Шүүх | Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дамдинсүрэнгийн Зоригтбаатар |
Хэргийн индекс | 123/2017/0004/З |
Дугаар | 07 |
Огноо | 2017-04-05 |
Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 07
2017 оны 04 сарын 05 өдөр | Дугаар 123/ШШ2017/0007 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Мөнх агит” ХХК-ний захирал Ц.Цэдэндамба
Хариуцагч: Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс
Гуравдагч этгээд: Г.Болормаа
Нэхэмжлэлийн шаардлага: “Мөнх Агит” ХХК-ний 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн улсын бүртгэлд бүртгүүлсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Мөнх агит” ХХК-ний захирал Ц.Цэдэндамба, хариуцагч Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Н.Энхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Болормаа, гуравдагч этгээд Г.Болормаа, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Баттогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Мөнх Агит” ХХК-ний захирал Ц.Цэдэндамба шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Мөнх-Агит” ХХК 1996 оноос 21 дэх жилдээ газар тариалан, тэжээл, сүү үйлдвэрлэлийн чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа нэг гишүүнтэй компани юм. Миний бие доктор, профессор Ц.Цэдэндамба Мөнх-Агит ХХК-нийг үүсгэн байгуулж, захирлаар нь ажиллаж байгаа бөгөөд 2013 оны 04 дүгээр сард өөрийн компаний агрономич Г.Болормаагийн санал, шаардлагаар компанийн хөрөнгийн 49%-ийг түүнд бэлэглэх аргаар компанийхаа бүтэц, үйл ажиллагааг компанийн тухай хуульд нийцүүлэн шинэчлэн байгуулах үндсэн дээр компанийнхаа техник, технологийн шинэчлэлт хийх зорилт тавьсан юм. Гэтэл Г.Болормаа нь миний өөрт нь хүлээлгэсэн итгэл, найдварыг хөсөрдүүлэн, компанийн эд хөрөнгө, тариалангийн эзэмшил газрыг хувьдаа авах сонирхлоор компанийг хууль бусаар бүртгүүлсэн байна. Үүнд: 1. Мөнх-Агит ХХК-ийн хөрөнгийн 49%-ийг бэлэглэсэн 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Бэлэглэлийн гэрээ нь эрх шилжүүлэх гэрээгээр хүчин төгөлдөр болох ёстой байсан боловч тийм гэрээгүйгээр бүртгүүлсэн. Энэ талаар Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж, тодорхой лавлагаа гаргуулсан. 2. Компанийн тухай хуулийн "13.3. Компанийг нэгээс дээш этгээд үүсгэн байгуулах тохиолдолд үүсгэн байгуулагчид нь компани үүсгэн байгуулах талаар хамтран ажиллах гэрээ байгуулж болох бөгөөд уг гэрээнд үүсгэн байгуулагчдын хамтран ажиллах журам, үүсгэн байгуулагч тус бүрийн хүлээх үүрэг, тэдгээрийн худалдан авах хувьцаа болон бусад үнэт цаасны ангилал, төрөл тус бүрийн тоо, үнэ, худалдан авах хугацаа зэрэг шаардлагатай гэж үзсэн бусад асуудлыг тусгана" гэсэн заалтыг баримтлан Мөнх-Агит компанид техник, технологийн шинэчлэл хийх замаар түүнийг хөгжүүлэх асуудлыг шийдвэрлэх ёстой байсан боловч хийгдээгүй. Компанийн тухай хуулийн 17.3, 17.3.1, 17.3.2-д заасан заалтыг зөрчсөн. “Мөнх-Агит” ХХК-ийн эрх бүхий этгээд нь Ц.Цэдэндамба миний бие бөгөөд “Мөнх-Агит” ХХК-ийн шинэчилсэн дүрмийг бүртгүүлэх өргөдөл гаргаагүй. Г.Болормаа “Мөнх-Агит” компанийн дүрмийг хуурамчаар, хууль бусаар миний оролцоогүйгээр бүртгүүлсэн. Эрх шилжүүлэх гэрээ хийж байж бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр болсонд тооцно. Бэлэглэлийн гэрээний 3 дугаар зүйлд зааснаар өмчлөх эрхээ шилжүүлсэн гэрээ хийх ёстой. Энэ бэлэглэлийн гэрээгээр өгсөн 49 хувьд газар тариалангийн эзэмшил газар бол ямар ч хамаарал байхгүй. “Мөнх агит” ХХК-ний 49 хувийг Г.Болормаа өмчлөх эрх үүсээгүй. Олон жил ажиллаж гүйцэтгэх захирлын ажлыг хийж компанийн ажлыг явуулж байсан хүн бол Г.