Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 174

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч Ж.Энхжаргал, хохирогч бөгөөд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ө, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч С.Оюунцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Б.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803 00796 0418 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр 11-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт Б.М, Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Архангай аймгийн Их тамир суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл зургаа, эцэг, эх, эгч, дүүгийн хамт Архангай аймгийн Их тамир сум, 5 дугаар баг, *** тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, *** тоотод түр оршин суудаг, регистрийн дугаар ***, урьд ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.М нь 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 17 цаг 40 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг, баруун турууны замд “Toyota Prius” загварын ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцөлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: а/ уг үйлдлийг гүйцэтгэхдээ хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, б/өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх” гэсэн заалтуудыг зөрчиж гүйцэж түрүүлэх үйлдэл хийснээс эсрэг урсгалд явж байсан Э.Ө жолоочтой “Toyota RAV-4” маркийн ***улсын дугаартай автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гарган Б.С-ийн эрүүл мэндэд хүнд, Э.Ө, Б.Э, Б.Т нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, “Toyota RAV-4” маркийн *** улсын дугаартай автомашины эзэмшигч Б.Э-д 4,348,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Б овогт Б.М нь 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 17 цаг 40 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун турууны замд “Toyota Prius-20” загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцөлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: а/уг үйлдлийг гүйцэтгэхдээ хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, б/өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх.” гэж заасныг зөрчиж гүйцэж түрүүлэх үйлдэл хийсний улмаас эсрэг урсгалд Э.Өы жолоодож явсан “Toyota RAV-4” загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, 6 настай зорчигч Б.С-ийн эрүүл мэндэд хүнд, 3 настай зорчигч Б.Т болон жолооч Э.Ө, зорчигч Б.Э нарын эрүүл мэндэд тус бүр хүндэвтэр хохирол учруулсан, мөн “Toyota RAV-4” загварын ***улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигч Б.Э-д 4,348,000 төгрөгийн гэм хор учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Б.М-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хэргийн үйл баримт, учирсан хохирол, хор уршиг, зүйлчлэлийн талаар маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг;

