Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 1198

 

 “ХХХ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ш.Оюунханд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/03963 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ХХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХад холбогдох,

 

Даатгалын нөхөн төлбөрийн шаардах эрхээс үүссэн үүрэгт 458 793 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХ нь 2012 оны 6 дугаар сарын 01-ний өдөр “ХХХХ” ХХК-тай 20005940 тоот дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулж ХХХХХХХХ дугаар авч ашигласан. 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр өмнөх сарын төлбөрийг төлөөгүйн улмаас үйлчилгээг хязгаарласан. 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл төлбөр нь 305 862 төгрөг болсон.

Гэрээний дагуу төлбөр төлөх тухай удаа дараа мэдэгдсэн бөгөөд өнөөдрийн байдлаар төлөөгүй байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар нийт өр төлбөр нь 458 793 төгрөг болсон.

“ХХХ” ХХК нь “ХХХХ” ХХК-тай “Төлбөрийн тасалдлын даатгалын гэрээ” байгуулсан. Уг гэрээгээр “ХХХХ” ХХК-ийн хэрэглэгч гэрээнд заасан хугацаандаа төлбөрөө төлөөгүй нөхцөлд даатгалын тохиолдол үүсэж даатгалын нөхөн төлбөр олгоно гэж заасны дагуу “ХХХХ” ХХК нь “ХХХ” ХХК-аас нөхөн төлбөрт 305 862 төгрөг хүлээн авсан. Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ” гэжээ. Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт зааснаар буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.

“ХХХХ” ХХК нь даатгалын нөхөн төлбөр болон алданги шаардах эрхийг нэхэмжлэгчид олгосон тул хариуцагч ХХаас нөхөн төлбөр 305 862 төгрөг, алданги 152 931 төгрөг, нийт 458 793 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасныг баримтлан ХХаас 305 862 төгрөг гаргуулж, “ХХХ” ХХК-д олгож, “ХХХ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх алдангид 152 931 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14 773.80 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 9 826 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх талуудын хооронд бий болсон харилцааг ялгаагүй, иргэний эрх зүйн суурь зарчмуудыг зөрчиж, хууль буруу хэрэглэсэн.

Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2, 39 дүгээр зүйлийн 39.1, 39.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 196 дугаар зүйлийн 196.1.2, 101 дүгээр зүйлийн 101.1, 101.6, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт тус тус маргаантай холбоотой харилцааг зохицуулжээ.

“ХХХХ” ХХК нь “ХХХ” ХХК-д өөрийн төлбөр төлөөгүй хэрэглэгчээс хэрэглэгчтэй байгуулсан гэрээний дагуу алдангийг нэхэмжлэх шаардах эрхийг “Шаардах эрх шилжүүлэх тухай” албан бичгээр шилжүүлсэн бөгөөд “ХХХ” ХХК нь уг албан бичгийн дагуу шаардах эрхээ хэрэгжүүлэх төлбөрийн үлдэгдэлтэй байгаа хэрэглэгчийг шүүхэд өгсөн байгаа.

Иргэний хуулийн дээрх зохицуулалтын дагуу “ХХХХ” ХХК-иас шаардах эрх шилжүүлж буй албан бичиг нь алданги шаардах эрхийн өмчлөгчийн хууль ёсны ашиг сонирхол, хүсэл зоригийг илэрхийлсэн байна. Уг хүсэл зоригийн илэрхийлэл нь гэрээний эрх чөлөөний зарчимд үндэслэгдсэн бөгөөд гуравдагч этгээдийн хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй болно.