Болормаа мөн. Гэтэл энэ бүх хууль бус үйл явдлыг ганцхан өдрийн дотор хийсэн. Г.Болормаа нь өөр компанитай “Мөнх агит” ХХК-ний нэр ашиглаж тамга дарж, түрээсийн гэрээ байгуулж ихээхэн хэмжээний ургац авсан. 2016 онд талбай дээр тариалалт хийж их хэмжээний ургац авсан. Сүүлийн 4 жил миний хувьд ямар ч тариалалт хийгээгүй. Иймд “Мөнх-Агит” ХХК-ийн 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Улсын бүртгэлд бүртгүүлснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Н.Энхбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Мөнх-Агит” ХХК-ийн 49 хувийг иргэн Г.Болормаад шилжүүлсэн тухай компанийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх бичиг баримтууд “Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасан шаардлагыг хангасан тул улсын бүртгэлд бүртгэсэн. /Ц.Цэдэндамбын гарын үсэг бүхий “Мөнх-Агит” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийг нэмэгдүүлсэн тухай хүсэлтийг 2013 оны 4 дүгээр сарын 30-нд гаргасан “Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл”, компанийн хөрөнгийн 49 хувийг Г.Болормаад бэлэглэж байгаа тухай Ц.Цэдэндамбын гараар бичсэн өргөдөл /шийдвэр/, Ц.Цэдэндамба, Г.Болормаа нарын гарын үсэг бүхий “Мөнх-Агит” ХХК-ийн шинэчилсэн дүрэм, 168 тоот нотариатчийн гэрчилсэн компанийн хөрөнгийн 49 хувийг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг/. Иргэний хуулийн 83.1-д заасны дагуу иргэн Ц.Цэдэндамба нь компанийн хувьцаа бэлэглэлийн бус 168 тоот нотариатчийн гэрчилсэн компани бэлэглэлийн гэрээгээр компанийн хөрөнгийн 49%-ийг шилжүүлсэн нь Компанийн тухай хуулийн 9.1-д заасантай харшлахгүй байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуульд зааснаар Улсын бүртгэлийн хууль тогтоомжийн биелэлт, улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих чиг үүргийг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын хяналт шалгалтын асуудал хариуцсан нэгж хэрэгжүүлдэг ба Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга Улсын ерөнхий бүртгэгч байх бөгөөд Улсын ерөнхий бүртгэгч нь улсын бүртгэгчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй байдаг. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 27 дугаар зүйлийн 27.3-д тус тус заасны дагуу иргэн Цэдэндамбын гаргасан өргөдлөөр 2013 оны 05 дугаар сарын 01-нд бүртгэгдсэн “Мөнх-Агит” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нэмэгдүүлсэн тухай бүртгэлийг Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс хүчингүй болгох боломжгүй юм.
“Мөнх агит” ХХК-ний 49 хувийг иргэн Г.Болормаад шилжүүсэн. Үүний дагуу бүртгэл хийгдэхдээ хуулийн дагуу хийгдсэн эсэх талаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлийн хяналтын газарт хүсэлт гаргасны дагуу бүртгэл хийсэн, улсын бүртгэгч дээр шалгалт хийхэд, бүртгэлийн хяналтын газраас нотлох баримтын шаардлага хангасан байна гэсэн хариуг нэхэмжлэгчид өгсөн. Тухайн үед Ц.Цэдэндамбын бүрдүүлж өгсөн нотлох баримт, нотлох баримтыг шаардлага хангасан байсан. Энэ маргаан нь аж ахуйн нэгжийн гишүүдийн хооронд үүссэн маргаан гэж ойлгож байна. Иймээс 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдөр бүртгэгдсэн “Мөнх агит” ХХК-ний хувьцаа эзэмшигч нэмэгдүүлсэн тухай бүртгэлийг Төв аймгийн Улсын бүртэлийн хэлтэс хүчингүй болгох боломжгүй. Тухайн компаний дотоод асуудал болох эд хөрөнгө нь хичнээн төгрөгийн үнэтэй зэрэг дотоод асуудал орох эрх байхгүй. Нэхэмжлэгч талаас Улсын бүртгэлийн хэлтэс нь гуравдагч этгээд Г.Болормаад үйлчлээд, өөрт нь үйлчлэхгүй байгаа гэж тайлбарлаад байна. 