| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2019/0084/Э |
| Дугаар | 183 |
| Огноо | 2019-02-14 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 183
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүгч Г.Ганбаатар, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа, улсын яллагч Х.Анхцэцэг, иргэдийн төлөөлөгч Б.Алтанцэцэг, хохирогч Н.Ж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 01388 1377 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Б.Б, Монгол Улсын иргэн, *** оны ** дүгээр сарын **-ны өдөр Архангай аймгийн Жаргалант суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл хоёр, эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум, 7 дугаар баг, *** тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, *** тоотод түр оршин суудаг, регистрийн дугаар ***, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.Б 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, *** тоотод хадам дүү Н.Ж-тай маргалдаж хэвлий, цавь руу нь 2 удаа хутгалж зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Б овогт Б.Б нь 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, ** тоотод “гэрт орж ирэн агсам тавилаа” гэсэн шалтгаанаар хадам дүү Н.Ж-тай маргалдаж, түүний хэвлий болон цавь руу нь хутгалж, бие махбодод нь “хэвлийн урд хананд хүйсээс доош 2 см зайд хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс тасалсан шарх, баруун цавинд баруун гуяны хураагуур судас тасалж гэмтээсэн шарх, хэвлийн хөндийд цус алдалт, гэдэсний агууламж гадагшлал, сэмж чацархайн үрэвсэл, цус алдалтын дараах цус багадалт” бүхий хүнд зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Б-ийн шүүх хуралдаанд өгсөн: “....2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хадам дүү Ж орж ирээд агсам тавихаар нь би хадам дүүгээ хутгалснаа мэдэж байна. Ийм үйлдэл хийсэндээ би өөртөө их гомдож явна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Өөр хэлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч Н.Ж-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Тухайн өдөр Б ах бид хоёр нэг шил архи хувааж уусан. Би заамдаж авсан нь үнэн, Б намайг гэртээ орж унт гэхээр нь би гэртээ орж байж байгаад, буцаж гарч ирээд хаалгыг нь татсан, нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн. Би хутгалуулснаа мэдээгүй, санахгүй байна. Б ах надад 2,000,000 төгрөг өгсөн, одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг;
3. Гэрч О.Л-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагийн үед манай нөхөр М руу Э залгаад нөхөр маань хүнд хутгалуулчихлаа. Б гэх хүргэн ах хутгалсан байна гэхээр нь гэрт нь очиход Ж байшин дотор үүдний шалан дээр хэвтчихсэн, Б нь согтуу гэртээ хутгаа барьчихсан сууж байсан. Тэгээд би түргэн болон цагдаа дуудсан. Одоо Ж-ын биеийн байдал хүнд, яаралтай хагалгаанд орсон ухаангүй байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 36 дугаар хуудас);
4. Гэрч Ч.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би тэр хоёрыг гэрээсээ гаргачхаад 00 орчхоод гараад ирсэн чинь Б Ж хоёр нэгнийгээ хутгалчихлаа гэхээр нь би арай тийм юм болоогүй байх гэж бодоод тэр хоёр дээр ирэхэд Б манай гэрт байсан саарал өнгийн хуванцар иштэй хутгыг гартаа барьсан байхаар нь би гараас нь хутгыг булааж авсан. Тэгэхдээ би гараа өнгөцхөн зүссэн, Ж-ын эхнэр Э цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 41 дүгээр хуудас);
5. Гэрч Б.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр би Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт машинт эргүүлийн үүргийг цагдаагийн ахлах ахлагч Т.Б-ын хамт гүйцэтгэж байхад орой 20 цаг 30 минутад Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, *** тоотод хүн хутгалуулчихлаа гэсэн дуудлага ирсний дагуу шууд очсон. Тухайн үед уг тоотод байшин гэр хоёр байсан ба байшингийн эзэн Ж гэгчийг гэрт амьдардаг Б гэгч нь хутгалчихлаа гэж хашаанд байсан хоёр эмэгтэй болон Ж өөрөө шууд хэлж байсан. Ж байшин дотор хэвлий тус газраа зүсэгдсэн шархтай дээшээ харсан хэвтэж байсан ба согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Б нь бас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн монгол гэртээ ганцаараа хутга барьсан байдалтай орон дээрээ сууж байсан. Эхнэр нь хутгаа тавихгүй, гэр лүү орж чадахгүй байна гэж хэлж байсан. Би ахлах ахлагч Б-ын хамт орж хутгаа хая гэж хэлэхэд цаадах чинь үхчихсэн байна уу, үхсэн бол би өөрийнхөө амийг хорлоно гэж хэлэхээр нь биеийн байдал нь зүгээр байна, одоо хутгаа хая гэж удаа дараа шаардлага тавихад хутгаа хаяхгүй байсан. Тэгээд хөл нүцгэн байхаар нь гутлаа өмс гээд гутлыг нь дөхүүлж шидэхэд гутлаа өмсөх гээд тонгойхоор нь хутгатай гараас нь барьж аваад хутгыг тавиулсан. Б-ийг эрүүлжүүлэх байранд хүлээлгэж өгсөн. Ж-ын хэвлий хэсэгт зүсэгдэж дотор өөхөн эд ил гарсан байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 43 дугаар хуудас);
6. Гэрч О.Э-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж унтаж байгаад сэрээд гэрээс гараад Б ахын гэрт ороод 30-40 минутын дараа шиг санагдаж байна гэдсээ зүсүүлчихсэн, намайг Б ах хутгалчихлаа гээд орж ирээд хаалганы орчимд унасан. Тэгээд даарсан байдалтай чичрээд байхаар нь би халаадаар дээрээс нь хучаад М-ыг дуудаад мөн түргэн тусламж дуудсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 47-51 дүгээр хуудас);
7. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн хэргийн материалаар гаргасан 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 619 дугаартай “...Н.Ж-ын биед хэвлийн урд хананд хүйсээс доош 2 см зайд хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс тасалсан шарх, баруун цавинд баруун гуяны хураагуур судас тасалж гэмтээсэн шарх, хэвлийн хөндийд цус алдалт, гэдэсний агууламж гадагшлал, сэмж чацархайн үрэвсэл, цус алдалтын дараах цус багадалт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь хурц ир үзүүртэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх хэвлийн урд хананд хүйсээс доош 2 см зайд хэвлийн хөндийд нэвтэрч нарийн гэдэс тасалсан шарх, баруун цавинд баруун гуяны хураагуур судас тасалж гэмтээсэн шарх бүхий гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8, 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна...” гэсэн дүгнэлт (хх-ийн 55 дугаар хуудас);
8. Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн “...өвчний түүх нээсэн 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 21 цаг 21 минут, Н.Ж...” гэсэн өвчний түүх (хх-ийн 57 дугаар хуудас);
9. Гэмт хэргийн талаарх дуудлага, мэдээллийн лавлагаа (хх-ийн 103 дугаар хуудас), эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл (хх-ийн 29 дүгээр хуудас);
10. 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 17-22 дугаар хуудас), 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (хх-ийн 25-26 дугаар хуудас);
11. Шүүгдэгч Б.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 94 дүгээр хуудас), урьд ял шийтгүүлж байгаагүй талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 97 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Н.Ж-ын бие махбодод учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэ хохирол нь гэмт шинж болж байна.
Шүүгдэгч Б.Б-ийн үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсарт үйлдэл байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн биед хүнд зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүгдэгч Б.Б нь энэ гэмт хэргийг үйлдэхдээ иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг гэмтээх хэрэгсэл болох хутга хэрэглэсэн байх тул түүнийг гэмт хэрэг үйлдэхдээ зэвсэг хэрэглэсэн гэж үзэн зүйлчлэл хүндрүүлэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, өөрийгөө хянах, удирдан жолоодох чадваргүй болсон байсан нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүйг дурдахын зэрэгцээ энэхүү нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэрт агсам тавьсан хохирогчийн зүй бус үйлдэл нь энэ гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болжээ хэмээн шүүх дүгнэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн “зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Б.Б нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, мөн түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаан байхгүй тул шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай мэтгэлцэж оролцоно гэсэн болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Б.Б-ийг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Н.Ж нь хохиролд 2,000,000 төгрөг авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгч Б.Б-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн байгааг, мөн шүүгдэгчийн гэрт агсам тавьсан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-д найман жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар иштэй хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...Шүүгдэгч нь хохирогчид 2,000,000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч шүүгдэгчийн гэрийн хаалгыг эвдэн орж хүний халдашгүй байдалд халдсан зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна. Мөн шүүгдэгч анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн байх тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалтыг журамлаж ял шийтгэл хөнгөрүүлж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Б.Б нь хорих ялын дээд хэмжээг арван хоёр жилийн хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад заасан хууль зүйн шаардлагыг хангаж байх тул шүүх найман жилээс хэтрүүлэхгүйгээр, гурван жил дөрвөн сараас багагүй хорих ял оногдуулах боломжтой гэж үзэв.
Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-д гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж дүгнэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн иштэй нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт шүүхийн зөвшөөрөлгүй 48 цаг хүртэлх хугацаагаар баривчлагдсан байх тул 2 (хоёр) хоногоор эдлэх ялд нь оруулан тооцож, түүний эдлэх хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор тогтлоо.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, уг таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б овогт Б.Б-ийг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх заалтыг журамлан шүүгдэгч Б.Б-д мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч Б.Б-д оногдуулсан гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 48 цаг хүртэлх хугацаа буюу 2 (хоёр) хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн иштэй нэг ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.
7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Б-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА
ШҮҮГЧИД Г.ГАНБААТАР
Г.МӨНХЗУЛ