нийцэхгүй байгаа нь тогтоогдсон тохиолдолд хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээний дагуу ажлаас чөлөөлөх үндэслэл болно заалтуудыг үндэслэн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан. Иймд тус нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

 1. Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2, 158 дугаар зүйлийн 158.2.2- т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.*******г *******ын *******ы цахилгаан станц ТӨХК-ийн үйлдвэр техникийн хэлтсийн галын хяналтын инженерийн ажилд эгүүлэн тогтоож,

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.*******д 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор нөхөн олгохыг; мөн энэ хугацаагаар тооцон, хуульд заасан хэмжээгээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг ажил олгогч *******ын Дулааны цахилгаан станц ТӨХК-д тус тус даалгаж,

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч *******ын *******ы цахилгаан станц ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******ийн давж заалдах гомдлын агуулга: *******ын *******ы станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирал нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.10-д эрх хэмжээнийхээ асуудлаар хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг биелүүлэхийн тулд тэдгээрт нийцүүлэн тухайн үйлдвэрийн газрын хэмжээнд дагаж мөрдөх, тушаал, заавар гаргах гэж хуульчилсан, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн Шүүр ажиллагааны хүрээнд Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 дугаар чиглэл болон Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн В/865 дугаар ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжлийн шаардлагыг хангаагүй ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах чиглэлийг эрх бүхий байгууллагуудаас албан бичгээр ирүүлсэн.

Гүйцэтгэх захирал нь Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар болон Эрчим хүчний яамнаас ирүүлсэн чиглэлийн дагуу галын хяналтын инженер буюу *******ы цахилгаан станцын чиглэлээр *******ы эсвэл цахилгааны инженер мэргэжлийн ажилтан ажиллах ажлын байранд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн франц хэлний орчуулагч мэргэжилтэй Б.******* ажиллаж байсан тул эрх бүхий байгууллагын шаардсанаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон.

Гэтэл Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь *******ын *******ы станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн тушаалын үндэслэл болох Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар болон Эрчим хүчний яамнаас ирүүлсэн чиглэлийг хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийхгүйгээр Б.*******гийн нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хуулийн заалтыг ноцтой зөрчжээ.

Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т Хөдөлмөрийн тухай хуулийн 127.1, 43.2.7-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.*******д 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор нөхөн олгохыг... тус тус даалгасугай гэж шийдвэрлэсэн байна. Энэ нь шүүхээс Б.*******гийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсний дунджийг тооцож тогтоох, нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1.5, 63, 65.1.11 дэх заалтуудын дагуу тодруулах, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах заалтуудыг тус тус зөрчсөн.

Өөрөөр хэлбэл шүүхээс нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, татвар төлөлтийн тооцооллыг гаргуулах, цалин хөлсний дунджийг тодорхойлох, ажил олгогчийн нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийн хувь хэмжээг тогтоолгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.5. Нэхэмжлэгч Б.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2009 оны 10 дугаар сарын 02-ны өдөр угаагч гэсэн ажлын байранд орсон. Намайг 08 дугаар сард өөр ажилд орсон гэж хариуцагч талаас тайлбарлаж байна. Би түр ажлын байранд ажиллаж байгаа. Ажилдаа эргүүлэн томилогдох хүсэлтэй байгаа.

Шүүр ажиллагааг хэрэгжүүлсэн ажлын комисст би өөрөө байсан. Тухайн үед ажлын байрны зөрчилтэй надаас гадна 17 хүн байсан. Гэтэл өөрсдийн эрх мэдлээ ашиглан, шүүр ажиллагааг далимдуулан намайг ажлаас халсанд гомдолтой байна гэв.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Оюунтунгалаг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талаас гомдлын үндэслэлээ тайлбарлахдаа энэ Засгийн газрын чиглэлүүдийг ярьдаг. Гэтэл 2023 оны 02 дугаар сарын 08 өдрийн 49 дугаартай Засгийн газрын тогтоол байгаа. Үүний 2 дугаарт авлигатай тэмцэх жил болгон зарласантай холбогдуулан энэ тогтоолын хавсралтаар баталсан үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тогтсугай гэсэн байгаа. Хавсралтад 5 Ш ажиллагаа байгаа. Үүний 2-т шүүр ажиллагааг заасан. Шүүр ажиллагаанд хамрагдах этгээдүүдийн талаар энэ хүнийг дурдсан. Үүнд улс төрд нөлөөлөх албан тушаалтан эсвэл авлигын гэмт хэрэгт орсон албан тушаалтан, эсвэл төрийн удирдах албан тушаалтан зэрэг албан тушаалтнууд байна гэж тодорхой дурдсан. Гэтэл энэ албан тушаалд Б.*******гийн албан тушаал өөрөө ороогүй байхад шүүр ажиллагаагаар далимдуулан Б.*******г ялгаварлан гадуурхаж ажлаас чөлөөлсөн гэж үзэж байгаа.

