| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2019/0123/Э |
| Дугаар | 152 |
| Огноо | 2019-02-19 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Н.Булганчимэг, |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 152
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Номинзул,
Улсын яллагч Н.Булганчимэг,
Хохирогч А.Алтантуяа
Шүүгдэгч Д.О, О.Г, тэдгээрийн өмгөөлөгч Б.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Д.О, О.Г нарт холбогдох эрүүгийн 1811 02561 1029 дугаартай хэргийг 2019 оны 01 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
1. Монгол Улсын иргэн, Боржигон овогт Доржмаагийн Очирбат, 1967 оны 01 сарын 30-ны өдөр Дорноговь аймагт төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, алт, мөнгөний дархан мэргэжилтэй, хувиараа алт мөнгөний дархан хийдэг ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 1 дүгээр гудамжны 58 тоотод суух хаягтай, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:УХ67013031/
2. Монгол Улсын иргэн, Боржигон овогт Очрбатын Ган-Очир, 1993 оны 05 сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто механик мэргэжилтэй, хувиараа ажил хийдэг ажилтай, ам бүл 5, эцэг, эх, эхнэр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Тахилтын 1 дүгээр гудамжны 58 тоотод суух хаягтай, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:УХ93053011/
Шүүгдэгч Д.О, Д.Ган-Очир нар нь бүлэглэн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний шөнийн 22-23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг Тахилтын 1 дүгээр гудамжны 58 тоотод хохирогч А.Алтантуяаг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт Д.Оаас мэдүүлэхдээ: “..2018 оны 9 дүгээр сарын 11-ний орой 21 цаг өнгөрч байхад гадаа нэг машин зогсчихоод Гангаамааг асуусан. Би оройхон гэртээ ирэх байх гэж хэлчихээд ажлын байрандаа ороод гарч ирэхэд нөгөө машин явчихсан байсан. Орой 23 цагийн үед манай хүү ажлаасаа дөнгөж гэртээ ирээд байж байхад А.Алтантуяа, дүүтэйгээ орж ирж ирсэн. Тэгээд манай хүүгээр Гангаамаа руу утсаар яриулсан. Дараа нь А.Алтантуяа гар утсаар ярьж байхдаа хэрүүл хийгээд байсан. Тэгээд би гэрт орой үдэш ирчихээд хэрүүл хийлээ гадаа гараад машиндаа хүлээж бай гэхэд гарахгүй бензин байхгүй гээд байхаар нь би бензиний чинь мөнгийг өгье гэхэд чи яасан баян цатгалан юм гээд бид гурвын хооронд маргаан гарсан. Хэрвээ А.Алтантуяа тэр өдөр дүүтэйгээ ирээгүй бол ийм асуудал гарахгүй байсан. Гараас нь татсан уу гэхээс өөрөөр цохиж, зодсон асуудал байхгүй..” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт О.Гоос мэдүүлэхдээ: “..Би ажлаасаа тараад 23 цагийн үед гэртээ ирэхэд аав хоол хийчихсэн байхаар нь хоолоо идээд сууж байтал 2 хүн гаднаас орж ирсэн. Нэг нь миний зүс таних хүн байсан учраас би цай аягалж өгсөн. Намайг ээж рүү залгаад өг гэхээр нь би ээж рүү залгасан. Тэгээд ээж надад наад хүмүүсээ миний гар утас руу залга гээд хэлчих гэсэн. Дараа нь ээж өөрөө утас руу нь залгаад яриад байсан. Ээжтэй утсаар ярьж байхдаа луйварчин, хулгайч нар гээд хэрүүл хийгээд, орилоод байсан. Би та яагаад орой айлын гэрт ирчихээд хүмүүсийг унтаж амруулахгүй, хэрүүл хийгээд байгаа юм бэ гэхэд тоохгүй суугаад байсан. Тэгэхээр нь эгчээ та гарчих гээд гарнаас нь татаж гаргасан. Санаатайгаар хувцас өмдийг нь тайлсан асуудал байхгүй. Манай гэрээс гарахгүй гээд өөрөө эсэргүүцээд байсан. Манай аавийн гинжийг нь таслаад, футболкийг нь урсан. Манай хойд өрөөнд манай эгчийн 5 настай хүүхэд уйлаад байсан..” гэв.