            2. Хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ө-ы шүүх хуралдаанд өгсөн: “...Би шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно. Энэ хэрэг гардаг өдөр би аавын машинд хүүхдүүдээ суулгаад явсан. Би хүүхдүүдээ машины аюулгүйн бүсийг байнга зүүлгэдэг. Гэхдээ тухайн үед хүүхдүүдээ аюулгүйн бүс зүүлгээгүй учир нь бүсийг зүүлгэхэд хүүхдийн хоолойгоор татчихаад байдаг тул хэвтүүлэх маягтай, куртикээ гэдсэнд нь даруулаад, унтаад яв гэж хэлээд явсан. 361-ын гармаас хойш явахад эсрэг урсгалын машины хурд саарч эхэлсэн. Манай машины өөдөөс цагаан машин юу юугүй урсгал сөрөөд орж ирсэн. Баруун гар талын жалга маш огцом байсан. Зүүн гар тийшээ жалга руу буух гэтэл урд талд нь автобус зогссон, ганц, нэг хүн зогсож байсан тул хүн дайрах юм байна, наад хүн чинь хаазаа гишгээд ухаан алдсан хүн шиг байна, баруун гар тийшээ дайраад жалга руугаа буу гэсэн яриаг асар богино хугацаанд ярьсан. Баруун гар тал руугаа жолоогоо мушгиад жалга руу бууя гээд шороон зам руу орсон. ...Гэтэл нөгөө машин дөхөж ирэнгүүтээ машин улам хүчтэй хаазалж ирсэн. Нэг мэдэхэд ухаан алдаж, хоолой боогдож эхэлсэн. Аав хажуугийн суудалд бүсээ зүүгээгүй байсан тул над дээр унаад миний аваарын дэр гарсан тул аав аваарын дэрэнд жолооны хүрд рүү шахагдсан байсан. Амьсгалахад маш хүнд байсан. ...Тусламж үзүүлэх хүмүүс маш удаж ирсэн. Манай хоёр хүүхэд дуугарахгүй, аав ёолоод орилоод байсан. ....Хүмүүс ирээд миний хүү С-ийг замаас метр орчмын зайтай аваачаад хэвтүүлсэн. Миний охин Т-ийг нэг эмэгтэй бариад учир зүггүй сэгсэрчихсэн миний охин уйлахгүй, гайхсан шокийн байдалтай байсан. Т дээр очиход тархины яс нь харагдаад маш том ангайчихсан байсан...  М-ийг харахад цээжээ тэврээд байсан... Миний хувьд маш их гэмтсэн байсан. Хүүгээ аваад гэмтлийн эмнэлэг дээр ирэхэд араас бага охин, аав 2 түргэн тусламжийн машинтай ирсэн. Дөнгөж хүүгийнхээ толгойн бохирыг цэвэрлүүлээд, оёдол тавиулаад байж байхад манай охины хөл нь хугарсан байна гэж хэлсэн. Охины хөл нь хугарахдаа гуяных нь дунд чөмөг хугарсан байхад чигийг бариад хөдлөхгүй байх байсан. Маш их зөрүүтэй болсон байсан. ...Аавыг хавсарсан гэмтлийн тасагт, охиныг хүүхдийн тасагт, хүүг маань тархины тасагт, би өөрөө хавсарсан гэмтлийн тасагт гээд 4 өөр тасагт хуваагдаж хэвтсэн. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр С-т тархины хүнд гэмтэлтэй гэж гарсан. Хүнд гэмтэлтэй хүнд асаргаа сувилгаанаас шалтгаалж, цаашдын сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэхэд нь нөлөөлнө гэсэн. Охины хувьд хөл нь бага зэрэг хазгай гишгэж байгаа. Чөмгийн ясны голоор төмөр оруулж, бэхэлгээ хийлгэсэн. 12 дугаар сард бэхэлгээг нь авах гэтэл эмч нар дархлаа муу байна, 3 дугаар сар хүртэл хойшлуулъя гэж хэлсэн. С-ийн хувьд хараанд нөлөөлж болзошгүй, ухархай руу орсон. Нүдний гэмтэл нь нүдний ялтсан судас дарагдсан байж магадгүй гээд эх нялхсын нарийн мэргэжлийн нүдний эмнэлэгт үзүүлэх шаардлагатай байгаа. Охины хувьд урьд нь зүгээр ярьдаг байсан, гэтэл одоо ярихдаа муу, ээрч гацаж байгаа. 10 дугаар сарын 20-ны байдлаар 15,750,000 төгрөгийн зардал гарсан байна. Хохирлын задаргааг хэрэгт өгсөн байгаа. Баримт авах боломжгүй маш их зардал гарсан. Үүнээс М 260,000 төгрөгийг Сийн томограф авхуулах үед, 1,000,000 төгрөгийг эмнэлэгт хэвтэж байхад өгсөн. Сүүлд цагаан сарын өмнө миний данс руу 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн. 10 дугаар сарын 20-ны өдрөөс хойш мөн их зардал гарсан боловч баримтгүй байна. Учир нь М-ийг мөнгө өгөх үгүй нь мэдэгдэхгүй байсан болохоор бөөний газраас эм тариагаа баримтгүй авдаг байсан. Одоог хүртэл миний хөлийн хуруу өвддөг, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай боловч дээрх бүх гарсан зардлыг төлбөл хөлийн эмчилгээний төлбөрийг нэхэмжлэхгүй...” гэсэн мэдүүлэг,

3. Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ө-ы  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 17 цагийн орчимд 361-ын гармын хойд дэнжид байрлах зуны гэрээсээ Т.Raw 4 загварын ***УБХ улсын дугаартай автомашиныг жолоодон 30-35 км/цагийн хурдтайгаар хот руу чиглэн явж байсан. Уг автомашинд миний хүү, охин хоёр хойд талын суудал дээр, аав миний хажуу талын урд суудал дээр суугаад Баруун турууны зам өгсөөд ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд явж байтал эсрэг урсгалд цуваад явж байсан автомашин дундаас нэг машин асар хурдтай гараад миний машины өөдөөс чиглээд явсан. Би уг жолоочийг хааз дээрээ гишгээд ухаан алдсан юм байна гэж бодсон. Ингээд машинаа баруун гар тал руу хөвөө хэсэг рүү дараад тоормос гишгээд зогстол уг машин чиглэлээ өөрчлөлгүй шууд ирээд манай машины зүүн талаас мөргөсөн. Нэг мэдэхэд бид машинтайгаа дээш харан унасан байсан...миний хүүгийн толгой хагарч цус гоожиж байсан тул би хүүгээ аваад замын унаанд суугаад Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд хүргүүлсэн. Дараа нь охин, аав хоёр хойноос 103 түргэн тусламжаар ирсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 27-28 дугаар хуудас);

