Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | О.Зандраа |
Хэргийн индекс | 020/2015/0045/з |
Дугаар | 001/ХТ2016/0082 |
Огноо | 2016-03-14 |
Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2016 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 001/ХТ2016/0082
“Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч О.Зандраа, Ц.Сумъяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, С.Б, Д.С нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 719 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор “Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын ахлах байцаагч Р.М, татварын улсын байцаагч М.Г нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Зандраагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн захирал Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ө” ХХК нь Ашигт малтмалын газраас 2003 онд олгосон 5692А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу Дорноговь аймгийн Айраг сумын нутагт байрлах “Х о” ордоос хайлуур жонш олборлож, худалдах үйл ажиллагаа явуулдаг. Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчид манай компанийн 2008-2012 оны үйл ажиллагааны татвар ногдуулалт, төлөлтийг шалгаад 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 210288 тоот акт тавьсан ба уг актаар нөхөн татвар, торгууль, алданги, нийт 81724,3 мянган төгрөгийн төлбөрийг төлүүлэх хариуцлага ногдуулсан.
... Татварын улсын байцаагчийн акт нь “Ө” ХХК-ийн хуулиар төлөх ёстой төлбөрийн хэмжээг үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн, илүү их хэмжээгээр ногдуулж байгаа нь компанийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, санхүүгийн чадамжгүй болгож, улмаар дампуурах эрсдлийг бий болгож байна. Тодруулбал, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө” гэж заасан.
Манай компани 2008-2012 онд Оросын Холбооны Улсын нэр бүхий аж ахуйн нэгжүүдтэй DAF Н өртөө нөхцлийн үнээр болон БНХАУ-ын “Ю т” компанитай DAF Э хот нөхцлийн үнээр нийт 9307.7 тонн хайлуур жонш экспортолсон болно. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д “Экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан” борлуулалтын үнэлгээг тогтоохоор, мөн хуулийн 47.12-т “Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана” гэжээ.
Гэтэл манай компани нь хайлуур жоншийг Н өртөө, Э хот нөхцөлөөр худалдсан гэрээний үнэ нь 1 тонн тутмыг 22-110 америк доллар бөгөөд энэ үнээр гааль болон татварын байгууллагад мэдүүлсэн. Харин татварын байцаагчид дээрх бүтээгдэхүүнийг БНХАУ-ын Т боомтын FОВ нөхцлийн үнэ (олон улсын аль биржийн үнэ гэдэг тодорхойгүй) буюу 1 тонн тутмыг нь 39-239 америк доллароор тооцож төлбөр авч байгаа нь Ашипг малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1 дэх заалтыг зөрчиж байна.
Иймд хууль зөрчсөн Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 210288 тоот актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн захирал Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа багасгахдаа: “... Татварын ерөнхий хуульд зааснаар юун түрүүнд Монгол Улсын хуулийг үйл ажиллагааныхаа баримтлах ёстой зарчмаа болгох ёстой татварын улсын байцаагчдын хууль зөрчсөн Засгийн газрын тогтоол, яам, агентлагийн журмыг барьж шийдвэрлэсэн маргаан бүхий татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан төлбөрөөс илүү тооцож нөхөн ногдуулсан татвар 31.779.1 мянган төгрөг, торгууль 15.861.3 мянган төгрөг, алданги 12.993.0 мянган төгрөг, нийт 60.633.4 мянган төгрөгийг хассан өөрчлөлтийг 2013 оны 10 дугаар сарын 10 дугаар сарын 24-ний өдрийн 210288 тоот татварын улсын байцаагчийн актад оруулж өгнө үү“ гэжээ.
Хариуцагч Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч М.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Улсын төсвийн орлого, хяналтын газрын Эрдэс баялгийн татварын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч Р.М, татварын улсын байцаагч М.Г нар Улсын төсвийн орлого, хяналтын газрын даргын баталсан удирдамжийн дагуу “Ө” ХХК-ийн 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулсан байдалд хяналт шалгалт хийж, 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр татварын улсын байцаагчийн 210288 тоот акт үйлдсэн.
1. Нэхэмжлэлд татвар төлөгч Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д заасныг зөрчсөн гэж үзсэн байна. Гаалийн ерөнхий газрын ирүүлсэн хөндлөнгийн мэдээллээс үзэхэд “Ө” ХХК нь 2008-2012 оны хооронд 9308,6 тонн жонш экспортод гаргасан нь илэрсэн бөгөөд “Ө” ХХК нь дээрх онуудад татварын албанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг гаргаагүй юм.
Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл ззэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож, худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө”, 47.2.1-д “экспортонд бүтээгдэхүүн гаргасал бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй ижил төрлийн бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлана”, 47.12-т “Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана” гэж тус тус заасан.
Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоолоор Хятадын хайлуур жоншны FОВ үнэ буюу indmin.com сайт дээрх үнээр авахаар зарласан байна. Үйлдвэр худалдааны сайдын 2007 оны 135 дугаар тушаалаар батлагдсан “Зах зээлийн жишиг үнэ зарлах ажлын хэсэг” байгуулагдсан. Энэ ажлын хэсгээс сар бүр уул уурхайн бүтээгдэхүүний жишиг үнийг зарлаж эхэлсэн.
