Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 204/МА2024/00002

 

Д.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Нямдорж даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 146/ШШ2023/00274 дугаар шийдвэртэй

Д.С-ийн нэхэмжлэлтэй П.П, Д.Э нарт холбогдох “Малын тэжээлийн үнэ 60000000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б /цахим сүлжээгээр/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг /цахим сүлжээгээр/, хариуцагч П.П /цахим сүлжээгээр/, Д.Э, нарийн бичгийн дарга Б.Пүрэвжав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Д.С-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.С нь 150 га газарт малын ногоон тэжээл тарьсан боловч 50 га газарт 2021 оны 09 дүгээр сараас 10 дугаар сарын хугацаанд П.П болон Д.Э нар нь өдөр, шөнө гээд адуугаа оруулснаас болж ургац хураан авах боломжгүй болсон. Ингээд нийт 50 га газарт ургац хураан авах боломжгүй болсон тул үнэлгээ тогтоолгон Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар 60000000 төгрөгт гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Тухай бүрд нь мал ороод талбай сүйтгээд байна гэж Өвөрхангай аймгийн *** сумын Засаг дарга болон холбогдох хүмүүст хандахад арга хэмжээ аваагүй. Малчид малаа харж хандах үүргээ биелүүлэхгүй байснаас их хэмжээний хохирол учирсан. Цагдаагийн байгууллагад хандсанаар зөрчлийн хэрэг үүсгэж Өвөрхангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны улсын байцаагч Б нь зөрчлийн хэрэг нээж шалгаад шалгах явцад захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсан. Уг захиргааны хэргийн Шүүхийн шийдвэр дээр 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах асуудлыг шийдвэрлэн дахин шинэ акт гаргуулахаар 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн. Байцаагч нь дээрх хугацаанд дахин шинэ акт гаргаагүй бол шийтгэлийн хуудсыг хүчингүй болгоно гэж шийдвэрлэсэн. Мэргэжлийн хяналтын байцаагч ямар нэгэн ажиллагаа хийгээгүй. Ажиллагаа хийгээгүй байж байтал зөрчлийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд хаасан. Энэ тухай баримтыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Үүн дээр гомдол гаргахад Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор Т.Батсүх нь 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр буюу шүүхийн шийдвэр гарснаас хойш 1 жилийн дараа зөрчлийн хэргийг сэргээн шалгаж нэмэлт ажиллагаа явууллаа гэсэн хариуг өгсөн. Мэдэгдсэн боловч цааш үргэлжлүүлж шийдвэрлэсэн нь одоогоороо бүрэн гүйцэт шийдвэрлэгдээгүй.

