Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2019/0297

 

2019 оны 05 сарын 29 өдөр           Дугаар 221/МА2019/0297                          Улаанбаатар хот

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, Л.А нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0196 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын дагуу “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0196 дугаар шийдвэрээр: Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3, 15 дугаар зүйлийн 15.1.6, 16 дугаар зүйлийн 16.8, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт  заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-иас гаргасан “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох” тухай 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн -- дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хариуцагч байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан “Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах” зарчим, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд дараах мэдээллийг тусгана”, 27.3.3-д “захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл”, 27.5-д “Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна” гэсэн заалтыг зөрчсөн байхад маргаан бүхий захиргааны акт хууль зөрчөөгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болно.

Хариуцагч нь 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр маргааш нь буюу 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдааны мэдэгдлийг компанийн төлөөлөгчид танилцуулан, давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон тушаалын төслийг гардуулан өгсөн. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.3-д “захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл”-ийг мэдэгдэлд тусгана гэсэн тухайн судалгааны талаар холбогдох мэдээлэл байхгүй тул түүнтэй танилцах хүсэлтийг гаргасан ч судалгааны үндэслэлийг танилцуулаагүй. Харин судалгааны ажилд манай компанийн гаргаж өгсөн мэдээллийг шаардлага гаргасны дараагаар цахим хэлбэрээр илгээсэн байна. Энэ нь захиргааны байгууллага Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор баталсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ын 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай болохыг тогтоосон үндэслэлийг тухайн аж ахуй эрхлэгч шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас шаардан авах эрхтэй” гэсэн эрхийг нь хангаагүй юм.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д захиргааны акт гаргахын өмнө шийдвэр гаргах ач холбогдох бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасан байхад шийдвэр гаргах үндэслэл болгосон судалгааны ажлыг хэрхэн гүйцэтгэсэн, судалгааны хамрах хүрээ, хэрхэн харьцуулалт хийсэн зэрэг бүхий л мэдээллийг танилцуулалгүй хуралдаанаас гарах шийдвэрийн төслийг хүлээлгэн өгсөн нь манай компанид тайлбар, санал гаргах боломжийг олгоогүй болно. Судалгааны ажлын үр дүн, мэдээллийг танилцах боломжийг олгоогүй тохиолдолд түүнд үндэслэл бүхий тайлбар, саналыг гаргах боломж байхгүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэлд нэхэмжлэгч нь өөрийн компанийг хийжүүлсэн ундааны зах зээлд давамгай биш гэж маргаагүй, мөн хариуцагч захиргааны байгууллагаас хийсэн тооцоо судалгааг үндэслэлгүй гэж өөрийн компанийн хувьд хийсэн тооцоо судалгааг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөөгүй тул тухайн судалгааны дүн үндэслэлтэй эсэх талаар шүүхээс тусгайлан дүгнэлт өгөх боломжгүй гэж дурдсан байна.

Манай компани нь хийжүүлсэн ундааны үйлдвэрлэлийн захиргааны акт зээлд 89.8 хувь, импортын зах зээлд 50.7 хувь, борлуулалтын 95.6 хувийг эзэлж байгаа гэдэг дүгнэлтийг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд түүний үндэслэл болгосон судалгаа холбогдох материалыг шүүхэд хариуцагч гаргаж өгсний дараа танилцсан. Хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтад судалгааны ажлыг гүйцэтгэх хугацааг 2 сарын хугацаатай өгсөн байхад түүнийг хэтрүүлсэн 2018 оны 12 дугаар сарын хүртэл үргэлжлүүлэн хийсэн байна. Судалгаа хийх эрхийг олгохдоо Өрсөлдөөний тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу 30 хоногоор сунгах эрхийг олгосон байна. Нэхэмжлэлийн шаардлага нь тухайн захиргааны актыг хүчингүй болгох шаардлага тул шүүх тухайн захиргааны акт гаргах үйл ажиллагаа нь зорилгодоо нийцсэн, хууль болон эрх бүхий байгууллагаас олгосон хугацаанд шийдвэрлэсэн эсэхэд дүгнэлт гаргаагүй орхигдуулсан.

Захиргааны байгууллага захиргааны акт гаргахын өмнө хууль ёсны эрх ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй манай компанид судалгааны ажлын мэдээллийг танилцуулаагүй, тайлбар, санал гаргах боломжийг олгоогүй байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Нэхэмжлэгч “М” ХХК-аас “... шийдвэр гаргах үйл ажиллагааны үндэслэл мэдээллийг танилцуулаагүй, ... тайлбар, санал гаргах боломжийг олгоогүй, ... хурлаас гарах тогтоолыг урьдчилан танилцуулсан” гэсэн үндэслэлээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох тухай” 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн -- дүгээр тогтоолыг хүчингүй болгуулахаар маргажээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох тухай” 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн -- дүгээр тогтоолоор “Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3, 15 дугаар зүйлийн 15.1.6, 16 дугаар зүйлийн 16.8, Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор баталсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ыг тус тус үндэслэн хийжүүлсэн ундааны зах зээлд “М” ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосон байна.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж зааснаас үзвэл сонсох ажиллагаа гэдэг нь захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар нэхэмжлэгч хуулийн этгээдэд тайлбар, санал гаргах боломж олгох тухай ойлголт байна.

