| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адилбишийн Сайнтөгс |
| Хэргийн индекс | 137/2023/00144/И |
| Дугаар | 202/МА2024/00002 |
| Огноо | 2024-01-22 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 202/МА2024/00002
2024 01 22 202/МА2024/00002
иргэний хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, ерөнхий шүүгч А.Сайнтөгс, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар;
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч А.Цэрэнханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 137/ШШ2023/00326 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Дорноговь * тоотод оршин суух, Г овогт Э.Дийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорноговь * тоотод оршин суух хаягтай, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Ч овогт Ц.Хдхолбогдох,
Дорноговь * тоотод байрлах 45 мкв орон сууцыг худалдах, худалдан авах талаар хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, тухайн орон сууцнаас албадан гаргуулах, 2019 оны 06 сараас эхлэн амьдран суусны зардалд сарын 200,000 төгрөгөөр тооцож, 9,200,000 төгрөгийг, хариуцагчийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасантай холбогдуулан гарсан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг зэргийг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага,
Хариуцагч Ц.Хны сөрөг нэхэмжлэлтэй, нэхэмжлэгч Э.Дт холбогдох Дорноговь * тоотод байрлах 45 мкв орон сууцыг худалдах, худалдан авах талаар хийсэн хэлцлийг хүчин төгөлдөрт тооцуулж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг,
Хариуцагч Ц.Х , хариуцагчийн өмгөөлөгч С.Э нарын давж заалдсан гомдолд үндэслэн, давж заалдах шатны шүүх хэргийг 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч О.Ү , хариуцагчийн өмгөөлөгч С.Энхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Э.Дийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ...Миний бие Дорноговь * тоот 45 мкв байрыг 2019 оны 01 сараас түрээслүүлж байсан. 2019 оны 02 сараас Ц.Хны дүүгийн эхнэр түрээсэлье гэхэд тодорхой шалтгааны улмаас тухайн үеийн түрээсийн ханшнаас хямд 230,000 төгрөгөөр суулгахаар болсон, тэр хүний түрээсийн хугацаа дууссан үед Ц.Х уг байранд үргэлжлүүлэн амьдрахыг хүссэн ба бид байрыг 2019 оны 06 дугаар сард 20,000,000 төгрөгөөр зарах, байрны 10 сая төгрөгийг нь 08 дугаар сарын 15-ны дотор авах, үлдэгдэл төлбөрийг сарын 170 мянган төгрөгөөр төлөөд дуусгасны дараа байрны гэрчилгээг түүнд шилжүүлэхээр харилцан тохиролцон бичгээр гэрээ байгуулсан боловч Ц.Х нь тохирсон ёсоороо 10 сая төгрөгийг хугацаандаа өгөөгүй, төлбөрөө ч бүрэн төлөхгүй байсан тул бид байраа буцааж авъя гэх шаардлагыг тавьж эхэлсэн, байраа буцааж авъя гэх шаардлага тавингуут бидэнд мэдэгдэхгүйгээр багахан мөнгө хийгээд алга болчихно, тэгээд өөртэй нь уулзах гэхээр олдохгүй, утсаа авахгүй зэргээр явсаар манай байранд 4 жил амьдарсан. ...Иймд Дорноговь * тоот 45мкв байрыг Ц.Х д худалдах тохиролцоог хүчин төгөлдөр бусад тооцож, уг байрыг бүрэн бүтэн байдалтай албадан чөлөөлүүлж, 2019.06 сараас хойш тооцон уг байрыг бүрэн чөлөөлж буцаан өгөх хүртэлх хугацааны сар бүрийн 200,000 төгрөгөөр бодож 9,200,000 төгрөгийн амьдран суусны зардал болон Ц.Хны оршин суух хаягийг тодруулах эрэн сурвалжлах ажиллагаатай холбогдон гарсан 70.200 төгрөгийн зардлыг гаргуулж өгнө үү. гэжээ.
