Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 203/МА2024/00004

 

 Ж.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Угтахбаяр даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 144/ШШ2023/00182 дугаар шийдвэртэй,

 Ж.*******гийн нэхэмжлэлтэй

 Х.*******т холбогдох,

 Нэр төр, алдар хүндийг сэргээж, нэр төр, алдар хүндэд халдсан хэлбэр болох видео бичлэг хийх хэлбэрээр няцаалт хийж, түүнийг тараасан арга хэрэгсэл болох өөрийн ашигладаг олон нийтийн сүлжээний фейсбүүк хуудсаар дамжуулан 1 сарын хугацаанд нийтэлж, уучлал гуйхыг даалгах, эдийн бус гэм хорын хохирол 10 000 000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн нэр төр, алдар хүндийг сэргээж, алдар хүндэд халдсан худал мэдээлэл тараасан хэлбэр болох видео бичлэг хийх хэлбэрээр няцаалт хийж, түүний өөрийн ашигладаг олон нийтийн цахим сүлжээний фейсбүүк хуудсаар дамжуулан 1 сарын хугацаанд нийтэлж, уучлал гуйхыг даалгах, эдийн бус гэм хорын хохиролд 15 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтөр, нэхэмжлэгч Ж.******* нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хүлээн авч, Ерөнхий шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Гарьдхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Хонгорзул нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.   Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Иргэн Х.******* нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 11 цаг 47 минутын үед Улсын их хурлын эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулсан нүүрсний тээвэрлэлт, экспортын асуудлаар Ерөнхий хяналтын сонсголын завсарлагаанаар MNC television, Zindaa.mn facebook хуудсуудад шууд ярилцлага өгөх үеэрээ (Zindaa.mn facebook page дэх бичлэгийн 2 минут 45 секундээс 3 минут 32секундэд https://www.facebook.com/watch/live/?ref=watch permalink&v=68469894319 0172, MNC television, facebook page дэх 25 минут 17 секундээс 26 минут 03 секундэд https:///www.facebook.com/watch/live/?refwatch permalink&v=68469894319 ...Энэ ******* гэдэг хүн. Энэ Өмнөговь аймгийн нүүрсний хулгайч нартай маш ойрхон хүн шүү. Энэ ******* гэдэг хүн бол байнга бодитой юм ярих болгонд ирж үймүүлж байдаг хүн байгаа юм. Энэ өөрөө Тавантолгойд ч гэсэн бас хөрс хуулалт байдаг юм уу? юу байдаг юм машин тэрэг явуулж байсан ийм хүн. Би үнэнийг ярьж байна... Ийм муусайн юмнууд хэрэггүй, ийм муусайн юмнууд ирж сонсголыг бүр үймүүлэх гэж. Энэ ажнайн *******-Эрдэнэ нарын хүмүүс хэдэн төгрөг өгөөд явуулчихсан юм эд нарт. Тэгээд л эд нар үймүүлээд л хашхираад л ингэдэг байхгүй...гэж ярилцлага өгч миний нэр төр, алдар хүндийг гутаасан худал, үндэслэлгүй мэдээ мэдээлэл олон нийтэд тараасан.

Х.******* миний нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээ тараах үеэр нүүрсний хулгайн асуудлаар Төрийн ордонд нээлттэй сонсгол зохион байгуулагдаж байсан бөгөөд олон нийт тус сонсголд анхаарал хандуулсан, нүүрсний хулгайч нарыг илчил, хариуцлага ногдуул гэж иргэд олон өдөр, шөнө хонон өнжин Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байсан үед намайг нүүрсний хулгайч нартай маш ойрхон харилцаатай, Тавантолгой уурхайн хөрс хуулдаг, нүүрс тээврийн машинтай гэж худал мэдээлэл тараасан нь намайг нүүрсний хулгайч нартай хамтран ажилладаг, нүүрсний хулгайн асуудалд оролцоотой, гэм буруутай мэтээр олон нийтэд мэдээлж миний нэр төр, алдар хүндийг санаатайгаар гутаасан.

Мөн намайг Улсын Их Хурлын гишүүнд Д.*******-Эрдэнийн захиалгаар, хөлсөөр, зохион байгуулалттайгаар Төрийн ордонд ирж нүүрсний тээвэрлэлт, экспортын асуудлаар Ерөнхий хяналтын сонсголыг албаар бусниулж, бодит үр дүнд хүрэхэд саад учруулж байгаа мэтээр худал мэдээлэл тараасанд гомдолтой байна.

Уг худал мэдээнээс шалтгаалан олон нийтэд намайг нүүрсний хулгайн асуудалд оролцоотой, Улсын Их Хурлын гишүүн Д.*******-*******ийн захиалгаар нээлттэй сонсголыг бусниулсан мэт ойлголт үүсч миний нэр төр, алдар хүндэд гэм хор учраад байна.