Уг үйл ажиллагаа нь нэхэмжлэгч хуулийн этгээдээс захиргааны байгууллагын шийдвэрийн эсрэг тайлбар, нотлох баримтаа гаргах, захиргаа түүнийг хянаж үзсэнээр давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоох эсэх шийдвэрт харгалзаж үзэх нөхцөлүүдийг тодруулах зорилготой байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1/11 дүгээр хяналт, шалгалтын удирдамжаар “М” ХХК-д зах зээлийн судалгаа хийхээр баталж, улмаар 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 6/837, 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 2/1--4 дүгээр албан бичгүүдээр “Өрсөлдөөний тухай хууль, Засгийн газрын 2010 оны 98 дугаар тогтоолоор батлагдсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ыг үндэслэн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл дэх хийжүүлсэн ус, ундааны үйлдвэрлэл болон борлуулалтын зах зээлийн байдлыг судлан тогтооход шаардлагатай мэдээлэл ирүүлэх талаар мэдэгдэж, тус газрын улсын байцаагчийн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 3/19 дүгээр албан шаардлагаар мэдээлэл ирүүлэхийг шаарджээ.

Мөн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 6/1415, 6/1416, 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 6/1531  дүгээр албан бичгүүдээр “... хийжүүлсэн ус, ундааны зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгааны ажилд ...  мэдээ, мэдээлэл, статистик тоо баримт, судалгаа гарган .. ирүүлэх” талаар нэхэмжлэгчид болон нэр бүхий бусад хуулийн этгээдэд мэдэгджээ.

Дээрх нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэгч хуулийн этгээд хийжүүлсэн ус, ундааны зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох судалгаа явагдаж байгаа талаар мэдсэн. Мөн энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон нөхцөл байдлыг үгүйсгэх өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх, эсхүл нотлох баримт хадгалагдаж байгаа эх сурвалжаа зааж, шүүхээр цуглуулахыг шаардах бүрэн боломжтой байсан ба уг эрхийг шүүхээс хязгаарлаагүй байх тул нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг гаргахад ач холбогдох бүхий нотлох баримт гаргаж өгөх боломжтой байсан, улмаар маргаан бүхий акт гарахааргүй эсхүл өөр үр дагавартай байхаар байсан гэж үзэхээргүй байна.

Түүнчлэн, Засгийн газрын 2010 оны 298 дугаар тогтоолоор баталсан “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ын 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай болохыг тогтоосон үндэслэлийг тухайн аж ахуй эрхлэгч шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас шаардан авах эрхтэй” гэж заасан нь давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоогдсон этгээд уг шийдвэрийн үндэслэлийг шаардан авах тухай ойлголт байх тул нэхэмжлэгч хуулийн этгээд уг эрхээ эдлэх боломжтой байна.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар хийжүүлсэн ундааны зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох асуудлыг хэлэлцэх талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр мэдэгдэж, тогтоолын төслийг гардуулсан талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа дурдсан, сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай баримт хэрэгт авагдсан байх бөгөөд нэхэмжлэгч хуулийн этгээдээс тус хуралдаанд оролцох, тайлбар, санал гаргах эрх нээлттэй байжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын “захиргааны акт гаргах үйл ажиллагаа нь зорилгодоо нийцсэн, хууль болон эрх бүхий байгууллагаас олгосон хугацаанд шийдвэрлэсэн эсэхэд дүгнэлт гаргаагүй орхигдуулсан” гэх үндэслэлийн тухайд:

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1/11 дүгээр хяналт, шалгалтын удирдамжаар хяналт, шалгалтын ажлыг 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс 60 хоногийн хугацаатай явуулахаар тогтоосон боловч нэхэмжлэгч хуулийн этгээд Өрсөлдөөний тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2-т заасан үүргээ зөрчсөн тул улсын байцаагчийн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 3/19 дүгээр албан шаардлагаар мэдээлэл ирүүлэхийг шаардаж, улмаар үүнээс хойших хугацаанд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон тус газрын Зах зээл судалгааны газрын даргын албан бичгүүдээр хяналт, шалгалтад шаардлагатай судалгаа, мэдээллийг ирүүлэхийг шаардсан нь буруу биш байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 128/ШШ2019/0196 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                         С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                         Ц.ЦОГТ