Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 224/МА2024/00003

 

 

 

 

 

 

 

2024        01          18                                         224/МА2024/00003

 

Ч.Д-гийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 152/ШШ2023/00559 дүгээр шийдвэртэй,

Ч.Д-гийн нэхэмжлэлтэй, ажиллаж байсан байдал тогтоолгох тухай  шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ч.Д-гийн нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Mиний бие 1969 онд төрсөн, 54 настай. Би 1985 оноос эхлэн Малчин сумын Баянмандал бригадад мал маллаж байгаад 1987 оны 10 сард цэрэгт явсан. Энэ хугацаанд мал маллаж байсныг батлах хөдөлмөрийн дэвтэр байхгүй, мөн аймгийн архив газарт цалингийн баримт хадгалагдаагүй байна.

Иймд миний 1985 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.

3. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 152/ШШ2023/00559 дүгээр шийдвэрээр:

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 –т заасныг тус тус баримтлан С овогт Ч-ы Д-гийн /РД: ......../ 1985 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Малчин сумын Малчин нэгдлийн Баянмандал бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

4. Нэхэмжлэгч Ч.Д давж заалдсан гомдолдоо: “...Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 559 дүгээр шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэж давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх миний шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь хангалтай дүгнээгүй гэж үзэж байна.

...Миний бие 8-р ангиа төгсөөд илгээлтээр нэгдлийн мал маллаж байсан бөгөөд одоог хүртэл малаа маллан амьдарч байна. 2010 онд аймгийн Алдарт уяач, 2019 онд аймгийн аварга малчин тус тус болж насаараа мал маллан амьдарч, түүнийхээ үр шимийг хүртэж явна. Тухайн үед надтай хамт нэгдэлд ажиллаж  байсан хүмүүс намайг нэгдэлд ажиллаж байсан гэдгийг гэрчлээд байхад шүүхээс баримтгүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 559 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ. 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Уянга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Ч.Д нь 1985-1987 оны хооронд Увс аймгийн Малчин сумын “Малчин” нэгдлийн Баянмандал бригадад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлдээ: гэрч нар нь 1985-1987 оны хооронд малчнаар ажиллаж байсан гэж байгаа боловч гэрчийн мэдүүлэг нь давхар бичгийн нотлох баримтаар нотлогдохгүй байна. Улсын бүртгэлийн байгууллагаас авсан ХААТР маягтад эрхэлдэг ажил нь “Ардын аж ахуйтан” гэж бичигдсэн гэжээ.

Нэхэмжлэгч 1985 онд 8 дугаар анги төгсөөд илгээлтээр хөдөө гарч эцэг, эхийн хамт мал малладаг байсан, тухайн үед 16 нас хүрээгүй байсан учраас малын А дансны баримт олдохгүй байна. Архиваас цалингийн тодорхойлолт шүүлгэхэд тухайн үеийн малчин нэгдлийн Баянмандал бригадын цалингийн баримт шилжиж ирээгүй учраас цалингийн тодорхойлолт шүүх боломжгүй гэх хариу өгсөн. Улсын бүртгэлээс ирүүлсэн ХААТР маягтын: нийгмийн бүлэг хэсэгт “малчин анги”, эрхэлдэг ажил хэсэгт “Ардын аж ахуйтан ” гэж бичигдсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-т шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах гэж заасан. Нэхэмжлэгч 8-р анги төгссөнөөс хойш өнөөдрийг хүртэл мал маллаж амьдарч байна. Гэрч нар ч гэсэн нэхэмжлэгчийг илгээлтээр хөдөө гарснаас хойш нэгдэл тарах хүртэл малчнаар ажиллаж байсан гэдгийг гэрчилдэг.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь сумын, аймгийн аварга малчин, аймгийн алдарт уяач болж байсан үнэмлэх, 1993 онд гэр бүл болсноос хойш өнөөдрийн хүртэлх хугацааны малын А дансны баримтуудыг шүүхэд гаргаж өгөх гэсэн боловч 1985-1987 оны малчнаар ажилласан байдлыг тогтооход хамааралгүй гэж үзээд аваагүй учраас насаараа мал аж ахуй эрхэлсэн гэдгээ нотолж чадаагүй.

Давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй баримтуудыг гаргаж өгөх боломжгүй учраас аварга малчин болж байсан баримт, малын А дансны баримтуудыг нотлох баримтаар өгөх боломжгүй байна. Гэрч нарын мэдүүлэг болон Улсын бүртгэлийн хэлтсээс авсан ХААТР маягтаар нэхэмжлэгч 1985-1987 оны хооронд малчнаар ажиллаж байсан гэдэг нь тогтоогдож байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.       

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 152/ШШ2023/00559 дүгээр шийдвэртэй иргэний хэргийг нэхэмжлэгч Ч.Д-гийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Ч.Д нь Увс аймгийн Малчин сумын “Малчин” нэгдлийн Баянмандал бригадад  1985 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан байх бөгөөд анхан шатны шүүхээс хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргасан байна. .

          3. Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэгчийн хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч, мөн хуулийн 133 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгддэг бөгөөд нэхэмжлэлээр үүсэх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас ялгаатай байдаг.

Хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл иргэн, хуулийн этгээд зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах бөгөөд шүүх эсрэг сонирхол бүхий этгээд буюу хариуцагчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, мэтгэлцэх  зарчмын үндсэн дээр маргааныг тасалж, шийдвэр гаргадаг.

