Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 0039

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж

 

Улсын яллагч Ц.И

Шүүгдэгч Ш.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Э-д холбогдох эрүүгийн 1825003960001 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн,  Ш.Э

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ш.Э нь 2018 оны 01 сараас 2018 оны 04 сарын 29-ний өдрийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сум урхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах Цах маркет худалдааны төвийн 318 тоот лангуунд худалдагчаар ажиллаж байхдаа А.О-н итгэмжлэн хариуцуулсан бараа, бэлэн мөнгийг завшиж 493.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Ш.Э-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 01 сараас эхэлж лангуун дээр ажилласан. Бараанаас нь 268.000 төгрөгийн бараа юбка, цамц, подволк өөртөө авч өмссөн. Мөн 225.000 төгрөгийг зээлэндээ тушаасан. 629.000 төгрөгний барааг зээлүүлсэн байсан. Би одоо буцаад Хилийн цэрэгт ажилд орож гэж байгаа. Нийт 439.000 төгрөгний бараа дутагдуулсан. Хохирлоо барагдуулсан. Итгэмжлэн хариуцуулсан барааг завшсанаа хүлээн зөвшөөрнө. Хэргийн хувьд маргахгүй гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч А.О-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2017 оны 6 сараас Орхон аймгийн Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Цах маркетын 318 тоот лангуунд эмэгтэй бэлэн хувцас, хүүхдийн хувцас зардаг байсан. Би өөрөө 2018 оны 01 сараас Улаанбаатар хотод ажилтай байсан тул Ш.Э гэх эмэгтэйтэй тохиролцож лангуун дээрээ худалдагчаар ажиллуулахаар болж сарын цалин 450.000 төгрөгөөр, мөн зарсан бараанаас нэг бараа бүрээс урамшуулал болгож 1.000 төгрөг олгож байхаар тохиролцоод Ш.Э-д 2018 оны 01 сарын 07-ны өдөр 248 ширхэг 12.850.400 төгрөгийн барааг хүлээлгэн өгсөн гэсэн /хх-ийн 27/,  ...96.000 төгрөгийн үнэтэй куртик, 49.000 төгрөгийн үнэтэй цамц, 53.000 төгрөгийн өмд, 37.000 төгрөгийн юбка, 33.000 төгрөгийн майк зэргийг өөрөө авч өмссөн, мөн орлогоны мөнгөнөөс 225.000 төгрөгийг зээлэндээ төлсөн бусад барааг хүмүүст зээлсэн гэж байсан гэсэн /хх 55 ху/ мэдүүлгүүд,

 

-Гэрч Д.А-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би 2018 оны 02 сарын эхээр байх 43.000 төгрөгийн үнэтэй юбка, 30.000 төгрөгийн үнэтэй подволк зээлээр авч байсан. Тэгээд 2018 оны 04 сард Эрдэнэтуяа нь ажлаа өгөх гэж байна, би сууж байсан лангуунаасаа өөртөө нилээн хэдэн хувцас аваад өмсчихсөн чинь энүүгээр бөөн юм болж байна, чи ядаж зээлсэн хувцасныхаа мөнгийг гэхээр нь би мөнгөө Э-д бэлнээр аваачиж өгсөн. ...Надад ярихдаа өмд, куртик, цамц, майк зэргийг авч өмссөн л гэж байсан гэсэн мэдүүлэг /хх 37 ху/,

 

-Яллагдагч Ш.Э-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Би Одонтунгалаг гэх хүний “Цах” маркетийн 318 тоот лангуунд 2018 оны 01 сараас эхлэн худалдагчаар ажилласан. Ажиллаж байх хугацаанд өөртөө 96.000 төгрөгийн үнэтэй куртик, 49.000 төгрөгийн цамц, 53.000 төгрөгийн өмд, 37.000 төгрөгийн юбка, 33.000 төгрөгийн майк зэргийг авч өмссөн. Би урьд нь Өмнөговь аймгийн хилийн цэргийн 0131 дүгээр ангид ариун цэврийн зааварлагч, зочид буудлын эрхлэгч албан тушаал хашдаг байсан бөгөөд тухайн байгууллагад ажиллаж байх хугацаандаа цалингийн зээл авсан байсан юм. Тэгээд би 2017 оны 11 сард ажлаасаа чөлөөлөгдөөд цалингийн зээл төлж чадахгүй байсан учраас 2018 оны 02 сард цалингийн зээлээ төлөхийн тулд 225.000 төгрөгийг тухайн лангууны орлогоноос аваад зээлээ төлсөн юм. ...Ариунтунгалагт 77.000 төгрөгийн хувцас зээлж байсан. Бусад хувцас зээлсэн хүмүүс нь миний зүс таних, сайн таньдаггүй, манай лангуугаар үйлчлүүлдэг хүмүүс байсан юм. Одоо тэдгээр хүмүүс хаана байгаа талаар мэдэхгүй байна  гэсэн мэдүүлэг /хх 60 ху/

 

            -Эд зүйлийн үнэлгээ /хх 38-42 ху/, /47-49 ху/

-Ш.Э-г яллагдагчаар татах тухай, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 58-61 ху/

              -Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 67 ху/ зэрэг болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Ш.Э нь 2018 оны 01 сараас 2018 оны 04 сарын 29-ний өдрийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах “Цах маркет” худалдааны төвийн 318 тоот лангуунд худалдагчаар ажиллаж байхдаа А.Одонтунгалагийн итгэмжлэн хариуцуулсан бараа материал, бэлэн мөнгийг завшиж 493.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...2018 оны 01 сараас эхэлж лангуун дээр ажилласан. Бараанаас нь 268.000 төгрөгийн бараа юбка, цамц, подволк өөртөө авч өмссөн. Мөн 225.000 төгрөгийг зээлэндээ тушаасан. 629.000 төгрөгний барааг зээлүүлсэн байсан. Би одоо буцаад Хилийн цэрэгт ажилд орож гэж байгаа. Нийт 439.000 төгрөгний бараа дутагдуулсан. Хохирлоо барагдуулсан. Итгэмжлэн хариуцуулсан барааг завшсанаа хүлээн зөвшөөрнө“ гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч А.Одонтунгалагийн “...96.000 төгрөгийн үнэтэй куртик, 49.000 төгрөгийн үнэтэй цамц, 53.000 төгрөгийн өмд, 37.000 төгрөгийн юбка, 33.000 төгрөгийн майк зэргийг өөрөө авч өмссөн, мөн орлогоны мөнгөнөөс 225.000 төгрөгийг зээлэндээ төлсөн бусад барааг хүмүүст зээлсэн гэж байсан” гэсэн мэдүүлэг /хх 55 ху/, гэрч Д.Ариунтунгалагийн өгсөн мэдүүлэг /хх 37 ху, эд зүйлийн үнэлгээ /хх 38-42 ху/, /47-49 ху/, ял шийтгэлийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

            Дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна гэж дүгнэлээ.

 

            Орхон аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Э-д Эрүүгийн хуулийн тусгай 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байх тул түүнийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Ш.Э нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Энэ хэргийн улмаас хохирогчид 493.000 төгрөгний хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх хохирол төлбөргүй байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн түүний хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж хэрэглэхээр шийдвэрлэв.

 

            Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

                                                      ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ш.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээрр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

 

            4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

  6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ          Ж.БАЙГАЛМАА