Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 204/МА2024/00001

 

Ц.П-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 145/ШШ2023/00476 дугаар шийдвэртэй

Ц.П-ийн нэхэмжлэлтэй Ц.Ж-оос “3000000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч Ц.Ж-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.П, хариуцагч Ц.Ж /цахим сүлжээгээр/, нарийн бичгийн дарга Б.Пүрэвжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ц.Ж-т *** дугаартай Бонго пронтер автомашиныг 2021 оны 9 дүгээр сарын сүүлээр 3000000 төгрөгөөр үнэлж аман тохиролцоо хийж өгсөн. Ц.Ж нь урьдчилгаа өгөлгүй тухайн ондоо багтаан 3000000 төгрөг өгнө гэж хэлээд одоог хүртэл өгөөгүй. Би анх машинаа хөдөөнөөс авчраад Ц.Ж-оор мотор солиулж, янзлуулсан. Машин янзалсны дараа нь тэр хүнд машинаа зарчихмаар байна гэж хэлсэн чинь би таны машиныг авъя, нааш цаашаа юм зөөхөд надад тохирох байна гэсэн. Тэгэхээр нь хоёулаа ярилцаад тохиролцож болно гэсэн чинь би машиныг чинь янзалж авъя гэхээр нь хоёулаа наймаагаа баруун зүүнээрээ хийнэ шүү гэсэн. Тэгээд мөнгийг нь энэ ондоо багтааж бөөнд нь өгөөрэй гэж тохиролцсон. Тэгээд он дууссан. Оноос өмнө би Ц.Ж-ынд нэг очиход Цагдаагийн газрын арын байрны подволд амьдарч байгаад би энэ байраа зарчихвал таны мөнгийг шууд өгнө. Байрыг маань хүмүүс үзээд байгаа, он гараад цагаан сараас өмнө байр зарагдчих юм бол таны мөнгийг бэлнээр бүгдийг нь өгнө гэсэн. Тэгээд хараад байсан ч мөнгөө өгөөгүй. Сүүлд нь би нөгөө байранд нь очиход байхгүй болохоор нь сураглаад явахад аймгийн баруун талд нэг блокоор засварын газар барьж байгаа гээд шавар хийж, гэрт амьдарч байсан. Тэгээд нөгөө байрандаа байгаад байхаар болохгүй байраа чөлөөлөөд, цэвэрлэгээ хийчихээр зарагдах байх удахгүй гэсэн. Ахиад хараад байсан ч мөнгөө өгөөгүй. Би тэр үед хөдөө байсан болохоор хөдөөнөөс ирэхээрээ очиж уулздаг байсан. Тэр болгонд худлаа, үнэн нь мэдэгдэхгүй боломж муутай байна, машин засаж байгаа, гагнуур хийж байгаа гэдэг байсан. Өнгөрсөн өвөл хөдөөнөөс ирсэн чинь энд ерөөсөө олигтой мөнгө олж чадахгүй, таны мөнгийг удаагаад байна би Өмнөговь аймгийн *** руу явах санаа байгаа гэсэн. Тэгэхээр нь чи тийшээ явчих юм бол холбоогүй болоод уулзаж чадахгүй болчих юм биш үү? гэсэн чинь би байнга холбоотой байна гэсэн. Тэрнээс өмнө би машиныхаа мөнгийг боломжоороо бага багаар ч хамаагүй өгөөд бай гэсэн чинь тэгье гэдэг байсан. Тэгээд гэрт нь нэг очиход байхгүй байхаар нь утас руу нь залгасан чинь гэр орон хамаг юмаа ачаад шөнөдөө саадгүй, эхнэр хүүхдээ ч дааруулаагүй ирэх газраа ирчихлээ гэсэн. За тэгвэл миний дүү наанаа ажил хийгээд ахынхаа мөнгийг даруйхан өгөөрэй, цаг хугацаа нэлээд явчихлаа шүү гэсэн. Тэгээд сүүлдээ утсаа авахаа больсон. Хүүхдүүдийн утсаар залгаад ч авдаггүй байсан. Холбоогүй байгаа болохоор хүүхдүүд маань явдаг газраар нь яв, таныг элэг бариад мөнгөө өгөхөө больчихлоо гэхээр нь би шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ц.Ж худлаа яриад байгаа. Өмнөх шүүх хуралдаан дээр миний машиныг төмрийн хог, байнга эвдэрдэг энэ тэр гээд байсан. Үнэхээр тийм бол хаа байсан Өмнөговь аймаг руу шөнөдөө орно гэж байхгүй. Одоогоороо тэнд машин нь яваад, намайг зарснаас хойш нэлээд торгуулж байгаа юм байна лээ. Явдаггүй төмрийн хог байсан бол торгуулна гэж байхгүй. 2023 оны 04 дүгээр сард 50000 төгрөгөөр торгуулсан л байсан. Тэгэхээр тэнд миний машин зүгээр явж л байгаа. Одоо би энэ хүнээс машиныхаа үнийг гаргуулж авмаар байна. Эхлээд машинаа зарахдаа 4000000 төгрөгөөр тохирч байсан ч ахаа миний бололцоо муу байна жаахан яриад өгөөч гэхээр нь би 3500000 төгрөг л болгож болно, чи овоо хэдэн сар унаад ажлаа амжуулаад байгаа гэсэн арай л биш байна гэхээр нь за яахав 3000000 төгрөгөөр заръя, бэлэн өг гэсэн чинь одоо бол мөнгө байхгүй, хэд хоног юм уу ганц хоёр сарын дараа бэлэн өгье гээд 3000000 төгрөгөөр тохиролцсон. Бид хоёрын дунд машин засварын 500000 төгрөгийн яриа гарсан. Эхлээд машиныхаа үнийг буулгаач гэхэд нь би засварын мөнгө 500000 төгрөг хасъя гэсэн. Өөрөө болохоор би засаж таны машиныг сайхан болгосон гээд 3000000 төгрөгөөр тохиръё гэхээр нь засварын үнэ мөнгөө шингээгээд 3000000 төгрөгөөр тохиролцсон гэжээ.