2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Б анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорноговь * тоот 45 мкв байрыг Хүрэлчулуунд худалдах тохиролцоог хүчин төгөлдөр бусад тооцуулж, Ц.Х ыг байрнаас албадан гаргуулах, 2019 оны 06 сараас тооцон тус байрыг бүрэн чөлөөлж буцаан өгөх хүртэл хугацааг сар бүрийн 200,000 төгрөгөөр тооцож амьдран суусны зардал 9,200,000 төгрөг гаргуулах, энэхүү маргааныг эцэслэн шийдвэрлэх зорилгоор шүүхэд оршин суух хаягийг тодруулах эрэн сурвалжлах нэхэмжлэл гаргасантай холбогдуулж улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн гаргуулахаар шаардаж байгаа. ... Иймд нэхэмжлэлээ дэмжиж байна. гэжээ.
3. Хариуцагч Ц.Хны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тухай татгалзал, тайлбар, үндэслэлийн агуулга: ...Миний бие Дтай харилцан тохиролцон 2019 оны 05 сард түүний өмчлөлийн Дорноговь * тоот 45 мкв байрыг 20,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож өөрсдийн тохиролцоог бичгээр баталгаажуулж гарын үсэг зурсан. ...Гэтэл 2020 оны 01 сараас эхлэн Д байраа зарахгүй байр чөлөөлж өг гэж ярьж, мессеж бичиж дарамт үзүүлсэн. Мөн 2022 оны 03 сард 40 гаруй хоног гэрэл цахилгаан, интернэт таслуулсан. Ер нь бол байр авсны дараа би төлбөр төлөх боломжгүй байсан. Нотариат дээр очих үед нотариат банкны барьцаанд байгаа тул болохгүй гэж хэлж байсан. Бидний хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, татгалзаж байгаа болно. гэжээ.
4. Хариуцагч Ц.Х шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Би Э.Дтай харилцан тохиролцож 2019 оны 06 сарын 17-ны өдөр түүний өмчлөлийн Дорноговь * тоот 45 мкв байрыг 20,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож өөрсдийн тохиролцоог бичгээр бичиж тохиролцоод гарын үсэг зурсан. ...Гэрээний дагуу өнөөдрийн байдлаар 20,000,000 төгрөг төлсөн. Дээрх төлбөрийг Д хүлээн авсан. Иймд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.5-д нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг гэрчлээгүй байхад талуудын аль нэг үүргээ бүрэн буюу ихэнхийг нь гүйцэтгэсэн, дараа нь нөгөө тал нь үүнийг хүлээн зөвшөөрсөн боловч хэлцлийг нотариатаар гэрчлүүлэхээс татгалзвал үүргээ гүйцэтгэсэн талд шүүх уг хэлцлийг хийсэнд тооцож болно гэжээ. Мөн Иргэний хуулийн 43-р зүйлийн 43.2-т талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан талуудын хооронд байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөрт тооцож, Дорноговь * тоот 45 мкв байрны өмчлөгчөөр тогтоож өгнө үү. гэжээ.
5. Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Б сөрөг нэхэмжлэлд гаргасан татгалзал тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Үнийн дүн болох 20,000,000 төгрөгийг 2 хэлбэрээр төлөх байсан. 2 хэлбэрийн аль нь ч биелэгдээгүй. Эхний 10,000,000 төгрөгийг төлөхдөө жил хагасын дараа дансанд мөнгө хийсэн байдаг. Хийсэн гээд хэлцлийнх нь аль аль хэлбэр биелэгдэхгүй байгаа юм. Хэлцэл хийснээс хойш бүтэн 3 жилийн хугацаанд төлсөн, мөнгө бүрэн төлөхөөс нь өмнө гар гээд байхад гараагүй. Гэнэт өөрийнхөө боломжтой үед хийдэг юм шиг байгаа юм, огт тайлбар тавьж ярьдаггүй. Манай байрны тухайн үеийн түрээсийн ханш 400,000 төгрөг байсан. Үүгээрээ явах боломж байсан. Би зөвхөн онцгой хэрэгцээ буюу машинаа авах байсан. Хямдхан зарсан үндэслэл нь ийм байгаа. Манай байр ийм байна та аваач ээ гэж энэ хүнээс гуйгаагүй. Банкны барьцаанд байсан, бид энэ хүнд зарахдаа банканд мэдэгдээгүй, зээлийн хугацаа 2025 онд дуусах байсан, энэ хүн хурдан төлөөд дуусгачихна гэсэн учраас мэдэгдээгүй
6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 57 дугаар зүйлийн 57.2, 245 дугаар зүйлийн 245.2-т зааснаар Э.Д , Ц.Х нарын хооронд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг Хилийн мэргэжлийн хяналтын 24 айлын 1-9 тоотод байрлах 45 мкв орон сууцыг худалдах, худалдан авах талаар хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож, хариуцагч Ц.Х ыг маргаан бүхий орон сууцнаас албадан гаргаж байрыг чөлөөлөх, нэхэмжлэлийн шаардлагаас амьдран суусны хөлс буюу түрээс төлбөр 9,200,000 төгрөг, эрэн сурвалжлах нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн зардал 70,200 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т зааснаар нэхэмжлэгч Э.Д , хариуцагч Ц.Х нар нь хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж,
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т зааснаар хариуцагч Ц.Хны сөрөг нэхэмжлэлтэй, нэхэмжлэгч Э.Дт холбогдох хэлцлийг хүчин төгөлдөрт тооцуулах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг Хилийн мэргэжлийн хяналтын 24 айлын 1-9 тоотод байрлах 45 мкв орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгох,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн 374,357 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 328,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 257,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн илүү төлсөн 23,498 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж олгож,
Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдэж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
7. Хариуцагчийн өмгөөлөгч С.Э давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан гэрээ талуудын хороонд байгуулагдсан байна гэж дүгнэсэн. Харин шүүх шийдэхдээ Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.5, 245 дугаар зүйлийн 245.2, 50 дугаар зүйлийн 50.1-т зааснаар зохих этгээдийн зөвшөөрөл аваагүй тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь өөрөө илт үндэслэлгүй болсон тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Аливаа худалдах, худалдан авах гэрээ нь үүргийн буюу өмчийн гэсэн хоёр хэлбэрт багтааж байдаг. Тэгэхээр талуудын хооронд хийсэн орон сууц худалдах, худалдан авах тохиролцоог үүргийн хэлцэл гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Хэлцэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж хуульд заасан байдаг. Зохигчдын хооронд байгуулсан гэрээ нь тухайн мөчид үүргийн болон өмчийн хэлбэрийг давхар хэрэгжүүлэх боломжгүй, зөвхөн үүргийн хэлцлийг хэрэгжүүлэх боломжтой. Харин өмчийн хэлбэрийг хэзээ хэрэгжүүлэх боломжтой байсан гэхээр Голомт банкны ипотекийн зээл дууссаны дараа бичиг баримтыг шилжүүлэх, энэ ажиллагаа нь нотариатаар гэрчлүүлж улсын бүртгэлд бүртгүүлэх байсан. Гэтэл шүүх хэлбэрийг агуулаагүй байна гэж сөрөг нэхэмжлэлийг дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 19,920,000 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдож байна гэж шүүх үзсэн байдаг. Гэтэл үйл баримтын тооцоог бүрэн тогтоож чадаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хүрэлчулуун нь 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр өөрийн Голомт банкны 1915105898 тоот данснаас Дашпунцагийн данс руу 4,000,000 төгрөг шилжүүлсэн байдаг. Энэ үйл баримтыг нэхэмжлэгч тал 4,000,000 төгрөгийг бид хүлээн авсан гэдгээ мөн зөвшөөрч шүүх хуралдаанд мэдүүлсэн байдаг. Энэ нь шүүх хуралдааны тэмдэглэлийн 5 дугаар хуудаст авагдсан байгаа. Тухайн 4,000,000 төгрөгийг шүүх бодохдоо тооцоонд оруулаагүй орхигдуулсан нөхцөл байдал байдаг. Гэтэл хүчингүй болсон Иргэний хуулийн 162, 163 дугаар зүйлийн зохицуулалтыг шүүх барьж хэргийг шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн бас нэг үндэслэл болж байна гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Тиймээс дээрх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг хангаж, үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж өгнө үү гэж гомдлоо гаргаж байна. гэв.
