Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 0019

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Л.О

Шүүгдэгч Г.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.М нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Т-д холбогдох эрүүгийн 1925000050008 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, урьд ял шийтгэлгүй,  Г.Т

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Т нь 2018 оны 10 сарын 03-ны өдрөөс 2018 оны 10 сарын 23-ны өдрүүдийн хооронд “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-нд хамт ажилладаг Г.П-с “тендерт оролцоод бараа материал бараа шахаж байгаа зардлын мөнгө хэрэг болчихлоо” гэж хуурч мэхлэн 4.000.000 төгрөгийг залилаж авсан  гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Г.Т-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би энэ авсан 4.000.000 төгрөгийг хот руу явж үрж дуусгасан. Тухайн үед гэр бүлийн асуудалтай байсан. Бид маргалдсан. Хохиролд 4.220.000 төгрөг төлсөн гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Г.П-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-нд 2016 оноос хойш ажиллаж байна. Намайг энэ байгууллагад анх ажилд ороход Гансүхийн Төмөрсүх гэж залуу ажиллаж байсан. Тэр цагаас хойш нэг байгууллагын ажилчид ямар байдаг яг тийм байдлаар харьцаж явж байсан. Тэгтэл 2018 оны 10 сарын 03-ны өдөр Төмөрсүх надтай ажил тарах үед уулзаад 1.000.000 төгрөг хэрэг болчихлоо, 7 хоногийн дараа гаргаад өгчихнө гэхээр нь хамт ажилдаг юм чинь гайгүй байлгүй гэж итгээд Төмөрсүхийн Хаан банкны 5127131751 дугаарын данс руу 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Долоо хоногийн дараа түүнээс мөнгөө нэхтэл удахгүй өгнө гэж хэлсэн. Гэтэл 10 сарын 23-ны өдөр Төмөрсүх надтай уулзсанаа “хөгшин нь нэг газарт материал шахаж байгаа юм, тендерт оролцоод бараа нь ирэх гэтэл замын зардалгүй болчихлоо 2.500.000 төгрөгийг зээлээч” гэхээр нь бас итгээд түүний данс руу 2.5 сая төгрөгийг 3 хувааж шилжүүлсэн, тэгтэл тэр өдрөө Т дахин залгаснаа дахиад 500 мянган төгрөг шилжүүлчихээч гэхээр нь хөгшинд нь 500 мянган төгрөг үлдсэн өөртөө зарцуулах хэрэг байна гэхэд “за найзаа 500 мянган төгрөг өгчих чамаас өөр хүн байхгүй байна, 500 мянган төгрөгийг чинь 7 хонуулаад өгнө, харин 2.5 сая төгрөгийг 14 хоногийн дараа өгнө” гээд гуйгаад байхаар нь итгээд мөн түүний данс руу шилжүүлсэн. Ингээд би нийтдээ 10 сарын 03-ны өдрөөс 10 сарын 23-ны өдрийн хооронд Төмөрсүхэд 4.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд мөнгөө авах хугацаа нь болоод түүнээс мөнгөө нэхтэл удахгүй өгнө, эхнэр маань хот явсан, нөгөө тендерийн ажил хийж байгаа хүнтэй уулзаж байгаа, яг одоо өгнө, түр хүлээж бай гэх мэтээр ярьсаар байгаад алга болсон. Маргааш нь Төмөрсүх рүү залгаж яасан вэ, мөнгөө авъя гэтэл эхнэр маань нөгөө хүнийг өчигдөр хүлээгээд ирээгүй гэнээ, гэрлүү нь явж байгаа юм байна гэж хэлж бас хуурсан. Долоо хоногийн дараа Төмөрсүхтэй холбоо барьтал би өөрөө хот явж хөөцөлдөнө гэж хэлж яваад алга болсон. Сүүл рүүгээ утас руу нь залгаад ч дуудлага авдаггүй, таг чиг болсон. Би түүн рүү байн байн залгаж холбогдсоор байгаад 11 сарын 16-ны өдөр 500.000 төгрөгийн дансаараа шилжүүлж авсан. Манай эхнэр Төмөрсүхийн эхнэртэй нь 2-3 удаа утсаар холбоо барьтал би мөнгө аваагүй, тийм асуудлыг мэдэхгүй гэж хэлсэн. Би сүүлд Төмөрсүхийн ээжтэй нь холбоо барьтал бид бас түүнийг хайгаад олохгүй байна гэж байсан. Төмөрсүхийн эхнэр нь тендерийн асуудлын талаар мэдэхгүй, хот явж мөнгө хөөцөлдсөн асуудал огт байхгүй гэж хэлэхэд нь л би Төмөрсүхийг худлаа хэлж надаас мөнгө авсан байна гэдгийг мэдсэн гэсэн мэдүүлэг /хх 9-10 ху/,

 

-Гэрч Б.А-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... 2018 оны 11 сард манай нөхөр Пүрэвсүрэн ажлын газрынхаа нэг залууд хэдэн төгрөг өгчихсөн чинь өгдөггүй гэж хэлсэн, яагаад ямар учраас хүнд мөнгө өгсөн юм гэхэд Төмөрсүх гэж хамт ажилдаг залуу маань тендерийн ажилд хэрэглэнэ, удахгүй хүүтэй нь эргүүлж өгнө гээд гуйгаад байхаар нь итгээд өгчихсөн гэсэн. Манай нөхөр Пүрэвсүрэн Төмөрсүхэд нийтдээ 4.0 сая төгрөг өгсөн байсан. Ингээд би Төмөрсүх гэж залуугийн ээжтэй нь 2018 оны 12 сарын эхээр уулзахад би ч гэсэн мэдэхгүй байна, гэртээ ирэхгүй байгаа бид бас хайж байгаа, эргээд холбоо баръя гэж хэлсэн. Эхнэртэй нь утсаар ярихаар мөнгөний асуудлыг би мэдэхгүй, тэгээд ч Төмөрсүх гэртээ ирэхгүй байгаа гэж хэлсэн. Төмөрсүх гэж залуу ажилдаа ирэхгүй алга болчихоор нь би арга буюу ар гэрийхэнтэй нь уулзсан юм. Манай нөхөр 2018 оны 10 сард Төрийн банкны кредит карт авсан юм. Тэр картнаас л мөнгө авч өгсөн байсан гэсэн мэдүүлэг /хх 18 ху/,