Иймд 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн MNC television, Zindaa.mn Facebook хуудсуудад шууд ярилцлага өгөх үеэрээ миний нэр төр, алдар хүндийг гутаасан худал, үндэслэлгүй мэдээ тараасан Х.*******т нэр төр, алдар хүндэд халдсан хэлбэр болох видео бичлэг хийх хэлбэрээр няцаалт хийж, түүнийг тараасан арга хэрэгсэл өөрийн ашигладаг олон нийтийн сүлжээний фейсбүүк хуудсаар дамжуулан 1 сарын хугацаанд нийтэлж, уучлал гуйлгахыг даалгаж, миний нэр төр, алдар хүндийг сэргээж, эдийн бус гэм хорын хохиролд 10 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгч Ж.******* нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Хариуцагч Х.******* нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр намайг нүүрсний хулгайч нартай маш ойрхон харилцаатай, Тавантолгой уурхайн хөрс хуулдаг, нүүрс тээврийн машинтай гэж миний нэр төр, алдар хүндийг гутаасан худал, үндэслэлгүй мэдээ мэдээлэл олон нийтэд тарааснаас үүдэн би олон нийтийн дунд нүүрсний хулгайч нартай хамтран ажилладаг, нүүрсний хулгайч мэтээр буруу ойлгогдон өнөөдрийг хүртэл явж байна.

Тус шууд бичлэгийг Zindaa.mn фейсбүүк хуудсаар дамжуулан 78537 хүнд, MNC television фейсбүүк хуудсаар дамжуулан 3000 хүнд, нийт 81537 хүнд улс даяар тархсан байх бөгөөд, нэг хүнд 122 төгрөг болж байгаа тул хохиролд 10 000 000 төгрөг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна гэжээ.

 2.    Хариуцагчийн татгалзал болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын агуулга:

 Нүүрсний хулгайтай тэмцэх тухай Улсын их хурлын Эдийн засгийн байнгын хорооноос нээлттэй сонсголыг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулсан. Миний бие энэ сонсголд Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байсны хувьд урилгаар оролцсон. Энэ үед Төрийн ордны их танхимд тв8 телевиз, зэрэг 4-5 телевиз ирж надаас ярилцлага авсан. Энэ үеэр Ж.******* гэх танхай этгээд телевизийн ярилцлагыг тасалдуулах зорилгоор телевизийн дуран эфирийн өмнө над руу дайрч доромжилж танхайрсан. Энэ хүн Өмнөговьд нүүрсний мафийн гэмт хэргийн талаарх төрийн ордонд монголын телевиз хэвлэл мэдээллийн байгууллагууд улс орон даяар шууд нэвтрүүлэг хийж байхад үүнийг тасалдуулах зорилгоор танхай балмадаар авирлаж намайг төдийгүй телевиз үзэж байгаа олон мянган иргэд үзэгчдийг доромжилсон. Телевиз хэвлэл мэдээллийнхэн Төрийн ордны их танхимд албан ёсоор үйл ажиллагаа явуулж байхад нэвтрүүлгийг нь тасалдуулах оролдлого хийсэн нь шууд танхайн гэмт хэрэг гэж үзэж байна. 1999 онд монголын төв телевизийн байранд хар цагаан нэртэй нэвтрүүлгийг эфирт гаргахгүй гэж хутга барьсан танхай этгээд дайрч орж бичлэг бүхий кассетыг булаан авч гарч зугтан баригдаж байсан гашуун түүх байдаг. Иймд Монгол улсын Төрийн ордонд Улсын их хурлаас зохион байгуулж байгаа нэвтрүүлэг, хэлэлцүүлгийг тасалдуулсан танхайн үйлдэлд нь Ж.*******д холбогдуулан эрүүгийн хэрэг гарсан газрын харьяаллаар Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн эрүүгийн цагдаагийн албанд өргөдөл гаргасан болно. Иймд Ж.*******гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхийг хүсье.

 