8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний хувьд гэрээ биелэгдээгүй гэж үзэж байна. Гэрээгээ биелүүлээч гэхээр надад мэдэгдэлгүй хэдэн төгрөг шилжүүлдэг байсан. Анхан шатны шүүхэд энэ хугацаанд авсан, өгсөн зүйлээ буцаая гэсэн байр суурьтай байсан. Анхан шатны шүүх хуульд нийцсэн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. 4 жил хагас энэ хүнтэй хөөцөлдөж байгаа учраас шүүхээр шийдүүлэх гэж нэхэмжлэл гаргасан. Сүүлд шилжүүлсэн 4,000,000 төгрөгийг хүлээн авсан, буцаагаад шилжүүлье гэж өмгөөлөгч болон өөрт нь хэлсэн боловч хариу өгөөгүй. гэв.
9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч О.Ү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 137/ШШ2023/00326 дугаар шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан гэж үзэж байна. Нэхэмжлэгч хариуцагч хоёр анх хоорондоо хэлцэл хийсэн. Хэлцэл хийгдэх шатанд хуульд заасан тусгай шаардлага шалгуурыг хангасан нөхцөл тавигдсан зүйл дээр хэлцлийг хийсэн байгаа. Хоёрт хэлцэлтэй холбогдуулаад хэлцэл хийгдэх шатанд эд хөрөнгө бусдын эзэмшилд шилжих эрх, өөрөөр хэлбэл бусадтай хийсэн зээлийн гэрээний үүргийг хангахыг шаардсан хэлцэл байсан. Хавтаст хэргийн материалд цугларсан учраас шүүх энэ нөхцөл байдалд дүгнэлт хийсэн байгаа нь үндэслэлтэй гэж үзэж байна. Тухайн үед хэлцэл хийсэн гэхдээ хүсэл зоригийн илэрхийлэл бүрэн биелээгүй. 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр талуудын хүсэл зоригийн хэлцэл биелэгдээгүй учир талууд хооронд хийсэн хэлцлийг хүчингүй болгох арга хэмжээ авагдаж эхэлсэн. Анхан шатны шүүхийн дүгнэлтийг нэхэмжлэгч тал үндэслэл бүхий байна гэж үзэж хариуцагчаас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгч С.Эын давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
1.Анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн баримтуудаар Э.Д , Ц.Х нар нь 2019 оны 06 дугаар сард харилцан тохиролцон Э.Дийн өмчлөлийн Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1-р баг, 7 дугаар хэсэгт орших Мэргэжлийн хяналтын ажилчдын байрны 9 тоот 45 мкв байрыг 20,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулсан ба бичгийн хэлцэлд зааснаар 2019 оны 08 дугаар сарын 15-нд 10,000,000 төгрөгийг эхэлж авах, үлдэгдэл төлбөрийг сар бүрийн 20-нд 170,000 төгрөгөөр төлж дуусгах, байрны үнийг бүрэн төлж дууссан үед үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Ц.Х д шилжүүлэхээр тохирсон боловч Ц.Х тохирсон хугацаанд буюу 08 сарын 15-нд 10,000,000 төгрөгийг төлж чадаагүй тул нэхэмжлэгч Э.Д болон түүний эхнэр Батдулам нараас 2020 оны 08 дугаар сараас эхлэн байраа буцааж авъя гэж гар утасны мессежээр харилцаж байсан боловч Ц.Х байрыг хүлээлгэж өгөөгүй, бага багаар төлсөөр нийт 23,920,000 төгрөгийг байрны үнэ гэж Э.Дт төлсөн үйл баримт болсон.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тохирсон ёсоор Ц.