Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 224/МА2024/00004

 

 

 

 

 

 

 

2024        01          18                                        224/МА2024/00004

 

 

Г.Г-ын нэхэмжлэлтэй, хариуцагч

Л.О болон Хилийн цэргийн 0245 дугаар ангид

холбогдох иргэний хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, 

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 152/ШШ2023/00546 дугаар шийдвэртэй,

Г.Г-ын нэхэмжлэлтэй, Л.О болон Хилийн цэргийн 0245 дугаар ангид холбогдох, хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, хариуцагч хилийн цэргийн 0245 дугаар ангиас 21,800,000 төгрөг гаргуулах тухай үндсэн,  худалдах, худалдан авах гэрээний дагуу байрны өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг нэхэмжлэгч Г.Г-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, түүний өмгөөлөгч Т.Уянга нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, Б.Т, хариуцагчийн өмгөөлөгч Т.Уянга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Г-ын нэхэмжлэлийн шаардлага: Л.О болон Хилийн цэргийн 0245 дугаар ангийн хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, хариуцагч Хилийн цэргийн 0245 дугаар ангиас 21,800,000 төгрөг гаргуулах тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл:  “Миний бие Увс аймаг, Улаангом сум, 11 дүгээр баг, 3/12 байр, 5 тоот хаягт байрлах, 36 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-1520001381 дугаар, гэрчилгээний 000229684 дугаар бүхий 2 өрөө орон сууцыг хууль ёсоор өмчлөх эрхтэй. Үүнийг монгол улсын Улсын бүртгэлийн газраас албан ёсоор гэрчилж гэрчилгээ олгосон байдаг. Миний бие анх 1999 онд тус байрны үнэ болох 800.000 төгрөгийг Ж.Ш-д төлсөн ч гэсэн байрны ордерыг хүнд өгсөн гээд нэр дээрээ шилжүүлэн авч чадаагүй байж байгаад 2008 оны 3 дугаар сард даралт харваж эмчлүүлж байгаад Улаанбаатар хот руу 2009 онд нүүх шаардлага гарсан. Тухайн үед ажиллаж байсан хилийн цэргийн  0245 дугаар ангийн жижүүр Д.Д-т онгоц нисэх болсон тул байрны түлхүүрээ үлдээсэн.

Ингээд олон жил эмчилгээ хийлгэж байгаад байрны өмчлөлийн асуудлаар шүүхээр орж, миний бие Ж.Ш-д 2003 онд 228.022 төгрөг нэмж төлсөн ба 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүхийн шийдвэрээр тус орон сууцыг өмчлөх эрхтэй болсон.

2021 оны 12 дугаар сарын эхээр өөрийн байрандаа амьдрахаар Увс аймагт очиж Л.О-г миний орон сууцыг чөлөөлж өгөхийг шаардахад чөлөөлж өгөхгүй гэсэн. Уг байрны өмчлөлийн асуудлаар тухайн үед ямар нэгэн маргаан үүсэж байгаагүй, Хилийн цэргийн ангид орон сууцаа хүлээлгэж өгөөгүй бөгөөд орон сууц хүлээлгэж өгсөн ямар нэгэн баримт байхгүй байдаг.

Би өвчин зовлонтой, үхэл хагацал үзэж гэр бүлийн хүнээ алдсан, өөрөө цус харваж ухаантай, ухаангүй байх үед Хилийн цэргийн нэг ангийн захирагчийн шийдвэрээр хувь хүний өмчийг хууль бусаар эзэмшиж байгаад гүнээ харамсаж гомдож байна. Би ойлгохдоо орон нутагт зах хязгаар газар томилолтоор ирж байгаа албан хаагчид нэг нь ч гэсэн миний байранд амьдарч түрээсийн хэдэн төгрөг өгвөл эм тариа, эмчилгээний зардалд хэрэгтэй болов уу гэж бодож итгэж найдаж байсан юм.

 Иймд хуульд заасны дагуу Л.О болон Хилийн цэргийн 0245 дугаар ангийн хууль бус эзэмшлээс миний орон сууцыг бүхэлд нь албадан чөлөөлж өгнө үү” гэжээ.

2.1. Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага: Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Хилийн цэргийн 0245 дугаар ангиас 21.800.000 төгрөг гаргуулахаар шаардсан  байна.

3. Хариуцагчийн татгалзал: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах тухай.