2016 оны 12 дугаар сард ирж бүртгэлийг хүчингүй болгох талаар уулзаж байсан. Анх “Мөнх агит” ХХК нь бүртгэл хийгдэхдээ хуулийн дагуу нотлох баримтыг үндэслэж бүртгэл хийгдсэн байна гэдгийг хэлсэн. Энэ талаар манай газраас шалгалт хийгээд, хуулийн дагуу бүртгэгдсэн байна гэсэн улсын бүртгэгчийн дүгнэлт гаргасан. Иймээс Улсын бүртгэлийн хэлтсээс аж ахуйн нэгжийн гишүүдийн хоорондын маргаанд хөндлөнгөөс оролцож ямар нэгэн шийдвэр гаргах эрх байхгүй гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2016 оны 12 сард Ц.Цэдэндамба ирж холбогдох материалыг хуулбарлаж авах талаар хүсэлт гаргаж, материал авсан. “Мөнх агит” ХХК-ийг Улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн материал нь “Мөнх агит” ХХК-ний захирал Ц.Цэдэндамбаагийн өөрийнх нь гаргасан өргөдөл, мөнгө тушаасан баримт, Ц.Цэдэндамбаагийн гаргасан шийдвэр, компанийн 49 хувийг бэлэглэсэн бэлэглэлийн гэрээ, компанийн дүрэм зэрэг баримтуудаар бүртгэл хийгдсэн. Компанийн тухай хуулийн 17 дүгаар зүйл 17.3-т заасны дагуу нотлох баримт нь шаардлага хангасан. Улсын бүртгэлд бүртгэсэн материалд бүртгүүлэхийг хүссэн өргөдөл, компанийг үүсгэн байгуулагчийн шийдвэр, компанийн дүрэм зэрэг баримтууд байсан. Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйл 9.1-д зааснаар компанийн эд хөрөнгө эзэмших байгаа эд хөрөнгө болон эзэмших эрхээс үүсэх бөгөөд компанийн эрх бүхий этгээд хариуцлага хүлээнэ гэж заасан байдаг. ХХК-ний тухайд дүрмийн сан нь хувьцаанд хуваагдаж байдаг. Хувьцаа бэлэглэх гэрээ, эрх шилжүүлэх гэрээ гэсэн 2 гэрээг манай байгууллагад өгдөг. Ц.Цэдэндамба гуай тухайн үед хийсэн гэрээ нь хувьцаа бэлэглэх гэрээ ч биш, эд хөрөнгө шилжүүлсэн гэрээ биш зөвхөн 49 хувийн хөрөнгө шилжүүлэх гэрээ гэж өгсөн. Хөрөнгө шилжүүлэх гэрээнд нь компаний эд хөрөнгө, хувьцаа хоёр нь хоёулаа орж байгаа гэжээ.
Гуравдагч этгээд Г.Болормаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч талын хүчингүй болгуулахаар шүүхэд өгсөн “Мөнх-Агит” ХХК-ийн дүрмийг бүртгүүлэхэд миний зүгээс ямар нэгэн хууль бус үйлдэл хийгээгүй бөгөөд дүрмийг бүртгүүлэхээр би огт бүртгэлийн газарт очоогүй болно. Тухайн компанид, эзэмшиж байгаа миний 49 хувийн хувьцаа нь хууль ёсны болоод манай компаний дүрэм ч хуулийн дагуу бүртгэгдсэн. Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлд компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах, бүртгэх тухай харилцааг зохицуулж өгсөн байх бөгөөд тус хуулийн 17 дугаар зүйлийн 17.3, 17.3.1, 17.3.2. 17.3.4-д заасан баримтыг бүрдүүлж бүртгүүлнэ. Хавтаст хэргийн 37-р хуудсанд дүрмийг бүртгүүлэх тухай тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хэргийн 38 хуудсанд 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн улсын бүртгэлийн хэлтэст хандаж гаргасан Ц.Цэдэндамба гуайн өөрийнх нь гарын үсэгтэй өргөдөл, 25-33 хуудсанд “Мөнх-Агит” ХХК-ийн дүрэм зэрэг баримтууд хуулийн дагуу улсын бүртгэлийн газарт бүртгэгдсэн тул Ц.Цэдэндамба гуайн би өргөдөл гаргаагүй гэх нь дээрх баримтуудаар үгүйсгэгдэж байна. Нэхэмжлэгч миний огт гаргаагүй үйлдлээр намайг хуурамчаар баримт бүрдүүлж компанийн дүрмийг бүртгүүлсэн гэж гүтгэж байгаад нь үнэхээр их гомдолтой байна. Манай компаний дүрэм болон бусад баримт бичиг хуулийн дагуу бүртгэгдсэн. 2013 оны 04 дүгээр сард өөрийн компаний агронамич Г.Болормаад түүний шаардлага шахалтаар 49 хувьцааг өгсөн гэж тайлбарлаж байна. Ц.Цэдэндамба нь өөр юун дээр гарын үсэг зурж байгаа, хэнд юу өгч байгаагаа мэдэж байх ёстой. Компаний 49 хувийг бэлэглэж байна гэсэн Ц.Цэдэндамбаагийн өөрийнх нь шийдвэр, өргөдлийн маягт нь дээр гарын үсэг зурсан. Мөн компаний шинэчилсэн дүрэм нь дээр гарын үсэг зурсан. Энэ бүх материалуудыг Ц.