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн шүүх рүү 2023 оны 04 дүгээр сард прокурор газраас шилжүүлсэн. Шилжүүлэхэд 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн албан тоотоор Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас ирүүлсэн хүсэлтийг хангахаас татгалзсан хариу өгсөн байсан. Зөрчлийн хэргийн материалтай танилцахад П.П манай адуу орсон байсан. Зөрчлийн хэрэгтэй танилцаад байж байхад П.П, Д.Э нар тухайн өдөр манай адуу орсон байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Зөрчлийн хэргийн 30 дугаар хуудас дээр 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр П.П-ийн холбогдогчоор өгсөн мэдүүлэгт яг хэдний өдрийг санахгүй байна. Манай буурал азаргатай 16-н тооны адуу Д.С-ийн тариан талбай руу орсон байсныг тариалангийн талбайн манаач хашсан байсан. Д.С-ийн тариалангийн талбай руу танай адуу орж 54-н га газрын ногоон тэжээлийг сүйтгэснийг хүлээн зөвшөөрч байна уу гэхэд адуу орсныг хүлээн зөвшөөрч байна. Ганцхан манай адуу ороогүй. Зөрчлийн хэргийн хавтаст хэрэгт авагдсан адууны зураг танай адууны зураг мөн үү гэхэд мөн байна. Д.С-ийн талбайд нэг удаа адуу орсон нь үнэн учраас арга хэмжээ авахыг хүлээн зөвшөөрч байна гэж мэдүүлэг өгсөн байдаг. Түүнчлэн Д.Э-ын мэдүүлэгт би хашаа байгаа газар очиход 7, 8-н азарга адуу хашаатай байсан. Танай мал өмнө нь тариан талбай руу орж байсан уу гэхэд тухайн үед л нэг удаа орсон байна. Манайх бүгд нийлээд 25-н адуу орсон байсан. Тухайн үед манай адуу орсон байсан гэж мэдүүлдэг учир зөрчлийн хэргийг үндэслээд Д.Э, П.П нарыг хариуцагчаар татан хохирлыг гаргуулах нь үндэслэлтэй байна гэж үзэн шүүхэд нэхэмжлэлийг гаргасан. Зөрчлийн хэргийн 38 дугаар тал дээр байгаа Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Хууль зүйн дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалыг дагуу ажлын хэсэг, аргачлал баталсан байдаг. Энэ аргачлалын дагуу эрх бүхий албан тушаалтны тогтоолоор шинжээч томилон дүгнэлт гарсан байдаг. Энэ нь хэргийн 44 дүгээр тал дээр 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Өвөрхангай аймгийн *** сумын Байгаль орчны улсын байцаагч М-ийн дүгнэлтэд үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал гэдэгт Өвөрхангай аймгийн *** сумын 3 дугаар багт байрлах иргэн Г-ын эзэмшлийн талбайг түрээсэлсэн иргэн Д.С-ийн ашиглаж байгаа тариалангийн талбай руу иргэн П.П-ийн адуу орж 723х720 метр квадрат газрын талбайд тариалан, ногоон тэжээлийг идэж, гишгэлсэн нийт газрын 52-н га талбайгаас 10,400 орчим боодол ногоон тэжээл хураах боломжгүй болсон байна. Зэргэлдээ 2 талбайн ургацтай харьцуулахад 2 дахин их байлаа. Тус компани нь дээд тал нь 1 га газраас авдаг ногоон тэжээлийн хэмжээг үндэслээд 50-н га талбайгаас 5,200-н ширхэг өвс боодол авна гэж тооцоолон зах зээлийн үнэ 6,000 төгрөг гэж тооцоход 36,200,000 төгрөгийг хохирол учруулсан байна гэж дүгнэсэн. Сүүлд удаа дараа шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан боловч Өвөрхангай аймгийн *** сумын ажлын хэсэг дахин тодорхой үнэлгээ гаргаж өгөөгүй. Үнэлгээ тогтоолгоход 2021 оны 11 дүгээр сард ногоон тэжээл 6,000 төгрөгийн үнэтэй байна гэдгийг үндэслэн Вендо үнэлгээний газраар үнэлүүлэхэд 60,000,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлт гаргасан. Хариуцагч П.П-ээс 60,000,000 төгрөгийн 60 хувь буюу 36,000,000 төгрөгийг, хариуцагч Д.Э-оос 40 хувь буюу 24,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гандөш анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх эхнээсээ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь дээр санаатайгаар хашаа эвдэж оруулсан, зодсон, танхайрсан гэдэг. Энэ хэрэг эрүүгийн журмаар шалгагдах байсан. Гэтэл энэ талаар нэг ч баримт байхгүй. Санаатайгаар бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх үйлдэл гаргасан бол энийг Цагдаагийн байгууллага шалгах ёстой. Тухайн үед шалгагдаж байсан талаар зөрчлийн хэрэгт баримт нь байдаг юм билээ. Гэхдээ энэ талаар нотлоод, шийдсэн зүйл огт байхгүй. Энэ хэрэг эрүүгийн шинжтэй байна уу, зөрчлийн шинжтэй байна уу гэдгийг Цагдаагийн байгууллага нь шалгах байсан. Энэ талаар өөрсдөө ч өргөдөл гомдлоо гаргаагүй. Газрын тухай хууль, газар эзэмших, ашиглах эрхийг зөрчсөн гэх заалтаар Улсын байцаагчаар газар ашиглалтын хууль зөрчсөн гэх дүгнэлт гаргуулсан байгаа юм. Шийтгэвэр нь 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр бичигдсэн. Гаргаж аваагүй байх явцад Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд 60,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч П.П ирээд энэ ямар учиртай нэхэмжлэл юм бэ гээд торгуулийн хуудсыг анх удаа л харж байна. Гардаж аваад шийтгэлийн хуудас дээрээ давж заалдах гомдол гаргаад Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн шийдвэр гараад шийтгэврийн хуудсыг хүчингүй болгоод 2 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн. Энэ хугацаанд шинэ акт гаргаагүй бол хүчингүй болгох заалтыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь заалтыг үндэслэж гарсан. Үүнийг манай зүгээс эцсийн шийдвэр гэж үзэж байна. Гэтэл нэхэмжлэгч талаас зөрчлийн хэргийг сэргээгээд дахин ажиллагаа хийсэн юм шиг зүйлийг ярьж байна. Шүүхийн хүчингүй болгосон шийтгэврийг сэргээх ямар ч хуулийн зохицуулалт Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хуульд байхгүй. Энэ тухай шүүх албан бичгээр хариу ирүүлсэн. Энэ нь нотлох баримтаар хэрэгт авагдсан байгаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх эрх үүргийг тодорхойлсон байдаг. Хэрэгт авагдсан нотлох баримт нэхэмжлэлийг нотолсон нэг ч нотлох баримт байхгүй. Харин эсрэгээрээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан гэм хор учруулсан зүйл нотлохгүй байгаа талын баримтууд буюу П.П, Д.Э нарын мэдүүлэг байдаг. Нэгдүгээр хавтаст байгаа П.П-ийн тайлбар, гэрч Б, С.А нарын гэрчийн мэдүүлгээр хэн хэний адуу орсныг мэдэхгүй. Таван айлын 700-800-н адуу байсан. Тэрнээс өмнө үхэр орж байсан гэдэг зүйлийг ярьдаг. Энэ нь гэм хор учруулсан гэх талаар нотолж чадахгүй. Мөн захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, Д.Э-ын тайлбар, удаа дараагийн нэхэмжлэгч талын хүсэлтээр гаргуулсан ажлын хэсгийн дүгнэлтүүд, Хүнс, хөдөө, аж ахуйн ажлын хэсгийн дүгнэлтүүд, орон тооны бус хэсгийн дүгнэлт, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн албан бичиг зэрэг нийт 3-4-н дүгнэлтээр хариуцагч нарыг гэм хор учруулсан нь нотлогдохгүй байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна. Хуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрсдөө нотлох үүрэгтэй. Энэ нотлох ажиллагаагаа хийгээгүй. Ийм учраас бүрэн нотлогдоогүй гэж үзэж байгаа. Тухайн тариалангийн талбай огт хашаагүй. Хэрэгт болон зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтад харагдаж байгаа. Тойруулаад газрыг нь ухсан байсан. Хашаа эвдсэн гэх асуудлын тухайд өөрсдөө бусдын эд хөрөнгөд халдаад тариалангийн талбайн хүмүүс нь О гэх малчны хашааг зөвшөөрөлгүй авчирч хүмүүсийн адууг хашсан байсан. О хашаагаа авна гээд эвдээд авсан. Малчид нь малаа аваад явсан зүйл л болсон. Талбайн хүмүүс малчны хашааг зөөж авчирч адууг хашиж байсныг хашаагаа авна гэж буулгаж аваад явдаг. Тэрнээс тухайн компанийн барьсан хашааг эвдээд П.П адуугаа авна гээд эвдээд явсан зүйл байхгүй. Үүнийг гэрчүүд ч хэлдэг. Тухайн гэм хор учруулсан гэх баримт буюу эрх бүхий албан тушаалтны шийдвэр байх ёстой. Нотлогдохгүй байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч П.П-ээс 9,000,000 төгрөг, хариуцагч Д.Э-оос 6,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.С-д олгохоор, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 45,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 457,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.П-ээс 139,770 төгрөг, хариуцагч Д.Э-оос 93,180 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.С-д олгохоор, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигчид нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан хугацаанд тоолоход саад болохгүйг мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гандөш давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч П.П, Д.Э нарт холбогдуулан “60000000 төгрөг гаргуулах" нэхэмжлэлийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд гаргасан бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг 2023 оны 11 сарын 17-ны өдрийн 146/ШШ2023/00274 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар П.П-ээс 9000000 төгрөг, Д.Э-оос 6000000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэрийн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гандөш би эс зөвшөөрч байгаа ба анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