Х 10,000,000 төгрөгийг хугацаандаа өгсөн бол тухайн үед автомашин худалдаж авах гэж байсан боловч авч чадаагүй, мөн орон сууцны зээлийг хурдан хугацаанд шахаж төлж дуусгана гэж тохирсон боловч зээлийг одоо болтол төлж дуусгаагүйгээс бид дахин зээл авч чадаагүй зэргээр хохирсон тул бид байраа буцааж авъя гэж байнга мэдэгдсэн боловч байрыг хүлээлгэж өгөхгүй, бидэнтэй уулздаггүй, утсаа авдаггүй байсан ба бидэнд мэдэгдэхгүйгээр гэнэт л мөнгө хийсэн байдаг байсан. Бидний хооронд байгуулагдсан гэрээ хуульд заасан шаардлагыг хангаж байгуулагдаагүй учир анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ байсан тул орон сууц худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, байрыг Хүрэлчулуунаас чөлөөлж өгөхийг, 2029 оны 06 дугаар сараас хойш байрыг буцаан өгөх хүртэлх хугацаагаар амьдран суусны хөлсөнд сар бүр 200,000 төгрөгөөр тооцож 9,200,000 төгрөгийг шилжүүлсэн мөнгөнөөс хасч тооцуулах, хариуцагч Ц.Хны эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг зэргийг Хүрэлчулууны төлсөн мөнгөнөөс хасч үлдэгдэл мөнгийг буцаан шилжүүлнэ гэж шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Ц.Х гэрээгээр тохирсон ёсоор байрны үнийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан ба зохигчийн хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах тухай бичгийн гэрээг хүчин төгөлдөрт тооцуулах, Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1-р баг, 7 дугаар хэсэгт орших Мэргэжлийн хяналтын ажилчдын байрны 9 тоот 45 мкв байрны өмчлөгчөөр тогтоолгох гэсэн үндэслэлүүдээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд ...талууд орон сууц худалдах, худалдан авах хэлцэл хийхдээ хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн буюу Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.5, 50 дугаар зүйлийн 50.1, 245 дугаар зүйлийн 245.2-т заасан шаардлагуудыг зөрчсөн байх тул зохигчийн хооронд хийгдсэн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, талууд хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 2019 оны 06 дугаар сараас хойш амьдран суусны хөлсөнд сар бүр 200,000 төгрөг, нийт 9,200,000 төгрөг гаргуулах, хариуцагчийг эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасантай холбогдуулан гарсан 70,200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж зэргийг гаргуулах нэхэмжлэлийг шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Ц.Х аас гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч Ц.Хны өмгөөлөгч С.Э эс зөвшөөрч ... гэрээнд зааснаар Ц.Х орон сууцны үнийг төлөх үүргээ гүйцэтгэсэн байхад худалдагч үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж, өмчийн хэлцэл хэрэгжиж эхлэхээс өмнө шүүхэд нэхэмжлэл гаргасан байгааг шүүх анхаараагүй шийдвэр гаргаж хохирогчийг хохироосон ... шийдвэрийн үндэслэх хэсэгт орон сууцны үнэд төлсөн төлбөрийг бүрэн тооцоогүй буюу 2023 оны 08 дугаар сарын 04-ны өдөр төлсөн 4,000,000 төгрөгийг тооцоонд оруулалгүй орхигдуулсан ... Голомт банкны ипотекийн зээлийн барьцааны зүйл болох маргаан бүхий орон сууцыг өөр этгээдэд шилжүүлэх талаар барьцаалагч Голомт банкнаас зөвшөөрөл аваагүй гэж шүүх хүчингүй болсон Иргэний хуулийн зохицуулалтыг хэрэглэж гэрээг хүчин төгөлдөр бусад тооцон хариуцагчийг орон сууцнаас албадан чөлөөлж шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгож, байрны үнийг төлсөн Ц.Х ыг уг маргаан бүхий байрны өмчлөх эрхтэй болохыг тогтоож, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн агуулга бүхий үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.
4.Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна гэж үзсэн.