Нэхэмжлэлийн үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримт болох видео бичлэгээс үзэхэд харин Ж.******* Х.*******ын биед халдаж, гараараа түлхэн, ярилцлага өгөхийг нь болиулах гэж нэр төр, алдар хүндэд халдсан худал мэдээлэл тараасан байна. 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Төрийн ордонд болсон нүүрсний экспорт, тээвэрлэлтийн талаарх нээлттэй сонсголын үеэр тв8 телевизийн сурвалжлагч Х.*******аас Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн даргаар 2016-2020 онуудад ажиллаж байсан үедээ орон нутгийн өмчтэй Таван толгой хувьцаат компанийн үйл ажиллагаанд хэрхэн хяналт тавьж ажиллаж байсан талаараа ярилцлага өгнө үү гэж ярилцлага авах хүсэлт тавьсныг Х.******* нь хүлээн зөвшөөрч ярилцлага өгч байсан. Уг ярилцлага өгч байх үед Ж.******* нь /уг бичлэгийн 2 минут 40-52 секундэд /https:// www.facebook.com /MobiletvZindaa/ videos /543393484326470/ ******* боль, чи битгий худлаа ярь, дандаа ингэж худлаа ярьж байна...чи тэр аймгийн хурлаас авсан байраа өгөөрэй,...нутгаа битгий бузарлаж бай, 3 минут 40-52 секундэд ...хэлэмгий хүн дадамгай гэж чи өөрөө хүнээс мөнгө авч дуугарч байгаа болохоор тэгж байгаа битгий тэгж солиорч бай. Энэ хүнээс мөнгө аваад ярьдаг хүн гэж олон нийтийн өмнө доромжилж, нэр төрд нь халдсан худал мэдээллийг олон нийтэд тараасан байна. Х.*******ыг олон нийтэд мэдээлэл хүргэж, ярилцлага өгч байхыг мэдсээр байж Ж.******* нь дээрх худал зүйлийг хэлж, олон нийтэд тарааж байгаа нь санаатай үйлдэл юм. Хүний нэр төрд халдсан хүн нь Ж.******* өөрөө юм. Х.******* нь Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар 2016-2020 онуудад ажиллаж байсан бөгөөд уг албан тушаалаа хүлээлгэн өгсний дараа аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2021 оны 07 дугаар сард аймаг, орон нутгийн хөгжлийн төлөө ажилласныг үнэлж гэрээгээр эзэмшиж байсан орон сууцыг хувьд шилжүүлж, орон байраар хангаж олгосон байрыг буцааж өгөөрэй гэж олон нийтийн сүлжээгээр хэлж байгаа нь намайг албан тушаалтай байхдаа аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас эрх мэдлээ ашиглан хууль бусаар байр авсан юм шиг сэтгэгдэл, худал мэдээллийг олон нийтэд төрүүлж байна. Үүнийг худал мэдээлэл тарааж, Х.*******ын нэр хүндийг гутаан доромжилсон гэж үзэж байна. Дээрх үндэслэлгүй худал мэдээлэл zindaa.mn фейсбүүк цахим хуудсаар дамжуулан 78700 хүн тараагдсан байна.

Иймд Х.*******ын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх гэж заасан хувь хүний эрх чөлөөнд ярилцлагын үеэр удаа дараа халдаж хөндлөнгөөс орж ирж, үг хэлээр доромжилж үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө болон түүний нэр төрд халдсан үндэслэлгүй, худал мэдээлэл тараасан Ж.*******гээс Х.*******ын нэр төр, алдар хүндийг сэргээж, нэр төр алдар хүндэд халдсан хэлбэр болох видео бичлэг хийх хэлбэрээр няцаалт хийж, түүнийг тараасан арга хэрэгсэл болох өөрийн ашигладаг фейсбүүк цахим хуудсаар дамжуулан 1 сарын хугацаанд нийтэлж, уучлалт гуйхыг даалгах, нэр төр, алдар хүндийг гутаасан гэм хорын хохиролд 15 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

 

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дахь хэсэгт зааснаар Ж.*******гийн нэр төр, алдар хүндийг сэргээж, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улсын их хурлын эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулсан нүүрсний тээвэрлэлт, экспортын асуудлаар Ерөнхий хяналтын сонсголын завсарлагаанаар MNC television, Zindaa.mn facebook хуудсуудад шууд ярилцлага егөх үеэрээ: ...Энэ ******* гэдэг хүн. Энэ Өмнөговь аймгийн нүүрсний хулгайч нартай маш ойрхон хүн шүү гэх агуулгатай мэдээ, мэдээллийг тараасан арга хэлбэр болох видео бичлэг хийх хэлбэрээр няцаалт хийж, түүнийг тараасан арга хэрэгсэл болох өөрийн ашигладаг олон нийтийн сүлжээний фэйсбүүк хуудсаар дамжуулан 1 сарын хугацаанд нийтэлж, уучлал гуйхыг хариуцагч Х.*******т үүрэг болгож,

