Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 47

 

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

Улсын яллагч Ц.Сувдаа,

Хохирогч Т.М ,

Хохирогчийн өмгөөлөгч Т.Эрдэнэзаяа,

Шүүгдэгч Б.Ми  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Сувдаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Б.Ми эд холбогдох 163/2019/039/Э индекстэй, 1815000000255 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1994 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 24 настай, казак, эрэгтэй, дээд боловсролтой, цэргийн инженерийн алба, уул уурхайн машин механизм ашиглалтын инженер мэргэжилтэй, Зэвсэгт хүчний дүгээр ангийн засвар ашиглалтын инженер ажилтай, ам бүл 4, аав, ээж, эгчийн хамт Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 6 дугаар багт оршин суух хаягтай, одоо Булган аймгийн Хангал суманд түр оршин сууж байгаа, ял шийтгүүлж байгаагүй, С овогт Б.Ми.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ми  нь /яллах дүгнэлтээр/ 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө Булган аймгийн Хангал сумын нутагт Б.М ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ми ийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй. Гэм буруугийн талаар маргахгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.М ий  өгсөн: 2018 оны 12 дугаар сарын 20-ноос 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөрт шилжих шөнө манай ангийн шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулагдсан. Энэ арга хэмжээ нь Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны тэнд байдаг С гэх амралтан дээр болсон. Шинэ жилийн арга хэмжээ шөнийн 00 цагийн үед дуусч гэрлүүгээ явсан. Би ангийн хашаанд байрладаг офицеруудын байранд байдаг байсан. Тэгээд би гэртээ орох гэтэл түлхүүр байхгүй байсан тул Ми ийн гэрт орсон. Араас надтай хамт байдаг У  ирсэн. Би Б.Ми тэй ажлын талаар ярилцаж хэдэн үг хэлсэн. Юу гэж хэлсэн бэ? гэхээр “чи намайг дарга гэж хүндэлдэггүй бөгөөд бидний хооронд ямар ч дарга, цэргийн харилцаа байдаггүй” гэж хэлсэн. Үүнээс болж бидний хооронд маргаан болсон. Тухайн үед би архи, согтууруулах ундааны зүйл уусан учир биеэ хянах чадваргүй, нэлээн согтуу байсан. Ингэж маргалдах явцад Ми  намайг орон дээр нэлээн удаан дарсан. Ми  бид хоёрыг муудалцах үед У  гараад явчихсан байсан. Хэсэг хугацааны дараа У  орж ирээд Ми ийг салгах гэж оролдоход салахгүй байсан ба над руу улам дайраад байсан. Харин У  дийлэхгүй байсан. Ми  нь надтай ноцолдож, намайг дарж байхдаа орны толгойн төмрөөр зүүн гарын бугалга руу цохьсон. Цохисны дараа биднийг салгаад Ми ийг дэслэгч Б  гэр лүү нь аваад явсан. Тэгээд ахлах дэслэгч У  түргэн тусламж дуудах гээд гарахад урдаас ангийн захирагч ороод ирсэн. Тэгээд би эмнэлэгт очиж зүүн гартаа 7 оёдол тавиулсан. Тэр үед Ми  бид хоёрын хооронд зодоон болсон. Гэхдээ би Ми т огт гар хүрээгүй. Надад Ми тэй барьцалдах зодолдох тэнхээ байгаагүй. Их согтсон байсан. Ми  намайг өөрөө унаад бэртсэн гээд байсан. Тийм зүйл байхгүй. Тухайн үед Ми  эрүүл байсан. Ми  намайг орон дээр нэлээн удаа дарсан. Би түүнийг босгох гэж оролдоход дийлэхгүй байсан. Тэгээд Хялганат тосгоны Эрүүл мэндийн төвд очиж долоон оёдол тавиулж гараа боолгочихоод гэртээ ирж амарсан. Маргааш нь манай аав, эхнэр хоёр ирсэн. Тэгээд би гэртээ очиж хэд хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Гар дээшээ болохоор шөрмөс гүрдийж гарч ирээд олигтой хөдөлж болдоггүй юм. Би цэргийн байгууллагад ажилладаг болохоор өдөр болгон сунгалтын дасгал хөдөлгөөн хийх шаардлага гардаг. Одоо арьс, шөрмөс сунгадаг эм ууж, тос түрхэж байгаа. Тухайн үед би Ми т миний эмчилгээний зардлыг төлөөд өгчих, надад өөр гомдол, санал байхгүй гэж хэлсэн боловч одоо болтол өгөхгүй байна. Би эмчилгээний зардалд 300000 төгрөг, замын зардалд 200000 төгрөг, нийт 500000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна гэв.

