Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 202/МА2024/00003

 

 

2024 01 22 202/МА2024/00003

 

 

 

А ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, ерөнхий шүүгч А.Сайнтөгс, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 137/ШШ2023/00341 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Өмнөговь * тоот хаягт байрлах А ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь * тоотод оршин суух, Б овогт Б.Одхолбогдох,

Зочид буудлын үйлчилгээ үзүүлэх гэрээний 14,340,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч Б.Оныдавж заалдсан гомдлыг үндэслэн, давж заалдах шатны шүүх хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У /зайнаас цахимаар/, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.О /зайнаас цахимаар/, хариуцагч Б.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ...Манай Алтан нууц компани нь Замын-Үүдийн оршин суугч, иргэн Б.Отай 2021 оны 09 сарын 30-ны өдөр Зочид буудлын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулан Замын-Үүдэд байрлах Хараа зочид буудал-д өөрийн компанийн жолооч ажилтнуудыг байрлуулан, хоол авч төлбөр төлөхөөр тохиролцсон. Бид 2021 оны 10 сарын 06-ны өдөр өөрийн 52 жолоочийн 14 хоногийн хоолны төлбөрт нэг хүний 40,000 төгрөгөөр тооцон, нийт 29,120,000 төгрөгийг Б.Оны дансанд шилжүүлсэн. Бид 2021 оны 10 сарын 04-10-ны өдрүүдэд нийт 11,920,000 төгрөгийн үйлчилгээ авсан, хил хаагдсаны улмаас цаашид гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болж, Замын-Үүд боомтоос нийт жолооч нараа буцаан татсан бөгөөд, урьдчилан төлсөн 29,120,000 төгрөгийн үлдэгдэл төлбөр болох 14,340,000 төгрөгийг бид ашиглаагүй, энэ мөнгөн дүнгээр үйлчилгээ авч чадаагүй юм. Бид үлдэгдэл мөнгөө авах хүсэлтэй байгаа талаар удаа дараа албан хүсэлт өгч, утсаар ярьсан бөгөөд, Б.О  одоог хүртэл төлөөгүй, удахгүй төлнө гэсээр өнөөдрийг хүрсэн билээ. Иймд хариуцагч Б.О аас 14,340,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Б.Оны татгалзал, тайлбар, үндэслэлийн агуулга: ... 14,340,000 төгрөг төлөхийг зөвшөөрөхгүй байна. Тус компани шаардлагын дагуу 55 хүнийг хүлээн авах хооллоход маш их бэлтгэл мөнгө зарцуулж бэлдсэн боловч манай буруугаас болоогүй өөрсдийн зөвшөөрөл, үйл ажиллагаанаас болж буцсан. Манай хувьд хохиролтой үлдсэн тул төлөх мөнгө ч байхгүй учир зөвшөөрөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Б овогт Б.О/РД: */-аас зочид буудлын үйлчилгээний худалдан авсны урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 14,340,000 /арван дөрвөн сая, гурван зуун дөчин мянган/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-нд олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн Улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 229,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.О аас 229,650 /хоёр зуун хорин есөн мянга зургаан зуун тавин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож,

Хариуцагч Б.О  нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхийг мэдэгдэж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Б.О  давж заалдсан гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: ...Нэхэмжлэгч тал өөрсдийн ажлын хариуцлагагүй байдлаас болж гэрээгээ цуцалсныг шүүгч харах ёстой байсан гэж би бодож байна. Гэрээний 11.1-т зааснаар гэнэтийн давагдашгүй хүчин зүйл болоогүй байсан. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байна. Гаалийн ерөнхий газраас 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр А ХХК-д зөвшөөрөл өгсөн байгаа. Ийм байсан байж надтай гэрээ хийгээд үлдсэн мөнгөө нэхэмжлээд байгаа юм. Нэхэмжлэгч тал гэрээгээ зөрчсөн учраас би төлөхгүй гэж байгаа юм. ...бидний цалинг өгөхгүй гэж байна та мөнгөө төл гэж утасдаад байхаар нь 2,860,000 төгрөгийг цувуулж төлсөн. Анхан шатны шүүх үүнийг хараад та төлөх ёстой гэж үзсэн. Гэрээгээ би уншаагүй байгуулсан ч гэсэн 9.2-т аль аль нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн эсхүл зохих ёсоор биелүүлээгүй бол учирсан хохирлыг буруутай тал бүрэн хариуцна гэж байгаа. Эд нар буруугаа өөрсдөө хүлээх ёстой. Гэрээний дагуу би барагдуулах ёсгүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 227.1-т зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирлыг арилгуулах эрхтэй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар үүргийг тус тус хүлээнэ гэж анхан шүүх бичсэн байна. Үүнийг бас би эсэргүүцэж байна. Гэрээн дээр ямар нэгэн шалтгаанаар гарсан бол үлдсэн мөнгөө төлнө гэж гэрээнд заагаагүй. гэв.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.У давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай компанийн тухайд 2021 оны 9 дүгээр сарын 30-нд Оюунтай зочид буудлын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. 52 жолоочийг байрлуулаад 14 хоногийг 40,000 төгрөгөөр тооцож 29,120,000 төгрөгийн урьдчилгааг 2021 оны 10 дугаар сарын 06-нд төлсөн. Манайх буцаад гарсан шалтгаан нь Засаг дарга, Онцгой байдлын зүгээс яаралтай Замын-Үүд боомтыг орхиж явах албан бичиг ирсэн. Энэ 246 тоот мэдэгдэл хүргүүлэх тухай Дорноговь аймгийн Замын-Үүд сумын онцгой комиссын дарга Анхбаярын гарын үсэгтэй бичиг дээр 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 15 цаг гэхэд сумын нутаг дэвсгэрийг чөлөөлөх мэдэгдэл ирсэн. Ингээд тээврийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон. Ингээд жолооч нараа Өмнөговь руу татсан байгаа юм.