4. Насанд хүрээгүй хохирогч Б.С, Б.Т нарын хууль ёсны төлөөлөгч Э.Ө-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Б.С, Б.Т нарын ээж нь байгаа юм...., уг ослоос Б.С толгойдоо хүнд гэмтэл авч хагалгаанд орсон, ...Б.Т-ийн зүүн хөлийн дунд чөмөг хугарч хагалгаанд орсон байгаа...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 29-31 дүгээр хуудас);

5. Хохирогч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Баруун турууны замд ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд явж байсан, өөдөөс ирж байгаа машинууд жигд хурдтай, түгжирсэн байдалтай байсан. Гэнэт нэг машин өөдөөс урсгал сөрөн манай эгнээнд ороод ирсэн, би уг машиныг жолооч нь ухаан алдсан байна гэж бодож байтал шууд ирээд машины зүүн урд хэсэгт мөргөсөн, тэр үед ухаан алдсан байсан, нэг мэдэхэд миний нүүр рүү цонхны шил үсрээд байсан. Машины гадна талд хүмүүс ирсэн туслах гэж байгаа юм шиг байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 36-37 дугаар хуудас);

6. Иргэний хариуцагч Д.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би түүнд машин жолоодох зөвшөөрөл өгсөн зүйл байхгүй. Харин манай эхнэр Б.М төрсөн дүү Б.М-дээ машин жолоодох зөвшөөрөл өгч явуулсан байсан. Ослын талаар мэдэх зүйл байхгүй. Уг өдрөө хадам дүү Б.М утсаар холбогдож зам тээврийн осол гаргасан талаар мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 44 дүгээр хуудас);

7. Гэрч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр М манай гэрт байж байгаад 16 цагийн орчимд надаас ...машинаа өгчих, би ойрхон гараад ирнэ... гэж хэлээд, би машины түлхүүрийг өгөөд явуулсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 57 дугаар хуудас);

8. Гэрч Х.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гэр бүлийн хамтаар Баянчандманиас Улаанбаатар хот руу Т.Ланд-100 маркийн 50-43 УНЦ улсын дугаартай автомашиныг жолоодон Баруун турууны зам өгсөөд ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүгт явж байтал замын баруун талд осол гарсан байсан..., ... хоёр хүүхэд машины гадна талд гарсан, эрэгтэй, эмэгтэй хоёр хүн машин дотор байсан, би эрэгтэй хүнийг түрүүлж гаргаад дараа нь жолоочийн хамгаалах бүсийг хутгаар огтолж тасалж эмэгтэйг машинаас гаргасан, тэгээд ээж, хүү хоёрыг машиндаа суулгаад Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд хүргэж өгөөд явсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 55,62 дугаар хуудас);

9. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 11356 дугаартай “...Э.С-ийн биед духны ясны баруун хэсгээс баруун нүдний ухархайн дээд хана, суурь яс руу үргэлжилсэн цөмөрсөн ил хугарал, тархины баруун дух хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, духанд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимын доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна..." гэсэн дүгнэлт (хх-ийн 85-86 дугаар хуудас);

10. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 11357 дугаартай “...Э.Ө-ы биед зүүн тавхайн эрхий хурууны угийн шивнүүрийн далд хугарал, зүүн нүдний зовхи, хамар, цээж, хэвлий, цавь хоёр ташаа, гуя, шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт (хх-ийн 88 дугаар хуудас);