Учир нь: Талууд Э.Дийн өмчлөлийн Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1-р баг, 7 дугаар хэсэгт орших Мэргэжлийн хяналтын ажилчдын байрны 9 тоот 45 мкв байрыг 20,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулсан ба ингэхдээ Ц.Х 2019 оны 08 дугаар сарын 15-нд 10,000,000 төгрөгийг эхлээд төлөх, үлдэгдэл төлбөрийг сар бүрийн 20-нд 170,000 төгрөгөөр төлж дуусгах, байрны үнийг бүрэн төлж дууссан үед үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Ц.Х д шилжүүлэхээр тохирч талууд гарын үсэг зурсан боловч хариуцагч гэрээний үүргээ тохирсон ёсоороо биелүүлээгүйгээс нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, байраа буцаая гэсэн шаардлагыг нэхэмжлэгчээс хариуцагчид гар утасны мессежээр мэдэгдэж байсан.
Хариуцагч Ц.Хны зүгээс нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзсаныг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс байраа авахыг шаардсан үед байрны үнэ гэж нэхэмжлэгчийн Голомт банкны дансанд мөнгө шилжүүлдэг байсан.
Эдгээр нөхцөл байдлууд нь буюу хариуцагч Ц.Х гэрээгээр тохирсон ёсоор 2019 оны 08 дугаар сарын 15-нд байрны үнийн 10,000,000 төгрөгийг төлөх байсан боловч 2019 оны 07 сарын 24-нд 340,000 төгрөг төлж үүргээ гүйцэтгэж чадаагүй, төлбөрийг тогтмол хугацаанд тогтвортой төлөхгүй байснаас нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзсан тухайгаа 2020 оны 08 дугаар сараас эхлэн мэдэгдсээр /хх 84-137/ байхад хариуцагч орон сууцны үнийг төлөөд байсан нь нэхэмжлэгчийн Голомт банкны дансны хуулга /хх 24-37/-аар тогтоогддог.
Тодруулбал:2019 оны 07 дугаар сарын 24-нд 340,000 төгрөг
09 дүгээр сарын 16-нд 680,000 төгрөг
09 дүгээр сарын 23-нд 1,400,000 төгрөг
10 дугаар сарын 16-нд 4,000,000 төгрөг
2020 оны 05 дугаар сарын 30-нд 1,200,000 төгрөг
09 дүгээр сарын 11-нд 3,000,000 төгрөг
2021 оны 01 дүгээр сарын 14-нд 1,120,000 төгрөг
08 дугаар сарын 20-нд 1,120,000 төгрөг
2022 оны 01 дүгээр сарын 28-нд 3,020,000 төгрөг
04 дүгээр сарын 08-нд 4,040,000 төгрөг, нийт 19,920,000 төгрөгийг төлсөн гэж анхан шатны шүүх үзсэн.
Давж заалдах гомдолд дурьдснаар 2023 оны 08 дугаар сарын 04-нд шилжүүлсэн 4,000,000 төгрөгийг тооцоонд оруулаагүй байсныг нэмж оруулснаар нийт 23,920,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжлэгчид шилжүүлсэн, талууд энэ тооцоо дээр маргаагүй байна.
Энэ нөхцөл байдал нь Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.2-т заасан өмчлөх эрх олж авч байгаа этгээд эд хөрөнгийн үнийг хугацаанд нь төлөөгүй байхад өмчлөх эрх шилжүүлж байгаа этгээд гэрээнээс татгалзвал үүрэг ёсоор талууд өмнө нь шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй гэх шинжид,
мөн Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1-д заасан аль нэг тал гэрээнээс татгалзсан тухайгаа нөгөө талдаа мэдэгдэнэ гэсэнд тус тус нийцсэн ба Э.Д Ц.Х нарын хооронд байгуулсан Орон сууц худалдах, худалдах авах гэрээнээс нэхэмжлэгч Э.Д татгалзсан байна гэж үзнэ.
5.Талуудын хооронд байгуулагдсан Орон сууц худалдах худалдан авах гэрээ хуульд заасан шаардлагыг зөрчиж хийгдсэн, нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрч гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэж нэхэмжлэлийн зарим хэсэг болох зохигчдын хооронд байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон.