2. Хариуцагч Ц.Ж анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ хүнээс машиныг нь зээлээр авсан нь үнэн. Яагаад зээлээр авсан гэхээр энэ хүн тохитой, томоотой хүн, нэг нутгийн хүмүүс. Тухайн үед би бололцоо муутай шүү ахаа гэсэн чинь ах нь мөд мөнгөө нэхэхгүй, чи бид хоёр танихгүй хүмүүс биш болох байлгүй гэсэн. Тэгээд би машиныг нь авсан. Мөнгийг нь өгөхгүй жаахан удаасан. Гол нь энэ хүн өөрөө мөд мөнгөө нэхэхгүй гэсэн болохоор, бас өөрөө хүмүүсээс авлагатай байсан болохоор өгөөгүй. Банк бус санхүүгийн байгууллагад өртэй байсан бөгөөд сая хэдхэн хоногийн өмнө зээлээ төлж дууссан. 20-н сая төгрөгийн зээлийг 40-н хэдэн сая төгрөг болгож өгч хамаг байдгаа соруулсан. Ийм учраас би энэ хүнд мөнгө өгч чадаагүй удсан. Би одоо өвгөнд мөнгийг нь өгөхгүй машиныг нь буцааж өгнө. Учир нь би оргуул босуул муу хүн биш. Өр ширтэй байгаа талаараа өвгөнд ойлгуулж хэлж байсан. Яахав хөдөө газар ажиллаад нэг хэсэг сүлжээгүй байсан. Тэрнээс мөнгийг нь өгөхгүй алга болъё гээгүй. Тиймээс би энэ хүнээс одоо машиныг нь авахгүй буцааж өгнө. Намайг оргуул босуул юм шиг мөнгийг нь өгөхийн хооронд ийм байдалд оруулж доромжилж байгаа болохоор машиныг нь авч чадахгүй. Авахгүй гэх шалтгаан олон байгаа. Өвгөнийг аятайхан байсан бол мөнгийг нь өгөх гэж байсан. Ямар ч байсан өрөө дарсан, одоо мөнгөө өгнө гэж ярьж байтал шүүхэд нэхэмжлэл гаргасан. Надаас өөр хүн энэ машиныг авахааргүй муу юм байна лээ. Яахав ээ зайлуул мөнгө төгрөгийн хэрэгтэй байгаа байлгүй гээд машиныг нь авъя гэж бодсон. Би өөрөө хэд хэдэн жинхэнэ хулхи хүмүүст хулхидуулаад авлагаа одоогоороо авч чадахгүй, өвгөнд мөнгө өгч чадахгүй, банк бус санхүүгийн байгууллагын дарамтаасаа ч гарахгүй өдийг хүрсэн. Тэр машин нь манай гэрийн гадаа 1 жил гаран байсан. Тэр үед өвгөн ирээд машинаа аваад явах боломж байсан. Энэ хугацаанд ахад нь мөнгөний хэрэг гараад гээд хэлж байсан, манайхаар орж гарч байсан. Тэгээд би ажил амьдрал хөөгөөд өвлийн хүйтэнд эхнэр хүүхдээ аваад нөгөө машинаар нь гараад явсан ч 450-н километр зайтай газар 3 хонож 4 дэх өдөр дээрээ ирсэн. Учир нь машин нь хээр эвдэрсэн. Түлш их иддэг. Одоо хааяа нэг унах гэхээр эвдрээгүй юм байхгүй, дугуй нь салаад уначихсан. Энэ машинд би өчнөөн сэлбэг тавьсан. Оношилгоонд оруулах гэхээр оношилгооны хүн нь чи намайг доог тохуу хийж байна уу? гээд уурлаад байдаг. Хүнд унаа болохгүй ийм машиныг за яахав ярьсандаа өгчихье гэж бодож байсан. Уг нь иймэрхүү машиныг үнэлээд авдаг газрууд байдаг. Тийм газруудад аль эрт аваачаад өгчихгүй заавал над руу тулгаад байгаа. Би ямар унаад хэрэглэсэн биш. Энд ирснээрээ байдгаараа байгаа. Би өөрөө хэдэн өдөр тостой холилдоод моторыг нь боосон ч мөнгө төгрөг аваагүй. Харин ч сайжруулсан. Муутгасан зүйл байхгүй. Ерөөсөө актлагдсан машин. Хүнд ямар ч хэрэггүй. Би тухайн үед нь энийг нь хэлээгүй авчихаад хэлсэндээ байя, мөнгийг нь өгнө гэж байсан. Одоо бол би хүнд ямар ч хэрэггүй шулуухан хэлэхэд төмөрт тушаачихаар машин 3000000 төгрөгт авахгүй. Би харин ч энэ машинд маш олон сэлбэг тавьсан ч үр өгөөжөө өгөхгүй байгаа гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дах хэсэгт зааснаар хариуцагч Ц.Ж-оос 2500000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.П-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 500000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Ц.Жоос 54950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.П-д олгож, нэхэмжлэгч Ц.П-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62950 төгрөгийн орон нутгийн орлогод хэвээр үлдээхээр, шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Ц.Ж давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ***  овгийн Ц.Ж би 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 145/ШШ2023/00476 дугаартай шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Учир нь: Шүүх тайлбар гаргах, худалдан авсан эд хөрөнгийн биет байдлын доголдолтой холбоотойгоор шаардлага гаргах эрхээр хангаагүй. Худалдан авсан “Бонго-портер” маркын автомашин нь 3000000 төгрөгөөр үнэлэгдэх эсэхэд эргэлзээтэй байгаа учир эд хөрөнгийн үнэлгээ тогтоогоогүй.