Мөн “Ө” ХХК нь 2008-2012 оны хооронд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөө тайлагнаж төлөөгүй нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “татвар ногдох татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх” гэсэн заалтыг зөрчсөн тул 2006 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйл, Засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 88 дугаар тогтоол зэрэгт үндэслэн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг эрх бүхий байгууллагын сар бүр зарладаг жишиг үнэ болон Гаалийн ерөнхий газрын ирүүлсэн хөндлөнгийн мэдээнд үндэслэн тооцоолол хийж акт тавьсан нь хууль эрх зүйн үндэслэлтэй болно.
2. Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6-д заасанчлан татвар төлөгч тухайн баримт бичгийг хуульд нийцээгүй гэж үзвэл гомдлоо 30 хоногийн дотор гаргах эрхтэй юм. Гэвч Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолыг 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр татвар төлөгчид гардуулсан боловч 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан нь Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6, 33 дугаар зүйлийн 33.3 дахь заалт болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан хугацаа хэтэрсэн байгаа тул татвар төлөгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 719 дүгээр шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 18 дугаар зүйлийн 18.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1.3, 74.2, 74.3, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2.1, 47.12, 48 дугаар зүйлийн 48.9 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 210288 тоот актаар ногдуулсан төлбөрөөс илүү тооцож нөхөн ногдуулсан татвар 31.779.1 мянган төгрөг, торгууль 15.861.3 мянган төгрөг, алданги 12.993.0 мянган төгрөг, нийт 60.633.4 мянган төгрөгийг хасаж багасгах” тухай “Ө” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 719 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “... Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 18 дугаар зүйлийн 18.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1.3, 74.2, 74.3, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2.1, 47.12, 48 дугаар зүйлийн 48.9, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг тус тус баримтлан Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагчийн 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 210288 тоот актын 15.861.3 мянган төгрөгийн торгууль, 12.993.0 мянган төгрөгийн алдангийг өршөөн хэлтрүүлж, актаар оногдуулсан төлбөрийн хэмжээг 52871.0 мянган төгрөг болгож багасгасугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 719 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаар магадлал нь Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийг тус тус буруу тайлбарлаж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-ийн “хуулиар ногдуулсан албан татвар төлөх;”, Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Засгийн газар төрийн хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийн дагуу дараахь үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, Татварын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-ийн “Татварыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй”, 28 дугаар зүйлийн 28.1.3-ийн “татвар төлөгч хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг хянан шалгах ажлыг зохион байгуулах;”, 29 дүгээр зүйлийн 29.1.8-ийн “татвар ногдуулалт, төлөлтөд хяналт шалгалт хийх, татвар хураахдаа Монгол Улсын татварын болон бусад хууль тогтоомжийг чанд дагаж мөрдөх;” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн бөгөөд хуульд заагаагүй эрхийг эдлэж, хуулиас давуулж татвар тогтоосон Засгийн газрын тогтоолыг баримтлан татварын төлбөр ногдуулсан захиргааны актыг “хууль ёсны” гэж үзснээрээ “Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэсэн хуулийн шардлагыг зөрчсөн тул энэхүү гомдлыг гаргаж байна.
... Анхан шатны шүүх манай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх заалтыг үндэслэл болгож “борлуулалтын үнэлгээнээс” тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөх ёстой гэж үзжээ. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.12-ыг шийдвэртээ дурдсан атлаа уг заалтад “... олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн нэрийг тухайн бүтээгдхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана” гэсэн үг байгааг буруу тайлбарлаж, Монгол Улсын Засгийн газар 2007 оны 88 дугаар тогтоолоороо “бирж”-ийн нэр биш “Хятадын хайлуур жоншны бүтээгдхүүний FОВ үнэ”-ийг зарласныг олон улсын зах зээлийн үнийг баримтласан гэж дүгнэсэнд гомдолтой байсан юм. Гэтэл давж заалдах шатны шүүх мөн л бидний гаргаж байгаа энэ хууль зүйн үндэслэлийг “үгүйсгэж” дүгнэлээ.
Хуулийн дээрх заалтыг бусад зүйл, заалттай зөв хослуулж хэрэглэх юм бол Монгол Улсын Засгийн газар экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн нэр зарлах эрхээ хэтрүүлж, тухайн бүтээгдхүүний Монгол банкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийг зарласан гэдэг нь тодорхой харагдах ёстой. Нэгэнт Засгийн газарт хуулиар “биржийн нэр” зарлах эрх олгосон, жоншны төрлийн бүтээгдэхүүний жишиг үнийг тодорхойлох бирж байхгүй тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.3-т зааснаар “... мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн ...” татвар тооцох үнэлгээг гаргаж ирэх ёстой.
Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхүүд нэхэмжлэгчийн “мэдүүлсэн” буюу “гэрээний үнэ” байсаар байхад хуульд заасан эрхээ хэтрүүлж гаргасан “Засгийн газрын тогтоол”-ыг үндэслэсэн захиргааны актыг хууль ёсны гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.