Харин эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход нөлөөлөх үйл явдал болон эрх зүйн байдлыг шүүх  онцгой ажиллагааны  журмаар тогтоодог тул энэ тохиолдолд эсрэг тал буюу маргалдагч этгээд байдаггүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 2-т заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал, тухайлбал ажиллаж байсан байдлаа нотлох, батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй,  устаж үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд тухайн үйл явдал болсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах бөгөөд энэ тохиолдолд шүүх  нэхэмжлэгчийн хүсэлтэд үндэслэн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл баримтыг сэргээн тогтооход шаардлагатай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахыг хуулиар хязгаарлаагүй байна.

Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэгт мэтгэлцэх зарчим хэрэгжихгүй тул  шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр болон өөрийн санаачилгаар нотлох баримт цуглуулах, мөн цугларсан  баримт, мэдээллүүдийн нотолгооны ач холбогдлыг хуульд заасан ажиллагаагаар тодруулах, зохигчоос гаргаж ирүүлсэн баримтыг хуульд заасан нотлох баримтын шаардлагад нийцүүлэх зэрэг ажиллагаа явуулах боломжтой байхаар хуульчилсан байна.  

         Анхан шатны шүүх Ч.Д-гийн ажилласан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа дээрх хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагаа явуулах  агуулга, журмыг зөрчсөн гэж дүгнэв.

         Нэхэмжлэгч Ч.Д ажилласан байдлаа тогтоолгох хүсэлтийн шаардлагын үндэслэлээ нотлох зорилгоор тухайн үед хамт ажиллаж байсан гэх Р.Үзмээ, З.Сүхбаатар нараас мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасны дагуу шүүхээс эдгээр хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авсан байх боловч, шүүх шийдвэртээ “гэрчийн мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар давхар нотлогдохгүй байх тул зөвхөн гэрчийн мэдүүлэгт үндэслэн нэхэмжлэгчийг малчнаар ажиллаж байсан гэж дүгнэх боломжгүй” гэх дүгнэлт хийсэн,

        түүнчлэн нэхэмжлэгч Ч.Д-гээс шүүхэд баримтаар гаргаж өгсөн Увс аймгийн Малчин сумын Засаг даргын 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 102 дугаартай албан бичгийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхэд  үнэлэлт дүгнэлт өгөхийн тулд шүүхээс шаардлагатай ажиллагааг хийхгүйгээр, тухайлбал, тухайн баримтын эх сурвалж юу болох, Засаг дарга ямар баримт, мэдээлэлд үндэслэж, уг албан бичгийг үйлдсэнийг шүүх тодруулахгүйгээр нотолгооны ач холбогдолгүй гэж шууд дүгнэж, нотлох баримтаар үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг үнэлэх болон хэрэг хянан шийдвэрлэх  онцгой ажиллагаа явуулах агуулга, зарчимд тус тус нийцээгүй байна.        

          Дээрх байдлаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэлтэй, зөв дүгнэлт хийж чадаагүй, нэхэмжлэгчийн тогтоолгохыг хүсч буй үйл явдал, үйл баримтыг сэргээн тогтооход шаардлагатай ажиллагааг хийгээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг  зөрчсөн үндэслэлд хамаарч байх ба энэхүү зөрчлийг давж заалдах шатны шүүхээс засах боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

4. Нэхэмжлэгч нь ажилласан байдлаа тогтоолгохоор яагаад шүүхэд хандаж буй шалтгаанаа “ Би 1985 оноос эхлэн Малчин сумын Баянмандал бригадад мал маллаж байгаад 1987 оны 10 сард цэрэгт явсан. Энэ хугацаанд мал маллаж байсныг батлах хөдөлмөрийн дэвтэр байхгүй, мөн аймгийн архив газарт цалингийн баримт хадгалагдаагүй тул 1985 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хугацаанд мал маллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон” гэж тайлбарлаж, Малчин сумын Баянмандал бригадад 1985-1987 оны хооронд ажилласан цалингийн баримт архивд хадгалагдаагүй гэх архивын лавлагаа баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.

Нэхэмжлэгч нь тухайн үед  ажиллаж байсныг нь нотлох хөдөлмөрийн дэвтэр, ажилд томилсон, чөлөөлсөн тушаал, цалингийн баримт зэрэг тухайн үеийн хөдөлмөр эрхлэлттэй нь хамааралтай буюу малчнаар ажиллаж байсныг нь шууд нотлох бичмэл баримтууд олдохгүй байгаа учраас шүүхэд хандсан талаараа тайлбарласан байгааг шүүх анхаарч, өөр бусад байдлаар үйл явдлыг нотлох нотолгоо, баримт сэлт цуглуулах ажиллагааг нэхэмжлэгчийн хүсэлтээр болон санаачилгаараа хийж, цугларсан тухайн баримт, нотолгооны хэрэгслүүдийг харилцан хамааралтай, ач холбогдолтой эсэх талаас нь харьцуулан дүгнэж, хүсэлтийн шаардлагыг хангах, эсхүл хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхийг дурдах нь зүйтэй байна.

          5. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Ч.Д-гийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох үндэслэлтэй байна.          

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 13-ны өдрийн 152/ШШ2023/00559 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр  анхан шатны шүүхэд буцаасугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Д-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн далан мянга хоёр зуу/ 70200/  төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Л.АЛТАН

 

              ШҮҮГЧ                                                                Н.МӨНХЖАРГАЛ

 

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Д.ЖАМБАЛСҮРЭН