Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 00216

 

 

 

 

 

 

 

 

2015 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2016/00216

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 18-р хороо, 50-р байрны 3-р орц, “Дулаанхаан-50” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 18-р хороо, 50-р байрны, 209 тоотод оршин суух, эхэлсэн ажилгүй, регистр ЧК 54070514, Ням овогт Дөрвөдийн Уртнасанд холбогдох засвар үйлчилгээний зардал 162 720 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Өнөхишиг, хариуцагч Д.Уртнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Лхагвасүрэн нар оролцов.

 

                                                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:  

 

         Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Өнөхишиг шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус СӨХ-ны дарга ганчимэг болоод 2 жил болж байна. Энэ хугацаанд 24 сая төгрөгийн засвар үйлчилгээ хийсэн.. Харин 50-р байрны 209 тоотод оршин суух Д.Уртнасан нь 2015 оны 3-р сараас 2015 оны 11-р сар хүртэл СӨХ-ны төлбөрөө төлөлгүй 162 720 төгрөгний хохирол учруулаад байна. Уг суугчийн сарын төлбөр нь 18 080 төгрөг ба төлөөгүйн улмаас засвар үйлчилгээ, сангийн засвар хийх, СӨХ-г хуримтлалгүй болгож хөрөнгийн хомсдол бий болгож байна. Жилд 2 удаа хурлаа хийдэг, гэвч оршин суугчид өөрсдөө оролцдоггүй, одоо байр орц ямар болсныг харж байгаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 000 төгрөг болсноор сууц өмчлөгчийн зардлал 12 000 байсныг 18 080 төгрөг болгосон. Оршин суугчид бүгд гарын үсгээ зураад нэмэх санал гаргасан. Удаа дараа СӨХ-ны төлбөрөө төлөхийг шаардаж мэдэгдэл өгсөн боловч төлбөрөө төлөхгүй байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд Д.Уртнасангаас 162 720 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

            Хариуцагч Д.Уртнасан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие уг орон сууцанд 34 жил оршин сууж амьдарч байна. Тус СӨХ-д 2015 оны 3 сараас 11 сар хүртэл СӨХ-ны төлбөрөө төлөөгүй. Ганчимэг гэдэг хүнийг 2013 онд яаж сонгогдсоныг мэдэхгүй. 2014 онд байрны гадна талаас засвар хийсэн боловч шаваас нь огт чанарын шаардлага хангахгүй засвар болж, 2014 оны өвлөөс том өрөө, цонхны доорх хана, гал тогоо, жижиг өрөөний хананы булангаас цана цохиж, мөстөж, мөөгөнцөрддөг болсон. Мөн тус СӨХ нь кодтой хаалга хийх нэрээр айл болгоноос 15 000 төгрөг хураан авч хаалгыг хийсэн мөртлөө орцонд жижүүр байлгаж давхар цалинжуулж байна. Өмнө СӨХ нь 12 000 төгрөгийг төлбөр авдаг байсан бол дураараа 18 000 төгрөг болгон нэмсэн. Ямар үндэслэлээр нэмэгдсэн, оршин суугчдад тайлангаа тайлагнадаггүй. Ямар үйл ажиллагаанд хэдэн төгрөг зарцуулсан, санхүүгийн ямар ч мэдээлэл бидэнд алга байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

            Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Дулаанхаан-50” сууц өмчлөгчдийн холбоо нь Д.Уртнасанд холбогдох засвар үйлчилгээний зардал 162 720 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж дүгнэлээ.

 

Баянгол дүүргийн 18-р хороо, 50-р байрны 209 тоот сууц өмчлөгч Д.Уртнасан нь Иргэний хуулийн 147-р зүйлийн 147.1 дэх хэсэг, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13-р зүйлийн 13.2.3 дахь хэсэгт зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй бөгөөд сууц өмчлөгч нь 2015 оны 3-р сараас 2015 оны 11-р сар хүртэлх хугацааны засвар үйлчилгээний зардлыг тогтоосон хэмжээгээр буюу сар бүр 18 080 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.  /ХХ 1, 14/

                   

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ “... захирал Ганчимэг хэзээ болсныг мэдэхгүй, ажлаа тайлагнадаггүй, засвар үйлчилгээ нь шаардлага хангаагүйгээс хана, цонх, ханын булангаас цандаж, мөстөж, мөөгөнцөрдсөн” гэж тайлбарладаг боловч эдгээр тайлбар, татгалзал нь хуульд заасан засвар үйлчилгээний зардлыг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж дүгнэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                              ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147-р зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дөрвөдийн Уртнасангаас 162 720 /нэг зуун жаран хоёр мянга долоон зуун хорь/ төгрөг гаргуулж “Дулаанхаан-50” сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.    

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэхь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 532 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Д.Уртнасангаас 5 532  төгрөг гаргуулж “Дулаанхаан-50” СӨХ-нд олгосугай.

 

Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                  Р.АЛТАНТУЯА