1815000000255 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Гэрч Б.У ын өгсөн: “...Тэр өдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө манай анги шинэ жилийн баяраа тэмдэглэсэн юм. Тэгээд тэр хоёр түрүүлээд байрандаа ирчихсэн байсан ба би араас нь ирсэн. Намайг ирэхэд тэр хоёр юунаас болсныг нь сайн мэдэхгүй маргалдчихсан байсан. М  ахмад Ми  дэслэгч 2 харилцан маргалдаад байсан ба би архи уучихсан, нэлээд согтсон байсан учир яг юунаас болж маргалдсаныг нь сайн мэдээгүй. Тэгээд тэр хоёр манай өрөөнд байж байгаад хоорондоо зодоон хийсэн ба би тэр хоёрыг Б тэй хамт салгасан. Тэгээд Б  Ми ыг салгаж өрөөнд нь оруулаад би эмнэлгийн машин дуудах гээд гарсан. ...Тэгээд салгасны дараа М ий зүүн гарын суганы дотор талаас нь цус гарчихсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17, 57 тал/,

“...Ми ийг би тэр үед өөрийнх нь өрөөнд оруулах гээд байж байхад Л.М  рүү дайрахаар нь би араас нь тэвэрч чирэгдээд орчихсон ба М  орныхоо тэр хавьд зогсож байсан байх. Тэр хоёр хоорондоо учиргүй цохилцож зодоон хийгээгүй ба Ми  ямар ч байсан газарт унаагүй. М  унасан эсэхийг бол би мэдэхгүй. Хараагүй. ...Би Ми ыг араас нь тэвэрч байж байгаад татаж салгаад Б тэй хамжиж манай өрөөнөөс гаргаж өөрийнх нь өрөөнд оруулсан. Тэгээд би коридорт зогсож байгаад харахад М ийн гараас цус гарчихсан харагдаж байсан. ...Ми ийг М  рүү дайрахаас өмнө М ийн биед, гарт нь ямар нэгэн гэмтэл, бэртэл байгаагүй зүгээр байсан. Энэ үйл явдлаас болж Ми ийн биеийн ил харагдах хэсэгт ямар нэгэн гэмтэл учраагүй. ...”  гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 тал/,

Гэрч Б.Б гийн өгсөн: “...Тэр өдөр манай анги шинэ жилийн баяраа “С” амралтын баазад тэмдэглэсэн. Арга хэмжээ 17 цагаас үдшийн 23 цаг хүртэл үргэлжилж амралтын газраас алба хаагчдаа автобусаар гэр лүү нь зөөсөн. ...Тэгээд намайг ирж байхыг хараад гадаа машинаа асуугаад сууж байсан М  ахмад миний араас манай өрөөнд орж ирсэн. Тэгээд М  ахмад “оны аварга болоогүй энэ тэр” гээд юм яриад байж байтал араас ахлах дэслэгч Б.У  орж ирээд М  ахмадыг аваад гэр лүү нь орсон. Тэр хоёр нэг өрөөнд хамт амьдардаг юм. Тэгээд М   ахмад Ми ийг хэл амаар доромжлоход Ми  “ах одоо ингээд амарчих” гээд аргадаад байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг гарснаас хойш 10 орчим минутын дараа юу болж байгаа  юм бол гээд М  ахмадын амьдардаг өрөө рүү орсон. Намайг тэдний өрөө рүү ороход Ми  өөрийнхөө өрөөнд орондоо орчихсон унтаж байсан. Намайг М  ахмадын өрөөнд ороход ахмад ”Ми ийг хэл амаар доромжлоод орилж хашгираад” байсан. Тэгээд намайг өрөөнд нь ороод сууж байтал миний араас Ми  орж ирээд “та одоо больчихооч, одоо амарчих” гээд хэлэхэд М  ахмад урдаас нь салаавч гаргасан. Тэгээд тэр хоёр барьцалдаад ноцолдохоор нь би Ми ийг салгаж аваад өрөөнд нь оруулсан. М  ахмад уначихсан байсан. ...Араас удалгүй М  ахмад “ингэчихээ” гээд зүүн гарын булчингийн дотор талд мах нь хэсэг газар бөөрөнхийлөөд унжчихсан цус гарчихсан орж ирсэн, тэгээд түүний араас штабын дарга орж ирээд эмнэлэг рүү авч явсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20, 58 тал/,