Нэхэмжлэгч Ц.П-оос авсан машин нь санал болгосон үнийн дүндээ тохирохгүй, эвдрэл гэмтэл ихтэй, өнгө үзэмж муу, анх авах гээд өөрийнх нь хашаанд байхад нь автомашиныг би өөрөө засч байсан. Автомашиныг засах хугацаанд шинэ сэлбэг огт авч касч байгаагүй бөгөөд хашаанд нь байсан хуучин машины сэлбэгийг эвлүүлж засаж байсан. Мөн автомашины дээд эд ангийг зараад хуучин дээд анги тавьж байсан. Худалдан авах үед автомашины доголдол ихтэй байсныг мэдээгүй авсан зэрэг нөхцөл байдлуудын улмаас машиныг нь нэхэмжлэгчид буцан өгөх хүсэлтэй байх тул Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 145/ШШ2023/00476 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч Ц.П давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Ж анх миний машиныг авахдаа ийм тийм зүйл огт яриагүй. Хэрвээ анх авахдаа таны машин төмрийн хог байна гэж хэлсэн бол би хашаандаа байлгаж, эсхүл өөр хүнд зарах боломж байсан. Харин түлш л их идэж байна гэж хэлж байсан. Одоо нэгэнт авсан юм чинь би буцааж авахгүй. Миний машинд цахилгааны асуудал, дугуй нь салж ойчих гэх мэт асуудлууд байхгүй байсан. Мөн Ц.Ж намайг хэл амаар доромжилдог гэв.