3.1. Хариуцагч Л.О-гийн татгалзлын үндэслэл:  “ Миний бие иргэн Г-гийн Г-оос гаргасан нэхэмжлэлтэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие Хил хамгаалах ерөнхий газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн тушаалаар хилийн 0245 дугаар ангийн захирагчийн орлогч, сэтгэл зүй, мэдээлэл, соёл сурталчилгааны албаны даргаар томилогдон одоог хүртэл тус ангид ажиллаж байна.

Увс аймаг, Улаангом сум, 11 дүгээр баг, 3-12 байр, 1 дүгээр орц, 05 тоот хаягт байрлах 36 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцанд 2020 оны 07 дугаар сараас одоог хүртэл албан тушаалын байранд амьдарч байгаа бөгөөд тус байр нь хилийн 0245 дугаар ангийн албаны мэдлийн орон сууц тул иргэн Гэндэнгийн Гоос гаргасан нэхэмжлэлийг хүлээж авах боломжгүй гэж үзэж татгалзаж байна” гэжээ.

3.2. Хариуцагч Хилийн цэргийн 0245-р ангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, А.А нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ Хилийн цэргийн 0245 дугаар анги нь иргэн Г.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Г.Г нь 1998-2009 оны хооронд хилийн 0245 дугаар ангид Захирлын орлогч, соёл сурталчилгааны албаны дарга, захирагчийн орлогч, ар тал хангалтын даргаар тус тус ажиллаж байсан.

Учир нь Г.Г нь 1999 онд цэргийн хүнсэнд мал өгнө гээд тус ангиас бэлэн мөнгө авсан байх бөгөөд Сагил сумын Боршоо багийн зусланд зусаж байсан хүргэнээсээ 3 тэмээ авсан байдаг. Тухайн үед 2 тэмээ нь 1 км хүрэхгүй газар яваад буцаж зугтан өөрийн сүрэгтээ нийлснийг тэмээний эзэнд хэлээд 1 тэмээг цааш авч явсан. Улмаар оны эцэс болж тооцоо хийгдэхэд Г.Г нь манай байгууллагад өртэй гарч, уг өрөндөө 2 өрөө орон сууцаа өөрөө хүлээн зөвшөөрч өгсөн.

1999 оны өвөл манай албанаас 300,000 төгрөгийн зөрүү мөнгийг өгсөн ба нэхэмжлэгч ч үүнийгээ нэхэмжлэл болон тайлбартаа хэлсэн байдаг. Энэ байр манай ангийн дансанд 1999 оноос одоог хүртэл 24 жил болж байна. Тухайн үед Хилийн цэргийн 0245 дугаар ангид Г.Г нь даргын зөвлөлийн гишүүн, удирдах албан тушаалд ажиллаж байр эзэмших эрхтэй албан тушаалуудыг хашиж байсан тул тэрээр ажлаа хийж байх хугацаандаа албаны байрандаа амьдарч байгаад 2009 оны 6 дугаар сард шилжин явахдаа байраа хүлээлгэн өгсөн. Уг байранд 2009 оноос хойш хилийн цэргийн 0245 дугаар ангийн сургалтын албаны дарга, дэд хурандаа Д.Д, ахмад Б.П, Эрүүл мэндийн төвийн дарга, ахлах дэслэгч Х.А, цэргийн сургалт, сахилга, албаны зохион байгуулалтын тасгийн дарга, ахмад Б.Э нар амьдарч байсан, одоогоор захирагчийн захиргаа хариуцсан орлогч, дэд хурандаа Л.О гэрээ байгуулж тус байранд орж өнөөг хүртэл амьдарч байна” гэжээ.

3.3 Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Нэхэмжлэгч Х.Гоос “Худалдах худалдан авах гэрээ”-ний дагуу Увс аймгийн Улаангом сумын  11 дүгээр баг, 3-12 дугаар байрны  36 м2 талбайтай 5 тоот  байрны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгах тухай.