Цэдэндамба нь өөрийн биеэр Улсын бүртгэлийн хэлтэс өгч бүртгүүлсэн. Компанийн хөрөнгөө хувьцаа болгож бэлэглэлээр шилжүүлсэн. Ц.Цэдэндамба гуай бид хоёрын хооронд тохиролцсон зүйл байсан. Манай нөхөр өөрийн нэр дээрээ 36 сая төгрөгний шатахуун бордоо зэргийг тариалан эрхэлтийг дэмжих сангаас авч өгсөн боловч хугацаанд нь төлж чадаагүй. Ц.Цэдэндамба гуай энэ мөнгийг төлөх боломжгүй байна. Та 2 энэ компанийг цааш үйл ажиллагааг нь аваад яв гэж 49 хувийг бэлэглэлээр шилжүүлсэн. Би компаний 49 хувийг хууран мэхэлж авсан зүйл байхгүй гэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд зааснаар хөдлөх, үл хөдлөх хөрөнгийг шударгаар олж авах, түүнийгээ захиран зарцуулах эрхтэй. “Мөнх агит” ХХК дээр хувьцаа байдаггүй. Компанийн захиралд хувьцаа байдаг. Ц.Цэдэндамба нь өөрийн эрхийн хүрээнд Г.Болормаад 49 хувийн хувьцааг шилжүүлэх гэрээг өөрийн бүрэн эрхийн хүрээнд хийсэн. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлд зааснаар иргэний эрх өөрчлөх, дуусгавар болох хэлцэл хийгдсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгох дараах хуулийн үндэслэл хангагдсан байна. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйл 11.2-т улсын бүртгэгч нь улсын бүртгэлд бүртгүүлэх тухай нотлох баримтыг хүлээн аваад, хянан үзэж, улсын бүртгэлд бүртгэх эсэх асуудлын талаар шийдвэр гаргадаг. Улсын бүртгэгч нь хуульд заасан бүрдүүлбэр хангасан байна уу гэдгийг шалгадаг болохоос бүртгүүлэхээр өгсөн материалыг үнэн зөвийг магадлан шалгах эрх байдаггүй. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйл 23.2-т зааснаар энэ хуулийн 23 дугаар зүйл 23.1-т зааснаар улсын бүртгэгч хуульд зааснаас өөр бичиг баримт шаардах эрх байхгүй. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад “Мөнх агит” ХХК-ний бүртгэл хуулийн дагуу хийгдсэн байна. Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйл 17.9-д улсын бүртгэлд бүртгэгдсэнээр тухайн компани нь хүчин төгөлдөр болно гэж заасан байдаг. Мөн хуулийн 17.3-т заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд улсын бүртгэлийн байгууллага нь улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах эрхтэй. Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйл 17.3-т дараах бичиг баримтыг бүрдүүлж улсын бүртгэлд бүртгүүлдэг гэж заасан. Үүнд: Компанийн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт, шинэчлэн найруулга, тухайн компанийн эрх бүхий этгээдийн гарын үсэгтэй өргөдөл, мөн хуулийн 17 дугаар зүйл 17.3.2-т зааснаар компанийн дүрмэнд нэмэлт өөрчлөлт оруулсан бол бүрэн эхээр нь өгнө. Улсын тэмдэгтийн хураамж төлдөг. Хавтаст хэргийн 38 дугаар хуудсанд “Мөнх агит” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхтэй этгээд болох захирал Ц.Цэдэндамба гуайн Улсын бүртгэлийн хэлтэст хандан гаргасан өөрийнх нь гарын үсэгтэй өргөдөл, хавтаст хэргийн 25-33 хуудсанд “Мөнх агит” ХХК-ний шинэчлэгдсэн дүрэм, хавтас хэргийн 37 дугаар хуудсанд тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг нь нотлох баримтаар авагдсан. Улсын бүтгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйл 11.5.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйл 23.1, 23.2, Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйл 17.3-т заасан шаардлагыг хангасан бүртгэл байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Мөнх Агит” ХХК-иас Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Мөнх Агит” ХХК-ний 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх энэ хэрэгт, хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурьдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ .
Хавтаст хэрэгт 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр авагдсан “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа”-наас үзвэл “Мөнх-Агит” ХХК нь 2007 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс Ц.Цэдэндамбын 100 хувийн хөрөнгө бүхий 1 гишүүнтэй аж ахуй нэгж байгаад 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Ц.Цэдэндамба 51 хувь, Г.Болормаа 49 хувийн хөрөнгийг эзэмших, үүсгэн байгуулсан гишүүний тоо 2 болж бүртгэгджээ. [1]
Нэхэмжлэгчээс дээрх бүртгэлийг “компанийн эрх бүхий этгээд нь бүртгүүлэх өргөдөл гаргаагүй, бүрдэл дутуу байхад бүртгэлийн байгууллага хууль бусаар бүртгэсэн” гэж, хариуцагчаас “хуульд зааснаар өөрчлөлтийг бүртгүүлэхэд бүрдүүлэх бичиг баримтуудын шаардлага хангасан өргөдлийг ирүүлсэн тул аж ахуйн нэгжийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулах өөрчлөлтийг бүртгэсэн” гэж, гуравдагч этгээдээс “Цэдэндамба гуайн өөрийнх нь гарын үсэгтэй өргөдөл, дүрэм, гэрээ зэрэг баримтуудаар хуулийн дагуу улсын бүртгэлийн газарт бүртгэгдсэн, нэхэмжлэгч өөрөө бүртгүүлсэн” гэж тус тус тайлбарлан маргаж байна.
Маргаанд холбогдох баримтаас үзвэл, “Мөнх Агит” ХХК-ийн үүсгэн байгуулагч Ц.Цэдэндамба нь 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Г.Болормаад компанийн хөрөнгийн 49 хувийг бэлэглэж “Компани бэлэглэлийн гэрээ”[2] байгуулжээ. Уг Бэлэглэлийн гэрээний 3-д “...гэрчилгээ олгосноор бэлэг хүлээн авагчийн өмчлөх эрх үүснэ” гэж заасан, 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр шинэчилсэн “Мөнх Агит ХХК-ийн дүрэм”-ийн 1 дүгээр зүйлийн 1.3-т “Компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн нэр” гэсэнд Цогийн Цэдэндамба, Гэндэндарамын Болормаа гэж тодорхойлсон, дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Энэхүү дүрмийг Монгол хэлээр 3 хувь үйлдэж, нэг хувийг бүртгэх байгууллагад, хоёр хувийг компанийг улсын бүртгэлд бүртгүүлэх эрх бүхий этгээдэд өгнө” гэж заажээ. Мөн 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр “Мөнх Агит” ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал Ц.Цэдэндамба нь Төв аймгийн улсын бүртгэлийн хэлтэст гараар бичиж гаргасан баримтаар тус аж ахуйн нэгжийн 49 хувийг Г.Болормаад бэлэглэж байгаагаа тодорхойлж гарын үсэг зурж тамга дарсан, 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “Хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл” [3]-ийг гаргахдаа өргөдлийн 7-д “Улсын бүртгэлд нэмэгдэж бүртгэгдэх өөрчлөлт” гэсэн хэсэгт “Гэндэндарам овогтой Болормаад компанийн хөрөнгийн 49 хувийг шилжүүлж, бүртгэх” гэж тодорхойлсон, улсын тэмдэгтийн хураамжид 2200 төгрөг тушаасан зэрэг баримт[4]-ыг дээрх гэрээ, дүрмийн [5] хамтаар хавсарган бүртгэлийн газарт бүртгүүлэхээр өгсөн байна. Харин нэхэмжлэгч болон гуравдагч этгээд хэн аль нь бие биенээ тус өргөдлийг гаргасан гэж маргах боловч хэн биечлэн хүргэж өгснөөс үл хамааран нэхэмжлэгч аж ахуйн нэгжийг төлөөлөх эрх бүхий этгээд болох Ц.Цэдэндамба нь дээрх баримт болгон дээр өөрөө гарын үсэг зурж баталгаажуулсан болохоо шүүх хуралдаан дээр хүлээн зөвшөөрч байх тул бүртгүүлэх өргөдлийг нэхэмжлэгч аж ахуйн нэгжийг төлөөлөх этгээдээс гаргасан гэж үзэхээр байна. Түүнчлэн энэ бүртгүүлэх өргөдлийг Ц.