Учир нь: Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “... нэхэмжлэгч Д.С-ийн тариалангийн талбайд учирсан бодит хохирол 30000000 төгрөгийн 50 хувь буюу 15 000 000 төгрөгийг П.П, Д.Э нараас гаргуулах үндэслэлтэй ба гаргуулахдаа хариуцагч П.П-ийн адуу тариалангийн талбайд олон удаа орж байсан зэргийг харгалзан үзэж, хариуцагч П.П-ээс 9000000 төгрөг, хариуцагч Д.Э-оос 6000000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

П.П-т торгох шийтгэх оногдуулсан шийтгэлийн хуудас хүчингүй болсон хэдий ч уг хэрэгт авагдсан хууль сануулж гэрчээр П.П, Д.Э нараас авсан мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх нь хууль зөрчихгүй ...” гэж дүгнэсэн байна.

Гэтэл хэргийг шийдвэрлэхдээ үндэслэл болгож байгаа Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Б-ийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж шийтгэл оногдуулсан 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0001907 дугаартай шийтгэлийн хуудас бүхий /Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 22-ны өдрийн 17 дугаартай шийдвэрээр хүчингүй болсон/ зөрчлийн хэргийн материалд нотлох баримтууд авагдсан байдаг.

Гэрч Д.Э-ын 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өгсөн “... манай саахалт айлын Б ирээд танай адуу тарианд ороод хашаатай байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хашаа байгаа газар нь очиход 7-8-н азарга адуу хашаатай байсан. Адуугаа авъя гэсэн чинь Засаг даргатайгаа очиж уулз, би адууг чинь өгөхгүй гэж хэлсэн. Би засаг дарга дээр А, П, Ч нартай орж уулзсан. Засаг дарга бид нар хэлэхдээ манайхтай тариалан эрхэлж байгаа хүмүүс нь гэрээ хийгээгүй, хашаагаа барь гэж анхааруулсан, хашаагаа бариагүй байхад мал орвол хариуцахгүй гэж тариалан эрхэлж байгаа хүмүүст хэлсэн ...” гэх мэдүүлэг,

Гэрч Г.С-ын 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өгсөн “ ... заримдаа талбайн голоор малаа туугаад явдаг. Т, Т гуай нарын мал ороод байдаг. Тууж очоод танай адуу орсон байна гээд гэрийнх нь гадаа тууж аваачиж өгсөн ч шөнө нь адуу нь орчихсон байдаг. Т гуай үүрээр ирж авдаг, адуугаа манаач гэхээр талбайгаа хашаач гээд байдаг. 9 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө бид нар талбайн гол руу адуу ороод дийлдэхгүй байхаар нь орсон адууг хашсан. Нийт 7-н азарга адуу, 7-н морьтой хашсан. Маргааш өглөө нь Ц, Ч, А, Т нар ирсэн. Тэгээд манай ахтай уулзаад ах шийддэг улсуудтай нь хамт ирээд шийд гэж хэлээд явуулсан, тэгсэн чинь тэд нар буцаж ирэхдээ манай хашааг нураагаад адуугаа гаргаад явуулсан. Тэгэхээр нь би та нар яагаад хашаа задлаад хаячиж байгаа юм бэ гэхэд намайг Т гэх хүн шилбүүрээр нэг удаа  гар руу цохиод хашаагаа хашиж чадахгүй байж яах гэж мал хашаад байгаа юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

Гэрч П.П-ийн 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр өгсөн “... харин ч малаа оруулахгүйн төлөө бид манаж байдаг, уг нь энэ талбай чинь хашаатай байх ёстой. Хашаагүй болохоор их хэцүү байдаг. Бас сумын хурал болж байхад би “энэ хашаагүй талбайг яах вэ, хашаатай болгож болдоггүй юм уу” гэж хэлж байсан. Тэгэхэд Багийн засаг дарга болон Сумын засаг дарга нар хашаагүй талбайд бол малчид хариуцлага хүлээхгүй, харин хашаатай талбай руу орсон бол малчид хариуцлага хүлээнэ гэж хэлж байсан. Харин тэр хашаа эвдэлсэн гээд байгаа асуудал нь 2-3-н шургааг төмөр утсаар боосон байхаар нь тэрийг тайлаад хорьсон байсан адуунуудыг гаргасан. Тэр шургааг нь тэд нарын шургааг ч биш, О гэх хүний сургааг байгаа юм. Хашаагүй талбай руу мал орсон гэж намрын хайлган цагаар трактораар мал хөөж элдээд тураагаад байна. Сая адуу хашдаг өдрийн дараахан тойруулаад газрыг нь хагалчихсан байна лээ...” гэх мэдүүлэг,

Холбогдогч П.П-ийн 2021 оны 11 сарын 10-ны өдрийн “...2021 оны 10 сард яг хэдний өдрийг санахгүй байна, манай адуу Д.С-ийн тариа тарьсан талбай руу буурал азаргатай 16-н тооны адуу орсон байсныг тус тариалангийн талбайн манаач хашсан байсан. Дараа нь А, Ц, Ч, Д-ийн хүргэн, Д болон манай адуунууд орсон байсныг О-ийн саравчийг буулгаж хашаа хийгээд хашсан байсан. Манай азарга хашаатай байгаа нь мөн байна. Өөр айлын адууны зураг бас байна” гэх мэдүүлэг,