“ХХХХ” ХХК-иас ирүүлсэн шаардах эрхийн албан бичгийг хүлээн авч шүүхэд нэхэмжлэл гаргаж хэрэглэгчээс төлбөрийг нэхэмжилж байгаа нь “ХХХ” ХХК уг хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авсан гэж тооцох бөгөөд талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

“ХХХ” ХХК нь шаардах эрхийн шинэ өмчлөгчийн хувьд эрхээ хэрэгжүүлж шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан шатны шүүх “ХХХ” ХХК-ийг алданги шаардах эрхийн өмчлөгч биш гэж үзсэн нь Иргэнийн хуульд заасан дээрх заалтуудыг зөрчсөн, хууль ёсны өмчлөгчийн эрхэнд халдсан, талууд гэрээний эрх чөлөөний зарчимд тулгуурлаж байгуулсан гэрээг хүчин төгөлдөр буст тооцох хууль зөрчсөн, хуульд харшилсан, гуравдагч этгээдийн эрх, ашгийг хөндөөгүй байхад хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцож өмчлөгчийн эрхийг хязгаарлаж, эрх зүйн байдлыг дордуулж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагч ХХаас алданги болох 152 931 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч “ХХХ” ХХК нь хариуцагч ХХад холбогдуулан даатгалын нөхөн төлбөрийн шаардах эрхээс үүссэн үүрэгт 458 793 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагч ХХ энэ талаар хариу тайлбар, татгалзлаа шүүхэд гаргаагүй байна.

            Нэхэмжлэгч “ХХХ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, утасгүй суурин холбооны үйлчилгээний гэрээний үүргээ биелүүлээгүй ХХын учруулсан гэм хорыг  даатгуулагч “ХХХ”-д нөхөн төлснөөр тус компанийн  гэрээний дагуу төлбөр, алданги шаардах эрх нь даатгагчид шилжин ирсэн гэжээ.

Хариуцагч ХХ нь “ХХХХ” ХХК-тай байгуулсан утасгүй суурин холбооны мобифон дараа төлбөрт үйлчилгээний гэрээний үүргээ биелүүлээгүйгээс  315 862,26 төгрөгийн ярианы төлбөрийн өр үүссэн, 10 000 төгрөгийг нь барьцаанаас суутгаж, 305 862,26 төгрөгийн өрийг даатгагч “ХХХ” ХХК нь төлбөр тасалдлын даатгалын гэрээний дагуу нэхэмжлэгчид шилжүүлсэн үйл баримт хэргийн 21 дэх талд авагдсан баримтаар тогтоогджээ.

            Нэхэмжлэгч “ХХХХ” ХХК нь 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 1/1263 дугаар албан бичгээр “ХХХ” ХХК-д нөхөн төлбөрийг буруутай этгээдээс шаардах эрхээ шилжүүлсэн нь хэрэгт авагджээ.

Иймд Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт зааснаар даатгагч “ХХХ” ХХК нь хариуцагч ХХаас нөхөн төлбөр шаардах эрхтэй, шүүх уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.

Хуулийн дээрх зохицуулалтын агуулгаас үзвэл даатгагчийн шаардах эрх нь даатгуулагчид төлсөн нөхөн төлбөрийн хэмжээгээр шилжихээр тодорхойлогдсон байх тул 305 862 төгрөг дээр нэмж алданги шаардаж байгаа нь үндэслэлгүй. Даатгуулагчаас даатгагч “ХХХ” ХХК-иас даатгуулагч “ХХХХ” ХХК-д алданги шаардах эрхээ шилжүүлсэн гэж бичсэнээр хариуцагчид алданги шаардах эрх үүссэн гэж үзэх боломжгүй юм. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алданги төлөх тохиролцоог талууд бичгээр байгуулснаар алданги шаардах эрх нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан гэрээний үүргийн хүрээнд үүсэх юм.

Дээрхээс дүгнэвэл анхан шатны шүүх алданги шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв, нэхэмжлэгчийн энэ үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Хариуцагч ХХ нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн хариу тайлбар болон татгалзал, нотлох баримтыг гаргаагүй, шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүрэлцэн ирээгүй тул хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт нийцсэн, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэх үндэслэлд хамаарахгүй болно.

             Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 101/ШШ2016/03963 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                        ШҮҮГЧИД                                           Ш.ОЮУНХАНД

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