         4. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 152/ШШ2023/00546 дугаар шийдвэрээр:

          - Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т зааснаар нэхэмжлэгч Г.Гын Увс аймгийн Улаангом сумын 5-р баг, 3-12 айлын 5 тоот, 36 мкв хэмжээтэй, орон сууц, Ү-1520001381 дугаартай, гэрчилгээний 000229684 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Хилийн цэргийн 0245 дугаар анги болон Л.О нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж,

         - Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Хилийн цэргийн 0245 дугаар ангиас 21,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Гын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-т заасныг баримтлан Хилийн цэргийн 0245 дугаар ангийн худалдах, худалдан авах гэрээний дагуу Увс аймгийн Улаангом сумын 11-р баг, 3/12 байр, 5 тоот хаягт байрлах, 36 м2 талбайтай, байрны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Гын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 351,650 төгрөгөөс Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар илүү төлсөн 14,500 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, 337,150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Хилийн Цэргийн 0245 дугаар анги болон Л.О нараас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Г-д олгож, хариуцагч Хилийн Цэргийн 0245 дугаар ангийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэсэн байна.

5. Хариуцагч ХЦ-ийн 0245-р ангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А болон өмгөөлөгч Т.Уянга нар хамтран давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 546 дугаар шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т “шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь хангалттай дүгнээгүй гэж үзэж байна.

Шүүх шийдвэртээ: “...хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүснэ. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасны дагуу нэхэмжлэгч Г.Г-ын бусдын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлөхийг шаардах хөөн хэлэлцэх 10 жилийн хугацааг түүний үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ авсан 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолоход шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.” гэжээ.

Гэтэл иргэний хуулийн 76 дугаар зүйлд заавал өмчлөх эрх олж авснаар нэхэмжлэгчийн эрх зөрчигдөхөөр, шаардлага гаргах эрх үүсэхээр зохицуулаагүй байна.Хэдий нэхэмжлэгч нь 2014 онд маргаан бүхий байрны өмчлөх эрхийг олж авсан ч үүнээс өмнө анхны өмчлөгч Шгаас байрыг худалдан авч өөрийн эзэмшилд авснаар байрны эзэмшигч болсон байдаг. Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар эзэмшигч нь гуравдагч этгээдийн хувьд өмчлөгч гэж тооцогддог тул нэхэмжлэгч өмчлөгч, эзэмшигчийн аль нь байснаас үл хамааран өөрийн эзэмшил, өмчлөлийн хөрөнгөтэй холбоотой эрх нь зөрчигдсөн тохиолдолд эрхээ хамгаалуулах, шаардлага гаргах эрхтэй байсан. Гэтэл нэхэмжлэгч нь өөрийнхөн байрыг Хилийн цэргийн анги эзэмшээд байгааг мэдсэн атлаа 24 жилийн хугацаанд хүлээн зөвшөөрч эзэмшүүлсээр ирсэн байхад анхан шатны шүүх тухайн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр зөвхөн өмчлөх эрхийн гэрчилгээ олж авсан үеэс хөөн хэлэлцэх хугацааг буюу шаардах эрх үүссэн хугацааг тодорхойлсон нь үндэслэлгүй.

Түүнчлэн “Хилийн цэргийн 0245-р анги болон Г.Г нарын хооронд ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй, Хилийн цэргийн 0245-р ангийг өмчлөгч, эзэмшигчээр тогтоосон ямар нэгэн шийдвэргүй байна.” гэж дүгнэсэн. Гэтэл “нэхэмжлэгч Хилийн цэргийн 0245-р ангид маргаан бүхий байрыг гэрээний үндсэн дээр өгсөн тул Шд байрыг буцаан олгох боломжгүй байгаа тул байрны үлдэгдэл төлбөрийг Г.Гоос гаргуулан Шд олгосугай” гэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт байхад анхаарч үзэхгүйгээр талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй, ямар нэгэн шийдвэр байхгүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна. Мөн анхан шатны шүүх Хилийн цэргийн 0245-р анги ямар үндэслэлээр, яагаад 24 жилийн хугацаанд тухайн маргаан бүхий байрыг эзэмшээд байсныг анхаарч үзэж, эзэмшсэн үйлдлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

Иймд Увс аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 546 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С давж заалдах шатны шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг 2014 оны 3 дугаар сарын 11-ний өдөр олгосон. Өөрөөр хэлбэл Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс нэхэмжлэгч Г.Гыг Улаангом сумын 5 дугаар багийн 3-12 айлын 5 тоотод байршилтай 35 мкв орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлийн Ү1520001381 дугаарт бүртгэж, 000229687 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон.