Шүүгдэгч Д.Оаас мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ /хх-42-43/: “..Тэгээд Гангааг асуухаар нь би ирээгүй байна гэж хэлсэн. Тэр 2 хүнд манай хүү Ган-Очир цай хийж өгсөн, тэгээд 2 хүн цайгаа уугаад дуусч байхад бүдүүн авгайгийн утас нь дуугараад утсаа аваад нэг хүнтэй яриад янхан, гичий гэх мэтээр хэрүүлийн үг хэлсэн. Тэгээд утсаар яриад дууссаны дараа би хэрүүлээ гадаа гарч хий гэж хэлсэн. Тэгээд 2 хүүхэн босч яваад гал тогооны өрөөнд орохоор нь би тэр 2 хүнд гадаа гараад хүлээж бай гэж хэлтэл нөгөө 2 хүүхэн гадаа хүйтэн байна гээд гарахгүй байсан юм.. Би тэгээд гарахгүй болохоор нь 2 гараас нь ээлжилж татсан. Татаж байх үед намайг барьж аваад миний гинжийг тасдаад цээжнээс маажсан. Тэр үед манай хүү ирээд гарнаас нь таттал цамцны ханцуй нь урагшаа болохоор нь хүүгээ цаад өрөөрүү оруулчихсан юм. Би тэр авгайтай ноцолдож байгаад гадаа тамбарлуу гаргачихсан юм..Тэгээд тэр бүдүүн авгай тамбар дотор байдаг 2 гишгүүр дээр эвгүй гишгэх шиг болоод шуудайтай төмсөн дээр очоод суусан..Би Алтантуяагийн гарт учирсан гэмтлийг учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Би хөлөнд нь хүрээгүй. Хаалга руу чирч байхад хувцасны шкафнаас хөлөөрөө дэгээдээд, хоолны шүүгээнээс гараараа татаад байсан юм. ..” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч О.Гоос мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон яллагдагчаар мэдүүлэхдээ /хх-40-41/: “..гаднаас 2 эмэгтэй орж ирээд том өрөөнд суусан. Би цай хийж өгсөн, нэг эгч нь зүс таних хзн байсан. Би том өрөөндөө хоолоо идэж байтал нэг эгч утсаар яриад пизда, луйварчин, лалар гэх мэтээр хараагаад байсан юм. Утсаар яриад дууссаны дараа би яах гээд хэрүүл хийгээд байгаа юм бэ хэрүүл хийх гэж байгаа бол гараад хий гэж хэлтэл гарахгүй том өрөөнд суугаад байсан. Аав бид 2 хэд хэдэн удаа хэлтэл босоод гал тогтооны өрөөнд очсон. Тэгээд тэр хүн гарахгүй байхаар нь манай аав гарнаас нь таттал бүдүүн эмэгтэй нь цээжнээс нь маажаад гинжийг нь тасалсан тэгээд аав гар гээд гарнаас нь татаад эхэлсэн. Би цамцных нь ханцуйнаас нэг таттал аав боль цаашаа байж бай гэж хэлээд аав тэр эмэгтэйг гарнас нь татаад аваад гарсан..” гэсэн мэдүүлэг,
Хохирогч А.Алтантуяагаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Нэг гэр бүлийн хоёр гишүүн ийм асуудалд холбогдсонд харамсаж байна. Энэ хэрэг нь Гангаамаа миний дүүгээс 7.000.000 төгрөгийг залилж, буцааж өгөөгүйгээс болсон. Өмнө нь Гангаамаатай олон удаа холбогдох гэж үзэж байсан. Хэрэг гарсан өдөр Гангаамаатай очиж уулзаад, хэрвээ мөнгө өгөхгүй бол хуулийн байгууллагад хандана гэсэн шийдвэр гаргаад гэрт нь очсон. Гэрт нь эхлээд очиход Гангаамааг гэртээ ирээгүй байна гэхээр нь гэртээ ирэх болоогүй юм бол хоёулаа гадуур явж байгаад ирье гээд 22 цаг өнгөрөөгөөд орой дахин гэрт нь ирэхэд хүү нь ирчихсэн байсан. Гангаамааг хүүтэйгээ хамт орой ирнэ гэж хэлсэн болохоор нь ээжийг нь асуухад ирээгүй гэсэн. Хүүг нь ээжтэйгээ утсаар яриад өг гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа Гангаамаа над руу залгасан. Би танай гэрт ирчихсэн хүлээж байна. Хэзээ гэртээ ирэх юм бэ гэхэд Гангаамаа чи манай гэрт очлоо