Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 224/МА2024/00006

 

 

 

 

 

 

 

2024        01          29                                       224/МА2024/00006

 

 

Б.Хгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Н.Мөнхжаргал, шүүгч Л.Алтан нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 152/ШШ2023/00557 дугаар шийдвэртэй,

Б.Х-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б-т холбогдох, гэм хорын хохирол 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Бунжаа нарын хамтран давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Л.Алтангийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Х, хариуцагчийн өмгөөлөгч Д.Бунжаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баттулга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Хгийн нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 20,000,000 төгрөг гаргуулах тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: “ Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Б.Б нь 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлж явснаас Улаангом сумын Өгөөж төвийн урд талд явж байсан намайг мөргөсний улмаас миний баруун дунд чөмөгний хүзүү хэсэг хугарч, хүндэвтэр хохирол учирсан. Намайг осолд орсны дараа  жолооч Б.Б нь намайг Улаанбаатар хот уруу авч явж хагалгаанд оруулсан ба мөн бусад эмчилгээний зардалд нийт 3,600,000 төгрөг зарцуулсан тул би гомдолгүй гэдгээ илэрхийлсэн.

Гэтэл 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хот руу дахин хөлний эмчилгээнд явах болсон тул Б.Б-с тусална гэснийх нь дагуу утсаар ярьж, энэ талаараа хэлэхэд  над руу уурлаж “мөнгө өгөхгүй,” гэж хэлсэн. Ослоос хойш эрүүл мэндийн байдал маш муу болсон. Чих дүлийрсэн, нуруу байнга өвддөг, өвчин намдаагч ууж унтдаг, байнгын зовиуртай, таягтай явж байна. Мөн ослын улмаас би төрсөн ганц охиноо ажлаас нь гаргаж,  асаргаанд нь шилжсэн ба нойргүйдэж, сэтгэл санаагаар маш их зовж байна. Би хөлсөөр мал хариулж, туслах малчнаар ажилладаг байсан ба өдрийн 40,000 төгрөг, сарын 1,200,000 төгрөг авдаг байсан.

Иймд 3 сарын хөдөлмөрийн хөлс 3,600,000 төгрөг, эмчилгээний зардал 2,000,000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 14,600,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөгийн хохирлыг Б.Б-с гаргуулж өгнө үү” гэжээ.

3. Хариуцагч Б.Б-ийн татгалзлын үндэслэл: Б.Х тус шүүхэд хандан сэтгэл санааны хохирол, эмчилгээний зардал, хөдөлмөрийн хөлс хэмээн 20,000,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Миний бие 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр өөрийн эзэмшлийн автомашиныг жолоодож яваад осол гарган иргэн Б.Х-г мөргөн түүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан үйлдэлдээ гэм буруутайд тооцогдон,  2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр тус аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хохирогч Б.Хд нэхэмжилсэн хохирлыг нь бүрэн барагдуулж, хоорондоо эвлэрснээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж, шүүхээс зохих шийтгэлийг хүлээсэн. Хохирогч Б.Хд шүүх хурлаас өмнө буюу мөрдөн байцаалтын шатанд, мөн шүүх хурлын дараа бэлэн болон дансаар нь нийт 7,000,000 төгрөг өгсөн бөгөөд энэ нь баримтаар нотлогдож байгаа.

Тухайн осол болсон даруйд би буруугаа ухамсарлан Б.Х-гийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг цаг хугацаа алдахгүй эмчлүүлэхийг хүсэж, түүнийг Улаанбаатар хотын Гэмтэл согогийн эмнэлэгт өөрийн унаагаар, өөрийн биеэр авч яваад хэвтүүлэн эмчлүүлж, бүхий л шаардлагатай болгоныг авч өгч эмнэлгээс гарах хүртэл эргэж тойрч, эмчилгээний төлбөр зардлыг хариуцан төлсөн, энэ зардалд эд материал болон мөнгөн тусламж, ар гэрт нь шаардагдах мөнгөн тусламж зэргийг төлсөн. Улмаар эмнэлгээс гаргаж аваад Увсад гэрт нь авч ирж, эмнэлэгт боолт хийлгэх зэргээр сэтгэлийн болон бусад байдлаар тусалж ирсэн. Энэ байдлыг минь  ар гэрийн хүмүүс болон Б.Х ойлгон, бид эвлэрч, миний бие хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн. Б.Х өмнө нь ямар ч ажил хөдөлмөр эрхэлдэггүй байсан.

 Иймд миний бие Б.Х-гийн шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тэрээр уг гэмтлийн улмаас дахин эмчилгээ хийлгээгүй, миний зүгээс Б.Хд ямар нэгэн сэтгэл санааны дарамт хохирол учруулаагүй, мөн охиных нь ажлаас гарсан шалтгаан тодорхойгүй. Х нь миний зүгээс гаргасан сэтгэлийг зөвөөр ойлгох ёстой. Яагаад гэвэл хохирогч Б.Х өөрөө жолооч хүн бөгөөд замын гарц, хөдөлгөөн сайн мэдэх хүн мөртлөө явган хүний гарцгүй газраар гарснаас осол гарах шалтгаан болсон гэдэг нь дүгнэлтээр тогтоогдсон, үүнийг өөрөө мэдүүлэгтээ дурдсан байдаг. Миний зүгээс зайлшгүй гарсан, баримтаар нотлогдсон хохирлыг төлөхөд татгалзах зүйлгүй” гэжээ.

4. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 152/ШШ2023/00557 дугаар шийдвэрээр:

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч Б.Б-с 7,150,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Х-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 12,850,000 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож,

- Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч Б.Х улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдснийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б.Б-с улсын тэмдэгтийн хураамж 129,350 төгрөг гаргуулж Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

5. Хариуцагч Б.Б болон түүний өмгөөлөгч Д.Бунжаа нар хамтран давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 557 дугаар шийдвэрийг эс зөвшөөрсөн үндэслэл нь: ...Ослын улмаас дахин Улаанбаатар хот руу эмчилгээнд явах болсон талаар орон нутгийн мэргэжлийн эмчийн тодорхойлолт байхгүй, мөн сэтгэл санааны маш их зовиуртай, нойргүйтэж өвчин намдаах эм ууж байгаа зэргийг нотолсон эмчийн үзлэг, тэмдэглэл байхгүй байна.

Нэхэмжлэгч Б.Х осолд орж эмчилгээ хийлгэсэн цаг хугацаанд ямар эмчид үзүүлсэн, хагалгаа, эмчилгээний үр дүн ямар байсан талаар орон нутгийн болон мэргэжлийн эмчийн үзлэгийн тэмдэглэл, одоо хохирогчийн биеийн байдал ямар байгаа талаар нотлох баримт байхгүй байхад зөвхөн хохирогчийн ярьсан зүйл дээр үндэслэн Улсын дээд шүүхийн хохирол тооцох аргачлалын 3-р зэрэглэд хамааруулсан нь ойлгомжгүй байна.

Ялангуяа сэтгэцэд учирсан хохирлын хэмжээ, зэрэглэлийг тогтоосон нотлох баримтгүй. Өөрөөр хэлбэл, нойрны эм уудаг, чих дүлийрсэн, нуруу байнга өвддөг зэргийг нотлох эмчийн болон эмнэлгийн үзлэгийн тодорхойлолт, нойрны ямар эм байнга уухыг зөвлөсөн эмчийн жор болон тухайн эмийг худалдан авсныг нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байхад шүүх юуг үндэслэн Улсын дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан журмын 3-р зэрэглэлд хамаарч байгааг тогтоосон нь тодорхойгүй, ямар ч нотлох баримт байхгүй байхад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлж 7,150,000 төгрөгийг Б.БатХс гаргуулах болсон үндэслэл нь ойлгомжгүй, хууль зүйн үндэслэл муутай шийдвэр гарсан үзэж гомдол гаргаж байна ” гэжээ.

6. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Бунжаа давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан боловч нэхэмжлэгч, хариуцагч нар хоорондоо эвлэрсэн, хариуцагч нь Б.Хд учирсан хохирлыг бүрэн барагдуулж өгсөн болно. Нэхэмжлэгч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй талаар тодорхойлолт хийж, нотариатчаар гэрчлүүлсэн баримтыг шүүхэд гаргаж өгсөн тул хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т заасны дагуу шийдвэрлэж, зохигчдын эвлэрлийн баталж өгнө үү” гэв. 

 7. Нэхэмжлэгч Б.Х шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Б бид 2 эвлэрсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон 7.150.000 төгрөгийг Б.Б нь надад төлж барагдуулсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч Б.Бт холбогдуулан гэм хорын хохиролд 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага  гаргасныг хариуцагч Б.Б бүхэлд нь эс зөвшөөрч  маргасан байна.  

2. Анхан шатны шүүх 2023 оны 12 сарын 13-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 557 дугаар шийдвэрээр : Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагч Б.Б-с 7,150,000 төгрөг гаргуулан  нэхэмжлэгч Б.Х-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 12,850,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Хариуцагч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Бунжаа нар шүүхийн шийдвэрийг  эс зөвшөөрч хамтран давж заалдах гомдол гаргасан бөгөөд гомдлыг үндэслэн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч Б.Бийн өмгөөлөгч Д.Бунжаа нь зохигчид эвлэрсэн талаар тайлбар гаргаж, хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг бичгээр гаргасан, нэхэмжлэгч Б.Х нь шүүхэд “Б.Б бид хоёр учир зүйгээ олж эвлэрсэн, Б.Б нь миний хохирлыг барагдуулсан тул одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх тодорхойлолтыг гаргаж, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохдоо “ Б бид 2 эвлэрсэн, нэхэмжлэх зүйл байхгүй. Б.Б нь надад 7,150,000 төгрөгийг төлж өгсөн ” гэх тайлбар гаргасан байна.

4. Хариуцагч Б.Б нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргасны дараа зохигчид нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрч, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас 7,150,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Х-д төлж эвлэрсэн нь  нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хохирол барагдуулсан, нэхэмжлэх зүйл байхгүй гэх нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт, хариуцагч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Бунжаа нарын хамтран давж заалдах шатны шүүхэд гаргасан хүсэлт, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.  

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т: Давж заалдах гомдол гаргасны дараа зохигч эвлэрэн хэлэлцсэн бол давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй” гэж заасны дагуу Увс аймаг  дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 152/ШШ2023/00557 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, зохигчдын эвлэрлийг баталж, Б.Х-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б-с  гэм хорын хохирол 20,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Б-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 129,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх  үндэслэлтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ НЬ :

            1. Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 152/ШШ2023/00557 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагаас 7,150,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Х-д төлж, зохигчид эвлэрснийг баталж, Б.Х-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б-т холбогдох, гэм хорын хохирол 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

            2. Хариуцагч Б.Б-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 129,350 /нэг зуун хорин есөн мянга гурван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

          3. Энэхүү магадлалд зохигчид хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг  дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.ЖАМБАЛСҮРЭН

ШҮҮГЧИД                                                    Н.МӨНХЖАРГАЛ

                                                                  Л.АЛТАН