Гэрчилгээ олгосноор нэхэмжлэгч Г.Г бусдын хууль бус эзэмшлээс өөрийн өмчлөлийн орон сууцыг чөлөөлүүлэх эрх үүссэн. Гэтэл хариуцагч тал Иргэний хуулийн 76 дугаар зүйлд заавал өмчлөх эрх олж авснаар нэхэмжлэгчийн шаардах эрх үүснэ гэж үзсэн нь үндэслэлгүй гэсэн агуулгатай гомдол гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

Маргаан бүхий орон сууцыг Г.Г-д өмчлөх эрх үүссэн гэдгийг нотлосон баримтууд хэрэгт байгаа. Т.Уянга өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А нар нь манай аавыг тухайн байрыг булааж, дээрэмдэж авсан мэтээр зүй бусаар хэлж байна. Миний аав тийм зан араншинтай хүн биш. Тухайн үед худалдах худалдан авах гэрээ хийдэггүй байсан учраас аман байдлаар хэлэлцэж тохирсон. 2008 онд манай аав даралт харвасны улмаас хөдөлмөрийн чадвараа 65 хувь алдаж, үг хэлж, бичиж, ярьж, явж чадахгүй болсон. 2020 оноос аавын биеийн байдал дээрдэж нутагтаа очиж амьдаръя гэж ирсэн” гэв.

7. Хариуцагч ХЦ-ийн 0245-р ангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай Хилийн цэргийн 0245-р ангид 10 орчим албаны орон сууц байдаг. Энэ албаны орон сууцанд даргын зөвлөлийн гишүүд болон эрх бүхий албан тушаалтнууд Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу амьдардаг. Хэрвээ манай байгууллага нь энэ байраа алдчихвал дараа дараагийн байраа алдах нөхцөл байдал бий болж байна.

Одоо миний бие нь хүний нөөцийн албаны даргын албан тушаалыг хашдаг учраас албаны орон сууцанд амьдардаг. Уг байр манай байгууллагад ажиллаж байсан ахмад хилчний нэр дээр байдаг. Яагаад гэвэл Улсын бүртгэлийн хэлтэс дээр тэмдэглэгээ хийгдсэн байгаа. Ийм учраас манай байгууллага дараа дараагийн байраа алдах магадлалтай байна” гэв.

8. Хариуцагч ХЦ-ийн 0245-р ангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ байр нь 1999 оноос хойш маргаантай явж байна. 2003 оны Ш-тай холбоотой шүүх хурал дээр Г нь “Би энэ байрыг хилийн цэрэгт өрөндөө өгсөн учраас надад хамааралгүй” гэж хэлсэн байсан.  

Би албан тушаалын хувьд Хилийн цэргийн 0245-р ангийн бүх албаны орон сууц, барилга байгууламж, зэвсэг, техник хэрэгслийг бүгдийг хариуцан ажилладаг. Тухайн үед Г.Г нь миний эрхэлж байсан албан тушаалыг хашиж байсан. Манай хилийн цэргийн байгууллагын орон сууцууд бүгд хувь хүний нэр дээр байдаг.

Бид нар төрдөө тангараг өргөсөн төрийн албан хаагч хүмүүс. Бид ажиллаж байх хугацаандаа төрийн нууцтай танилцаж баталгаа гаргадаг. Албаны журмаар олж авсан мэдээллээ өөртэй ашигтайгаар ашигласан гэж үзэж байна. Хавтаст хэрэгт цугларсан баримтуудтай танилцахад Увс аймаг 2003 оноос эхлэн төрийн өмчийн орон сууцуудаа хувьчилж эхэлсэн.

Төрийн өмчийн байруудыг энэ мэтээр хүмүүс хувьдаа завшиж авах нөхцөл боломж бүрдсэн гэж бодож байна. Бид нар ахмад хилчдээсээ үлгэр дуурайлал авч явдаг. Ажлын байрны тодорхойлолт, чиг үүрэгт заасан ажлаа хийж, албан тушаалаа хашиж байх хугацаандаа тухайн байрыг Хилийн цэргийн 0245-р ангид шилжүүлж өгөөгүй” гэв.

9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа : “ Хариуцагч талаас 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 546 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Анхан шатны шүүх нь хэргийг хянан хэлэлцэхдээ талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн шийдвэр гаргасан тул шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч Г.Год 2014 оны 3 дугаар сарын 11-ны өдөр маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр гэрчилгээ олгогдсон. Гэрчилгээ олгогдсоноор хууль бусаар эзэмшиж байгаа эзэмшигч нараас хуульд заасан эрхийнхээ дагуу шаардлага гаргасан.