Эдгээр мэдүүлгийн тэмдэглэлээс үзэхэд тухайн зөрчил гарсан гэх үед холбогдогч П.П, Д.Э нарын адуу Дангаараа тариалангийн талбайд орсон гэдэг нь эргэлзээтэй буюу А, Ч, Т, Т болон өөр тэр хавийн айлуудын адуу хамт орсон болох нь нотлогддог бөгөөд эрх бүхий албан тушаалтан бусад зөрчил гаргасан гэх хүмүүсийг шалгаж шийдвэрлээгүй, яг хэн хэний хэдэн тооны адуу хэдэн удаагийн давтамжтайгаар орсон зэргийг нарийвчлан тогтоогоогүй зэрэг нөхцөл байдлууд байдаг.

Ийм ч учраас ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн гаргасан хүсэлтийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй гэж үзсэн тул зөрчлийн хэргийг шийдвэрлэсэн шийтгэлийн хуудас нь Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 22-ны өдрийн 17 дугаартай шийдвэрээр хүчингүй болсон байдаг.

Мөн зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийсэн эрх бүхий албан тушаалтан 2021 оны 11 сарын 02-ны өдөр шинжээч томилсон тогтоол гаргаж Өвөрхангай аймгийн *** сумын Засаг даргын захирамжаар баталсан “Тариалангийн талбайд мал тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учирсан хохирлыг тооцох, баримтжуулах ажлын хэсэг”-ийг шинжээчээр томилсон байдаг.

Анхан шатны шүүхээс ч мөн шүүгчийн захирамжаар 2-3-н удаа шинжээч томилсон байдаг бөгөөд шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгч Д.С-ийн тариалангийн талбайд учирсан хохирлын хэмжээг тогтоох боломжгүй гэсэн хариуг удаа дараа өгсөн байдаг.

Гэтэл нэхэмжлэгч талын нэхэмжлэлдээ дурдаж өөрсдөө үнэлж нэхэмжилсэн 5000-н боодол ургац алдсан гэх хохирлыг анхан шатны шүүхээс 1 боодол нь 6000-н төгрөг гэж тооцон хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэсэн ба хүчингүй болсон зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтыг ач холбогдол бүхий нотлох баримтууд мөн гэж үзэж үнэлж шийдвэрийн үндэслэл болгосон.

Ингэж шийдвэрлэхдээ дээрх хэрэгт авагдсан А, Ч, Т, Т, Д-ийн хүргэн /нэр тодорхой бус/, Д гэх хүмүүсийн нийт 7-н азарга адуу тариалангийн талбайд орсон гэх мэдүүлэгт удаа дараа дурдагдсан хүмүүсийн адуу малын гэм хор учруулсан ногдох хувь хэмжээг нь тооцоогүй төдийгүй шууд П.П, Д.Э нарын адуу дангаараа орж хохирол учруулсан гэж дүгнэж байгаа нь үндэслэл бүхий дүгнэлт болж чадаагүй гэж үзэж байна.

Үүнээс үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байгаа төдийгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн шүүхийн өмнө эрх тэгш байх буюу 4.1-т заасан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа /цаашид "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа" гэх/ нь хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдал, хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана гэсэн зарчим ноцтой зөрчигдсөн гэж үзэж байна.

Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч Д.С нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох үүрэгтэй байтал хариуцагч нарыг дангаараа гэм хор учруулсан гэдгийг нотлоогүй байна гэж үндэслэх хэсэгт дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө. 497.3-т гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ гэж тус тус заасан байдаг.

Хэргийн материалд авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагч нар нь дангаараа дээрх гэм хорыг учруулаагүй төдийгүй өөр бусад малчид /7-8 хүний нэр гэрчийн мэдүүлгүүдэд дурдагдсан/, орон нутгийн захиргааны байгууллага Засаг дарга, ИТХурлаас багийн хурал болон бусад малчид тариалангийн байгууллагын хүмүүстэй хамтарсан уулзалтууд дээр малчдад “хашаагүй талбайд мал орвол малчид хариуцлага хүлээхгүй” гэх тайлбарыг удаа хэлж малчдад буруу ойлголт өгсөн зэрэг нөхцөл байдлууд ч харагддаг. Эдгээр нөхцөл байдлуудыг анхан шатны шүүхээс дүгнэж үзээгүй.

Иймд анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 17-ны өдрийн 146/ШШ2023/00274 дугаартай шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар бүхэлд нь хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 146/ШШ2023/00274 дугаарын шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч Д.С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Д.С шүүхэд “...П.П, Д.Э нарын адуу нь тариалангийн талбайд орж 50-н га хэсэгт нь ургац алдуулж, хохирол учруулсан. Алдагдсан ургац болох 10000-н боодол ногоон тэжээлийг нэг боодлыг нь 6000-н төгрөгөөр тооцож, нийт 60000000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ нь хариуцагч нарын *** дугаартай зөрчлийн хэрэгт өгч байсан мэдүүлгүүд, Хүнс Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан А-136, А-158, А-210 “Тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдэд учирсан хохирлыг тооцох аргачлалын дагуу 2021.11.02-ны өдөр хийгдсэн дүгнэлт /зөрчлийн хх-ийн 38 тал/, Шүүгчийн захирамжийн дагуу хийгдсэн 2023.08.31-ний өдрийн дүгнэлт /хх-ийн 97 тал/, 2023.10.16-ны өдрийн “Вендо”ХХК-ний үнэлгээ /хх-ийн 127/ зэрэг нотлох баримтуудаар нотлогддог.