Хоёрдугаарт, Б.******* нь байгууллагынхаа удирдлагатай холбогдуулан яаманд өргөдөл явуулж байсан. Үүнээс хойш шийдвэрээ гаргахаасаа өмнө 02 дугаар сараас эхлэн энэ хүнийг ажлаас чөлөөлөх нөхцөл байдлаа илэрхийлж нормынх нь хувцас зэргийг өгөхгүй байх зэрэг нөхцөл байдлуудыг гаргадаг байсан. Тиймээс энэ тушаалыг шүүр ажиллагааг далимдуулж үндэслэлгүй гаргасан гэж үзэж байгаа.

Гомдлынхоо 2 дахь хэсэгт цалин хөлс нь тодорхойгүй дурдсан байдаг. Б.******* нь анхан шатны шүүх хуралдаан хүртэл ажлын 106 хоног ажилгүй байсан. 15 466 990 төгрөгийг нэхэмжилсэн. Өнөөдрийн байдлаар буюу давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэлх цалин хөлс нь 25 389 210 төгрөг болж байгаа. Энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл биш учраас хариуцагч талын гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй байна гэв.

 7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон ба нэмэлт тайлбар гаргаагүй.

 8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.*******г ажлаас чөлөөлөхдөө дээд шатны байгууллагаас ирүүлсэн чиглэлийн дагуу тушаал гаргаж чөлөөлсөн.

Засгийн газрын хэрэг эрхлэх газар болон Эрчим хүчний яамнаас ирүүлсэн баримт бичгүүд байгаа. Тус бичгээр ажлын байрны тодорхойлолт болон мэргэжлийн ур чадварыг хангахгүй байгаа ажилтныг ажлаас нь чөлөөл гэсэн чиглэлийг *******ын Дулааны цахилгаан станцын захиралд үүрэг өгсөн. Тус үүргийнхээ хүрээнд ажлын хэсэг байгуулан шалгасан.

Тус шалгалтын хүрээнд эрчим хүчний салбарын их дээд сургууль, коллеж төгссөн эрчим хүчний салбарын мэргэжилтэй этгээд ажиллах ёстой галын хяналтын байцаагчийн ажлын байранд франц хэлний орчуулагч мэргэжилтэй хүн ажиллаж байгаа нь тухайн ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангахгүй байна гэж дүгнэсэн учраас ажлаас халсан тушаал гаргасан нь үндэслэлтэй. Учир нь Үндсэн хуулиар олгогдсон эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа, галтай холбоотой хяналтыг гүйцэтгэж байгаа байцаагч, инженерийг франц хэлний мэргэжилтэн хүн гүйцэтгэж байгаа нь тухайн ажлын байрны чиг үүргийг хангах хэмжээнд ажиллаж чадах эсэх нь эргэлзээтэй. Энэ нь боломжгүй. Тийм учраас дээд байгууллагаас ирсэн чиглэл, ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй ажилтныг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу халсан нь өөрөө зүйтэй гэж үзэж байна. Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газар болон Эрчим хүчний яамнаас ирүүлсэн албан бичгүүдийг ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн, доод шатны байгууллагадаа өгөх чиглэл биш байна гэж Захиргааны хэргийн шүүхээс шүүхийн шийдвэр гарч тус актууд хүчингүй болоогүй. Тус актууд хүчин төгөлдөр хэвээр үйлчилсээр байхад анхан шатны шүүхээс үүнийг хууль зөрчсөн гэж үзэж дүгнэлт хийсэн буруу гэж үзэж байна.