11.  Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 11355 дугаартай “...Б.Т-ийн биед зүүн дунд чөмгийн дунд 1/3 зөрөөтэй далд хугарал, зүүн ойд тойгийн хэлтэрхий үүсгэсэн бяцарсан далд хугарал, зүүн хацарт цус хуралт, баруун хацар, уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт (хх-ийн 83 дугаар хуудас);

12. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 11358 дугаартай “...Б.Э-ийн биед зүүн хацрын нум, зүүн нүдний ухархайн доод, гадна, дотор хананы нийлмэл цөмөрсөн далд хугарал, хамрын ясны далд хугарал, зүүн 10 дугаар хавирганы зөрүүгүй, 11,12 дугаар хавирганы зөрөөтэй далд хугарал, тархи доргилт, нүүр толгойн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, уруулд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт (хх-ийн 90 дүгээр хуудас);

13. Техникийн шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 619 дугаартай “...Уг зам тээврийн осол нь “Toyota Prius-20” загварын *** улсын дугаартай автомашины жолооч Б.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцөлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: а/ уг үйлдлийг гүйцэтгэхдээ хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, б/өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байх үндэслэлтэй байна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 104-105 дугаар хуудас);

14. “Ашид билгүүн” ХХК-ы 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн “...Toyota RAV-4 загварын *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл хохирлын үнэлгээ шууд зардлын дүн 3,698,000 төгрөг, шууд бус зардлын дүн 650,000 төгрөг, нийт 4,348,000 төгрөг байна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 95-97 дугаар хуудас);

15. 2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтогдсон нөхцөл байдал, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 5-13 дугаар хуудас), 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилт хийсэн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 20-23 дугаар хуудас); 

16. Шүүгдэгч Б.М-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 73 дугаар хуудас), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-ийн 73 дүгээр хуудас), урьд ял шийтгүүлж байгаагүй талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 225 дугаар хуудас);

17. Шүүгдэгч Б.М-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Санал хүсэлт, ярих зүйл байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд Toyota Kluger загварын 46-53 УБО улсын дугаартай автомашиныг 10,500,000 төгрөгөөр тооцож, мөн 1,200,000 гаруй төгрөг бэлнээр хохирогч талд өгсөн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 71 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтүүдээр насан хүрээгүй хохирогч Э.С-ийн биед хүнд, хохирогч насанд хүрээгүй хохирогч Б.Т болон хохирогч Э.Ө, Б.Э нарын биед хүндэвтэр зэргийн гэмтэл тус бүр учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтүүдийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд нэг хүний эрүүл мэндэд хүнд, гурван хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэв.

Шүүгдэгч Б.М нь 18 настай бөгөөд “Toyota Prius-20” загварын ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байсан тул тэрээр энэ гэмт хэргийн субъект болно.

Тэрээр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараах нөхцөлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино: а/уг үйлдлийг гүйцэтгэхдээ хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх, б/өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх.” гэж заасныг зөрчиж гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн болох нь Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн бүрэлдэхүүний явуулсан зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (хх 5-13, 17-23), Тээврийн цагдаагийн албан техникийн шинжээчийн 691 дугаартай дүгнэлт (хх 104-105) болон хохирогч, гэрч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч Б.М-ийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгийг яллах үндэслэл болголоо.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас гурван хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн үндсэн шинжийг хангах бөгөөд нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болж байна.