Гэтэл шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 8 дахь заалтад “шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг 15000000 төгрөгийг хариуцагч П.П-ээс 9000000 төгрөгийг, Д.Э-оос 6000000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.С-д олгож, үлдэх 45000000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.”гэж, 14 дэх хэсэгт “Тариалангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-д зааснаар өөрийн эзэмшлийн талбай ургацаа бусдын халдлага болон малаас хамгаалах үүрэгтэй гэж заасан байхад нэхэмжлэгч Д.С нь тариалангийн талбай, ургацаа хамгаалж хашаа болон бусад хамгаалалт хийгээгүй байсан нь хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар, зөрчлийн хэрэгт хууль сануулж гэрчээр өгсөн П.П, Д.Э нарын мэдүүлэг мөн нэхэмжлэгчийн хүсэлтээр асуусан гэрч Ц.А-ын ... тариан талбай хашаагүй байсан гэх мэдүүлгээр тогтоогдсон, нэхэмжлэгч тариан талбайгаа малаас хамгаалах хамгаалалт хийсэн байсан гэдгээ нотлох баримтаар нотлоогүй. Иймд нэхэмжлэгч Д.С-д учирсан хохирол 5000-н боодол ногоон тэжээлийн нэг бүрийн үнийг 6000-н төгрөгөөр тооцож 30.000.000 төгрөгийг нэхэмжлэгч, хариуцагч нар 50,50 хувиар хариуцах нь зүйтэй” гэснийг эс зөвшөөрч байна.

Учир нь Тариалангийн тухай 20 дугаар зүйлийн 20.2.1 дэх хэсэгт тариалангийн талбайг заавал хашаа барьж хамгаална гэсэн зохицуулалт биш бөгөөд нэхэмжлэгч нь тариан талбайгаа мал адуу орохоос хамгаалж, мотоциклтой машин тэрэгтэй манаж хонодог байсан талаар гэрч А, А, Б нарын мэдүүлгээр нотлогддог. Хариуцагч нар нь Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт “ тариалан үйлдвэрлэл эрхэлж байгаа газарт мал, тэжээвэр амьтан оруулах, бэлчээхийг хориглоно" мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт “Тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд мал бэлчээх, оторлох болон бэлчээрийн мал аж ахуйн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа байхыг хориглоно” гэж тус тус заасныг хариуцагч нар зөрчсөний улмаас нэхэмжлэгчид хохирол учруулсан байхад нэхэмжлэгчийг буруутган 15000000 төгрөгийн хохирлыг хариуцуулан шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд ИХШХШТХ-ийн 167 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд болон зөрчлийн хэрэгт тулгуурлан дүгнэлтээ зөв хийсэн гэж үзэж байна. Мөн хариуцагч нар тариалангийн талбайд хохирол учруулсан байна гэж зөв дүгнэлт хийсэн. 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн гурвалсан шинжээчийн дүгнэлтээр нийт 10400 боодол тэжээлийг Тариалангийн тухай хуульд заасны дагуу гаргасан. Энэ дүгнэлтээр тогтоогдсон нөхцөл байдал буюу Өвөрхангай аймгийн *** сумын 3 дугаар багийн *** гэх газар Г-ын эзэмшлийн тариалангийн талбайг түрээсэлсэн иргэн Д.С-ийн ашиглаж байгаа тариалангийн талбайд адуу орж 723х720 метр хэмжээтэй талбайд тарьсан ногоон тэжээлийг идэж, гишгэлсэн 52га талбайгаас 10400 орчим боодол ногоон тэжээл хураах боломжгүй гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл 5200 ширхэг биш 10400 ширхэг гэж дүгнэсэн. Үүнийг Вендо ХХК-ийн үнэлгээгээр үнэлүүлэхэд нэхэмжлээд байгаа 60,000,000 төгрөгийн хохирол учирсан байна гэдэг нь тогтоогдож байгаа. Зөрчлийн хэрэгт хариуцагч нар гэм хор учруулсан гэдэг нь нотлогдсон учраас анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Харин хохирлоор тооцсон хэмжээн дээр маргасан.  Хариуцагч нар тайлбартаа шинэ газар дээр тариалан хагалсан гэж яриад байна. Энэ нь хэрэгт огт авагдаагүй. Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосны дагуу тэр газар дээр тариалан тарьсан. Үүнийг шүүхээс анхаарч үзэхийг хүсэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэгээс давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан буюу 15,000,000 төгрөгийн гэм хорын хохирол учирсан болох нь тогтоогдож байна гэж уг мөнгийг гаргуулж шийдвэрлэсэн. Харин 45,000,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдохгүй байгаа учраас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ч хэрэгсэхгүй болгосон 45,000,000 төгрөгийн хохирол хэрхэн ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болсон, яагаад хангахгүй орхисон талаарх үндэслэлээ шийдвэртээ тусгаагүй. Энэ шийдвэрийг шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Шүүхээс гэм хорын хохирол учирсан болох нь тогтоогдож байна гэж дүгнэлт хийсэн нь зөв. Гэхдээ дүгнэлтдээ үндэслэл болгосон зарим хэсгийг нь орхигдуулж, хасаж нотолгоо болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Шийдвэрийн үндэслэл болсон дүгнэлт буюу комиссын дүгнэлтийн 723х720 хэмжээтэй газарт тариалсан ногоон тэжээлд хохирол учруулсан байна гэж талбайн хэмжээг үндэслэл болгоод заачихсан байгаа. Дүгнэлтийн цааш үргэлжилсэн хэсгүүдийг шүүхийн шийдвэрийнхээ үндэслэлд тусгаагүй нь шийдвэр үнэн зөв гарахад нөлөөлсөн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл энэ өгүүлбэр нь цаашаа 52 га талбайгаас 10400 орчим ширхэг боодол ногоон тэжээл хураан авах боломжгүй болсон байна гэсэн гол дүгнэлтийн агуулга нь шүүхийн шийдвэрийн үндэслэлд тусгагдаагүй орхигдсон. Мөн зэргэлдээ хоёр компанийн талбайгаас 2 дахин их ургац авах боломжтой байна. Зэрэгцээ компани нь 1 га газраас дээд тал нь 100 боодол ногоон тэжээл бэлтгэсэн болохыг үндэслээд 52 га газраас 5200 ширхэг ногоон тэжээл авна гэж тооцоолоод зах зээлийн үнэ нь 6000 төгрөг гэж үзэх юм бол нийт 31,200,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байна гэж дүгнэсэн. Энэ дүгнэлт шийдвэр хоёр нь агуулгын хувьд зөрчилдөөнтэй байгаа. Уг санаа нь 10400 орчим ширхэг боодол ногоон тэжээл хураах боломжгүй болсон байна гэж ямархуу хэмжээний хохирол учирсан гэдгийг тогтоосон шинжээчийн дүгнэлтийн агуулга байгаа. Тэрнээс биш хэдэн төгрөгийн хохирол учирсан  гэдэг нь гол биш. Харин ямар хэмжээний ургац авах боломжтой байсан бэ? гэх зорилготой байсан учраас энэ зорилгын хүрээнд 10400 боодол өвс авах боломжгүй байна гэсэн нь шинжээчийн дүгнэлтийн гол агуулга нь гэж үзэж байна. Тэгэхээр дүгнэлтийн агуулга нь шинжээчийн дүгнэлттэйгээ агуулгын хувьд зөрөөгүй байтал шүүх зарим хэсгийг хангаж байгаа нь өөрөө үндэслэлгүй байна. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлага дээр ямар нэгэн няцаалт хийгээгүй. Харин татгалзал тайлбар дээрээ бидний адуунаас болоогүй, бусад хүмүүсийн адуу бас орж идсэн. Өмнө нь ч гэсэн өөр хүмүүсийн мал орж байсан гэж тайлбарлаж байгаа бол тэр тухайгаа нотолсон нотолгоогоо оруулж байж өөрөө бүхэлд нь хариуцахгүй болохоо нотлох үүрэг хүлээгээгүй.