 Өөрөөр хэлбэл, иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны эцэст нэхэмжлэгчийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн үндэслэл нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтад үндэслэн шийдвэр гаргасан учраас хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

10. Хариуцагчийн өмгөөлөгч Т.Уянга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа : “...Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.Г нь Хилийн цэргийн 0245 дугаар ангиас 1999 онд нэг сая төгрөг аваад түлхүүрээ шилжүүлж өгсөн боловч өмчлөх эрхийг нь шилжүүлж өгөөгүй байна.

Өөрөөр хэлбэл, өмчлөгч болоогүй байна гэж үзсэн. Өмчлөх эрхийг Г.Г Ж.Шгаас шууд шилжүүлж авч байгаа нь Улсын бүртгэлийн тухай хуулийг зөрчөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэсэн шийдвэрийг гарсан.

Харин энэ эзэмшээд байгаа асуудлыг хууль ёсных юу, хууль бус юу гэдгийг иргэний хэргийн шүүх шийдвэрлэх байсан. Гэтэл анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан баримтуудыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүй.

 Иргэний хуулийн 75 дугаар зүйлд хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа 10 жил байна гэж заасан. Тухайн хугацааг хэдий үеэс тоолох бэ гэвэл Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т заасны дагуу эрх нь зөрчигдсөн үеэс тоолж эхлэхээр зохицуулсан байна.

Тэгвэл нэхэмжлэгчийн эрх нь хэзээ зөрчигдсөн бэ гэвэл Ж.Ш гэдэг хүнээс худалдан авч хууль ёсны  эзэмшигч болсон учраас Хилийн цэргийн 0245 дугаар анги нь 1999 онд тухайн байрыг ашиглаж эхэлснээс хойш нэхэмжлэгчийн эрх нь зөрчигдсөн. Үүнийг нэхэмжлэгч мэдэж байсан, хүлээн зөвшөөрч байсан учраас 2009 онд Хилийн цэргийн ангиас 0252 дугаар анги руу шилжиж явахдаа байрны түлхүүрээ тухайн үеийн эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэж өгөөд байраа сулласан байдаг.

Нэхэмжлэгч нь үүнийг тайлбарлахдаа, би эрүүл мэндийн шалтгааны улмаас зайлшгүй шаардлага гараад яарч сандраад явсан гэж хэлсэн. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд 2009 онд шилжүүлж өгсөн гэж хэлсэн ч өөрөө эзэмшиж байсан учраас түүнээс хойших хугацааг нэхэмжлэгчид ашигтайгаар тайлбарласан. 2009 оноос хойш Г.Г нь өвчтэй байсан, хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг нотолсон баримт байдаггүй. Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн өвчний баримтуудыг аваад үзэхэд 2020 оноос хойш эмчилгээ хийлгэсэн баримтууд байдаг. Гэтэл 2009 оноос 2020 он хүртэл хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх боломжгүй байна.

Мөн эзэмшигч байсан ч, өмчлөгч байсан ч Иргэний хуулийн 91 дүгээр зүйл болон 106 дугаар зүйлд зааснаар хууль эзэмшигч ёсны эзэмшигч, гуравдагч этгээдийн хувьд өмчлөгчийн адил эрх эдэлж үүрэг хүлээдэг субъект байдаг. Тухайн өмчлөх эрхийг хүлээж аваагүй байсан ч 2009 оноос хойш хилийн цэргийн 0245 ангийн байрыг ашиглаж байгаагаа мэдэж байсан учраас миний эрхийг зөрчиж байна гэж үзэж холбогдох байгууллагад хандах боломж байсан. Гэтэл энэ эрхээ эдлээгүй байдаг. Ийм учраас Иргэний хуулийн 76 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэж байна.

Анхан шатны шүүхээс хариуцагч талаас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ талуудын хооронд бичгээр байгуулсан гэрээ байхгүй учраас эдгээр хүмүүсийн хооронд гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй байна гэж дүгнэсэн.

Г.Г болон Хилийн цэргийн 0245-р ангийн хооронд гэрээний харилцаа үүссэн эсэх, төлбөр төлөгдсөн эсэх, байр шилжүүлсэн эсэх нь хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон гэж үзэж байна.