Цэдэндамба нь гаргаагүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ дурьдан маргасан боловч шүүх хуралдааны явцад бүртгүүлэх өргөдөлд өөрөө гарын үсэг зурж, тамга дарсан болохоо “миний гарын үсэг мөн” гэж хүлээн зөвшөөрснөөр нэхэмжлэлийн шаардлагын холбогдох үндэслэл үгүйсгэгдэж байгаа тул хариуцагч улсын бүртгэлийн байгууллага нь Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл гаргасныг хүлээн авч улсын бүртгэлд бүртгэсэн нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх болон үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт орохтой холбогдолгүй бөгөөд улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа бусад мэдээлэлд өөрчлөлт оруулахтай холбогдсон бүртгэлийг энэ хуулийн 7.1-д заасан бүртгэх байгууллага хөтөлнө” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Тодруулбал, Компаний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д “Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэхэд дараахь баримт бичгийн бүрдүүлнэ” гээд, 17.3.1-д “компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгүүлэх тухай компанийн эрх бүхий этгээдийн гарын үсэг бүхий өргөдөл”, 17.3.2-т “компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах тухай хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр, орж байгаа өөрчлөлт нэмэлт, эсхүл шинэчилсэн найруулгын бүрэн эхийн хамтаар”, 17.3.3-т “компанийн дүрмийн хуулбар, улсын бүртгэлийн гэрчилгээ”, 17.3.4-т “бүртгэлийн хураамж төлсөн баримт” гэж, 17.5-д “Бүртгэх байгууллага энэ хуулийн 17.3.-т заасан баримтыг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 хоногийн дотор дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгэх, эсхүл бүртгэхээс татгалзсан үндэслэл бүхий шийдвэр гаргана” гэж заасан, мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2003 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн/ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараахь баримт бичиг бүрдүүлнэ:” гээд, 22.1.1-д баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл”, 22.1.2-т “үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр”, 22.1.3-т “үүсгэн байгуулахах баримт бичигт оруулсан өөрчлөлт”, 22.14-т “улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт”, 22.2-т “Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдөл гаргах, түүнд холбогдох баримт бичгийг бүртгэх байгууллагад ирүүлэхэд энэ хуулийн 15 дугаар зүйл болон 16.3-дахь хэсгийг баримтална” гэж тус тус заасанд холбогдуулан үзэхэд, тухайн үед нэхэмжлэгч аж ахуйн нэгжээс Улсын бүртгэлийн байгууллагад ирүүлсэн бүртгүүлэх тухай хүсэлтээ дээр дурьдсанаар шаардагдах баримт бичгүүдийн хамт гаргаж хүргүүлсэн болох нь тогтоогдож байх тул хариуцагч бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5.2-т “энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах” гэсэн үүргийн үндсэн дээр аж ахуйн нэгжийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг бүртгэсэн нь хуульд нийцжээ.
Түүнчлэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2003 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн/ хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Бүртгэх байгууллага нь хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс дараахь үндэслэлээр татгалзна” гээд, 18.1.1-д “улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу”, 18.1.2-т “өөрчлөн байгуулагдаж байгаа хуулийн этгээдийн хувьд Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийн 15.3, 15.4-д заасан үндэслэл байгаа” гэж заасан байх бөгөөд шүүхэд хариуцагчаас гаргаж ирүүлсэн, тухайн үед нэхэмжлэгчээс бүртгэлийн газарт гаргаж өгсөн баримт бичгийн бүрдэл нь шаардлагад нийцсэн байсан нь тогтоогдсон тул хариуцагч хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах хүсэлтийг бүртгэхээс татгазах үндэслэлгүй байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэлд дурьдсан хуулийн заалтуудтай холбогдуулан тодруулбал, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2003 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн/ хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг дор дурьдсан этгээдийн аль нэг гаргана”, 15.1.1-д “тухайн хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал”, 15.1.3-д “тухайн хуулийн этгээдийг үүсгэн байгуулагчийн аль нэг” гэж заасан, мөн 16 дугаар зүйлийн 16.3-д “Энэ хуулийн 16.1-д заасан баримт бичгийг өргөдөл гаргагч бүртгэх байгууллагад биечлэн, эсхүл цахим шуудангаар буюу баталгаат илгээмжээр хүргүүлж болно. Баталгаат илгээмжээр хүргүүлэхтэй холбогдон гарах зардлыг тухайн хуулийн этгээд хариуцна” гэж заасан байх учир нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэн аль нь бүртгэлийн газарт баримт бичгийг хүргэж өгснөөс үл хамааран бүртгэлийн байгууллага баримт бичгийн бүрдэл, түүнд дурьдагдсан бүртгүүлэх гэсэн зүйлийн талаар хянан бүртгэсэн нь хуульд нийцжээ.
Мөн нэхэмжлэгчээс шүүх хурал дээр “Г.Болормаад компанийн хөрөнгийн 49 хувийг бэлэглэлийн гэрээгээр өгсөн атал итгэл эвдсэн, мөн тухайн гэрээ нь ямар хөрөнгө өгсөн болохыг дагалдах эрх шилжүүлэх гэрээгээр тодорхойлж баталгаажуулах байсан, компаний ямар хөрөнгөтэй байснаас 49 хувьд юу юу орсон нь нотлогдохгүй байгаагаар бэлэглэлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байсан, гэтэл бүртгэлийн байгууллага ямар хөрөнгийг шилжүүлэх нь тодорхойгүй байхад 49 хувийг шилжүүлж бүртгэсэн” гэж маргасанд холбогдуулан үзэж, нэхэмжлэгчийн шаардлагын үндэслэл нь нэхэмжлэгчийн өөрийнх нь 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр шинэчилсэн баталсан “Мөнх Агит ХХК-ийн дүрэм”-ийн 5 дугаар зүйлийн 5.2-т компанийн хувь нийлүүлсэн нийт хөрөнгөө тодохойлж, 5.2.1-д нь нийт хөрөнгөөс 2 гишүүнд ногдох хувь, хувьцаанд ногдох нэрлэсэн үнэ, тоо ширхэг зэргийг тодорхойлсон байгаа болон энэ дүрмийн 11 дүгээр зүйлд зааснаар “улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болно” гэсэн заалтын дагуу дээрх бүртгэлээр ногдох хувийн тодорхойлсон байх тул бүртгэлд өөрчлөлт оруулах үндэслэл баримт болсон компанийн дүрэм, бэлэглэлийн гэрээг бүртгэлийн байгууллага хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй болно. Харин нэхэмжлэгч нь 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Компани бэлэглэлийн гэрээнд холбогдуулан гэрээг цуцлах, хүчингүй болгох, хүчин төгөл бусд тооцуулах зэрэг асуудлын талаар маргах бол харъяалах иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх нь зүйтэй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Дээрх нөхцөл байдлуудад үндэслэн хуульд заасан журмын дагуу хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах хүсэлтийг хүлээн авч “Мөнх Агит” ХХК-ийн хувь нийлүүлэгч нэгээр нэмэгдэж, үүсгэн байгуулагч 2 болгон бүртгэсэн улсын бүртгэлийн байгууллагын бүртгэл хуульд нийцсэн, тус бүртгэл хийсэн хариуцагч байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанаас болж нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.14, 106.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.3, 108.4, 108.5-д заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан 14 хоногийн хугацаа өнгөрсөнөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах бөгөөд ийнхүү гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
Шүүхийн энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОРИГТБААТАР
[1] Хх-ийн 48-50 дахь хуудас.
[2] Хх-ийн 6-р хуудас.
[3] Хх-ийн 34 дүгээр тал.
[4] Хх-ийн 35 дугаар тал
[5] Хх-ийн 37-47-р хуудас.