Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 03453

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 4 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2016/03453

 

 

Улаанбаатар хот

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Бага тойруу  3/9, “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 8-р хороо, Сонсголонгийн 10-430 тоотод оршн суух, регистр ДЛ72070117, Имбээ овогт Очирваанийн Намдагт холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 90 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Лхагвасүрэн нар оролцов. 

                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Отгонтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Жи мобайл ХХК нь О.Намдагтай 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 240 000 төгрөгийн үнэ бүхий NP10 интернет төхөөрөмж худалдсан.  Төлбөрийг сар бүр 20 000 төгрөг төлж дуусах байсан. Үнээс төлөгдөөгүй 60 000 төгрөг төлөөгүй, гэрээний дагуу 30 000 төгрөг нийт 90 000 төгрөг нэхэмжилсэн боловч алдангиас 50 хувийг чөлөөлж үлдэгдэл 75 000 төгрөгийг О.Намдагаас гаргуулж өгнө үү гэв.

 

            Хариуцагч О.Намдаг шүүхэд гаргасан тайлбартаа: “Манайх Жи мобайл ХХК-иас 2014 оны 12-р сард төхөөрөмж худалдан авсан. Уг төхөөрөмжөө урьдчилгаа 20 000 төгрөг өгөөд үлдэгдэл 240 000 төгрөгийг сар сард нь төлөх гэрээтэйгээр авсан. Гэрээнийхээ дагуу сар бүр мөнгөө төлж байгаад сүүлийн 3 сар төлж чадаагүй. Одоо үлдэгдэл 60 000 байгаа. Хийгээгүй шалтгаан нь ажлаасаа цомхотголоор гараад ажилгүй болсон. Бид үлдсэн мөнгөө төлөөд Жи мобайл ХХК-г хохиролгүй болгоно. Иймд хүү нь болох 30 000 төгрөгнөөс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

            Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                       

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч  “Жи мобайл” ХХК нь О.Намдагт холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 90 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 75 000 төгрөг гаргуулахаар шаардсан байх ба нэхэмжлэлийг хангах үндэстэй гэж үзлээ.

 

“Жи мобайл” ХХК нь О.Намдагтай 2014 оны 12-р сарын 31-ний өдөр “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж  240 000 төгрөгийн үнэ бүхий NP10 интернет төхөөрөмж худалдах, худалдан авагч нь урьдчилгаа 20 000 төгрөг төлж, үлдэх 220 000 төгрөгийг 2015 оны 11-р сарын 17-ны өдрийг хүртэл сар бүр 20 000 төгрөг төлөхөөр /хх 5-6/ тохирчээ.

 

Худалдан авагч нь гэрээний хугацаанд 160 000 төгрөгийг төлж, бусад 60 000 төгрөгийг төлөөгүй нь зохигчийн тайлбараар тогтоогдсон байна.

 

Гэрээний 5-р зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар хэрэглэгч нь тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги төлөхөөр тохирсон байх ба хариуцагч О.Намдаг нь үлдэх төлбөр 60 000 төгрөг, алданги 15 000 төгрөг нийт 75 000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж дүгнэлээ.

 

            Хариуцагч О.Намдагт шүүх хуралдааны мэдэгдлийг хүргүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Очирваанийн Намдагаас 75 000 /далан таван мянга/ төгрөг гаргуулж “Жи мобайл” ХХК-д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 550 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч О.Намдагаас 4 550  төгрөг гаргуулж “Жи мобайл” ХХК-д  олгосугай.

 

Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэй.

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Р.АЛТАНТУЯА