Шүүгдэгч Б.М замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас гурван хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсаншинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Б.М нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргахгүй тул шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцоно гэсэн болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Б.М-ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг гурван хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хор уршгийн талаарх дүгнэлтэд: “...Хавтаст хэргийн 219 дүгээр хуудсанд авагдсан нийт нэхэмжилж байгаа хохирлоос Сийн хувьд ажил сургууль завсардсаны 1,600,000 төгрөг нэхэмжилж байгаа нь нотлох баримтын шаардлага хангахгүй, ийм хэмжээний мөнгө төлсөн гэдэг нь нотлогдохгүй байна. Мөн өдөр өнжүүлэхэд 320,000 төгрөг төлсөн гэж байгааг үндэслэлгүй, мөн баримтгүй байна гэж үзэж байна. Ө, Ө, Ц нар нь Ховдоос ирсэн зардлын мөнгийг нэхэмжилж байгааг төлөх үндэслэлгүй. Тухайн үед яагаад ийм олон хүмүүс ирсэн талаар асуухад Ө Дарханд манай нэг эгч харвасан тул ирсэн гэдэг тайлбарыг өгч байсан. Иймд ослын улмаас ирсэн үү гэдэг нь эргэлзээтэй. Иргэний хуулийн 64.2 дугаар зүйлд зааснаар төлөөлөх эрх Өд олгогдоогүй тул уг зардлын мөнгийг Ө нэхэмжлэх эрхгүй. С-ийн 1,777,140 төгрөгөөс 574,000 төгрөгийг хасаад 1,202,540 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Цаашид гарах зардалд 6,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Харин нотлох баримтаа бүрдүүлж, иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй. Ө болон түүний нөхрийн 3 сар ажлаасаа чөлөөлөгдсөн талаар даргын тушаал хэрэг байхгүй тул 3,912,000 төгрөгийг төлөх боломжгүй, ажил, сургууль завсардсан 5,512,000 төгрөгийг ч мөн төлөх үндэслэлгүй. Ө нь 3 сарын хугацаанд листтэй байсан талаар баримт хэрэгт байна. Мөн нөхөр нь “Соко” ХХК-д ажилладаг, 1,200,000 төгрөг авдаг гэж байна. Хэдэн төгрөг нь өөрийнх нь хэдэн төгрөг нь нөхрийнх нь гэдэг нь тогтоогдохгүй байна. Нөхрийнх нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт хэрэгт авагдаагүй. Мөн тэдний өвчтэй чөлөөтэй байсан талаарх тушаал, шийдвэр нь хэрэгт алга. С-ийн бодитой гарсан зардлаас 574,600 төгрөгийг, Тээс Ө гэх хүний “Hunnu air”-р ирсэн тээврийн зардлыг, мөн хохирогч Э-д төлсөн гэх 315,000 төгрөгийг хасуулах саналтай байна. Төлбөл зохих төлбөр нь 2,294,119 төгрөг гэж үзэж 13,456,180 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэв.

Улсын яллагч хохирлын талаарх дүгнэлтэд: “...Хохирогч Э-д учирсан хохирлыг харилцан тохиролцох замаар эд хөрөнгөөр төлсөн. Хохирогч Ө, Т, С нарын эмчилгээний зардлын баримт хавтаст хэрэгт авагдсан. Бодит зардлыг нэгтгэн тооцоход 3,918,618 төгрөг болж байна. Хохирогчийн гарсан бодит зардалд хохирогчийн ээж, эгч нарын замын зардал орсон. Үүнээс шүүгдэгч 2,760,000 төгрөгийг төлсөн. Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь цаашид гарах эмчилгээний зардал 6,000,000 төгрөг, гурван сарын цалингийн зөрөөгөө нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, харин хохирогч С-ийн өдөр өнжүүлэхийн зардал 320,000 төгрөгийг нэхэмжлэхийн хүрээнд шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэв.

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус заасан тул энэ гэмт хэргийн улмаас гурван хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь гэмт хэргийн хохирол буюу шууд үр дагавар болох бөгөөд эдгээр эрүүл мэндийн хохирлын улмаас үүссэн гэм хорыг энэ гэмт хэргийн хор уршигт тооцно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасан тул шүүгдэгч Б.М нь хохирогч нарт учирсан эрүүл мэндийн хохирлын үр дагавар болох хор уршгийг нөхөн төлөх үүрэгтэй байна.

Шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хор уршиг нь хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар 3,925,619 төгрөг байх бөгөөд үүнээс төлөгдсөн 2,760,000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 1,165,619 төгрөгийг шүүгдэгч Б.М-ээс гаргуулан хохирогч, насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Э.Ө-д олгуулахаар шийдвэрлэлээ.