6. Хариуцагч Ц.Ж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.П-ийн тайлбарт худлаа зүйл маш их байгаа. Юм үнэн байх ёстой. Би тухайн машиныг эвдэрсэн байхад нь руль дээр нь суугаад *** нуруунаас чирч авчирсан. Би машиныг авчирч ирээд тухайн машинтай 7 хоног ноцолдсон. Манай эхнэр надад тусалж байсан. Тэр машинд шинэ сэлбэг огт байгаагүй. Би өөрийнх нь эвдэлсэн зүйлсийг эвлүүлээд асаасан болсон. Машины моторыг дээд анги, доод анги гэж 2 ангилдаг. Хамгийн муухай нь тухайн машины моторын дээд ангийг зүгээр гээд надад зарсан. Өвгөн надад засварын мөнгө өгөөгүй, би машиныг өөрөө авъя гээгүй. Намайг бодвол чи юм чаддаг хүн наад машинаа ав гэж санал тавьсан. Би тухайн үед хямдхан машин байна уу? гэсэн хүн байсан болохоор машиныг авсан ч яахав гэж хэлж байсан. Би тэр хүнд үзүүлээд та өөрөө тэр хүнтэй уулзаад наймаагаа хий гэсэн зүйлийг ярьж байсан. Тэрийг огт яриагүй байна лээ. Би тэр машиныг хоёр хүнд үзүүлсэн. Тэгсэн наад машиныг чинь 500000 төгрөгөөр ч авахгүй гэж хэлсэн. Энэ зүйлсийг ярихгүй худлаа яриад хүнээс мөнгө салгах гээд яваад байгаа юм. Чи юм чаддаг хүн байна энийг тордоод унаж чадна, чи ав гэж хэлж байсан. Би ч тухайн үед авчихмаар санагдсан юм шиг байна. Ахаа би мөнгийг чинь мөд өгч чадахгүй өр зээлтэй, нялх хүүхэдтэй гээд үнэнээ хэлсэн. Тэгэхэд өвгөн мөнгө яахав хамаа байхгүй. Тэгж байгаад өг гээд тоохгүй байсан. Тэгэхээр нь эхнэртэйгээ гайгүй хүн байна хэлсэндээ байх байлгүй, намба суусан хүн байна гээд ярилцаж байсан. Тэгээд удалгүй мөнгөө нэхээд ирээд байсан. Манай ах дүү нар наад машинаа буцааж өг. Энэ хогоор яахав гээд л байсан. Нэг удаа би нэмэргүй юм байна, мөнгийг чинь өгч чадахгүй нь гээд хэлсэн чинь согтуудаа буцаагаад авна гээд хэлж байсан. Тухайн машин хэрвээ гайгүй машин байсан бол өвгөн өөр хүнд зарах л байсан. Тэгсэн надад тулгаад өгсөн. Өнгөрсөн жилийн 2 сард машиныг нь унаад Өвөрхангай аймгаас яаралгүй орой 4, 5 цагийн үед аавынхаар дайраад наашаа гарсан. Удалгүй яваад эвдрээд дээд анги нь хагархай тосоо тургиад, урд дугуй нь жаажигнаад салж унах гээд, жагтан гол нь замдаа нураад нялх хүүхэдтэй явж байхад аргаа бараад эхнэр хүүхдээ унаанд суулгаж явуулаад өөрөө нөгөө машинаа 400-500-н километр газар чирэн байж хүрэх газраа хүрсэн. Тэгээд эвдэрсэн байж байгаад моторыг нь хавар шуурганаар задлаад хуучин засварын сэлбэг хийгээд болоогүй. Дахиад би өөрөө бүтэн мотор авч тавьсан. Тэгээд нэг юм