Б.*******г ажилд нь эргүүлэн тогтоох боломжгүй. Нэхэмжлэгч Б.******* нь 08 дугаар сард өөр газарт ажилд орчихсон. Өөр ажил албан тушаал эрхэлж байгаа хүн буцаж ажилдаа орох эсэх нь эргэлзээтэй тул энэ нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт зааснаар Б.******* нэхэмжлэлийн шаардлагынхаа үнийн дүнг тодорхойлоогүй байхад шүүхээс шалгаж тогтоолгүй ажилд нь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгохыг даалгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоогүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх ёстой байтал хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч *******ын *******ы цахилгаан станц ТӨХК-д холбогдуулан *******ын *******ы цахилгаан станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/169 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, үйлдвэр техникийн хэлтсийн галын хяналтын инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ...ажлын байранд тавигдах мэргэжлийн шаардлага үзүүлэлтийг хангаагүй томилогдсон гэж маргажээ. /хх-20/

 

3.а. *******ын *******ы цахилгаан станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/169 дугаартай тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.11 дэх заалт, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэг, Хөдөлмөрийн тухай 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх заалт, 43.2.10 дахь заалт, 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх заалт, 80 дугаар зүйлийн 80.4, 80.5 дахь хэсэг, 110 дугаар зүйлийн 110.3 дахь хэсэг, Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.2.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн ХЭГ/595 дугаартай албан бичиг, Эрчим хүчний яамны 2023 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн В/865 дугаар албан бичгийг тус тус үндэслэн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тушаал хэрэгт авагджээ. /хх-3/

3.б. Нэхэмжлэгч нь Б.******* нь *******ын *******ы цахилгаан станц ТӨХК-д 2014 оны 10 дугаар сараас эхлэн ажиллаж байсан үйл баримт тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй.

3.в. *******ын *******ы цахилгаан станц ТӨХК нь ...Б.*******гийн өмнө томилогдож байсан бүх ажил албан тушаал нь өөрийнх нь мэргэжил, мэргэшилд тохироогүй байхад нь манайх шүүр ажиллагаанаас өмнө тухайн ажил үүрэг, мэргэжлийн шаардлагыг чухалчилж авч үзэхгүйгээр томилоод ажиллуулаад байсан... гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлажээ. /хх-143/

4. Зохигч дараах үйл баримтад маргаантай байна.

4.а. Нэхэмжлэгч ...гүйцэтгэх захирал Д.Эрдэнэтөгс нь 2022 оны 07 дугаар сард томилогдсоноосоо хойш маш их зөрчил гаргаж байсныг нийт инженерүүд 01 дүгээр сард хоорондоо хэлэлцэж ярилцаад өргөх бичиг өргөн барьсан. Тэр бичигт миний нэр дурдагдсан байсан. Түүнээс хойш ажлын байрны дарамт, шахалт үзүүлж эхэлсэн гэж үзэж байгаа. Засгийн газрын шүүр ажиллагаанд үндэслэлгүйгээр хамруулж ажлаас халсан гэж маргажээ /хх-143/.

4.б. Анхан шатны шүүх ...Ажил олгогч нь Б.*******г ажлаас чөлөөлсөн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Б/169 дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан аль ч зохицуулалтыг баримтлаагүй, хариуцагчийн тайлбараар мөн хуулийн 80.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлөх нөхцөлд ажил олгогчийн хяналт шалгалт зохион байгуулах ажлын хэсгээс гаргасан судалгааг албан ёсны дүгнэлт, шийдвэр гэж үзэх үндэслэлгүй талаар зөв дүгнэжээ. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

5. Нэхэмжлэгч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалыг 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн аваад эс зөвшөөрч хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандсан ба тус комисс нь шинэчлэгдэн томилогдоогүй тухай хариуг 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр гардаж аваад, Өмнөговь аймгийн ******* сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан боловч дээрх хороо байгуулагдаагүй тул 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

6. Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, үндэслэх тогтоох хэсгээс бүрдэх бөгөөд тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, мөн улсын тэмдэгтийн хураамж, шүүхийн зардал төлүүлэх, эд мөрийн баримтыг хэрхэх, хэрэгт хэд хэдэн нэхэмжлэгч, хариуцагч оролцсон бол нэхэмжлэгч, хариуцагч бүр ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг тусгасан байхаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.1., 118.5 дахь хэсэгт заасан.