Нэг гэр бүлийн дөрвөн хүн нэгэн зэрэг гэмтэж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан тул Э.Ө-ы хувьд төрсөн эх, төрсөн дүү нар, насанд хүрээгүй хохирогч нарын хувьд эмэг эх, нагац эгч нар болох ойр дотны Ш.Ц, Э.Ө, Э.Ө нар Улаанбаатар хотод ирж хохирогч нарыг асарч, сувилах нь зүйн хэрэг тул тэдний замын зардлыг Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар зайлшгүй зардал гэж үзэж шүүгдэгчээс гаргуулахаар тогтоов.

            Харин хохирогч, насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн цаашид эмчилгээ хийлгэх болон асрах сувилах зардал, мөн дутуу авсан цалин хөлс нь нотлох баримтаар нотлогдохгүй, тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхиж, хохирогч, насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Э.Ө цаашид гарах эмчилгээний болон асарч сувилах зардал, мөн дутуу авсан цалин хөлсөө иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Шүүх шүүгдэгч Б.М-ийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг гурван хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, нөхөн төлөх хохирлын хэр хэмжээг тогтоосны дараа түүний өмгөөлөгч шүүх хуралдааныг ажлын тав хоногийн хугацаагаар завсарлуулах хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдаан завсарлах хугацаанд үлдэгдэл 1,165,619 төгрөгийг сайн дураараа нөхөн төлсөн болно.

            Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т “Жолооч дараах үүрэг хүлээнэ: гээд  б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэж, мөн 23.8-д Суудлын автомашинд болон ачааны автомашины жолоочийн бүхээгт 10 хүртэлх насны хүүхдийг тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөд нь тохирсон зориулалтын нэмэгдэл суудал буюу хамгаалах хэрэгсэл ашиглана. Хүүхдийн нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэл нь MNS ISO 13216 (хүүхдийн хамгаалах систем) стандартын шаардлагад нийцсэн байх бөгөөд түүнийг тээврийн хэрэгсэлд байрлуулж ашиглахдаа үйлдвэрлэгчээс тогтоосон зааврыг баримтална.гэж тус тус заасан атал жолооч Э.Ө нь “Toyota RAV-4” загварын ***улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа зөвхөн өөрөө хамгаалах бүс зүүж, 10 нас хүрээгүй хоёр хүүхдийг нэмэгдэл суудал, хамгаалах хэрэгсэлгүйгээр тээвэрлэж явсан нь хүүхдүүдийн эрүүл мэндэд учирсан хохирол нэмэгдэхэд шууд нөлөөлсөн гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.М нь хохирогч болон насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч нарт учирсан хохирлыг шүүхээс тогтоосон хэмжээгээр сайн дурын үндсэн дээр нөхөн төлсөн байх тул эрүүгийн шүүх хүний эрүүл мэндэд учирсан хохирлоос үүдэлтэй хор уршгийн хэмжээг хөндөөгүй, хуулийн дээрх заалтыг хэрэглээгүй бөгөөд уг асуудлыг цаашид гарах эмчилгээний болон бусад зардлын хүрээнд иргэний шүүхэд нээлттэй үлдээв.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:   

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, энэ шүүх хуралдаанаас тогтоосон гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь гурван жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...Миний үйлчлүүлэгч анхнаасаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээсэн. Энэ гэмт хэрэг нь болгоомжгүйгээр үйлдэгддэг, хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаардаг. Гэмт хэрэг гарахад миний үйлчлүүлэгч жолоо барих дадлага туршлагагүй байсан нь нөлөөлсөн. Мөн хүргэн ахаасаа айж, машиныг нь хурдан өгөх гэж яарч байсан нөхцөл байдал байна. Гэмт хэрэг гарсан үеэс эхлэн хохирогчийн талд тусалсан. Байнга эмнэлэг дээр нь очиж, эргэж,  хоол, унд хүртэл аваачиж өгч, эм тариа, эмчилгээний зардлыг төлж байсан. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас гарсан эмчилгээний болон бусад туслалцаа үзүүлсэн, шүүхээс тогтоосон хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэрэг гарахад хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн буруутай үйлдэл нөлөөлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шүүх харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар миний үйлчлүүлэгчийг нийгмээс тусгаарлахгүйгээр тэнсэж өгнө үү. Тэнсэх нь цаашид хохирогч нарыг хохирлыг барагдуулахад ч тустай гэв...” гэв.