Ийм учраас Д.Э, П.П нарт хамааруулж нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлтэй гэж үзэж байна. Учирсан хохирлыг нэхэмжлэгч, хариуцагч нарт 50, 50 хувиар хариуцуулж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөө малаас хамгаалах үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэлт хийсэн нь Тариалангийн тухай хуульд заасан заалтад ороогүй үг, өгүүлбэрийг ашигласан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл энэ хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-д өөрийн эзэмшлийн талбай, ургацаа бусдын халдлага болон малаас хамгаалах гэж заасан болохоос биш заавал хашаа барьж хамгаална гэсэн үг, үсэг байхгүй байхад шүүхийн өөрийн дураар хашаа болон бусад хамгаалалтыг хийгээгүй байна. Энэ нь энэ хуулийг зөрчсөн байна гэх агуулгаар дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал нь энэ хуулийн заалтын дагуу тодорхой ажилтан, хамгаалагч нарыг авч цалинжуулаад байнгын харуул хамгаалалттай, эргэж тойрч манадаг ажилтнуудтай байсан. Тухайн хүмүүсээс ийм ийм үүрэгтэй ажиллаж байсан гэдгийг нотолсон гэрчийн мэдүүлгүүд авагдсан. Энэ гэрчийн мэдүүлгүүдээс харахад удаа дараа буюу шөнө болгон манаж хонодог байсан, тухай бүрд нь адууг нь хашаад эздийг нь ирэхээр хариуцуулж, шаардлага хүргүүлж явдаг байсан.

Эсхүл Цагдаагийн байгууллагад зохих журмын дагуу гомдол гаргаж байсан гэх нь нотлох баримтаар нотлогдсон байдаг. Энэ нотолгоог хариуцагч талаас ямар нэгэн байдлаар үгүйсгэсэн болон няцаасан зүйл гаргаагүй байхад зөвхөн хашаа барьж хамгаалах нь хамгаалалт мөн. Бодит хүнийг цалинжуулаад хамгаалуулаад манаачтай байлгах нь хамгаалалт биш гэж дүгнэлт хийсэн нь өөрөө өрөөсгөл ойлголт юм. Уг хашааны хамгаалалтыг өөрөө хариуцна гэж үзээд нэхэмжлэлийн 50 хувийг хангахгүй орхиж байгаа нь үндэслэлгүй байна.

Бид хангалттай яаж хохирсон болохыг нотолсон. Нотолгооны ихэнх хэсэг нь зөрчлийн хэрэг дотор авагдсан. Тухайн үйл баримт болсон талаар талууд хоёр талаасаа мэдүүлэг өгч Цагдаагийн байгууллагаар шалгагдаж байх үед авагдсан нотлох баримтууд байгаа. Энэ нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нотлох баримтад хамаарч байгаа. Баримтуудыг хариуцагч талаас нотлох баримтаас хасуулах болон үнэлэхгүй байх талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Тухайн зөрчлийн хэрэгт цугларсан нотлох баримтыг энэ хэргийн нотолгоо болгож нотлох баримтаар үнэлэх бүрэн боломжтой. Энэ талаар үнэн зөв дүгнэлт гаргасан. Ийм учраас хариуцагч талаас нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.