Иймд эдгээр нөхцөл байдлыг дахин нотлох шаардлагагүй гэж үзэж байна. Хилийн цэргийн 0245-р анги нь Г.Г байрыг шилжүүлж авснаас хойш 24 жилийн хугацаанд тасралтгүй хууль бусаар, илээр тухайн байрыг эзэмшиж ашиглаад ирсэн.

Иймд иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-т заасны дагуу хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг 10 буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг тэргүүн ээлжид олж авах давуу эрхтэй байна гэж заасан. 24 жилийн хугацаанд  хууль ёсоор буюу нэхэмжлэгч Г.Г гэрээний үндсэн дээр шилжүүлснээс хойш эзэмшсэн учраас өмчлөх эрхийг олж авах давуу эрхтэй этгээд байна гэж үзсэн.

Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-т заасны дагуу сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Талууд 1999 онд Год сая төгрөгийг шилжүүлж өгсөн гэдэг дээр маргахгүй байгаа. Байраа тухайн үеийн ханшаар авч, өмчлөх эрхийн гэрчилгээгээ өөрийнхөө нэр дээр гаргуулан авч хохиролгүй болчихсон байтлаа би хохиролтой байна гэж хэлээд байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Анхан шатны шүүх нь хилийн цэргийн 0245-р ангийг өмчлөх эрхгүй гэж үзсэнээр цаана нь төрийн байгууллага хохирч үлдэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэсэн гомдлыг дэмжиж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хариуцагч Хилийн Цэргийн 0245-р ангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, түүний өмгөөлөгч Т.Уянга нарын  давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 152/ШШ2023/000546 дугаар шийдвэртэй иргэний хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх  үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Х.Г нь хариуцагч Л.О болон Хилийн цэргийн 0245 дугаар ангид холбогдуулан, Увс аймгийн  Улаангом сумын 11 дүгээр баг, 3-12 дугаар орон сууцны 5 тоот  байрыг Л.О болон Хилийн цэргийн 0245 дугаар ангийн хууль бус эзэмшлээс  чөлөөлүүлэхээр шүүхэд  2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, Хилийн цэргийн 0245 дугаар ангиас 21.800.000 төгрөг гаргуулахаар шаардсан  байна.

3. Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж, нэхэмжлэгч Х.Гоос “Худалдах худалдан авах гэрээ”-ий дагуу Увс аймгийн Улаангом сумын  11 дүгээр баг, 3-12 дугаар байрны  36 м2 талбайтай 5 тоот  байрны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгаж өгөхийг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

4. Анхан шатны шүүх 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 152/ШШ2023/00546 дугаар шийдвэрээр:  Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Г-ын Увс аймгийн Улаангом сумын  11 дүгээр баг, 3-12 айлын 5 тоот, 36  м2  хэмжээтэй, Ү-1520001381 дугаартай, гэрчилгээний 000229684 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч Хилийн цэргийн 0245 дугаар анги болон Л.О нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Хилийн цэргийн 0245 дугаар ангиас 21.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасныг баримтлан Хилийн цэргийн 0245 дугаар ангийн худалдах худалдан авах гэрээний дагуу  5 тоот  байрны өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, түүний өмгөөлөгч Т.Уянга нар эс зөвшөөрч,  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж  өгөхийг хүссэн давж заалдах гомдол гаргасан байх ба гомдлыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.

6. Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

          6.1. Иргэн, хуулийн этгээд  үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүсэх бөгөөд нэхэмжлэгч Г.Г нь маргаан бүхий  Увс аймгийн Улаангом сумын  11 дүгээр баг, 3-12 айлын 5 тоот байрны өмчлөгч болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улын бүртгэлийн Ү-1520001381 дугаарт бүртгэгдсэн 000229684 дугаар гэрчилгээ /1 дүгээр хх-ийн 06 дугаар тал/-ээр тогтоогджээ.

         6.2. Нэхэмжлэгч Г.Г-ыг Увс аймгийн Улаангом сумын  5-р баг, 3-12 айлын орон сууцны 5 тоот, 36 м.кв байрны өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-1520001381 дугаарт бүртгэж, 000229684 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон улсын бүртгэгчийн үйлдэл нь хуулийн дагуу  явагдсан болох нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр буюу Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 124/ШШ2023/0002 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2023/0159 дүгээр магадлал /хх-ийн 21-29  дугаар тал/ зэргээр тогтоогдсон байна.