 

-Гэрч Ж.О-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Т нь миний ууган хүү юм. 2018 оны 12 сарын эхээр Пүрэвсүрэн гэж хүний эхнэр гэх эмэгтэй надруу залгаж танай хүү чинь манай нөхрөөс 4.0 сая төгрөг зээлж авсан түүнээсээ 500 мянган төгрөгийг нь өгчихсөн юм, үлдсэн мөнгөө авмаар байна гэж ярьсан. Тухайн үед хүү маань томилолтоор явж байсан юм. Гэвч хотоос ирэхгүй удаад байхаар нь юу болсон талаар асуутал эхнэртэйгээ таарамжгүй харьцаатай байсан юм шиг байна лээ. Дээрхи 4.0 сая төгрөгийг юунд зарцуулсаныг мэдэхгүй. Мөнгө зээлж авсаныг ч мэдээгүй байсан. 3.720.000 төгрөгийг би өөрөөсөө гаргаж Пүрэвсүрэн гэж хүний эхнэрийн данс руу 2018 оны 12 сарын 23-ны өдөр шилжүүлж хохиролгүй болгосон гэсэн мэдүүлэг /хх 20 ху/,

-Гэрч Т.Б-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:...2018 оны 12 сарын дундуур Пүрэвсүрэн гэж хүний эхнэр гэх эмэгтэй надруу залгаж танай нөхөр Төмрөө, манай нөхрийн кредит картнаас 4.0 сая төгрөгийг аваад 500 мянган төгрөгийг эргүүлж өгсөн, үлдсэн мөнгөө авмаар байна, хэзээ эргүүлж өгөх вэ гэхэд нь би тэр талаар мэдэхгүй байна, Төмрөө хотод байгаа наад асуудлыг чинь ирэхээр нь шийдье гэж хэлсэн. Пүрэвсүрэнгийн эхнэр надруу 4-5 удаа залгасан. Төмөрсүх Пүрэвсүрэнгээс авсан мөнгөө юунд зарцуулсаныг мэдэхгүй байна, надад хэлэхдээ нэг найзтайгаа ажил хийх гэж байгаад бүтэлгүйтсэн, тэгээд асуудлаа зохицуулчихаад надад хэлэх гэж байсан гэж өөрөө хэлсэн гэсэн мэдүүлэг /хх 19 ху/,

 

-Яллагдагч Г.Т-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би Пүрэвсүрэнгээс худлаа хэлж тендерт оролцож байгаа, зардлын мөнгө хэрэг болоод байна гэж нийтдээ 4.000.000 төгрөгийг 2-3 удаа хувааж авсан нь үнэн. Энэ мөнгийг би хувьдаа зарцуулж дуусгасан. Ямар нэгэн тендерийн асуудалд зарцуулаагүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг /хх 26 ху/

 

            -Хохирол төлсөн баримт /хх 17 ху/

-Г.Т-г яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 21-26 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 30 ху/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Г.Тнь 2018 оны 10 сарын 03-ны өдрөөс 2018 оны 10 сарын 23-ны өдрүүдийн хооронд “Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-нд хамт ажилладаг Г.П-с “тендерт оролцоод бараа шахаж байгаа зардлын мөнгө хэрэг болчихлоо” гэж хуурч мэхлэн 4.000.000 төгрөгийг залилаж авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би энэ авсан 4.000.000 төгрөгийг хот руу явж үрж дуусгасан” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Г.П-н  “...10 сарын 03-ны өдрөөс 10 сарын 23-ны өдрийн хооронд Төмөрсүхэд 4.000.000 төгрөг шилжүүлсэн. ...мөнгөө авах хугацаа нь болоод түүнээс мөнгөө нэхтэл удахгүй өгнө, эхнэр маань хот явсан, нөгөө тендерийн ажил хийж байгаа хүнтэй уулзаж байгаа, яг одоо өгнө, түр хүлээж бай гэх мэтээр ярьсаар байгаад алга болсон” гэсэн мэдүүлэг /хх 9-10 ху/, мөн гэрч Б.Амаржаргал /хх 18 ху/, гэрч Ж.Оюумаа /хх 20 ху/, гэрч Т.Бадамгэрэл нарын өгсөн мэдүүлэг, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Бусдыг хуурч мэхлэх арга нь бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдөлд оруулахыг хэлэх бөгөөд шүүгдэгч Г.Төмөрсүхийн үйлдэл нь дээрхи шинжүүдийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

            Орхон аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг бусдыг хуурч эд хөрөнгийг нь залилсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэж хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно.

 

            Шүүгдэгч Г.Төмөрсүх нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Энэ хэргийн улмаас хохирогчид 4.000.000 төгрөгний хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохиролоо төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн түүний хувийн байдал, улсын яллагчын ялын санал зэргийг харгалзан түүнд торгох  ялыг сонгон хэрэглэхээр шийдвэрлэв.

 

            Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдаж, түүнд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч  Г.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдыг хуурч мэхлэн эд хөрөнгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.Т-д оногдуулсан торгох ялыг сард 150.000 төгрөгөөр тооцож 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

  5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Ж.БАЙГАЛМАА