Харин хариуцахгүй байх талаар гаргаад байгаа тайлбар нь өөрөө нотлогдохгүй байна. Өнөөдрийн давж заалдах шатны хуралд гаргаад байгаа тайлбараас үзэх юм бол үндэслэл бүхий, нотолгоо бүхий тайлбаруудыг гаргасангүй. Өөрөөр хэлбэл хариуцахгүй гэж гаргаж байгаа тайлбар нь нотлогдохгүй үндэслэлгүй байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг үндэслэл бүхий байна гэж үзэж байна. Харин ямар хэмжээгээр хохирсон гэдгийг шийдвэрлэсэн буюу 50, 50 хувиар хариуцуулсан шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй болох нь дүгнэлтийн хэсэг болох 10400 боодол өвс авах боломжтой байсан гэсэн дүгнэлтийг харгалзаж үзэх юм бол 10000 орчим боодол өвс авах боломжтой байсан гэдэг нь нотлогдоно. Шүүхээс үлдсэн 45,000,000 төгрөгийн хохирлыг хэрхэн хангахаас татгалзсан гэх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд нотлогдож байгаа хэмжээгээр буюу 60,000,000 төгрөгийн хохирол учирсан гэдгийг няцаасан нотлох баримт орж ирээгүй байхад 50, 50 хувиар тогтоож байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

8. Хариуцагч П.П давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хүний нэхээд байгаа зүйл нь үндэслэлгүй юм байна лээ. Өөрөө хашаа хороо хатгаагүй. Тэгээд сүүлд нь цас орсон хойно л хадаж авсан. Ингэж мал руу чихэж болохгүй. Манайхны адуу ганц нэг л орсон байх. Хашаагүй юм чинь мал орно шүү дээ. Тэр манасан гээд байгаа хүмүүс нь дэмий тэнээд байдаг. Тэгээд адуу манаж байгаа гээд адуу өөр газраас хөөгөөд ирдэг. Манайхны адуу орсон ч юм уу мэдэхгүй. Талбай дотор орж идсэн гээд байна. Тэгвэл тэрийг нотолсон зураг байх ёстой биз дээ. Тийм юм огт байхгүй. Тэнд үнэхээр адуу орсон ч юм уу? ороогүй тайлбар зураг байгаагүй. Өөрсдөө утастай хүмүүс, хүний зургийг авахдаа сайн юм байна лээ. Гэтэл мал орсон гэх нотлох баримт огт байхгүй. Тэр залуучууд чинь шөнө орой дэмий тэнээд л яваад байдаг биз дээ. Тэр өвсөө өөрсдөө хурааж чадахгүй цасанд даруулсан байж одоо бид нараас нэхээд байдаг нь үндэслэлгүй гэж бодож байна гэв.

9. Хариуцагч Д.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хүн манай суманд гэрээ хийгээгүй. Миний адуу тэр үед орсон нь үнэн. Миний адууг хашчихсан зогсож байхад нь би өөрөө очиж энэ адуу хаанаас ирээд орсон бэ? гэж асуухад ороогүй гэж ярьж байсан. Адууг аль тарианаас нь гаргаж ирсэн гэж Д.С-ээс асуухад энэ бандиас асуу гэж хэлэхээр нь тэр бандиас нь асуухад ороогүй гэж хэлсэн. Манай адуу нэг л удаа орсон. Тэр хүмүүс орсон гэж яриад байгаа болохоос биш би ороогүй гэж үзэж байгаа. Орсон адуу тэр тэжээлийг нь идчихсэн бол баас шээс нь тэр чигээрээ л байна. Би тэгээд яах ёстой вэ? гэж асуухад та явж захиргааныханд очиж хэл гэсэн.

Тэгээд би сумын Засаг дарга, хурлын дарга хоёрт нь хэлэхэд тийм юм байхгүй, бид нар өөрсдөө очиж гаргаж өгнө, манайхтай гэрээ хийгээгүй, манайхаас газрын зөвшөөрөл өгөөгүй. Г чинь ч гэрээ байгуулаагүй яваад байгаа. Энийг ирэх жилээс эзэнтэй болгоно гэж хэлээд өөрсдөө очиж гаргаж өгсөн. Тэгээд бид нарыг очиход адууг гаргасан байсан. Тэгээд туугаад аваад яв гэж хэлсэн. Тэрнээс хойш адуу ерөөсөө ороогүй. Энэ хүний ярьж байгаагаар зөндөө олон удаа орсон, хашаа хороо эвдэж орсон гэж яриад байгаа. Хашаа огт байгаагүй. Тэр байсан газар нь шинээр эрүүл газар хагалсан байсан. Уг нь хуульд эрүүл газар хагалахгүй гээд заачихсан байдаг юм байна лээ. Манайх тэнд өвөлжөөтэй байдаг байсан. Тэр өвөлжөөн дээрээс урд жил нь Ганбаа гэж хүн ирж хөөгөөд өвөлжөөгөө аваарай гэж хэлсэн. Тэгэхээр нь би хуульд 500-н метр газар байж болохгүй юм байна лээ, би өвөлжөөгөө авъя гэж хэлээд зөөчихсөн. Тэр газрыг хагалахдаа манай байсан өвөлжөөг машин замыг нь оруулаад уулыг нь даваад хагалсан байсан. Тэгэхээр нь би наадах  чинь эрүүл газар шүү дээ гэж хэлж байсан. Энэ хүн тэр өвсөө өөрөө бүгдийг нь авсан. Хадаад нэг боодол өвс ч үлдээхгүй авсан. 10 дугаар сарын 15-ны өдөр дуусгаарай гэж хэлж байсан.

Тэгэхэд тэгэлгүй явж байгаад 15 хоног сунгуулж аваад сүүлдээ 11 сар гаргаад чадахаа байгаад бүх өвсөө тарианы голд нь хураасан. Тэрийгээ шон хатгаад тороор хашаалсан байсан. Тэнд хураасан өвс нь 6 нуруу өвс байсан. Тарианы урд хураасан нь 4-н нуруу өвс байсан. Тэр үед хүмүүс орон нутагт нь тарьсан юм чинь малчдад нь 6000 төгрөгөөр нь өгчихөөч гэхэд өгөхгүй, манайх 10000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тэгээд заралгүй байж байгаад тэр чигээр нь хаяад явсан. Тэгээд өвөл нь сайхан өвөл болсон учраас тэрийг авах хүн олдоогүй. Хавар тэр чигээр нь байлгаж байгаад 1500 төгрөгөөр өгч эхэлсэн. Сүүлдээ бүр 500 төгрөгөөр өгсөн. Тэрийг тэр хавийн хүмүүс бүгд мэдэж байгаа. Авсан хүмүүс нь ч гэсэн мэдэж байгаа. Энэ хүний тариа ногооноос мал идсэн юм огт байхгүй. Өвсөө бол энэ хүмүүс хэдэн нуруугаар авсан. Энэ жил тарьсан хүн яг энэ хүний тарьсан газар хашаалаад тарьж байсан. Хашааг тарихад 3800-н боодол өвс хурааж авлаа гэж ярьж байсан. 3800-н боодол өвс гарлаа гээд бүгдийг нь манай суман дээр 12000 төгрөгөөр зараад дуусгаад яваад өгсөн. Тэгээд ямар ч хэл ам гарахгүй яваад өгсөн. Надад одоо нэмж хэлээд байх зүйл байхгүй. П.П-тэй ижил саналтай байна. Энэ мөнгийг би хүлээн зөвшөөрөхгүй. Тэр хашаа руу нь үнэхээр орсон бол би юу хэлэх вэ? Гэтэл тэр манаач дээр нь очоод асуухад энэ адуу ороогүй гэж хэлсэн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн  166.4-т зааснаар хэргийг бүхэлд нь хянав.

11. Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч П.П, Д.Э нарт холбогдуулан гэм хорын хохирол 60000000 төгрөг гаргуулах гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

12. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж хариуцагч П.П-ээс 9,000,000 төгрөг, хариуцагч Д.Э-оос 6,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 45,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.  

13. Зохигчдын тайлбарууд болон гэрчүүдийн мэдүүлгээс үзвэл нэхэмжлэгч Д.С-ийн газар тариалангийн зориулалтаар ашиглаж байгаа талбайд түүний ойролцоо нутагладаг малчдын мал орсон гэх үйл баримт тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх П.П, Д.Э нарын зөрчлийн хэрэгт өгсөн мэдүүлэг, Өвөрхангай аймгийн *** сумын Засаг даргын тамгын газраас томилогдсон ажлын хэсгийн 2021 оны 11 сарын 22-ны өдрийн дүгнэлт зэргийг шийдвэрийн үндэслэл болгожээ.

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 121/ШШ2022/0017 дугаартай шийдвэрээр /1 дүгээр хавтаст хэргийн73-94 дүгээр хуудас/ 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0001907 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Гэтэл П.П-ийг буруутай гэж үзэн эрх бүхий этгээдээс оногдуулсан шийтгэвэр хүчингүй болсон байхад Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бий болсон дээрх нотлох баримтуудыг  шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасныг зөрчсөн байна.

“Шүүхийн шийдвэрийн тухай” Улсын Дээд шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолын 2.2.3. дахь заалтад шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт гэсэн ойлголтыг тодорхой тайлбарласан.

Иргэний болон захиргааны хэргийн талаар гаргасан хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг иргэний өөр хэргийг шийдвэрлэхэд нотлогдсон гэж тооцох бөгөөд, зөвхөн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдсон үйл баримт байна.

Зөрчлийн хэрэг хянан шалгах ажиллагааны явцад бий болсон дээрх нотлох баримтуудыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ашиглах боломжтой хэдий ч эдгээр нь иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд шууд нотлох баримт болохгүй.

Учир нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудын тэгш байдлын зарчимд үндэслэн, зохигчид нотлох баримтаа өөрсдөө гаргаж өгдөг бол зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэхэд нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагааг эрх бүхий этгээд хийдэг.

14. Мөн гэрч Д.Б, С.А, Ц.А нар тухайн үед тариалангийн талбайд 4-5-н айлын адуу орсон талаар мэдүүлэг өгсөн байхад зөвхөн П.П, Д.Э нараас болж хохирол учирсан гэх боломжгүй юм. Өөрөөр хэлбэл тариалангийн талбайд мал орсноос 50-н га газрын ургац алдаж, 60 000 000 төгрөгийн хохирол учирсан гэх боловч хариуцагч нар ямар хэмжээний хохирол учруулсан нь тодорхойгүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйл 497.2-т зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотлох үүрэгтэй боловч өөрт учирсан хохирлоо бодитой тогтоох нь шүүхээс тухайн маргааны шийдвэрлэхэд ач холбогдолтой байдаг.

Талуудын хооронд мэтгэлцээн үндэслэл бүхий шаардлагад тулгуурлан явагдаж, хариуцагч өөрийн гэм буруугүй гэдгийг нотлох үүрэгтэй хүлээнэ.

Нэхэмжлэлийн үндэслэл тодорхой байх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулах нэг суурь бөгөөд энэ нь, оролцогчийн эрх зүйн байдал, маргааны талаарх шүүхийн дүгнэлт, нотлох баримтын үнэлгээ, улмаар шүүхийн шийдвэр биелэгдэх боломж зэргийг хангах нөхцөл болно.

Шүүхийн шийдвэр хуулийн дээрх шаардлагыг хангаагүй буюу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх нь шийдвэрийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл болдог бөгөөд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал буруу тодорхойлогдсон, нэхэмжлэлийн  шаардлага, түүний үндэслэл тодорхой бус байх гэх мэт тохиолдлууд хамаарна.

Нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлоо хангалттай нотолж, баталгаажуулаагүй, хэрэгт авагдсан хохирлын талаарх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул үнэн зөв, эргэлзээгүй гэж дүгнэх боломжгүй байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

15. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-ийн гомдлыг хангаж шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гарахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 457950 төгрөгийг буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Д.С-ээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 457950 төгрөг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-аас давж заалдах гомдол гарахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 382950 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв. 

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т  заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 146/ШШ2023/00274 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-өөс давж заалдах гомдол гарахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 457950 төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч Д.С-ээс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 457950 төгрөг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гарахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 382950 төгрөгийг тус тус  орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.