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улсын их хурлын эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулсан нүүрсний тээвэрлэлт, экспортын асуудлаар Ерөнхий хяналтын сонсголын завсарлагаанаар MNC television, Zindaa.mn facebook хуудсуудад шууд ярилцлага өгөх үеэрээ: ...Энэ ******* гэдэг хүн бол байнга бодитой юм ярих болгонд ирж үймүүлж байдаг хүн байгаа юм. Энэ өөрөө бас Тавантолгойд ч гэсэн бас хөрс хуулалт байдаг юм уу? юу байдаг юм машин тэрэг явуулж байсан ийм хүн. Би үнэнийг ярьж байна... Ийм муусайн юмнууд хэрэггүй, ийм муусайн юмнууд ирж сонсголыг бүр үймүүлэх гэж. Энэ ажнайн *******-Эрдэнэ нарын хүмүүс хэдэн төгрөг өгөөд явуулчихсан юм эд нарт. Тэгээд л эд нар үймүүлээд л хашхираад л ингэдэг байхгүй" гэж мэдээ, мэдээлэл тараасан гэж нэр төр, алдар хүндийг сэргээж, нэр төр, алдар хүндэд халдсан хэлбэр болох видео бичлэг хийх хэлбэрээр няцаалт хийж, түүнийг тараасан арга хэрэгсэл болох өөрийн ашигладаг олон нийтийн сүлжээний фейсбүүк хуудсаар дамжуулан 1 сарын хугацаанд нийтэлж, уучлал гуйхыг даалгах болон эдийн бус гэм хорын хохиролд 10 000 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.*******ын нэхэмжлэлтэй нэхэмжлэгч Ж.*******д холбогдох нэр төр, алдар хүндийг сэргээж, алдар хүндэд халдсан худал мэдээлэл тараасан хэлбэр болох видео бичлэг хийх хэлбэрээр няцаалт хийж, түүний өөрийн ашигладаг олон нийтийн цахим сүлжээний фейсбүүк хуудсаар дамжуулан 1 сарын хугацаанд нийтэлж, уучлал гуйхыг даалгах, эдийн бус гэм хорын хохиролд 15 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245 150 /70 200+174 950/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.*******аас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.*******д олгохоор, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232 950 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Х.*******т тус тус олгож шийдвэрлэсэн байна.

 

3. Нэхэмжлэгч Ж.*******гийн давж заалдах гомдлын агуулга:

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт (9 дэх тал) ...2022 оны 12 дугаар сарын 21- ний өдрийн байдлаар MNC Television facebook хуудсаар views" хэсэгт харагдаж байгаа хэдий ч нэг хүнд 122 төгрөг гэж тооцсон нь тооцоолол тодорхойгүй, өөрөөр хэлбэл эдийн бус гэм хорын хохирлоо бичгийн нотлох баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон болно гэжээ. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ. гэж, 21.9-д Энэ зүйлд заасан эрхийг зөрчсөн этгээд бусдад учруулсан гэм хорыг хохирогч буюу сонирхогч этгээдэд энэ хуулийн 497, 511 дүгээр зүйлд заасан журмын дагуу арилгана. гэж, 511 дүгээр зүйлийн 511.1-т бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ" гэж, 511.2-т Эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоох бөгөөд мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан этгээдэд үүрэг болгоно" гэж тус тус заасан. Эдгээр зохицуулалтаас үзэхэд бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадаагүй тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүрэгтэй бөгөөд, нэхэмжлэгч нь мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, өөрийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд мөнгөөр илэрхийлэн нэхэмжлэх эрхтэй байна, Эдгээр зүйлүүдийг үндэслэн нэхэмжлэгч Ж.******* нь эдийн бус гэм хорын хохиролд 10,000,000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэгч нь эдийн бус гэм хорын хохирлоо бичгийн нотлох баримтаар нотлох үүрэг хүлээгээгүй байна, Өөрөөр хэлбэл хариуцагч Х.******* нь нэхэмжлэгч Ж.*******гийн нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээгээ үнэн зөв болохыг нотолж чадаагүй тохиолдолд эдийн бус гэм хорын мөнгөн хэлбэрээр тогтоосон хохирлыг хариуцан арилгах хуулиар хүлээсэн үүрэгтэй байна. Гэтэл анхан шатны шүүх дээрх хуулийн заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгч тал бичгийн нотлох баримтаар нотлох" үүргээ хэрэгжүүлээгүй, тооцоолол тодорхойгүй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.1,511.2 дахь хэсгүүдийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 144/ШШ2023/00182 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, эдийн бус гэм хорын хохирол 10 000 000 төгрөгийг хариуцагч Х.*******аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтөрийн давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Ж.******* нь Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд Нэр төр, алдар хүндийг сэргээж, алдар хүндэд халдсан худал мэдээлэл тараасан хэлбэр болох видео бичлэг хийх хэлбэрээр няцаалт хийж, түүний өөрийн ашигладаг олон нийтийн цахим сүлжээний фейсбүүк хуудсаар дамжуулан 1 сарын хугацаанд нийтэлж, уучлалт гуйхыг даалгах тухай, эдийн бус гэм хорын хохиролд 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүхээс хариуцагч Х.*******ыг нэхэмжлэгч Ж.*******гийн нэр хүндэд халдсан худал мэдээ, мэдээлэл тараасан гэж үзэж, уг мэдээ мэдээллийг тараасан арга хэлбэр болох видео бичлэг хийх хэлбэрээр няцаалт хийж, түүнийг тараасан арга хэрэгсэл болох өөрийн ашигладаг олон нийтийн сүлжээний фейсбүүк хуудсаар дамжуулан 1 сарын хугацаанд нийтэлж, уучлал гуйхыг хариуцагч Х.*******т даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна.