        6.3.  Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах, мөн зүйлийн 106.2-т зааснаар өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй байх тул Г.Г нь өөрийн өмчлөлийн байраа бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн гэж дүгнэв.

        7. Хариуцагч тал шүүхэд : “ Г.Г нь Хилийн цэргийн 0245 дугаар ангид захирагчийн орлогч, ар талын хангалтын даргаар ажиллаж байхдаа 1999 онд 3 тэмээ хүнсэнд нийлүүлсэн боловч 2 тэмээ нь зугатаж буцсан тул 2 тэмээний төлбөрийн өрөнд өөрийн амьдарч байсан 3-12 айлын 5 тоот байраа өгсөн, байрны үнийн зөрүүд 300.000 төгрөгийг авсан. Уг байрыг 1999 оноос хойш манай анги өөрийн хөрөнгөд бүртгэж авснаас хойш нийт 24 жил манай байгууллагын эд хөрөнгөд бүртгэлтэй байгаа, албаны байрны зориулалтаар ашиглаж ирсэн, одоо манай ангийн сэтгэл зүй мэдээлэл, соёл сурталчилгааны албаны дарга Л.О  амьдарч байгаа” гэж тайлбарлан маргасан байх боловч  нь хариуцагч тайлбарын үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй байна.  

          Хэрэгт авагдсан баримтуудаар хариуцагч Хилийн цэргийн 0245 дугаар анги нь маргаан бүхий орон сууцыг эзэмшиж, тус ангийн алба хаагч Л.О нь уг байранд амьдарч байгаа үйл баримт тогтоогдож байгаа боловч тэдгээрт  өмчлөх, эзэмших эрх хуульд зааснаар үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. 

          Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т : эд хөрөнгийг төрийн өмчид олж авах хэлбэрүүдийг нэрлэн заасан ба үүнд : 1. энэ хууль хүчин төгөлдөр болох үед төрийн өмчлөлд байсан эд хөрөнгө,

         2.  үйлдвэрлэл, ажил үйлчилгээний үр дүнд бий болсон эд хөрөнгө,

         3. Эрх бүхий байгууллагын шийдвэрээр худалдан авсан эд хөрөнгө,

         4. Хандив тусламж, бэлэглэл, өвлөх журмаар олж авсан эд хөрөнгө,

         5. Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасан үндэслэл, журмын дагуу нийгэмчилсэн, дайчлан буюу хураан авсан эд хөрөнгө,

         6. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний дагуу шинээр бий болсон эд хөрөнгө гэж тус тус заасан байна.

         Гэтэл хариуцагч Хилийн цэргийн 0245 дугаар анги нь маргаан бүхий байрыг дээрх хуульд заасан үндэслэл, журмын дагуу  эзэмшил, өмчлөлдөө авсан нь  хэрэгт нотлогдоогүй байх тул уг байрыг хариуцагч байгууллагын өмч хөрөнгө гэж үзэхгүй.

       Нөгөөтэйгүүр, Хилийн Цэргийн 0245 дугаар анги маргаан бүхий байрыг  Г.Гоос өрөнд буюу 2 тэмээний өртөгт тооцож авсан талаархи баримт, гэрээ хэлцэл, орон сууцны өмчлөгчөөр тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэр зэрэг баримтууд хэрэгт авагдаагүй, түүнчлэн өөр бусад байдлаар уг байрыг хуульд зааснаар  эзэмших эрх нь үүссэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул хариуцагчийг хууль ёсоор эзэмшиж байна гэж үзэх үндэслэлгүй болно.

          8.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч нь өөрийн татгалзал, тайлбарын үндэслэлээ нотлох, түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө цуглуулах, шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй  бөгөөд нэхэмжлэгч Г.Г нь хариуцагчаас 21.800.000 төгрөг гаргуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй байх тул энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх ба талууд энэ талаар гомдол гаргаагүй байна.

          9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч Т.Уянга нарын “...анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч нь 2014 онд маргаан бүхий байрны өмчлөх эрхийг олж авсан ч үүнээс өмнө анхны өмчлөгч Шгаас байрыг худалдан авч өөрийн эзэмшилд авч байрны эзэмшигч болсон байна. Иймд өөрийн эзэмшил, өмчлөлийн хөрөнгөтэй холбоотой эрх нь зөрчигдсөн тохиолдолд  Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх үүссэн байхад өмчлөх эрхийн гэрчилгээ олж авсан үеэс хөөн хэлэлцэх хугацааг буюу шаардах эрх үүссэн хугацааг тоолсон буруу байна.