асаагаад хөдлөөд явж байсан чинь цагдаад торгуулаад дугуй нь салаад унасан. Шарик нь нурсан байсныг би мэдээгүй. Өвгөн өөрөө олон жил унасан бүгдийг нь мэдэж байсан. Доогуур нь харахаар хойд бөгс нь эвдэрч, араас нь юм мөргөсөн юм шиг байна лээ. Тэрийгээ дутуу гагнуулчихсанаараа тос гойжоод би хойно нь амортизатор авч тавиад дутуу гагнасан юмыг гагнах гэхээр гагнуур авахгүй, төмөр нь олон жил зэвэнд идэгдээд шавар шиг болчихсон. Арай гэж гагнаж байсан. Мөн рам нь хугархай арай гэж гагнасан. Ер нь тэр машинд биетэй зүйл байхгүй. Өмнө нь өвгөн урд талаар нь юм мөргүүлж байсан юм байна лээ. Хаалга нь гажаатай. Засах гэхээр засвар авахгүй, урд хоёр хаалга нь 3-н хуруу онгорхой, тэр дээрээ зузаан порлон наачихсан. Ийм л байдалтай машин байсан. Одоогоороо рам нь тасархай байгаа. Энэ машиныг одоо хүн авъя гэхэд кабин, кузов, рам, хойд бөгсийг нь солино гэхээр бараг бүтэн машин босгож байгаагаас ялгаагүй. Тэгэхээр би хүнээс төмрийн хог авсан гэж үнэнээ хэлсэн. Хүн доромжлоогүй. Ичихгүй шүүх дээр очоод зараг хийгээд хийх ажилгүй уйдсан хүн шиг яваад байгаа юм. Намайг чи хэлснээрээ болохгүй гээд байгаа юм. Би хэлсэн машин чинь үнэндээ болохгүй юм байна лээ, морины сайныг унана байж мэднэ гэдэг шиг би машиныг чинь хол замд унаж явахдаа мууг нь мэдсэн гэсэн чинь чи худлаа яриад бай өдөртөө яваад орсон гэсэн гээд худлаа яриад байгаа юм. Тэр газар чинь 400, 500 километр газар шинэ машин гэхэд хонож явдаг газар би тийм хуучин машинаар яагаад ч өдөртөө явахгүй. Өөрийнхөө хүүхэд шиг санаад гээд байгаа юм. Хэрвээ өөрийнхөө хүүхэд шиг санасан бол ийм юм зарчихаад өөдөөс мөнгө нэхээд зогсож байхгүй. Би олон үнэ хэлээд сүүлдээ 3000000 төгрөгөөр тохирсон. Машин засахад нь хүнийг хохироохгүй гэдэг үүднээс 3500000 төгрөгөөс ажлын хөлсөнд 500000 төгрөгийг суутгасан. Нэгэнт энэ хүн миний машиныг унаад эдэлчихсэн юм чинь би машиныг буцааж авахгүй. Миний машин сайхан машин байсан. Оношилгоонд тэнцүүлсэн гэсэн байна лээ. Оношилгоонд оруулдаг хүний хүүхэд манай хүүхэдтэй үй зайгүй найзууд, нэг анги гэж байсан. Тэр хүн дээр очоод асуудалгүй оруулчихдаг юм гээд оношилгоонд оруулчихаад ирж байсан. Арын хаалгаар л гэж ойлгож болно. Тухайн машинд болох зүйл нэг ч байхгүй. Хөдлөөд эвдэрдэг. Би дугуйнд шарик 400000 төгрөгөөр авч тавьсан. Би тавьсан мотороо сугалаад авсан байгаа. Өвгөнд машиныг нь буцаагаад өгнө гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

8. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хариуцагчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв. 

9. Нэхэмжлэгч Ц.П нь хариуцагч Ц.Ж-т холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэг 3000000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “Ц.Ж-т *** дугаартай Бонго пронтер автомашиныг 2021 оны 9 дүгээр сарын сүүлээр 3000000 төгрөгөөр үнэлж аман тохиролцоо хийж өгсөн.  Ц.Ж нь урьдчилгаа өгөлгүй тухайн ондоо багтаан 3000000 төгрөг өгнө гэж хэлээд одоог хүртэл өгөөгүй... Иймд дээрх тохиролцсон 3000000 төгрөгийг гаргуулна” гэж тодорхойлсон.

10. Хариуцагч Ц.Ж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “Би энэ хүнээс машиныг нь зээлээр авсан нь үнэн...Би одоо мөнгийг нь өгөхгүй машиныг нь буцааж өгнө...Би өөрөө хэдэн өдөр тостой холилдоод моторыг нь боосон ч мөнгө төгрөг аваагүй. Харин ч сайжруулсан. Муутгасан зүйл байхгүй. Ерөөсөө актлагдсан машин. Хүнд ямар ч хэрэггүй. Би тухайн үед нь энийг нь хэлээгүй авчихаад хэлсэндээ байя, мөнгийг нь өгнө гэж байсан. Одоо ямар ч хэрэггүй шулуухан хэлэхэд төмөрт тушаачихаар машин 3000000 төгрөгт авахгүй. Би харин ч энэ машинд маш олон сэлбэг тавьсан ч үр өгөөжөө өгөхгүй байгаа.” гэж маргажээ.

11. Нэхэмжлэгч Ц.П болон хариуцагч Ц.Ж нар нь тээврийн хэрэгсэл худалдах худалдан авах хэлцэл хийсэн болох нь Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн “...Би энэ хүнээр машинаа засуулсан юм. Тэгээд энэ хүн миний машиныг янзалсаны дараа би, машинаа зарчихмаар байна гэсэн чинь тэгвэл хоёулаа тохиролцоод машиныг чинь би авья гэсэн...” тайлбар, хариуцагчийн “...Би энэ хүнээс машиныг нь зээлээр авсан нь үнэн...” гэсэн тайлбаруудаар /хавтаст хэргийн 17 дугаар хуудас/ тогтоогдсон, харин маргааны зүйл болох тээврийн хэрэгсэл нь биет байдлын доголдолтой байсан эсэх талаар хариуцагч маргасан байна.

12. Анхан шатны шүүх “нэхэмжлэгч хариуцагч нар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, хариуцагч Ц.Ж худалдан авсан эд хөрөнгийн биет байдлын доголдолтой холбоотой шаардлага гаргасан эсэхээ нотлоогүй тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хэлэлцэн тохирсон үнийг хариуцагч Ц.Ж төлөх үүрэгтэй” гэж дүгнээд, нэхэмжлэлийн шаардлага 3000000 төгрөгөөс засварын хөлс 500000 төгрөгийг хасаж хариуцагчаас 2500000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1 дэх хэсэгт худалдан авагч нь эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан бол шаардлага гаргах эрхээ алддаг.

Хариуцагч Ц.Ж нь уг тээврийн хэрэгслэлийг буцаах шаардлага гаргаж байсан гэх боловч үүнийгээ баримтаар нотолж чадаагүй байна.

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.”, 38.7-т нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгнө.” гэж заасан байдаг.

2023 оны 09 дүгээр сарын 18-ний өдөр хариуцагч Ц.Ж-т эрх, үүргийг нь танилцуулсан баримт авагдсан, хариуцагч анхан шатны шүүхийн шүүх хуралдаан болох хүртэл нэхэмжлэлийн шаардлагын талаар тайлбар ирүүлээгүй, өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй, мөн маргаж байгаа эд хөрөнгөнд үнэлгээ хийлгэх талаарх хүсэлтийг гаргаагүй байна.

Иймд хариуцагч Ц.Ж-ын “...шүүхэд тайлбар гаргах, худалдан авсан эд хөрөнгийн биет байдлын доголдолтой холбоотойгоор шаардлага гаргах эрхээр хангаагүй. Худалдан авсан “Бонго-портер” маркын автомашин нь 3000000 төгрөгөөр үнэлэгдэх эсэхэд эргэлзээтэй байгаа учир эд хөрөнгийн үнэлгээ тогтоогоогүй...” гэсэн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

14. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангажээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

15. Гомдлыг хангахгүй орхисон тул хариуцагч Ц.Ж-оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлсөн 62950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 145/ШШ2023/00476 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ж-ын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Ц.Ж-оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлсөн 62950 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.