Учир нь хариуцагч Х.*******ын хувьд 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Төрийн ордонд болсон нүүрсний экспорт, тээвэрлэлтийн талаарх нээлттэй сонсголын үеэр тв8 телевизийн сурвалжлагч Х.*******аас Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар 2016-2020 онуудад ажиллаж байсан үедээ орон нутгийн өмчтэй Тавантолгой хувьцаат компанийн үйл ажиллагаанд хэрхэн хяналт тавьж ажиллаж байсан талаараа ярилцлага өгнө үү гэж ярилцлага авах хүсэлт тавьсныг Х.******* нь хүлээн зөвшөөрч Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрхийнхээ хүрээнд үг хэлж, үзэл бодлоо илэрхийлж, ярилцлага өгч байсан.

Гэтэл нэхэмжлэгч Ж.******* нь Х.*******ын Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 16-д заасан ...итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх... баталгаат эрх, эрх чөлөөнд халдаж, түүнийг ярилцлага өгч байх үеэр удаа хөндлөнгөөс орж ирж үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, ярилцлага өгөхийг болиулах гэж санаатайгаар түлхэх зэрэг үйлдэл гаргаж, үг хэлээр доромжилсон. Энэ үед Х.******* нь Ж.*******тэй маргалдсан асуудал болсон ба уг асуудлыг мэдээллийг сувгууд шууд дамжуулсан үйл явдал болсон юм. Өөрөөр хэлбэл хэргийн бодит байдал нь энэ юм.

Нэхэмжлэгч Ж.******* нь Х.*******ыг өөрийн нэр төрд халдсан худал мэдээлэл тараасан, тиймээс нэр төрөө сэргээлгэх нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатны шүүхээс зөвхөн нэр төрд халдсан мэдээлэл тараасан гэж үзсэн. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа ...миний нэр төрд халдсан худал мэдээлэл тараасан тул нэр төрөө сэргээлгэх гэж тодорхойлсон байхад шүүхээс Х.*******ыг Ж.*******гийн нэр төрд халдсан мэдээлэл тараасан гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн нэр төрд халдсан худал мэдээлэл тараасан гэх шаардлагыг нэр төрд халдсан мэдээлэл тараасан гэж өөрчилж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Хүний нэр төр, алдар хүндэд халдсан мэдээлэл тараасан этгээд нь Х.******* биш бөгөөд хүний нэр төр, алдар хүндэд халдсан худал мэдээлэл тараасан гэх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм. Энэ талаар шалгаж тодруулсан, тогтоосон зүйл байхгүй байхад анхан шатны шүүхээс худал гэх үгийг хасаж зөвхөн нэр төрд халдсан мэдээлэл тараасан гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Мөн уг мэдээллийг видео бичлэг хийж шууд тараасан этгээд нь Zindaa.mn, MNC television гэх мэт мэдээллийн байгууллагууд байхад Х.*******ыг уг мэдээллийг тараасан гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

Мөн Х.******* нь уг мэдээллийг өөрөө бичлэг хийж, өөрийн фейсбүүк нийтлээгүй байхад анхан шатны шүүхээс ...уг мэдээллийг тараасан арга хэлбэр болох видео бичлэг хийх хэлбэрээр няцаалт хийх, түүнийг тараасан арга хэрэгсэл болох өөрийн ашигладаг олон нийтийн фейсбүүк хуудсаар дамжуулан 1 сарын хугацаанд нийтэлж, гэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүхээс хийсэн дээрх дүгнэлт нь Х.*******ыг видео бичлэг хийж, худал мэдээллийг өөрийн ашигладаг фейсбүүк хаягаар тараасан гэж үзэхээр байна. Угтаа тийм зүйл болоогүй тул шүүхээс хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, үндэслэлгүй шийдвэр болсон гэжээ.