Иймд шүүхийн шийдвэр нь заавал биелэгдэх эрх зүйн хүчин чадалтай эрхийн акт тул ойлгомжтой, тодорхой биелэгдэх боломжтой байснаар зөрчигдсөн эрх сэргээгдсэн гэж үзэх үндэслэл болохоос гадна хариуцагч этгээд шийдвэрийг сайн дураар биелүүлэх, эсвэл хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэх ажиллагаа явагдах үндэс болно.   

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад " нэхэмжлэгч Б.*******д 2023 оны 05 дугаар сарын 09-ний
өдрөөс эхлэн урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор нөхөн олгохыг...
даалгасугай... " гэж заасан нь ойлгомжгүй байна.

Анхан шатны шүүх шийдвэртээ ажилтны ажилгүй байсан хугацаанд дундаж цалинтай тэнцэх хэмжээний олговорыг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасантай нийцүүлэн шийдвэрлээгүй тул давж заалдах шатны шүүхээс дээрхи алдааг залруулах боломжтой, байна.

7. Нэхэмжлэгч Б.******* хавтаст хэргийн 143 дугаар талд авагдсан шүүх хуралдааны тэмдэглэлд ажилгүй байсан хугацааны цалин 15 466 990 гаргуулах хүсэлтэй байгаа талаараа тайлбар гаргасан байна.

8. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 2.1.1-т нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж тооцно гэж зааснаар нэхэмжлэгчийн хх-137-138 дугаар талд эх хувиар авагдсан цалингийн дэлгэрэнгүй баримтаар 2023 оны 05 дугаар сард 2 754 438 төгрөг, 04 дүгээр сард 1 907 526 төгрөг, 03 дугаар сард 1 234 543 төгрөг нийт 5 896 507 төгрөг:3 = 1 965 502 төгрөг нь 1 сарын дундаж цалин хөлс гэж тооцвол:21 хоног = 93 595 төгрөг нь 1 өдрийн цалин байна.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг давж заалдах шатны шүүх тооцохдоо давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цолмон ...Нэхэмжлэгч Б.******* нь 08 дугаар сард өөр газарт ажилд орчихсон. Өөр ажил албан тушаал эрхэлж байгаа хүн буцаж ажилдаа орох эсэх нь эргэлзээтэй гэж, нэхэмжлэгч Б.******* ...Намайг 08 дугаар сард өөр ажилд орсон гэж хариуцагч талаас тайлбарлаж байна. Би түр ажлын байранд ажиллаж байгаа гэж тус тус тайлбар гаргаснаас үзвэл нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт ажлын 74 хоног гэж тооцож 6 926 030 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******ийн давж заалдах шатны шүүхэд гаргасан ...шүүхээс Б.*******гийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсний дунджийг тооцож тогтоох агуулга бүхий гомдлыг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох тухай гомдлыг хангаагүй болно.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн тул хариуцагч *******ын Дулааны цахилгаан станц ТӨХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 143/ШШ2023/00434 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор нөхөн олгохыг гэснийг ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх олговорт 6 926 030 төгрөгийг *******ын *******ы цахилгаан станц ТӨХК-иас гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгохыг, гэж, *******ын *******ы цахилгаан станц ТӨХК-д даалгасугай гэснийг *******ын *******ы цахилгаан станц ТӨХК-д даалгаж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 8 540 960 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

3 дахь заалтын Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн гэсний дараа 7.1.1, гэж, хариуцагч *******ын *******ы цахилгаан станц ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай. гэснийг *******ын *******ы цахилгаан станц ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 125 766 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай. гэж тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ын *******ы цахилгаан станц ТӨХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР

 

ШҮҮГЧИД Ш.ТӨМӨРБААТАР

 

Х.ГЭРЭЛМАА