Гэрч Т.Т ы өгсөн: “...Би энэ болсон явдлын талаар 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн өглөө хүү Т.М эс утсаар мэдсэн. Манай хүү утсаар яриад “та намайг ирээд аваадхаа” гэж хэлсэн. Эхнэрээ хамт аваад ирээрэй гэхээр нь би бэрээ дагуулаад Хялганат явсан. Тэгээд очиход хүү маань өөрийнхөө амьдардаг өрөөнд ганцаараа сууж байсан ба бэр бид хоёрыг өрөөнд нь ороод удаагүй байхад бид хоёрын араас тус штабын дарга гэх хүн орж ирсэн. Штабын дарга нь хэлэхдээ “манайх өчигдөр шинэ жилийн баяраа тэмдэглэсэн, тэгээд ийм юм асуудал болсон. Би шөнө 04 цагт ирж энэ хүнийг авч эмнэлэг орж оёдол тавиулсан. Хамт олны хатгаасанд орж нэг иймэрхүү юм болсон байна” гэж хэлсэн. Тэгээд “таныг яах гэж дуудсан юм бэ? үеийн хэдэн залуучуудын дунд зөрчилдөөн үүссэн” гэсэн юм ярьсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/,

Шүүгдэгч Б.Ми  яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа. Тогтоолын утга агуулгыг ойлгосон. Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би хохирогчоор мэдүүлэг өгөхдөө асуудлыг тодорхой дэлгэрэнгүй мэдүүлсэн. Түүнээс өөрчлөгдөх зүйл байхгүй гэв. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 тал/,

“...2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр манай анги “С” амралтын баазад шинэ жилийн баяр зохион байгуулсан. Шинэ жилийн арга хэмжээ 18 цагт эхлээд 23 цагт дуусч, албан хаагчид автобусанд сууж тарсан. Би 2 дугаар ээлжийн автобусанд өөрийн албаны дарга ахмад М ийг авч явж ангийн хашаанд байрлах удирдлагын 3 дугаар байранд байх гэртээ ирсэн. Ахмад М ийн өрөөний түлхүүр байхгүй байна гээд манай өрөөнд сууж байсан бөгөөд 30 орчим минут гэрийн түлхүүрээ хүлээж манайд байсан. ...Ахмад М  “би явна, гэртээ харина, А  гэх хүнтэй уулзана” гээд явах гээд хувцсаа өмсөөд гарч машинаа асаасан. Тэгэхээр нь би архи уучихсан согтуу болохоор нь “цэрэг нь машиныг нь жолоодоод явъя” гээд У , М  бид нар машиндаа суугаад байж байхад байрны үүдэнд Б  дэслэгч хүрч ирсэн. ...Байранд ороход Б гийн өрөөнд М  ахмад түүнийг номхон зогсоочихсон маргалдаад байж байхаар нь би М  ахмадыг “та боль, одоо тайвшир, орж амар” гээд түүнийг тэвэрч өрөөнийх нь үүдэнд оруулж, өөрийнх нь орон дээр хэвтүүлээд дээр нь дараад “тайвшир” гэхэд У  орж ирсэн. Би У т “энэ хүнийг та хариуцаад амраагаарай, оруулж гаргах хэрэггүй, би өрөөндөө орж амарлаа” гээд өрөө рүүгээ орж хэвтсэн. ...Намайг унтах гээд хэвтэж байхад М  ахмад, У  ахлах дэслэгч нар орж ирээд М  ахмад намайг хэл амаар доромжилж, үндэс угсаагаар ялгаварлаж, мөн хулгайч гэж доромжилсон. У  ахлах дэслэгч түүнийг “та одоо болно, орж амаръя” гээд авч гарсан. Удалгүй тэр хоёр буцаад орж ирсэн бөгөөд намайг үндэс угсаагаар доромжилж байгаад гарч явсан. М  ахмад өрөөндөө орсоныхоо дараа хэл амаар доромжилж байгаад намайг ороод ир гээд дуудаад байхаар нь би өрөөнд нь орсон. Тэр үед өрөөнд нь У , Б  нар хамт байсан. Намайг сандал дээр суухад мөн л хэл амаар доромжилсон. Би босоод “та яах гээд байгаа юм бэ, би танд ямар гэм хийсэн юм бэ” гэхэд би хоёр харилцан барилцаж авч байгаад бие биенээ нэг нэг удаа цохьсон. ... Бид хоёр ноцолдож байгаад газар унасан бөгөөд би түүний дээр нь дарж унасан. Босч ирэхэд нөгөө хоёр бид хоёрыг салгаад би өрөө рүүгээ орсон. Удалгүй миний араас М  ахмад миний зүүн гарын бугалганы дотор тал гэмтсэн гээд түүнийгээ харуулаад орж ирсэн. Тэр хэсгээс нь цус гарч байсан. ... Намайг үндэс угсаагаар доромжилж “нутгаас яваарай, нутгаа олоорой” гээд байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 хуудас/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 05 тоот:

  1. Магадлуулагч Т.М ий биед зүүн бугалганд оёдол бүхий шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Магадлуулагч Т.М ийн биед учирсан гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.
  4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 25 тал/,

Шинжээч эмч Б.Мөнх-Оюуны өгсөн: “...Хатуу мохоо зүйл гэдэг нь ир үзүүртэй, ир ирмэгтэй зүйлээс бусад зүйлс хамаарна. Аяга болон төмөр цагаан орны толгойн төмөр хэсэг гэдэг нь хатуу, мохоо зүйлд хамаарна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 61 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх 01-02 тал/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 08 тал/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдлын талаархи /хх 37-40 тал/ нотлох баримтууд, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 48-49/, зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай прокурорын тогтоол, шүүгдэгч Б.Ми ийн хүсэлт /хх-ийн 67-70/ болон хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн нотлох баримтууд зэргийг шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ми ийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө байгууллагын шинэ жилийн баярын арга хэмжээний дараа Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны “Ц” гэх газарт байрлах Зэвсэгт хүчний 234 дүгээр цэргийн ангийн удирдлагын байранд “хэл амаар доромжилж, үндэс угсаагаар ялгаварлан гадаруурхлаа” гэх шалтгаанаар  Б.М тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, ноцолдох үедээ түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай үйлдэл нотлогдож, тогтоогдсон байна.

       Гэмт хэрэг гарсан газар, цаг хугацаа, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч Т.М , гэрч Б.У , Б.Б  нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, өөр хоорондоо зөрүүгүй, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

       Шүүгдэгч Б.Ми ийн гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

       Хэргийн нөхцөл байдлаас дүгнэлт хийхэд хохирогч Т.М  нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ согтуурхаж бусдыг өдөөн хоргоосон, шүүгдэгч Б.Ми ийг хэл амаар доромжлон орилж хашгираад байсан, түүний “одоо та унтаад амарчих” гэсэн удаа дараагийн хууль ёсны шаардлагыг үл ойшоон  түүний урдаас нь “салаавч” гаргасан зэрэг хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч нарын өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.

         Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.М  нь эмчилгээний зардал 300000 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 200000 төгрөг, нийт 500000 төгрөгийг нэхэмжилж 5 хуудас бүхий нотлох баримтыг шүүхэд ирүүлжээ.

        Шүүх нотлох баримтын агуулга, тухайн хэрэгт хамааралтай эсэх, нотологооны шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаж Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар эмчилгээ оношлогоотой холбоотой гарсан зардалд 170900 төгрөг /боолтын төлбөр 20000₮, 20000₮, 5000₮, эмийн үнэ 3800₮, 52000₮, 20000₮, 11000₮, 19100₮, 20000₮/, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой /шинжилгээний төлбөр болон бинзений үнэ/ зардалд 256000 төгрөг, нийт 426900 төгрөгийг шүүгдэгч Б.Ми ээс гаргуулан хохирогчид олгож, нотлох баримтгүйгээр нэхэмжилсэн 73100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

        Шүүгдэгч Б.Ми  нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирол 426900 төгрөгийг ял оногдуулах шүүх хуралдааны өмнө цахим банкаар төлж, хохирогч хүлээн авснаа илэрхийлсэн байна.

       Шүүгдэгч Б.Ми эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, түүнчлэн гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Ми  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1.Шүүгдэгч С овогт Б.Ми ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ми ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүйг дурьдаж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Ми эд сануулсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Б.Ми  нь гэм хорын хохиролд 426900 /дөрвөн зуун хорин зургаан мянга есөн зуун/төгрөгийг төлсөн болохыг дурьдаж, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 73100 /далан гурван мянга нэг зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

5.Энэ хэрэгт шүүгдэгч Б.Ми  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ми эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.  

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Ми эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ЦЭРЭНХАНД