2021 онд нийт 29,120,000 төгрөг төлсөн. Бид ердөө энэ мөнгөн дүнгээр нэхэмжилж байгаа. Аудитын шалгалт ирэхэд танайх энэ мөнгөө яагаад одоо болтол төлүүлээгүй байгаа юм бэ, алданги тооцоогүй юм бэ гэж удаа дараа бид нарт анхааруулга өгдөг боловч энэ хүн төлнө гээд хоёр гурван удаа график гаргаж өгч байсан. Үндсэн гэрээний дүнгээр нэхэмжилж шүүхэд гаргасан. 2021 оны 12 дугаар сарын 14-нд 700,000 төгрөг, 12 дугаар сарын 31-нд нь 1,100,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 05-нд 500,000 төгрөг гээд нийтдээ 2,300,000 төгрөгийн буцааж төлөлт хийсэн учраас. Ингээд 29,120,000 төгрөгийн үлдэгдэл 14,340,000 төгрөг болж байгаа юм. Манай зүгээс гэрээний үүргээ төлөөд өгөөч гэж хандаж байсан. Үнэхээр төлөхгүй бол бид нар шүүхэд өгнө гэж ойлгомжтойгоор тайлбарлаж өгсөн. Бид нарт алданги тооцож нэхэмжлэх боломжтой гэж хэлж байсан. Гэхдээ танд алданги тооцоогүй гэж хэлээд байгаа боловч одоо болтол энэ мөнгийг төлөхгүй гэж байгаа. Давж заалдах гомдол үндэслэлгүй байна гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. гэв.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.О давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анх А ХХК иргэн Оюунтай байгуулсан гэрээ байгаа. Энэ гэрээн дээр зочид буудлын үйлчилгээ үзүүлэхдээ өдрийн 3 хоол, ажилчдыг байрлуулах, буудлын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Иргэн Оюуны зүгээс ямар тайлбар хэлдэг гэхээр үндсэндээ 24 ортой буудалд 55 хүнийг байрлуулсан. Гэрээнд тусгагдаагүй нэмэлт эд хөрөнгө, материал энэ асуудлуудыг А ХХК хариуцна гэсэн тайлбарыг анхан шатны шүүх дээр ч тайлбарласан, давж заалдах шатны шүүхэд ч тайлбарлаж байна. Гэрээний гол нөхцөлөө харах нь зүйтэй байх гэж үзэж байна. Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2 буюу тухайн гэрээний 11.1-т зааснаар гэнэтийн болон давагдашгүй нөхцөл байдал үүссэн нөхцөл байдлыг тодорхой тусгасан. Энэ нь ямар байдлаар нотлогдож байгаа вэ гэхээр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын онцгой комиссын 246 тоот албан бичгээр хангалттай тогтоогдсон. Анхан шатны шүүхэд гаргаж өгснийг үндэслээд бодитой үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэр гаргасан гэж үзэж байна. Мөн гэрээтэй холбоотой тооцоо нийлсэн актаар 14,340,000 төгрөгийг Оюун өөрөө төлөхөө хүлээн зөвшөөрсөн. Анхан шатны шүүхэд нэхэмжилсэн 14,340,000 төгрөг гаргуулах, дээр нь тэмдэгтийн хураамж 229,650 төгрөгийг олгохоор гарсан шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна. Оюун өөрөө анхан шатны шүүхэд хоол хүнсийг ихээр бэлдэж нөөцөлсөн тул өөрөө өр төлбөрт орсон талаар ярьдаг. Энэ талаар нотлох баримт гаргаж өгөх эрхээр хангасан. Өөрөө нотлох баримт гаргаж өгч чадаагүй, нотлох баримт нь шаардлага хангаагүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Ийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх хариуцагч Б.Оны давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, давж заалдсан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