гээд яадаг юм гэхээр нь ямар ч гэсэн би танай гэрт хүлээж байя, чи хурдан гэртээ ирээрэй гэхэд гар утсаа тасалсан. Тэгээд дахиж залгаад чи муу авгай манай гэрт очлоо гээд яадаг юм бэ? Гэдийвэл гэдийж чаддаг авгай шүү, чам шиг муу залилангийн авгай гэх зэргээр намайг хэл амаар доромжилж, хашгираад, та нар муу сайн юмнууд чаддаг юм бол шүүхдээд аваарай гээд орилоод байсан. Би гар утсаар ярьж байх үедээ чанга яригч нь дээр тавьчихсан байсан. Миний утас орсон гарсан яриаг автоматаар бичдэг. Би энэ бичлэгийг СиДи нь дээр буулгасан. Би айлын гэрт очиж зүй бусаар аашилсан асуудал байхгүй. Энэ хүмүүс эхлээд доромжилсон гэдгийг энэ СиДи нь дээрх бичлэг нотолно. Хүний үр хүүхэд байхад айлын гэрт нь хэрүүлийн шинжтэй дуу чимээ гаргасан болохоор тэсэлгүй босч ирсэн байх. Та нар гар гээд намайг сандал дээр сууж байхад шууд татаж босгоод, зулгаагаад чирсэн. Чи яагаад ингээд байгаа юм бэ гэхэд гар гэж байна чамайг гээд цохиход би хойшоо савж унасан. Унаж байх үед миний гарт байсан утас мултраад газар унаснаас хойш болсон үйл явдал гар утас нь дээр бичигдээгүй. Харамсаж байгаа асуудал нь энэ тийм айхтар хэрэг биш. Гэтэл энэ гол маргааны асуудлыг гаргасан Гангаамаа надаас ямар нэгэн уучлалт хүсээгүй. Маргааныг арилгах санал, санаачлагыг гаргаагүй. Намайг гэрт нь ороод хэрүүл маргаан гаргаад, хүний өөрийн хүмүүсийг доромжлоод байгаа юм шиг ярьдаг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлгийг сонсоход намайг өөрөө унаж бэртээд, өөрийгөө зодоод байсан мэтээр ярьж байна. Тухайн үйл явдал санаатай, санаандгүй аль нь ч байсан гэсэн эр хүмүүс яагаад үнэн ээ хэлж болдоггүй юм бэ, О.Г намайг түлхэж, татаж байх үед миний цамц тайлагдсан. Шатны ирмэг дээр байхад би Д.Оын 2 гарын шуунаас нь бариад, хүүе би уналаа шүү дээ битгий түлхээд байгаач гэхэд хохь чинь чи гээд намайг түлхсэн. Хүн өөрт нь халдлага гарсан үед өөрийгөө хамгаалах үйлдэл хийх нь тодорхой. Би тэр гинжийг тухайн үед байсан эсэхийг мэдэхгүй байна. Хүнээс уучлалт гуйгаад сурчихсан байсан бол заавал энэ хүртэл явах шаардлага байгаагүй. Би гомдолтой байна. Манай дүү хэрэг гарах үед та хоёр болиочээ хоёрын хоёр эр хүн байж гээд уйлаад гүйж байхад би дүүдээ цагдаа дуудаачээ гээд орилж байсан. Ямар байдалтай байгаа хүн ийм үйлдэл гаргах вэ? Энэ хүмүүс ямар нэгэн байдлаар хүч хэрэглээгүй байсан бол ийм байдалд хүрэхгүй байсан. О.Гын хувьд залуу хүн байж амьдралын урт замд ял шийтгэгдэж байсан гэсэн хар толбо үлдээнэ гэхэд надад харамсалтай байна. Шүүгдэгч нар надаас өмнө нь уучлалт гуйхыг би хүлээсэн. Шүүх хурал болох гээд тулаад ирэхэд аргагүйн эрхэнд надаас уучлалт гуйсан. Их бага ямар ч асуудал дээр хүн өөрийн хийсэн хэрэгтээ уучлалт гуйх ёстой. Д.Оын зан байдлын тодорхойлолтыг сонсоход спортын тамирчин хүн байна. Швед улсад амьдардаг манай дүү Д.О уг нь сайн хүн шүү дээ спортын хүндийн өргөлтийн тамирчин, эгч минь та яаж зүгээр өнгөрсөн юм бэ гээд уйлаад ярьж байсан. О.Г надад гэмтэл учруулсан ч гэсэн би энэ хүүг ял шийтгүүлж байсан гэсэн хар толбо үлдээхэд надад хэцүү байна. Би О.Гт гомдолгүй. Шүүх хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү..” гэв.
