Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 244

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч Б.Дэлгэрмаа, хохирогч Н.Э, түүний өмгөөлөгч Б.Наранцацрал, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Б.Чинбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Б.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803 00957 0002 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр 25-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Б.А, Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “***” ХХК-д жолооч ажилтай, ам бүл гурав, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, урьд:

- Хан-Уул дүүргийн шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 300 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 540,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн,

- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар нэг жил зургаан сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.А нь 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 14 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Монгол Алтайн барагшун” ХХК-ийн баруун замд “Toyota Prius-20” загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно”, мөн дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Н.Э-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Б овогт Б.А нь 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 14 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Монгол Алтайн барагшун” ХХК-ийн баруун талын замд “Toyota Prius-20” загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэж, мөн дүрмийн 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж тус тус заасныг зөрчиж, явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигч Н.Э-ыг мөргөж, түүний бие махбодод “баруун хөлийн шилбэний шаант ясны ил хугарал, тахилзуур ясны далд хугарал, баруун хөлийн шилбэ, зүүн зулайн хуйх, хүзүүнд шарх, баруун, зүүн хацар, зүүн хөмсөгт зулгаралт, баруун мөр, баруун бугалгад цус хуралт” бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Б.А-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зүүн гар талаас хоёр хүн гарцаар гарч байсан. Тэгээд нэг нь зогсохоор нь амжих юм байх гэж бодоод хөдөлгөөнөө үргэлжлүүлсэн. Би ойролцоогоор 70 км/ц-ийн хурдтай явж байсан. Хурд хэтрүүлсэн нь миний буруу...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Н.Э-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 07-ны үед хотод орж ирсэн. 11 дүгээр сарын 10-ны өдөр “Монгол Алтайн барагшун” ХХК-ийн орчмоос машинд сууж хөдөө явах байсан. Тэгээд машин руу явж байх замдаа танилтайгаа таараад 0,7 литрийн архи хувааж уучхаад 2 цаг өнгөрч байх үед зам хөндлөн гарах гэж байгаад машинд мөргүүлсэн. Машинд мөргүүлснээс хойш юу ч санахгүй байгаа. Эмнэлэг рүү явж байхад А-ээс миний хөл хугарсан уу гэж асуусан. Тэр үед ухаан орсон. Бусдыг нь сайн мэдэхгүй байна. Миний хувьд хагалгаанд орж баруун хөлийн шөрмөс тайрсан. Түүний улмаас баруун хөл дээшээ өргөгдөхгүй, байнгын таягтай явах шаардлагатай болсон. Сая Баянзүрх дүүргийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгээр орж нэг жилийн хугацаатай 50 хувийн групп тогтоолгосон. 2 дахь хагалгааг шарх нь эдгэрсний дараа хийнэ гэсэн. Энэ хагалгаа хэдийд хийгдэх нь шархнаас хамаарна гэж эмч хэлсэн. Цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Би 159,000 төгрөгийн баримтыг одоогоор бүрдүүлсэн байгаа бөгөөд 720,000 төгрөгөөс үлдсэн 303,150 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг;

3. Хохирогч Н.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “… явган хүний гарцаар ертөнцийн зүгээр урдаас хойш чиглэлтэй явж байтал машинд баруун талын хөл рүүгээ мөргүүлээд ухаан алдсан... ” гэсэн мэдүүлэг (хх-ийн 21-22 дугаар хуудас);

4. Иргэний хариуцагч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Pruis-20 загварын ***улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний өмчлөлийн машин бөгөөд би 2018 оны 8 сард Авто Прайм ББСБ-аас зээл авч худалдан авсан юм. Иймд уг байгууллагын нэр дээр миний машин байгаа болов фидуцийн гэрээний 5 дахь хэсгийн 5.3-т зааснаар нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг би хариуцахаар үүрэг хүлээсэн. Би нөхөр Б.А-д уг машиныг байнга унуулдаг юм. Би машиндаа үнэлгээ хийлгэхгүй. Надад нэхэмжлэх зүйл байхгүй... ” гэсэн мэдүүлэг (хх-ийн 42-43 дүгээр хуудас);

5. Гэрч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэр үед арын хүн нь замын голд үлдээд нэг хүн нь гарцаар гараад машины урдуур ороод ирсэн. Тэр үед А машиныхаа зүүн урд гэрлээрээ нөгөө хүний баруун хөл рүү нь мөргөөд, тэр хүн шидэгдээд цонх мөргөж газар унасан. А нэлээд хурдтай, 70 км/ц-ийн хурдтай явж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 45-46 дугаар хуудас);

6. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 13857 дугаартай: “...Н.Э-ын биед баруун хөлийн шилбэний шаант ясны ил хугарал, тахилзуур ясны далд хугарал, баруун хөлийн шилбэ, зүүн зулайн хуйх, хүзүүнд шарх, баруун, зүүн хацар, зүүн хөмсөгт зулгаралт, баруун мөр, баруун бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 57 дугаар хуудас);

7. Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 856 дугаартай: “...Pruis-20 загварын ***улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дэх заалт ”Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт 60км, суурин газрын гадна цагт 80км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.” гэж, 16.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” Гэж заасныг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 67-68 дугаар хуудас);

8. Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс явуулсан 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 4-8 дугаар хуудас);

9. Шүүгдэгч Б.А-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 88 дугаар хуудас), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-ийн 90 дүгээр хуудас), урьд ял шийтгүүлж байсан талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 111 дүгээр хуудас), шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 112-117 дугаар хуудас), Цагдаагийн Ерөнхий Газрын жолоочийн эрхийн лавлагаа (хх-ийн 90 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, нотолбол зохих байдлыг бүрэн шалгасан бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Н.Э-ын биед учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтүүдийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Б.А нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэж, мөн дүрмийн 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж тус тус заасныг зөрчсөн болох нь Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн бүрэлдэхүүний явуулсан зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 4-8), Тээврийн цагдаагийн албан техникийн шинжээчийн 856 дугаартай дүгнэлт (хх 104-105) болон хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогджээ.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болж байна.

Шүүгдэгч Б.А нь замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсаншинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Б.А нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргахгүй тул шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно гэсэн болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Б.А-ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заасан тул энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь гэмт хэргийн хохирол буюу шууд үр дагавар болох бөгөөд хохирогчийн эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн гэм хорыг энэ гэмт хэргийн хор уршигт тооцно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасан тул шүүгдэгч Б.А нь хохирогч нарт учирсан эрүүл мэндийн хохирлын үр дагавар болох хор уршгийг нөхөн төлөх үүрэгтэй байна.

Шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хор уршиг нь хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар 303,105 төгрөг болж байх тул үүнийг шүүгдэгч Б.А-ээс гаргуулан хохирогч Н.Эод олгуулахаар шийдвэрлэлээ.

            Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг бүрэн арилаагүй бөгөөд хохирогч Н.Э-ын эрүүл мэнд хэвийн болоогүй, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байх тул түүний цаашид хийлгэх эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгч Б.А-ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, нөхөн төлөх хохирлын хэр хэмжээг тогтоосны дараа түүний өмгөөлөгч шүүх хуралдааныг ажлын тав хоногийн хугацаагаар завсарлуулах хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдаан завсарлах хугацаанд шүүгдэгч Б.А нь шүүхээс тогтоосон 303,105 төгрөгийг сайн дураараа нөхөн төлсөн болно.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч энэ шүүх хуралдаанаас тогтоосон гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.А-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Хэрэгт авагдсан баримтаар хохирол төлөгдсөн. Эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна...” гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч анхнаасаа хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн. Жолоочийн хариуцлагын тухай хуульд даатгалын мөнгийг даатгуулсан жолоочийн зөвшөөрлөөр өөрт нь олгодог. Хэрэв А-д хорих ял оногдуулбал энэ мөнгийг авч чадахгүйд хүрнэ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсгийг баримтлан тэнсэж өгнө үү...” гэв.

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалт нь шүүхийн эрх хэмжээний хүрээнд хэрэглэж болох сонгомол (алтернатив) заалт бөгөөд заавал хэрэгжүүлэх үүрэг болгосон зохицуулалт биш юм. Түүнчлэн, хууль тогтоогч хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх шийдвэрийг албадлагын арга хэмжээтэй хамт хэрэглэхээр хуульчилсан байгааг өмгөөлөгч анхаарч харвал зохино. Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ.” гэж заасан бөгөөд шүүх зөвхөн тэнсэх шийдвэр гаргавал эрүүгийн хариуцлагын асуудал шийдвэрлэгдэхгүй үлдэнэ.

Шүүх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хохирлоо нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн гэх хуулийн шаардлагаас гадна гэмт хэргийн улмаас учирсан хохирол, түүний улмаас бий болсон үр дагаврыг харгалзан гэмт этгээдийг нийгмээс тусгаарлахгүйгээр нийгэмшүүлэх боломжтой эсэхийг дүгнэж, хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зохистой эсэхийг шийдвэрлэх нь зүйн хэрэг.

Иймд шүүгдэгч Б.А нь суурин газарт хурдны дээд хязгаарыг хэтрүүлж, улмаар явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж, түүний эрүүл мэндэд одоогоор нөхөн сэргээгдэх эсэх нь тодорхойгүй хүнд хохирол учруулсан, энэ хэргээс хойш 2 хоногийн дараа согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан шүүх өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн аваагүй бөгөөд түүнд хорих ял биечлэн эдлүүлэх нь эрүүгийн хариуцлагын “цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” зорилгод бүрэн нийцнэ гэж үзлээ.

 Шүүгдэгч Б.А нь 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан боловч Эрүүгийн хуульд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна.” гэж зааснаар түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял заавал оногдуулна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.А-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирно хэмээн шүүх дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овогт Б.А-ийгавто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.А-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж нэг жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан нэг жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Хохирогч Н.Э нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад гэм хороо иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Ад урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялын хугацааг хорих ялаа эдэлж дууссан үеэс тоолсугай.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.А-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

ШҮҮГЧ                                                Б.БАТАА