Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 202/МА2024/00001

 

 

2024 01 08 202/МА2024/00001

 

 

 

Б.Уын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч ерөнхий А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 136/ШШ2023/00511 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Нийслэлийн * тоотод оршин суух, Я овогт Б.У,

Хариуцагч: Дорноговь * газарт оршин суух, Д овогт Н.Т холбогдох,

344,962,100 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Б.Уд холбогдох 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 0540 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай Н.Тын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

нэхэмжлэгч Б.Уын гомдлыг үндэслэн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Т /зайнаас цахимаар/, хариуцагч Н.Т, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэгч Б.Уын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ...Б.У миний бие Н.Тт итгэмжлэн хариуцуулсан байсан тээврийн хэрэгслээс 7 ширхэг чиргүүлийг бусдад зарж, хувьдаа завшиж хохирол учруулсан хэргээр Дорноговь аймгийн Цагдаагийн газарт өргөдөл гаргасан ба Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор Н.Тыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 29,262,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж бусад хохирлоо иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн.

1.2. Бид Давж заалдах шатны шүүх болон иргэний хэргийн анхан шатны шүүхэд өргөдөл гаргалгүйгээр хохирол төлбөрийг сайн дураараа төлж барагдуулах санал гаргасныг хүлээн авч 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр харилцан тохиролцсон гэрээг нотариатаар гэрчлүүлсэн. Н.Т 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шүүхийн шийдвэрийн дагуу 175,000,000 төгрөгийг барагдуулсан боловч гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй, цаашид биелүүлэхгүй нь тодорхой болсон. Иймээс түүнээс үндсэн мөнгө 400,000,000 төгрөгөөс түүний өмнө нь төлсөн 175,000,000 төгрөгийг хасч 225,000,000 төгрөг, үүн дээр 160,000,000 төгрөгийн хүү гэрээ байгуулсан өдрөөс хойш 4,5 сарын хүү нэг сард 1,600,000 төгрөг нийт 7,200,000 төгрөг, алданги 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс хойш 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүртэл нийт 137 хоног, хоногт 0,5 хувийн алдангийг 225,000,000 төгрөгөөс тооцоход хоногт 1,125,000 төгрөгийг 137 хоногоор тооцоход 154,125,000 төгрөг болж байгаа бөгөөд Н.Т нь 2022 оны 12 дугаар 27-нд 5,000,000 төгрөг, 2023 оны 03 дугаар сарын 14-нд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төлбөрт төлсөн 4,750,000 төгрөгийг алдангаас хасч 144,375,000 төгрөг үлдэж байна. Ингээд үндсэн үлдэгдэл төлбөр болох 225,000,000 төгрөг, 2.160,000,000 төгрөгийн хүү 4,5 сарын хүү 7,200,000 төгрөг, гүйцэтгээгүй үүрэг буюу 225,000,000 төгрөгийн алданги 144,375,000 төгрөг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан ...анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.. гэсэн заалтыг баримтлан 225,000,000 төгрөгийн 50 хувь болох 112,500,000 төгрөг нийт 344,700,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.

1.3. ... миний хувьд Н.Тт маш их боломжийг олгосон бөгөөд бодитоор төлбөл зохих 429,000,000 төгрөг төлөхөөс 29,000,000 төгрөгийг хасч 400,000,000 төгрөг болгосон, өөрийн амласан давж заалдахгүй байр сууриндаа хүрсэн. Анхан шатны шүүхийн төлбөрөө төлөөгүй этгээдэд ногдуулсан эрүүгийн хариуцлага хуульд нийцээгүй, хорих төрлийн хариуцлага оногдуулах талаар давж заалдаагүй. Мөн би шүүхэд ирж очих болон баримт хуулбарлан гаргуулахад 262,100 төгрөг гарсан. гэжээ.

2.    Хариуцагч Н.Тын татгалзал, тайлбар, үндэслэлийн агуулга:

2.1. ...Н.Т би шийтгэх тогтоолд дурдсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан, энэ талаар нэхэмжлэгч Б.У мөн нэхэмжлэлдээ дурдсан, мөн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 5,000,000 төгрөг нэмж төлсөн. Эрүүгийн шүүх хуралдаан дээр үндэслэлгүй нэхэмжилсэн үнийн дүнг хэрэгсэхгүй болгож нотлох баримтаа бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг нээлттэй орхиж шийдвэрлэсэн гэж ойлгож байна. Гэтэл ямар ч нотлох баримт байхгүйгээр надаас 160,000,000 төгрөгийг хүү, алданги тооцож авна гэж байгаа нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих бодит нөхцөл бий болж байна гэж үзэж байна. Гэтэл ямар ч нотлох баримт байхгүйгээр гэрээний үүргээ биелүүлээгүй гэдгээр хүнээс их хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хэрэгт дурдагдсан тээврийн хэрэгслийг өөрийн компанийн нэр дээр шилжүүлж авсан ба одоо хоёр л тээврийн хэрэгсэл нь Н.Тт байгаа болно.

2.2. Гэрээнд машин, чиргүүл, зөөврийн хөлс, дугуйн төлбөр гэсэн байгаа боловч гэрээнд хавсаргасан нотлох баримт байхгүй байна. Хууль зүйн үндэслэлийг Б.У нь гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа учраас гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Гэрээг дагаад ямар нотлох баримтыг үндэслэн Н.Тт үүрэг үүсгэсэн нь тодорхойгүй, Б.У шүүхэд ирж очих болон баримт хуулбарлан гаргуулахад 262,100 төгрөг гарсан тул гэжээ, нотлох баримтаа өөрөө гаргаж цуглуулах үүрэгтэй тул зөвшөөрөхгүй. Тиймээс 344,962,100 төгрөг төлөх үүрэг Н.Тт үүсээгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

3. Хариуцагч Н.Т шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Нийслэлийн тойргийн нотариатч С.Гийн баталсан 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 0540 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулна. Учир нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байхад хохирогч Б.У нь давж заалдаж намайг хориулна ял хөнгөдсөн гэж байсан. Б.У намайг ийм гэрээ хийхгүй бол чамайг шоронд чинь хатаана гээд заналхийлгээд айлгаад байсан учир энэ гэрээг хийж давж заалдаагүйгээр шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон. Нотариат болохоор ямар учиртай юм, чи энэ хүнээс 400,000,000 төгрөг авчихсан юм уу гээд асуугаад байхад Б.Унь бид хоёр тохирчихсон юм хамаагүй гээд байсан. Би Цагдаа, Прокурор, Шүүхийн шатанд байхад л Б.Уд учраа хэлээд байхад ойлгоогүй. Б.Уын давж заалдаж миний торгуулийн ялыг хорих ялаар солиулна гэж айлгаж заналхийлж байж гэрээ байгуулсан нь гэрээн дээр бичээтэй байгаа ба гэрээнд ...шийтгэх тогтоолд давж заалдахгүй болно.. гэж оруулсан байгаа. Б.У нь давж заалдвал чиний торгуулийн ялыг чинь хорих ялаар солино гэж надад байнга хэлж би ч тэгээд хорих ялаар солигдоод шоронд орох юм байна гэж итгэсэн. Ингээд энэ гэрээг Б.У нь нотариатад хэлж бичүүлээд батлуулсан. Нотариат ...энэхүү гэрээнд оролцогч талуудад гэрээний агуулга, хууль зүйн үр дагаврыг нотариатч зөвлөсөн болно... гэжээ. Ямар ч зөвлөгөө өгөөгүй. Чи мөнгө авчихсан юм уу, ямар учиртай юм би ойлгохгүй байна гээд байсан. Уг нь ийм өртэй, тийм эд зүйлс авсан ч гэдэг юм уу бүх байдлыг бодитоор үзэж байж батлах ёстой байсан. Жуковын хажууд нэг нотариат дээр орсон чинь Би ийм гэрээг батлахгүй. Яагаад ийм агаарын юм яриад байгаа юм. Авсан өгсөн гэсэн ямар ч нотлох баримт байхгүй гээд баталж өгөөгүй. Тийм учраас Б.Уянгатай хийсэн гэрээг Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. гэжээ.

4. Нэхэмжлэгч Б.У сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: ...2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр энэ гэрээг хийхээс өмнө Тт би ямар ч санал тавиагүй. Надад маш их хэмжээний хохирол учирсан байсан болохоор би шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй давж заалдах гээд байж байсан. Тэгэхэд Т надад хүсэлт тавьсан. Энэ мөнгийг чинь ингээд төлье гэсэн. Чи намайг давж заалдаад шоронд оруулбал мөнгөө авч чадахгүй шүү гэж байсан. Тийм учраас чи өөрт ашигтай зүйл хий гэж Тогтохбаяр өөрөө хэлсэн. Би энэ хүнийг дарамталж гэрээ байгуулаагүй.Тогтохбаяр торгуулийн ялаа төлсөн учраас хорих ял аваагүй. Тийм учраас би цаашид давж заалдах хүсэлтэй байсан. Энэ хүн амралтын өдөр тааруулаад намайг дуудсан. Тэгээд нотариат дээр очиж энэ хүн шүүхийн шийдвэрийг үзүүлээд, бид хоёр аман тохиролцоо хийж үүнийг батлаад өгөөч гэсэн зүйлийг яриагүй. Тогтохбаяр нь өөрөө нотариатчид хэлж тайлбарлаад батлуулж байсан. 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн яриад байгаа асуудал бүгд тодорхой тусгагдсан. Нэхэмжлэлийн шаардлага бол нотариатч Гийн баталсан гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэсэн шаардлага гаргасан байна. Уянгатай холбогдуулан тайлбарлаагүй, нотариатын үйлдэлтэй холбогдуулан тайлбарлаж байна. Үүн дээр хариуцагчаа буруу тодорхойлсон байна гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг үндэслэл болгосон гэсэн. Энэ дээр тайлбараа хэлж чадаагүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-т яг ямар үндэслэл байгаа эсэхийг тодорхой тайлбарлаж чадахгүй байна гэж миний зүгээс үзэж байна. Тийм учраас сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж, хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан Б.Уын 344,962,100 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Б.У, Н.Т нарын хооронд байгуулагдсан 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 0540 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 28 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,881,450+8,513=1.889.963 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,157,950 төгрөгийг тус тус улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 2,157,950 төгрөгийг гаргуулж хариуцагчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн данснаас буцаан гаргуулж хариуцагчид буцаан олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгч Б.У давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагуудыг ноцтой зөрчсөн, мөн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй шийдвэр болсон гэж үзэж байна. ... Мөн хэлцэл хийгдсэнээс хойш хариуцагч хоёр удаагийн төлбөр төлсөн талаар талууд мөн адил тайлбарласаар байхад шүүх нэхэмжлэгч талд сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийн талаар мэтгэлцэх, тайлбар гаргах зэрэг боломжийг хааж, шүүхийн шийдвэртээ нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтуудыг дурдаагүй, аль баримт нь үндэслэлтэй, аль нь алинаараа ямар үндэслэлээр няцаагдаж байгаа талаар огт дүгнэлт өгөөгүй, бодит нөхцөл байдлын эсрэг үндэслэлгүй дүгнэлт хийж хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү. гэв.

7. Нэхэмжлэгч Б.Уын өмгөөлөгч Д.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анхан шатны шүүхээс талуудын хооронд ямар гэрээ байгуулагдсан талаар ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасныг баримтлаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр гарах шаардлагыг хангаагүй асуудал үүсэж байгаа. Шүүх нэхэмжлэлийн үндэслэл болсон нотлох баримтуудыг харьцуулсан, хөндсөн талаар шийдвэртээ огт дурдаагүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага хангаагүй. Нэхэмжлэгч талын бүх эд хөрөнгө хариуцагчийн нэр дээр шилжихэд хариуцагч нь зарж үрээд байхгүй болгосон. Зарим хэсгийг нь хувьдаа авсан. Энэтэй холбоотой төлбөрөө төлье гэж хоорондоо гэрээ байгуулсан байхад шүүх энэ дээр ач холбогдол өгөөгүй. Шийдвэрийг харахаар ямар нотлох баримтыг үндэслэн 60 дугаар зүйлд заасан нөхцөл байдал бий болсон юм гэдэг талаар нэг ч өгүүлбэр байхгүй. Б.У болон Баяр транс ХХК-ийн хооронд хамтран ажиллах эрсдэлийн гэрээг хоёр удаа байгуулсан байна гэж хоёр өгүүлбэр тавиад хуудасны тоо заагаад Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.2-т заасны дагуу гээд хэрэглэсэн. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгийн 57.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчилсан хэлцэл гэж тайлбарласан. Энэ 60 дугаар зүйлд заасан хэлцлийн тухайд ямар ч нотлох баримт байхгүй.Шүүх энэтэй холбоотой мэтгэлцэх эрхийг хэрэгжүүлэх ёстой байсан ч, шийдвэр гаргахдаа улсын дээд шүүхийн тайлбар болон хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь хуулийн шаардлага хангаагүй шийдвэр болсон. Мөн хэрэгт холбогдох нотлох баримтууд авагдсан. Энэ баримтуудыг нэг бүрчлэн үнэлж, дүгнэж, харьцуулсан дүгнэлт хийгээгүй. Иймээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн. гэв.

8. Хариуцагч Н.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...шүүхээс надад оногдуулсан ял хөнгөдсөн хориулна гэж дарамталж байж гэрээг хийсэн учир хүчин төгөлдөр бусад тооцож, өгнө үү, би 2 машины төлбөрөөс өөр төлөх төлбөргүй. гэв.

9. Хариуцагч Н.Тын өмгөөлөгч Ж.Ч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөөч гэсэн хүсэлтийг тавьж байна. Мөн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан дагуу анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага бүрэн хангасан гэж үзэж байгаа. Анхан шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар нотлох баримтыг үнэлж хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа. Шүүх хуралдаан дээр хариуцагчаас сөрөг нэхэмжлэлээ тайлбарлахдаа намайг айлган сүрдүүлж энэ гэрээг хийсэн гэж удаа дараа хэлсэн. Ямар нотлох баримтыг үндэслэн энэ гэрээг байгуулсан нь байдаггүй. Яагаад энэ гэрээг байгуулах гээд байгаа юм чи энэ хүнд өртэй юм уу гэхэд нь би өргүй, зөвхөн давж заалдах гомдол гарахгүй гэсэн үндэслэлээр энэ гэрээг байгуулж байгаа гэсэн. Анхан шатны шүүх юу гэж үзсэн гэхээр энэ гэрээг байгуулснаараа давж заалдах гомдол гаргаагүй, үүгээр анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. Тэгэхээр айлган сүрдүүлж хийсэн гэрээ мөн байна. Ийм учраас Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т гэрээг шаардах эрхтэй. Мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.2-р сөрөг нэхэмжлэлийг хангаж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Хэрэв ийм үндэслэлээр 400,000,000 төгрөг төлөх ёстой, үүнээс хэдийг нь төлсөн, хэдийг нь төлөөгүй, ийм ийм нотлох баримт байгаа гэдгээ үзүүлээд гэрээг байгуулах ёстой байсан. Анхан шатны шүүхэд буцааснаар ямар нөхцөл байдал үүсэх юм. Ямар нотлох баримтыг дутуу үнэлсэн юм. Гаргаж өгөөгүй юм уу, ямар нотлох баримтад шүүх хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгөөгүй гэдэг нь давж заалдах гомдолд дурдагдаагүй байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч Б.Уын гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд дараах үндэслэлээр гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч Б.У, хариуцагч Н.Тт холбогдуулан 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 0540 бүртгэлийн дугаартай гэрээний үүрэгт үндсэн төлбөрт 225,000,000 төгрөг, 160,000,000 төгрөгийн хүү 7,200,000 төгрөг, 225,000,000 төгрөгийн алданги 112,500,000 төгрөг нийт 344,700,000 төгрөг, нэхэмжлэл гаргахад гарсан зардал 262,100 төгрөг гаргуулна/1 хх 1/ гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч Н.Т нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч 344,700,000 төгрөгийн хувьд гэрээний дагуу мөнгө аваагүй, нотариат гэрээний үр дагаврыг тайлбарлаагүй, 262,100 төгрөг нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй холбоотой гарсан зардал тул зөвшөөрөхгүй /2 хх 204/ гэсэн.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд Н.Таас ...Б.У намайг ийм гэрээ хийгүй бол чамайг шоронд чинь хатаана гээд заналхийлээд айлгаж, гэрээг байгуулсан, энэ талаар гэрээнд тусгагдсан байгаа учир 2022 оны 0540 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулна гэснийг,

Б.У эс зөвшөөрч ...Т надад хүсэлт тавьсан, мөнгийг чинь ингээд төлье, чи намайг давж заалдаад шоронд оруулбал мөнгөө авч чадахгүй шүү гэж байсан, би дарамталж гэрээ байгуулаагүй гэжээ.

2. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 60.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.3 дахь хэсэгт заасныг хэрэглэж, талуудын хооронд 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр байгуулагдсан 0540 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Б.Уын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч ...хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн, нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт хийлгүй гэрээг хүчин төгөлдөр бусад тооцсон, бодит нөхцөл байдлын эсрэг үндэслэлгүй дүгнэлт хийсэн учир шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

3. Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг үндэслэлтэй зөв тодорхойлж, тогтоох улмаар талуудын хүлээн зөвшөөрсөн болон зөвшөөрөөгүй үйл баримтыг тогтоож, маргааны зүйлийг тодорхойлох учиртай.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдлууд нь ямар нотлох баримтаар нотлогдож, тогтоогдсон эсэх эсхүл тогтоогдоогүй талаар зохигчоос тодруулж, тэдгээр нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнээгүй байх ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, шийдвэрийг өөрчлөх боломжгүй үндэслэлд хамаарах тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1, 168.1.1-т заасан шийдвэрийг хүчингүй болгож, шийдвэрлэх нь зүйтэй байна.

4. Хэрэгт дараах нотлох баримт авагджээ. Үүнд: иргэн Б.У, Баяр транс ХХК-ийн хооронд Хамтран ажиллах гэрээ /1хх 80-91/ байгуулагдсан, гэрээний дагуу эд хөрөнгө болон урьдчилгаанд мөнгө хүлээж авсан,

шүүгдэгч Н.Т 20 ширхэг Татра маркийн чирэгч тээврийн хэрэгсэл, 24 ширхэг чиргүүлийг 150 ширхэг запас дугуйны хамт хариуцан хүлээж, авсан боловч 7 ширхэг чиргүүлийг бусдад зарж, борлуулан хувьдаа завшсаны улмаас хохирогч Б.Уд 245,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутайд тооцсон,

245,000,000 төгрөгөөс 145,738,000 төгрөгийг Н.Т, иргэний нэхэмжлэгч Б.Э 70,000,000 төгрөг буюу 2 чиргүүлийн үнийг төлсөн учир үлдэх 29,262,000 төгрөгийг Н.Таас гаргуулж, Б.Уд олгохоор,

хамтран ажиллах гэрээний үүрэгтэй холбоотой учир 283,488,800 төгрөгийг хэлэлцэхгүй орхисон тухай Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 163 дугаар шийтгэх тогтоол/1хх 7/ болон 0540 дугаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол болон хамтран ажиллах гэрээний үүрэгтэй холбоотой төлбөр зэргийг аль алиныг дүгнэж, байгуулагдсан гэрээ зэрэг болно.

5. Эндээс үзвэл анхан шатны шүүх эрүүгийн хэрэгт шийдвэрлээгүй, шийтгэх тогтоолд гэрээний үүрэгтэй холбоотой гэж дүгнэсэн 283,488,800 төгрөгийг, нэхэмжлэгч Б.Уын хариуцагч Н.Таас 344,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага болон хамтран ажиллах гэрээний үүрэгт хамаарах эсэхийг, 283,488,800 төгрөгийн шаардлага болон татгалзал нь ямар нотлох баримтад үндэслэсэн зэрэг нөхцөл байдлыг анхаараагүй байх ба хамтран ажиллах гэрээний үүрэгтэй холбоотой маргаан бүхий шаардлага, татгалзалтай холбоотой учирсан нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээг хэргийн үйл баримт болон нотлох баримтад үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй.

Шийдвэрт нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзалтай холбоотой, 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 0540 дугаар хэлцэл болон хамтран ажиллах гэрээ /1хх 80-91/ зэрэг нь хэргийг шийдвэрлэхэд хамааралтай нотлох баримт эсэх талаар дүгнээгүй, тухайн маргаан бүхий харилцааг зохицуулсан хэм хэмжээг оновчтой, зөв тайлбарлан хэрэглээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэхдээ нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт бодит байдалд нийцсэн эсэхийг үндэслэлтэй тогтоогоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 1.7-д заасанд хамаарч байна.

6. Хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгчийн захирамжид гарсан гомдлыг хянан хэлэлцэж, шийдвэрлэсэн /1хх 100-102/ тогтоолоос үзэхэд тус шүүх бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Н, Д.Ц, Э.Б нарыг хуулийн дагуу, шүүгчдийн зөвлөгөөнөөс томилогдсон гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн бүрэлдэхүүнд томилогдоогүй /1хх 17-18/ шүүгч /1хх 78-79/ нөлөөллийн мэдүүлэгт гарын үсэг зурсан зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх шаардлагыг зөрчжээ.

Иймд хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн маргааны үйл баримтад эцэслэн дүгнэлт хийх үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангаж, гомдол гаргахад төлсөн, улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 136/ШШ2023/00511 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгч Б.Уын давж заалдсан гомдлыг хангасугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар Б.Уын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4,047,913 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4, 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС

ШҮҮГЧИД Б.НАРАНЧИМЭГ

Н.БОЛОРМАА