Хохирогч А.Алтантуяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ /хх-10-12, 95-96/: “..2018 оны 09 дүгээр сарын 11-ний орой 22 цаг өнгөрч байхад Гангаамаа гэгч эмэгтэй миний дүү Сарантуяагаас 2018 оны 02 дугаар сард Зайсангийн Энхжин хотхонд байр авч өгнө гээд урьдчилгаа 7 сая төгрөг авсан тэгээд байр мөнгө ч байхгүй болоод гэрт нь очтол нөхөр хүү хоёр нь байсан. Хүүхдийг нь ээж рүүгээ залгаад өгөөч ээ бид нарын утсыг авахгүй байна гээд хэлтэл хүү залгаад ярьтал наад хүмүүсээ над руу залга гэж хэлсэн. Тэгээд утсаар яриад байж байтал хүү Ган-Очир нь та нар манай гэрээс зайлцгаа гэрт ирээд хэрүүл хийгээд байх гэсэн тэгэхээр нь бид нар хэрүүл хийгээгүй танай ээж чинь хашгираад байгаа биз дээ гэж хэлэхэд шууд хүү нь гар гээд намайг чирээд байхаар нь яагаад байгаа юм бэ гэж хэлэхэд зайл гээд миний хоолойноос боосон. Тэгээд манай дүү Сарантуяа та нар ямар аймар юм бэ? болиоч ээ гэтэл Гангаамаагийн нөхөр нь орж ирээд намайг цохиод зайл гээд хараагаад байсан. ..Тэгээд намайг хүү нь цохиод би хойшоо саваад унасан. Тэгтэл миний хөлснөөс татаад тэгээд миний өмднөөс татаад миний өмд тайлагдчихсан юм. ...Гангаамаагийн нөхөр заамдаад барьсан би шатан дээрээс унах гээд байна битгий түхээд бай гэж хэлэхэд нөхөр нь шууд түлхээд унагаасан, ...Гангаамаагийн нөхөр хүүхэд хоёр нь хоёулаа учруулсан..” гэсэн мэдүүлэг,
Гэрч Н.Сарантуяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-20-21, 107-108/ “...Гэрт нь ороход хүү нь ирсэн байсан. Тэгээд бид 2 хүүтэй нь мэндэлэхэд хүү нь бид 2-т цай хийж өгсөн. Би хүүхдэд нь хандаад миний дүү ээжрүүгээ залгаад өгөөч ээж нь утсаа авахгүй байна гэж хэлсэн юм. Тэгтэл хүүхэд нь аан за гэж хэлээд ээжрүүгээ залгаад таныг гэрт 2 хүн ирчихээд хүлээгээд байна гэж хэлсэн юм. Хүү нь утсаар ярьж дуусчихаад та 2-г ээж надруу залга гэнээ гэж хэлсэн. Тэгээд Алтантуяа эгч Гангаа гэгч рүү 2 удаа залгатал утас нь хобогдох боломжгүй болчихсон байхаар нь хүүд нь хандаад утас нь болдоггүй ээ дахиад залгаад өгөөч миний дүү гэж хэлтэл хүү нь утсаа оролдоод байсан удалгүй Гангаацаа Алтантуяа эгч рүү өөрөө залгаад утасны цаанаас Гангаамаа юу ч хэлүүлэхгүй загнаад энэ асуудал бид нарын дундын асуудал болохоос юугаа хийж гэрт очоод байгаа юм, нөхөр хүүхэд маань ч наад асуудлыг чинь мэдэхгүй гээд орилоод байсан, тэгээд манай эгч Гангаамаа чи хөөе гэж хэлтэл утасны цаанаас Гангаамаа манай эгчийг та нар муусайн луйварчингууд манай гэрт очлоо, янхан, гичий гээд хараангууд нь хүү нь босч ирээд гэрт ирж хэрүүл хийлээ зайл балай авгай нар минь хэрүүлээ гарч гудамжиндаа хий гээд манай эгч дээр очоод 2 гарнаас нь татаж босгоод түлхсэн. Түлхэх үедээ манай эгчийн цээжрүү нь баруун гараараа цохисон тэр үед манай эгч хана тулаад тогтсон. Ярьж байсан утас нь газарт унаад бутраад уначихсан юм. Намайг утсыг нь түүж авах хооронд нөхөр нь босч ирээд манай эгчийг пизда минь гичий минь гээд орилоод манай эгч рүү дайраад байсан. Тэгээд би та нар болиочээ 2 эрэгтэй хүн байж нэг эмэгтэй хүн рүү дайраад байдаг юм гэж хэлээд салгатал манай эгч гарахгүй би танай мөнгөө авах гэж ирсэн болохоос би та нар ингэж нохой шиг хөөгдөх гэж ирээгүй гэхэд нөхөр хүүхэд 2 нь дахиад манай эгч рүү дайраад аймар уурлаад хамаг хувцасыг нь тайлаад, урахыг нь ураад нэг харахад манй эгч левчиктэйгээ зогсож байсан. Тэгээд зууралдаж явсаар байгаад үүдний тамбарт нь гараад ирсэн. Тэгээд тамбараасаа нөхөр нь шууд гарах хаалга руугаа манай эгчийг түлхээд шатны уруу унагасан юм.” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн №11239 дүгээр дүгнэлтэнд: /хх-28/ “..1. А.Алтантуяагийн биед зүүн бугалга, зүүн шуу, баруун бугалга, баруун шуу, баруун шилбэ, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. 3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тэл гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлт
Шинжээч эмч Н.Туяагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн:/хх-105/ “..Дээрх гэмтлүүд нь цохих, цохигдох үед үүснэ. Гараар татах, чангаах, түлхэх, чирэх үед үүсэхгүй..” гэх мэдүүлэг болон шүүгдэгч Д.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-58/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-57/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-59/, шүүгдэгч О.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-45/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-44/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-46/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судаллаа. Эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.О, О.Г нар нь 2018 оны 09 дүгээр сарын 11-ний шөнийн 22-23 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг Тахилтын 1 дүгээр гудамжны 58 тоотод хохирогч А.Алтантуяаг “орой үдэш айлын гэрт ирж хэрүүл хийлээ гэж” маргалдан улмаар түүнийг гэрээсээ гарахыг шаардахад, хохирогч гарахгүй гэснээс болж маргалдан түүнийг гаргахаар шүүгдэгч Д.О түүнийг түлхэж, шүүгдэгч О.Г түүнийг чирч, хөл гарнаас нь татаж зууралдан түүний биед зүүн бугалга, зүүн шуу, баруун бугалга, баруун шуу, баруун шилбэ, зүүн өвдөг, зүүн шилбэнд цус хуралт бүхий гэмтэл үүсгэжээ.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч нарын дээрхи үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн хохирол учирсан байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.О нь хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй болно. Харин шүүгдэгч О.Гоос шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ хохирогчид гэмтэл учруулаагүй, улсын яллагчаас сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэх боловч энэ нь хохирогч А.Алтантуяа, гэрч Н.Сарантуяа нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Иймд шүүгдэгч Д.О, О.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.О, О.Г нар нь хавтаст хэрэгт авагдсан, баримтаар тогтоогдсон 202.000 төгрөгийн хохирлыг хохирогчид төлж барагдуулсан байх тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.О, О.Г нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан торгох ялын төрөл хэмжээний дотор Д.Оыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох, О.Гыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөг торгох ял тус тус оногдуулж, уг ялыг шүүгдэгч нарын хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.О, О.Г нарт торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.
Шүүгдэгч Д.О, О.Г нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Доржмаагийн Очирбат, Боржигон овогт Очирбатын Ган-Очир нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар Д.Оыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял, О.Гыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О, О.Г нарт оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О, О.Г нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Д.О, О.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.О, О.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О, О.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР