| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2019/0167/Э |
| Дугаар | 180 |
| Огноо | 2019-02-13 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | А.Мөнхзул |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 180
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч А.Мөнхзул, шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1708 01953 0262 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Б.Г, Монгол Улсын иргэн, *** оны ** дүгээр сарын **-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, уул уурхайн хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, урьд:
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 336 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,
- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 568 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 3 сар 1 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 141 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 23 хоногийн хугацаагаар хорих ялаас тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж хугацааны өмнө суллагдсан.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.Г нь 2017 оны 10 дугаар сарын 9-өөс 10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 9 дүгээр дунд сургуулийн 117 дугаар кабинетад нэвтрэн орж, 1 ширхэг “Haier” загварын 42 инчийн өнгөт зурагт, 1 ширхэг ус буцалгагч, 1 ширхэг тень халаагуур, 1 ширхэг куртка, 1 ширхэг даашинз зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, бусдад 755,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Б овогт Б.Г нь 2017 оны 10 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 9 дүгээр дунд сургуулийн 117 дугаар кабинетад нэвтрэн орж, нийт 755,000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 ширхэг “Haier” загварын 42 инчийн өнгөт зурагт, 1 ширхэг ус буцалгагч, 1 ширхэг тень халаагуур, 1 ширхэг куртка, 1 ширхэг даашинзыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэж байгаад үйлдэл дээрээ баригдсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Г-ий шүүх хуралдаанд өгсөн: “...хохирогч гэх багш зурагтаас өөр эд зүйл алдагдаагүй, зурагтаа 1 сарын дараа хүлээн авсан гэсэн байхад эд зүйлийн үнэлгээнд ус буцалгагч, тень, куртка, даашинзыг үнэлгээнд оруулсан байгааг гайхаж байна...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч Г.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хэрэг гарах үед ангийн багш нь Л багш байсан. Би Л багштай нэг секцийн багш болохоор ангиас нь зурагт алдагдсаныг сонсож байсан. Тэгээд хэрэг гарснаас хойш 1 сар гаруйн дараа зурагтаа олоод ирсэн гэж хэлж байсан. Би Л багшийн ажил, ангийг хүлээж авсан. Манай ангиас ус буцалгагч, тень, улаан өнгийн даавуу, цэнхэр өнгийн куртка зэрэг эд зүйл алдагдаагүй. Ус буцалгагчаа 15,000 төгрөгөөр, тениэ 35,000 төгрөгөөр үнэлнэ. Улаан өнгийн даавуу биш, даашинз байсан. Түүнийг 60,000 төгрөгөөр, цэнхэр өнгийн курткыг 50,000 төгрөгөөр үнэлж байсан...Эдгээр эд зүйлийг алдаагүй болохоор нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 57-58 дугаар хуудас);
3. Гэрч Ш.Т-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр би 9 дүгээр сургууль дээр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд жижүүрийн байран дээр байж байтал манай сургуулийн үүднээс баруун хэсэгт юм унаж байгаа юм шиг чимээ гарсан. Тэгэхээр нь би сургуулийн дотор талд шалгаад явж байгаад хаалганы шилээр хартал 117 дугаар кабинетын гадна салхивч нь онгойсон байхаар нь буцаж гарч гүйгээд сургуулиа цоожлоод цонхон дээр нь яваад очсон чинь анги дотор нь чимээ гарч байсан. Ингээд би хэдэн хүн байгааг нь мэдэхгүй байсан болохоор хойд сургуулийн жижүүр Ц-ыг дуудаад буцаж очиход цонхоор нь тень, ус буцалгагч, цэнхэр куртка зэргийг гаргаад тавьчихсан, зурагтыг нь аваад гарахад бэлэн болгочихсон байсан. Тэгэхээр нь би 102 дугаарын утас руу дуудлага өгөөд нөгөө залууг гарч ирэхийг нь хүлээж байгаад гараад ирмэгц нь барьж аваад цагдаа нарыг иртэл нь хүлээж байсан. Тэгээд цагдаа нар зурагтыг нь хурааж аваад цонхоор орсон залуутай хамт аваад явчихсан. Бусад эд зүйлийг нь хүлээлгээд өгчихсөн. Тэр залуу ганцаараа, нэлээд согтолттой байсан. Гэхдээ унаж тусах хэмжээний согтолттой болоогүй байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 60-61 дүгээр хуудас);
4. Гэрч Б.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр би 9 дүгээр сургууль дээр жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан. 23 цаг 30 минутын үед манай урд талын сургуулийн манаач орж ирээд манай сургуулийн ангид хулгайч орсон байна, хоёулаа очъё гэж хэлэхээр нь хамт яваад очтол ангид хулгайч орсон байдалтай зурагтыг нь цонхны тавцан дээр гаргаад тавьчихсан, тень, ус буцалгагч, цэнхэр куртка, улаан өнгийн торонд хийсэн эд зүйлүүдийг гаргаад тавьчихсан байсан. Сургууль руу орсон залуу ганцаараа, нэлээд согтуу байсан. Гэхдээ тухайн залуу өөрийнхөө үйлдлийг ухамсарлах чадвартай байсан. Би архи уухаараа хулгай хийчих гээд байдаг юм гэж ярьж байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 62-63 дугаар хуудас);
5. “Арвижих Эстимейт” ХХК-ийн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гаргасан “42 инчийн хэмжээтэй зурагтыг 500,000 төгрөгөөр, ус буцалгагчийг 35,000 төгрөгөөр, тень халаагуурыг 100,000 төгрөгөөр, курткыг 70,000 төгрөгөөр, даашинзыг 50,000 төгрөгөөр, нийт 755,000 төгрөгөөр үнэлсэн” хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 155-166 дугаар хуудас);
6. Шүүгдэгч Б.Г-ий яллагдагчаар өгсөн: “....2017 оны 10 дугаар сарын 09-ний орой ажлаасаа тараад явж байгаад танил ах М-той таараад хамт архи уусан. Тэгээд би 9 дүгээр сургуулийн орчимд алхаж явж байгаад тухайн сургууль руу орсноо санаж байна. ...Би тасарчихсан байсан ба нэг мэдэхэд цагдаад баригдчихсан байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 161 дүгээр хуудас);
7. 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 5-8 дугаар хуудас);
8. Шүүгдэгч Б.Г-ий иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 132 дугаар хуудас), урьд ял шийтгүүлж байсан талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 136 дугаар хуудас), урьд ял шийтгүүлж байсан шийтгэх тогтоолын болон хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан шүүгчийн захирамжийн хуулбарууд (хх-ийн 37-44, 198-207 дугаар хуудас);
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлснээр төгсдөг онцлогтой бөгөөд мөн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ.” хэмээн хуульчилжээ.
Шүүгдэгч Б.Г-ий үйлдэл нь бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авахад шууд чиглэсэн үйлдлийг санаатай хийж эхэлсэн боловч өөрийнх нь хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг туйлдаа хүрэлгүй зогссон байх тул түүнийг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхийг завдсан гэж шүүх дүгнэлээ.
Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хулгайн эд зүйл болох 42 инчийн хэмжээтэй зурагтыг 500,000 төгрөгөөр, ус буцалгагчийг 35,000 төгрөгөөр, тень халаагуурыг 100,000 төгрөгөөр, курткыг 70,000 төгрөгөөр, даашинзыг 50,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байх тул шүүх гэмт хэргийн улмаас учирч болох байсан хохирлын хэр хэмжээг Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш буюу нийт 755,000 төгрөгөөр тогтоосон болно.
Шүүгдэгч Б.Г нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхээр Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 9 дүгээр дунд сургуулийн 117 дугаар кабинетад нэвтрэн орсон байх тул үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчлэх үндэслэл болжээ.
Шүүгдэгч Б.Г-ий үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүх Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар өөрчлөх нь зүйтэй.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Б.Г-ийг “хулгайлах” гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Х.Г нь эд зүйлсээ бүрэн бүтэн хүлээн авсан гэдгээ мөрдөн байцаалтын явцад илэрхийлсэн баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Б.Г-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Г-д хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, мөн өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэх, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүний цагдан хоригдсон 136 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...гэмт хэрэг үйлдэхээр завдсан тохиолдолд ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулахаар заасан, харин ялын доод хэмжээг заагаагүй тул шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс бага ял оногдуулж өгнө үү, мөн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйг ял оногдуулахдаа харгалзан үзнэ үү...” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна.” гэж заасныг журамлан шүүгдэгч Б.Г-д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь түүнийг цээрлүүлэх болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Г нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 141 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 11 сар 23 хоногийн хугацаагаар хорих ялаас тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж хугацааны өмнө суллагдсан байх бөгөөд тэрээр хяналтын хугацаанд буюу 2017 оны 10 дугаар сарын 9-өөс 10-нд шилжих шөнө санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас элээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж зааснаар түүний эдлээгүй үлдсэн 11 сар 23 хоногийн хугацаагаар хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялын хэмжээг тогтоов.
Шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх төлбөргүй байх тул түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хорих ялыг нь энэ өдрөөс эхлэн тоолж, түүний цагдан хоригдсон 136 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцлоо.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 37.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилсүгэй.
2.Б овогт Б.Г-ыг“хулгайлах” гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан шүүгдэгч Б.Г-д мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар арван сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д энэ тогтоолоор оногдуулсан 10 (арван) сарын хугацаагаар хорих ял дээр түүний эдлээгүй үлдсэн 11 (арван нэг) сар 23 (хорин гурав) хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг нэг жил есөн сар хорин гурав хоногийн хугацаагаар тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 1 (нэг) жил 9 (ес) сар 23 (хорин гурав) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ий цагдан хоригдсон 136 (нэг зуун гучин зургаа) хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Г-д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
9.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Г-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ШҮҮГЧ Б.БАТАА