 

5. Нэхэмжлэгч Ж.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнө жилүүдэд олон удаа харсан учраас тухайн үед тийм байдалтай таарсан учраас би тэгж хэлсэн. Тэгсэн миний гарыг дээш нь өргөж байгаад хүнээс мөнгө аваад идчихдэг гэж хэлсэн. Тухайн үед би юу ч мэдрээгүй. Нутагтаа ирсний дараа хэлэх нэг нь хэлж, хэлэхгүй нэг нь биеийн хэлэмжээрээ илэрхийлж байсан. Зарим нь инээж, жуумалзаж, ах ч ашиг хонжоо олоод байна шүү гэж их яригдсан. Үүнээс үүдэж миний сэтгэл санаа гутранги байдалтай болсон. Би буруу зүйл хийсэн хүн болж харагдах болсон. Би нийгмийнхээ сайн сайхны төлөө аливаа зүйлд идэвхтэй оролцож хэлэхийг хүссэн зүйлээ хэлчихдэг хүн. Тэр бүрд дээрх байдлаар хандаж байсан учраас энэ хүнийг эдийн засгийн аргаар болиулах зөв гэж бодож гомдлоо мөнгөн хэлбэрээр нэхэмжилсэн. Үүний хуулийн заалтыг манай өмгөөлөгч тодорхойлж өгсөн. Одоог хүртэл тиймэрхүү байдал мэдрэгддэг. Хүмүүстэй ярилцаж байхад ярианы сэдэв дундуур янз бүрийн зүйл яригддаг. Тиймээс би нэхэмжлэл гаргасан. Үүнийг анхан шатны шүүх хэрэгсээгүй учраас давж заалдах гомдол гаргасан гэв.

 

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Гарьдхүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэх 4 урьдчилсан нөхцөл байгаа. Мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг нэхэмжлэгч хангалттай нотолсон гэж үзэж байгаа. Тодорхойлж хэлбэл хариуцагч Х.******* нь ямар арга хэлбэрээр энэ мэдээг тараасан бэ гэхээр шууд ярилцлага буюу фейсбүүк хуудсаар шууд дамжуулагдаж байсан MNC телевиз болон Zindaa.mn-ийн сэтгүүлчийн асуултад хариулах видео бичлэгийн хэлбэрээр тараасан гэдгийг бид нар нотолж өгсөн. Хавтаст хэрэгт видео бичлэгийг болон тухайн Zindaa.mn болон MNC телевизийн скрийншот хийж нотлох баримтаар гаргаж өгсөн.

Дараагийн дугаарт тархсан хүрээний хувьд бол 81 537 хүн үзсэн гэдгийг нотолсон. фейсбүүк хаягаар тухайн холбогдох линк рүү нь ороод үзэхэд бичлэгийг хэдэн хүн үзсэн бэ гэдгийг харах боломжтой байдаг. Үүгээр бид тархсан хүрээг тодорхойлсон.

Сэтгэл санаанд учирсан үр дагаврын хувьд нэхэмжлэгч өөрөө тайлбарлаж байна. Өмнө нь анхан шатны шүүх хуралдаан дээр хэлсэн. Нутагтаа ирсний дараа хүмүүс та нүүрсний хулгайч нартай хамааралтай юм байна, хууль бусаар мөнгө олдог зэргээр хэлж байсан зарим нь биеийн хэлэмжээр илэрхийлж байсан зэрэг өөрийнх нь нэр, төр алдар хүндийг гутаасан мэдээллийн улмаас үүссэн үр дагаврын талаар хангалттай тайлбарладаг. Гэтэл анхан шатны шүүх үүнийг заавал нотлох баримтаар нотлох ёстой гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

122 төгрөг гэж тооцсоныг яаж үнэлээд байна вэ гэхээр Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.2 дахь хэсэгт мэдээ тараасан арга хэрэгсэл, тархсан хүрээ, сэтгэл санаанд учирсан үр дагаврыг үнэлж эргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоох ёстой буюу нэхэмжлэгч өөрөө миний нэр төр, алдар, хүндэд хэдэн төгрөгийн хохирол үүсч байна вэ гэдгээ тодорхойлох эрхтэй. Энэ эрх мэдлийн дагуу 10 000 000 төгрөг гэж тодорхойлсон. Нийтдээ MNC телевизийн фейсбүүкээр дамжуулаад 3 000 хүнд хүрсэн, Zindaa.mn-ийн фейсбүүк хуудсаар дамжуулаад 78 537 хүнд хүрсэн байсан. Энэ нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргах үеийн буюу 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн байдлаарх тоо. Үүнийгээ нэг хүнд хуваагаад үзэхээр 122 төгрөг гэж тооцогдож байна гэж нэхэмжлэгч өөрөө эдийн бус гэм хорын хохирлоо тодорхойлох эрхийнхээ хүрээнд тодорхойлсон. Гэтэл анхан шатын шүүхэд нотлох баримтаар нотлогдоогүй. Гэтэл анхан шатны шүүхээс 122 төгрөг гэж тооцсон тооцоолол тодорхойгүй гэж дээрх хуулийн заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэснээрээ миний үйлчлүүлэгчийн эдийн бус гэм хорын хохиролд 10 000 000 төгрөг гаргах эрхийг ноцтой зөрчсөн. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн үйлчлүүлэгчийнхээ давж заалдах гомдлыг дэмжиж байна гэв.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

1. Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч Х.*******т холбогдуулан нэр төр, алдар хүндийг сэргээж, нэр төр, алдар хүндэд халдсан хэлбэр болох видео бичлэг хийх хэлбэрээр няцаалт хийж, түүнийг тараасан арга хэрэгсэл болох өөрийн ашигладаг олон нийтийн сүлжээний фейсбүүк хуудсаар дамжуулан 1 сарын хугацаанд нийтэлж, уучлал гуйхыг даалгах, эдийн бус гэм хорын хохирол 10 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг, Хариуцагч Х.******* нь хариуцагчийн нэр төр, алдар хүндийг сэргээж, алдар хүндэд халдсан худал мэдээлэл тараасан хэлбэр болох видео бичлэг хийх хэлбэрээр няцаалт хийж, түүний өөрийн ашигладаг олон нийтийн цахим сүлжээний фейсбүүк хуудсаар дамжуулан 1 сарын хугацаанд нийтэлж, уучлал гуйхыг даалгах, эдийн бус гэм хорын хохиролд 15 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган эс зөвшөөрч маргажээ. 

2. Хэргийн үйл баримтын талаар:

2.а Хариуцагч Х.******* нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улсын их хурлын эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулсан нүүрсний тээвэрлэлт, экспортын асуудлаар Ерөнхий хяналтын сонсголын завсарлагаанаар MNC television, Zindaa.mn facebook хуудсуудад шууд ярилцлага өгөх үеэрээ: ...Энэ ******* гэдэг хүн. Энэ Өмнөговь аймгийн нүүрсний хулгайч нартай маш ойрхон хүн шүү. Энэ ******* гэдэг хүн бол байнга бодитой юм ярих болгонд ирж үймүүлж байдаг хүн байгаа юм. Энэ өөрөө бас Тавантолгойд ч гэсэн бас хөрс хуулалт байдаг юм уу? юу байдаг юм машин тэрэг явуулж байсан ийм хүн. Би үнэнийг ярьж байна... Ийм муусайн юмнууд хэрэггүй, ийм муусайн юмнууд ирж сонсголыг бүр үймүүлэх гэж. Энэ ажнайн *******-Эрдэнэ нарын хүмүүс хэдэн төгрөг өгөөд явуулчихсан юм эд нарт. Тэгээд л эд нар үймүүлээд л хашхираад л ингэдэг байхгүй... гэж,

2.б Нэхэмжлэгч Ж.******* нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улсын их хурлын эдийн засгийн байнгын хорооноос зохион байгуулсан нүүрсний тээвэрлэлт, экспортын асуудлаар Ерөнхий хяналтын сонсголын завсарлагаанаар MNC television, Zindaa.mn facebook хуудсуудад Х.******* шууд ярилцлага өгөх үеэр нь: ...******* боль, чи битгий худлаа ярь, дандаа ингэж худлаа ярьж байна., ...чи тэр аймгийн хурлаас авсан байраа өгөөрэй, ...нутгаа битгий бузарлаж бай, ...хэлэмгий хүн дадамгай гэж чи өөрөө хүнээс мөнгө авч дуугарч байгаа болохоор тэгж байгаа битгий тэгж солиорч бай. Энэ хүнээс мөнгө аваад ярьдаг хүн гэж тус тус ярьсныг нэр бүхий сайтууд дамжуулсан үйл баримтад талууд маргаагүй.

  3.а. Нэхэмжлэгч нь дараах мэдээлэл өөрийнх нь нэр хүндийг гутаасан гэж үзэж нэхэмжлэлээ тодорхойлсон. Үүнд:

1. Хулгайч нартай маш ойрхон хүн шүү,

2. Ажнайн *******-Эрдэнэ нарын хүмүүс хэдэн төгрөг өгөөд явуулчихсан юм эд нарт.

3.б. Хариуцагч нь дараах мэдээлэл өөрийнх нь нэр хүндийг гутаасан гэж үзэж сөрөг нэхэмжлэлээ тодорхойлсон. Үүнд:

1. Чи тэр аймгийн хурлаас авсан байраа өгөөрэй,

2. Чи өөрөө хүнээс мөнгө авч дуугарч байгаа.

3.в. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ гэж заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтаар бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд нь түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол хариуцлага хүлээхээр зохицуулсан.