Учир нь: Маргаан бүхий байрыг нэхэмжлэгч Э.Д 2010 оны 11 дүгээр сарын 05-нд Голомт банкнаас 20,000,000 төгрөгийн ипотекийн зээлээр 15 жилийн хугацаатайгаар худалдан авсан, байр Голомт банкны зээлийн барьцаанд байгаа болох нь /хх-51-57/ тогтоогдсон ба уг зээлийн гэрээнд зааснаар байрыг бусдад давхар барьцаалуулах, түрээслэх, худалдах зэрэг аливаа хэлбэрээр барьцааны зүйлд үүрэг ногдуулсан нөхцөлд зайлшгүй Голомт банканд мэдэгдэж, зөвшөөрөл авахаар тохирсон боловч энэ гэрээний үүргээ зээлдэгч Э.Д биелүүлээгүй.
Мөн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авахдаа талууд өмчлөх эрхийг шилжүүлэх болсон үндэслэлээ нотариатаар гэрчлүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болохыг Иргэний хуулийн 109, 110 дугаар зүйлүүдэд заасанд зохигчийн хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ нийцээгүй, хуульд заасан шаардлагыг хангаагүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болсон буюу уг хэлцэл хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус гэж Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 2-г тайлбарлан хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцсэн, шийдвэр үндэслэл бүхий болсон гэж үзнэ.
Дээрх 2 үндэслэлийн аль ч нөхцөл нь маргаан бүхий орон сууцнаас хариуцагч Ц.Х ыг албадан гаргах, байрны үнэд төлсөн төлбөрийг нэхэмжлэгчээс хариуцагчид буцаах тухай нэхэмжлэлийн шаардлага хангагдах боломжтой боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.
6.Хариуцагчийн өмгөөлөгч С.Эаас давж заалдах шатны шүүхэд ...орон сууцыг худалдахдаа нэхэмжлэгч Голомт банканд мэдэгдэж, зөвшөөрөл авах байсан гэсэн гэрээний заалтыг анхан шүүх үндэслэлээ болгохдоо хүчингүй болсон Иргэний хуулийн 162, 163 дугаар зүйлийн заалтад үндэслэсэн гэж маргасан нь үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл: Нэхэмжлэгч Э.Д маргаан бүхий байрны барьцааны эрхийн талаар Голомт банктай байгуулсан ипотекийн зээлийн гэрээний дагуу үүрэг хүлээсэн байгаа, гэрээний хугацаа дуусаагүй тул анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний энэ тухай зохицуулалтыг шийдвэрийн үндэслэлээ болгосон нь зөв болсон, Иргэний хуулийн 162, 163 дугаар зүйлүүд нь хөдлөх эд хөрөнгөд хамааралтай зохицуулалтууд тул энэ маргаанд хамааралгүй юм.
7.Нэхэмжлэлийн зарим хэсэг болох 2019 оны 06 дугаар сараас хойш хариуцагч Ц.Х аас маргаан бүхий байранд амьдран суусны хөлсөнд сарын 200,000 төгрөгөөр тооцож 9,200,000 төгрөг гаргуулах, уг төлбөрийг хариуцагчийн байрны төлбөрт төлсөн үнийн дүнгээс хасч тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд зохигчид орон сууцыг худалдах, худалдан авах гэрээний талаар анхнаасаа тохирсон, орон сууцыг түрээслэх талаар тохиролцсон нь тогтоогдоогүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1.3-т заасныг үндэслэн хариуцагчид хамааралгүй гэж үзсэн нь мөн үндэслэл бүхий болсон байна.
8.Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хариуцагч Ц.Хны нэхэмжлэгч Э.Дтай байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөрт тооцуулах, маргаан бүхий байрны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага үгүйсгэгдэж байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь мөн үндэслэлтэй болсон.
9.Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн хариуцагчийн өмгөөлөгч С.Эын давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 137/ШШ2023/00326 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Ц.Хны өмгөөлөгч С.Эын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдсан гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 586,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4, 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА
ШҮҮГЧИД Г.ТЭГШСУУРЬ
А.САЙНТӨГС