Харин давж заалдах шатны шүүх “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийг зөв тайлбарлаж хүү, торгууль, алдангийн 38.794,3 мянган төгрөгийн төлбөрийг өршөөн хэлтрүүлсэн нь хууль зүйн үндэсэл бүхий шийдвэр болсон гэж үзэж байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдэд тулгуурлан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 719 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаар магдалалд Татварын улсын байцаагчийн актаар ногдуулсан төлбөрөөс илүү тооцож нөхөн ногдуулсан татварын 31.779,1 мянган төгрөгийг хассан өөрчлөлтийг 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 210288 тоот татварын улсын байцаагчийн актад оруулсан нэмэлтийг тусгаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас Дорноговь аймгийн Айраг сумын “Х о” нэртэй газарт орших 112 гектар талбай бүхий уурхайн талбайд хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу ашигт малтмал ашиглахыг зөвшөөрч улсын бүртгэлийн 9011023109 тоот гэрчилгээтэй “Ө” ХХК-д 5692А дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаагаар 2007 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр олгожээ.
“Ө” ХХК дээрх зөвшөөрлөөр 2008-2012 онд нэр бүхий орд газраас олборлосон 9,308.590 тн хайлуур жоншийг 759,194,251.7 мянган төгрөгөөр үнэлж, БНХАУ, Казакстан болон Оросын холбооны улсад экспортолсон атлаа Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө”, Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Татварын хууль тогтоомжийн дагуу ... ашигт малтмалын нөөц ашигласан, ... хуулийн этгээд татвар төлөгч байна” гэсэн заалтын дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлөөгүй байна.
Түүнчлэн “Ө” ХХК татвар төлөгчийн үүргээ биелүүлж, татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, хугацаанд нь төлөөгүй, татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ тайлангаа татварын албанд ирүүлээгүйн гадна ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан, татварын албанаас баталсан маягтаар улирал бүр өссөн дүнгээр гаргаж, дараагийн улирлын эхний сарын 20-ны дотор татварын албанд тушаагаагүй Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.2, Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9-д заасныг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.
Иймээс Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч нар “Ө” ХХК-ийн 2008-2012 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалт, төлөлтийн байдлыг санхүүгийн тайлан баланс, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалт, төлөлтийн тайлан, гаалийн байгууллагаас ирүүлсэн мэдээ, баримтуудыг үндэслэн, эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийг үндэслэн шалгалт хийж, 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 210288 дугаар актаар 767,567.2 мянган төгрөгийн зөрчилд 52,871.0 мянган төгрөгийн нөхөн татвар, 15,861.3 мянган төгрөгийн торгууль, 12,993.0 мянган төгрөгийн алданги, нийт 81,725.3 мянган төгрөгийн төлбөрийг тухайн компанид хариуцуулсан нь Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Дараахь үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид ... татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна:”, 74.1.4-т “тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх;”, 74.3-т “Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна” гэж заасныг зөрчөөгүй байна.
Татварын улсын байцаагч нар 2013 оны 210288 дугаар актыг үйлдэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “Энэ хуулийн 47.1-д заасан борлуулалтын үнэлгээг дараахь журмаар тооцно:”, 47.2.1-д “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан;” гэсэн заалт болон 47.12-т “Экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан Засгийн газар нийтэд зарлана” гэж зааснаар Монгол Улсын Засгийн газраас гаргасан 2007 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 88 дугаар тогтоолын 1, 2 дугаар хавсралт, дээрх хуулийн 47.6-д зааснаар төлбөрийн тооцооллыг зөв хийжээ.
Мөн тусгай зөвшөөрөл эзэмшигч “Ө” ХХК гадаад зах зээлд экспортолж борлуулсан хайлуур жоншны борлуулалтын орлогыг татварын албанд мэдүүлээгүй, тус компанийн экспортод гаргасан хайлуур жоншны зах зээлийн жишиг үнийг дээрх хууль тогтоомжийн дагуу тодорхойлох боломжтой байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... татварын улсын байцаагч нар Ашигт малтмалын тухай хуулийн 47.2.1-д заасныг зөрчсөн, хуульд заасан эрхээ хэтрүүлж гаргасан Засгийн газрын тогтоол баримтлан төлбөрийг илүү тооцож нөхөн төлүүлсэн ... хуулийн 47.2.3-т зааснаар мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн татвар тооцох үнэлгээг гаргаагүй учир татварын улсын байцаагч нарын актаар ногдуулсан төлбөрөөс илүү тооцож нөхөн ногдуулсан 31,779.1 мянган төгрөгийг хассан өөрчлөлтийг 210288 тоот акт, шүүхийн шийдвэр, магадлалд нэмэлтээр тусгаж өгнө үү” гэсэн хяналтын гомдол хуулийн үндэслэлгүй юм.
Иймээс Татварын ерөнхий хууль болон Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайларлаж хэрэглэсэн, хэргийг хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэж шийдвэрт өөрчлөлт оруулсан магадлалд нэмэлт оруулах тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ О.ЗАНДРАА