Шүүх гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд учирсан хохирлын хэр хэмжээ нэмэгдсэн гэж дүгнэсэн бөгөөд шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн зүй бус болон хууль зөрчсөн ямар нэгэн үйлдэл нөлөөлөөгүй гэж үзсэн болохыг шүүгдэгчийн өмгөөлөгчид тайлбарлах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтад заасан “тэнсэх” гэсэн ойлголтыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх байдлаар хэрэглэхийг хууль зүйн агуулгаар нь тодорхойлсон зүйл, хэсэг юм. Мөн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэхээр хуульчилсан тул шүүх өмгөөлөгчөөс гаргасан “...тэнсэж өгнө үү...” гэсэн саналыг хүлээн авах боломжгүй юм. Тодруулбал, эрүүгийн хариуцлага нь ял болон албадлагын арга хэмжээнээс бүрдэх бөгөөд шүүх зөвхөн тэнсэх шийдвэр гаргавал эрүүгийн хариуцлагын асуудал шийдвэрлэгдэхгүй үлдэнэ.

Шүүгдэгч Б.М нь хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бөгөөд тэрээр гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирол болох шүүхээс тогтоосон хор уршгийг нөхөн төлсөн, цаашид гарах хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан хуулийн шаардлагыг хангаж байх тул тухайн зүйл, заалтыг журамлаж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” хэмээн хуульчилсан тул шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнийг цээрлүүлэхээс гадна гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, цаашид гарах хор уршгийг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгыг тал бүрээс нь заавал харгалзан үзэх ёстойг дурдах нь зүйн хэрэг.  

Шүүгдэгч Б.М нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна.” гэж зааснаар түүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял заавал оногдуулна.

Иймд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.М-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын “зөрчигдсөн эрхийг сэргээх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх” зорилгод бүрэн нийцнэ хэмээн дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.М-д оногдуулсан эрх хасах ял дээр нэмж мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3.4 дэх заалтад зааснаар “тэнссэн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох” хязгаарлалт тогтоох нь шүүгдэгчийг нийгэмшүүлэхэд үр нөлөөтэй гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг нь энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхисон насанд хүрээгүй хохирогч нарт цаашид хийлгэх эмчилгээ, сувилгааны зардал болон хохирогч Э.Ө, түүний нөхөр Ж.Б нарын дутуу авсан цалингийн зөрөөгөөр хязгаарлагдана.

Шүүгдэгч Б.М нь дээр дурдсан хор уршгийг хохирогч, насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Э.Ө-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр үл маргах журмаар шийдвэрлэх боломжтой бөгөөд хэрэв харилцан тохироогүй бол түүний энэ тогтоолоор хүлээсэн учирсан хохирлыг арилгах үүрэг нь иргэний шүүхээс тогтоосон хэмжээгээр тодорхойлогдоно.

Шүүгдэгч Б.М нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол, эсхүл тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт нь хуульд заасан үндсэн ял оногдуулахыг сануулахын зэрэгцээ энэ тогтоол түүнд хуульд заасан боломж олгохоос гадна хохирогч нарын болон нийгмийн өмнө онцгой үүрэг, хариуцлага, итгэл найдвар хүлээлгэсэн болохыг анхааруулж байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний 1233308 дугаартай жолоочийн үнэмлэх хүргэгдэн ирсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овогт Б.М-ийгавто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг нэг хүний эрүүл мэндэд хүнд, гурван хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.М-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Б.М-д оногдуулсан эрх хасах ял дээр нэмж мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах” үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3.4 дэх заалтад зааснаар “тэнссэн хугацаанд тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох” хязгаарлалт тогтоосугай.

4.Шүүгдэгч Б.М шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, эсхүл тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

6.Хохирогч, насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Э.Ө цаашид гарах эмчилгээний болон асарч сувилах зардал, дутуу авсан цалин хөлсөө нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.М-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, түүний *** дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар уламжлан зохих байгууллагад шилжүүлсүгэй.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.М-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

ШҮҮГЧ                                                Б.БАТАА