          Мөн  шүүхийн шийдвэрт : “Хилийн Цэргийн 0245 дугаар анги болон Г.Г нарын хооронд ямар нэгэн гэрээ байгуулагдаагүй, Хилийн цэргийн 0245 дугаар ангийг өмчлөгч, эзэмшигчээр тогтоосон ямар нэгэн шийдвэргүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй,  шүүх “нэхэмжлэгч Хилийн цэргийн 0245 дугаар ангид маргаан бүхий байрыг гэрээний үндсэн дээр өгсөн тул Шд байрыг буцаан олгох боломжгүй байгаа тул байрны үлдэгдэл төлбөрийг Г.Гоос гаргуулан Шд олгосугай” гэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт байхад анхаарч үзээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү “ гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан ба уг гомдлыг хангах үндэслэлгүй байна.

        9.1. Хэрэгт авагдсан, Увс аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 283 дугаар шийдвэр, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 124/ШШ2023/ 0002 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2023/0159 дүгээр магадлал зэргээр маргаан бүхий орон сууцыг 2003 онд өмч хувьчлах товчооны шийдвэрээр Ж.Ш хувьчлан авсан, 1999 онд Г.Г нь маргаан бүхий байрыг Ж.Шгаас худалдан авсан, улмаар эрх бүхий этгээдээс гаргасан хүсэлтийн дагуу Увс аймгийн Улаангом сумын  11 дүгээр баг, 3-12 айлын 5 тоот, 36  м2  хэмжээтэй байрны өмчлөгчөөр Г.Г-ыг бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн 000229684 дугаартай гэрчилгээ олгосон, уг бүртгэл нь хуулийн дагуу явагдсан зэрэг үйл баримтууд тус тус тогтоогдсон, дээрх шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр байна.

         Нэхэмжлэгч Г.Г нь  Увс аймгийн Улаангом сумын  11 дүгээр баг, 3-12 айлын 5 тоот, 36  м2  хэмжээтэй байрны өмчлөгчөөр 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр бүртгэгдэж, хууль ёсны өмчлөгч болсон нь хэргийн баримтаар тогтоогдсон  байх тул түүний бусдын хууль бус эзэмшлээс хөрөнгөө  шаардах эрх нь хууль ёсны өмчлөгч болсон  үеэс эхлэн тоологдоно.

        Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчлэх тохиолдлуудыг нэрлэн заасан бөгөөд өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй холбоотой шаардлагад хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчлэхээр дээрх хуульд заагаагүй байна. Иймд нэхэмжлэгчийн бусдын хууль бус эзэмшлээс орон сууцаа чөлөөлүүлэх тухай шаардлагын хувьд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т зааснаар хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа буюу арван жилийн хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэх тул нэхэмжлэгч Г.Г нь дээрх хуульд заасан 10 жилийн хугацааны дотор шаардах эрхтэй байх тул гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэхгүй.

         9.2. Хэрэгт авагдсан, Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 283 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ж.Ш, хариуцагч Г.Г нарын хооронд хийгдсэн худалдах, худалдан авах гэрээнээс үүссэн маргааныг шийдвэрлэсэн байх ба уг шийдвэрээр хариуцагч Г.Гоос 228.022 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Ш-д олгохоор шийдвэрлэсэн байна.

          Уг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэг буюу талуудын тайлбар хэсэгт : хариуцагч Г.Гын “ уг байрыг Хилийн цэргийн ангид өрөндөө өгсөн” гэх тайлбар тусгагдсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  зохигчдоос гаргасан тайлбарыг шүүхээс тогтоосон үйл баримт гэж үзэхгүй тул хариуцагч талын анхан шатны шатны шүүх нотлох баримт үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх заалтыг зөрчсөн гэх тайлбар үндэслэлгүй болно.

         10. Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

        11. Давж заалдах шатны шүүхээс гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул хариуцагчийн  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200  төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 152/ШШ2023/00546 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А, түүний өмгөөлөгч Т.Уянга нарын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагчийн   давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд Шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                    ДАРГАЛАГЧ,

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.ЖАМБАЛСҮРЭН

                   ШҮҮГЧИД                                                      Л.АЛТАН

                                                                                          Н.МӨНХЖАРГАЛ