3.г. Хариуцагч Х.******* нь ... Ж.******* гэх танхай этгээд телевизийн ярилцлагыг тасалдуулах зорилгоор телевизийн дуран эфирийн өмнө над руу дайрч доромжилж танхайрсан. Энэ хүн Өмнөговьд нүүрсний мафийн гэмт хэргийн талаарх төрийн ордонд монголын телевиз хэвлэл мэдээллийн байгууллагууд улс орон даяар шууд нэвтрүүлэг хийж байхад үүнийг тасалдуулах зорилгоор танхай балмадаар авирлаж намайг төдийгүй телевиз үзэж байгаа олон мянган иргэд үзэгчдийг доромжилсон. Телевиз хэвлэл мэдээллийнхэн Төрийн ордны их танхимд албан ёсоор үйл ажиллагаа явуулж байхад нэвтрүүлгийг нь тасалдуулах оролдлого хийсэн нь шууд танхайн гэмт хэрэг гэж үзэж байна... гэж тайлбарлаж байх боловч ярьсан зүйлийнхээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадаагүй тул шүүх нэхэмжлэгчийн нэр төрийг сэргээх үндэслэлтэй байна.

3.д. Ж.******* нь ...Хулгайч нартай маш ойрхон хүн шүү, Ажнайн *******-Эрдэнэ нарын хүмүүс хэдэн төгрөг өгөөд явуулчихсан юм эд нарт гэх хэсгийн үнэн зөвийг хариуцагч нотолж чадаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байхаас гадна уг мэдээлэл нь нийгэмд нэхэмжлэгч Ж.*******г хулгайч гэх хүмүүстэй ойр харилцаатай, ажнайн *******-Эрдэнэ гэх этгээдээс мөнгө авдаг гэх мэтээр шууд ойлгогдох сөрөг ойлголтыг төрүүлэхээр байна. 

4. Нэхэмжлэгч Ж.******* нь эдийн бус гэм хорын хохирлоо бичгийн баримтаар нотлоогүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар давж заалдах журмаар гомдол гаргажээ.

4.а. Ж.*******гийн шүүхэд анх гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэмэгдүүлсэн шаардлага, түүний үндэслэлд маргаан бүхий бичлэгийг нийт 81 537 хүн үзсэн байх бөгөөд нэг хүнд 122 төгрөг болж байгаа тул 10 000 000 төгрөг нэхэмжилсэн боловч тухайн мэдээ нийтэлсэнтэй холбоотой эрүүл мэнд, сэтгэл санаа нь хохирсон болох нь шалтгаант холбоо, нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлээс энэ хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шийдвэрийг буруутгах боломжгүй юм.

Мөн нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүндэд халдсан хэлбэр болох видео бичлэг хийх хэлбэрээр няцаалт хийж, түүнийг тараасан арга хэрэгсэл болох өөрийн ашигладаг олон нийтийн сүлжээний фейсбүүк хуудсаар дамжуулан 1 сарын хугацаанд нийтлэхийг даалгах нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй. Учир нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасан нэр төр сэргээх хамгаалалтын аргад тодорхой хугацаагаар байршуулах зохицуулалт байхгүй, мөн нэхэмжлэгч өөрөө бичлэг хийгээгүй, харин түүнийг ярилцлага өгч байх үед нэхэмжлэгч очсон үйл баримт талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул нэр төр, алдар хүндэд халдсан хэлбэр болох видео бичлэг хийх хэлбэрээр няцаалт хийж, түүнийг тараасан арга хэрэгсэл болох өөрийн ашигладаг олон нийтийн сүлжээний фейсбүүк хуудсаар дамжуулан 1 сарын хугацаанд нийтлэхийг даалгах үндэслэлгүй байна.

4.б Түүнчлэн анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлд дурдсан үйл баримт, нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

5. Иргэдийн төлөөлөгч нь хариуцагчийг гэм буруугүй гэж дүгнэлт гаргасан. Анхан шатны шүүх маргааныг хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарт үндэслэн хариуцагчийг гэм буруутай гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 144/ШШ2023/00182 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...Энэ ******* гэдэг хүн. Энэ Өмнөговь аймгийн нүүрсний хулгайч нартай маш ойрхон хүн шүү гэх агуулгатай мэдээ, мэдээллийг тараасан арга хэлбэр болох видео бичлэг хийх хэлбэрээр няцаалт хийж, түүнийг тараасан арга хэрэгсэл болох өөрийн ашигладаг олон нийтийн сүлжээний фейсбүүк хуудсаар дамжуулан 1 сарын хугацаанд нийтэлж, уучлал гуйхыг гэснийг,

...Хулгайч нартай маш ойрхон хүн шүү, Ажнайн *******-Эрдэнэ нарын хүмүүс хэдэн төгрөг өгөөд явуулчихсан юм эд нарт гэх агуулгатай мэдээ тараасандаа уучлалт гуйхыг гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхтөрийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.УГТАХБАЯР

 

ШҮҮГЧИД Х.ГЭРЭЛМАА

 

Ш.ТӨМӨРБААТАР