Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2017/ДШМ/08

 

 *******т холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч О.Баатарсүх, А.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга Г.Намуунзул,

Прокурор Л.Мөнхбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, Т.Энхболд,

Хохирогчийн төлөөлөгч *******,

Шүүгдэгч ******* нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч Д.Цэдэнпэлжээ, Б.Энхбаатар нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн төлөөлөгч *******ын давж заалдсан гомдлоор *******т холбогдох эрүүгийн 201611000334 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Энхбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Дорнод аймгийн Баян-Уул суманд 1984 оны 01 сарын 26-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, Дорнод аймгийн Баян-Уул сумын 4 дүгээр багт оршин суух, Дорнод аймгийн Авто Тээврийн газарт гэрээт жолоочоор ажиллаж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй бие эрүүл, ******* регистрийн дугаартай, ******* ******* овогт *******ийн *******.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны  08  сарын  05-наас  06-нд  шилжих  шөнө  Дорнод  аймгийн  Баян-Уул  сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэрийн хашаанд хувийн таарамжгүй харьцааны улмаас *******той маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт модоор цохиж санаатай алсан гэмт  хэрэгт холбогджээ.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолоор: ******* ******* овогт *******ийн *******ыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн *******ыг 6 /зургаа/ жил 8 /найм/ сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан мөн хуулийн ерөнхий ангийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан *******т оногдуулсан 6 жил 8 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ялтан *******ын 2016 оны 08 сарын 07-ны өдрөөс 2017 оны 01 сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 149 /нэг зуун дөчин ес/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ялтан *******ын өмсөж явсан цэнхэр цагаан өнгөтэй хөндлөн судалтай футболка 1 ширхэг, саарал өнгийн даавуун өмд 1 ширхэг, хар өнгийн богино савхин куртка 1 ширхэг, 20 болон 40 см урттай, 8 см өргөнтэй, 2.7 см зузаантай, шаргал өнгийн 2 ширхэг банз мод, 3.5 х3 см өргөнтэй, 4 хэсэг болж хугарсан брус мод, 18х20х7 см хэмжээтэй хад чулуу 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хохирогч *******гийн өмсөж байсан саарал өнгийн даавуун цамц 1 ширхэг, юүдэнтэй хөх өнгийн бэлтгэлийн цамц 1 ширхэг, хөх өнгийн жинсэн өмд 1 ширхэг, хар саарал өнгө хосолсон богино өмд 1 ширхэг, хар өнгийн хос оймс 1 ширхэг, саарал өнгийн хос пүүзэн гутал 1 ширхэг зэргийг хохирогчийн төлөөлөгч *******д буцаан олгож, ялтан ******* нь хохирогчийн төлөөлөгч *******д гэм хорын хохирлын төлбөрт мөрдөн байцаалтын шатанд 3000000 /гурван сая/ төгрөг   шүүхийн шатанд 6100000 /зургаан сая нэг зуун мянга/ төгрөг нийт 91000000 /есөн сая нэг зуун мянга/  төгрөг төлсөн, одоо төлөх төлбөргүйг дурдаж, хэрэгт баримт бичгээр хураагдан ирсэн ялтан *******ын ******* регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар ялтан *******ын эзэмшлээс 6500000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 10 толгой эм үхэр битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 09 сарын 20-ны өдрийн "Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол"-ыг хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж  эдлэх ялыг 2017 оны 01 сарын 03-ны өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг ялтан түүний өмгөөлөгч хохирогчийн төлөөлөгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Хохирогчийн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо: Миний бие Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 03-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1-д зааснаар 6 жил 8 сарын ялыг хөнгөрүүлэн шийдүүлэх боломжтой гэж үзэж байна. Учир нь миний нөхөр талийгаач ******* нь том хар чулуу барьж ******* ах руу дайрсан гэдгийг би шүүх хуралдаанд оролцох явцдаа ойлгосон. Иймд ах *******т хэргийг нь 93-ын заалтаар хөнгөрүүлж шийдэж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны  08  сарын  05-наас  06-нд  шилжих  шөнө  Дорнод  аймгийн  Баян-Уул  сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэрийн хашаанд хувийн таарамжгүй харьцааны улмаас *******той маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт модоор цохиж санаатай алсан гэмт  хэргийг үйлдсэн болох нь шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2016 оны 08 сарын 25-ны өдрийн шинжээчийн 73 тоот акт /хх-93-96/, шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 08 сарын 10-ны өдрийн шинжээчийн 623 тоот акт /хх-108/, шүүх сэтгэц гэм судлалын 2016 оны 08 сарын 26-ны өдрийн магадлагаа /хх-123/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, 2016 оны 08 сарын 06-ны өдөр хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-14/, шүүгдэгч *******ын хувцас хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-20/, талийгаач *******гийн өмсөж явсан хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-28/, хэргийн газраас хураан авсан банз модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 31-32/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 36-37/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 39/, хохирогчийн төлөөлөгч *******ыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 42-44/, гэрч ыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 46-47/, гэрч ийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 48-49/, гэрч ийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 50/, гэрч ийг байцаасан тэмдэглэл /хх-ийн 51-53/, гэрч г байцаасан тэмдэглэл /хх-ийн 60-61/, гэрч ыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 62-63/, гэрч ыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 73-78/, гэрч ыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 80-81/, гэрч ыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 82-83/, шинжээчийн 2016.08.09-ний өдрийн 83 тоот дүгнэлт /хх-ийн 111/, шинжээчийн 2016.08.16-ны өдрийн 168 тоот дүгнэлт /хх-ийн 113/, шинжээчийн 2016.09.12-ны өдрийн 7120 тоот дүгнэлт /хх-ийн 118-119/, шинжээч эмч байцаасан тэмдэглэл /хх-ийн 124-125/, шүүгдэгч *******ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 153/, шүүгдэгч *******ын төрсөн ах ын Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-ийн 162/, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяагийн мөрдөн байцаагч, Прокурорын газар шүүхэд гаргасан санал /хх-ийн 197, 205-206, 224/, болон шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, үйлдлийг зөв зүйлчилжээ.

******* нь хохирогчтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар харилцан зодолдох явцдаа хохирогчийн толгойн тус газарт модоор цохиж амь насыг нь санаатай хохироосон талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул хохирогчийн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийн 325.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн төлөөлөгч *******ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, Улсын Ерөнхий Прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                  ДАРГАЛАГЧ                                  Л.НАРАНБАЯР                        

                                   ШҮҮГЧИД                                     О.БААТАРСҮХ

                                                                                        А.ЭНХБААТАР