1.Анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн баримтуудаар А ХХК, иргэн Б.О  нар харилцан тохиролцон 2021 оны 10 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 31-ны өдрийг дуустал буюу 3 сарын хугацаанд Б.О  А ХХК-ны 50 жолооч, инженер техникийн 2 ажилтан, нийт 52 ажилчдыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум, 1-р баг, 14-18 тоот хаягт байрлах Хараа зочид буудалд байрлуулж, чанар, стандартын шаардлага хангасан өдрийн 3 хоолоор үйлчлэх үйлчилгээ үзүүлэх, А ХХК 1 хүний өдрийн зочид буудал, хоолны төлбөрт 40,000 төгрөгөөр тооцож төлбөрийг төлөхөөр бичгийн гэрээ байгуулж, талууд гарын үсэг зурсан ба гэрээний дагуу А ХХК 14 хоногийн үйлчилгээний төлбөрт 29,120,000 төгрөгийг шилжүүлсэн ба 2021 оны 10 дугаар сарын 04-10-ны хугацаанд гэрээ ёсоор Б.О  А ХХК-ны 52 ажилчдыг зочид буудлаар хангаж, өдрийн 3 хоолоор үйлчилсэн боловч 2021 оны 10 дугаар 10-ны өдрийн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын онцгой комиссын дарга Б.Анхбаяраас ирүүлсэн мэдэгдлийн дагуу А ХХК-ны ажилчид Замын-Үүд сумаас гарч явсан учраас гэрээ хэрэгжиж чадаагүй байна.

Иймээс А ХХК ...гэнэтийн нөхцөл байдлын улмаас гэрээ цуцлагдсан тул шилжүүлсэн төлбөрийн үлдэгдэл болох 14,340,000 төгрөгийг Б.О аас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Хариуцагч Б.О  ...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, манай буруугаас болоогүй, өөрсдийн зөвшөөрөл дутуу үйл ажиллагаанаас болж буцсан, миний хувьд хохиролтой үлдсэн тул төлөх мөнгө ч байхгүй гэж маргасан.

2.Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд ...дэлхий даяар тархсан Ковид-19 цар тахлын үед хорио цээрийн дэглэм тогтоож, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэрээр нэхэмжлэгч нь буудалд байрласан жолооч болон тээврийн хэрэгслээ Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээс гаргах шалтгаан болсон, энэ нь хууль болон гэрээгээр хүлээсэн гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр гэрээ хугацаанаас өмнө цуцлагдсан, ... зохигчид төлбөрийн талаарх тооцоо хийхэд 17,200,000 төгрөг гарснаас 2,860,000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөрийг буцаан төлөх график гаргаж өгсөн нь хариуцагч гэрээг хугацаанаас өмнө цуцлагдсаныг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ гэсэн агуулга бүхий үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйл буюу худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч Б.О аас эс зөвшөөрч ...А ХХК өөрсдөө зөвшөөрөл дутуугаас Замын-Үүдээс явсан, ... жирийн иргэн надад өрөн дээр өр нэмж маш их хохирол үзүүлээд, буцаж ирнэ гэж маш их юм бэлдүүлээд хохироосон тул гомдолтой байна гэж давж заалдах гомдол гаргасан.

4.Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзсэн.

Учир нь: Анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүх шийдвэр гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй.

Мөн энэ хэрэгтэй холбоотой давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны 202/МА2023/00029 дугаартай магадлалд ...талуудын хооронд үүссэн гэрээний харилцааг бүрэн гүйцэд тодорхойлж тогтоох, ...гэрээ цуцлагдсан нөхцөл байдалд нэхэмжлэгч буруутай эсэх, тухайлбал нэхэмжлэгч байгууллагын ажилчдыг тухайн зочид буудлаас төрийн байгууллага албадан гаргасан нөхцөл байдалд гэрээний талууд буруутай эсэх, төрийн байгууллага албадан гаргасан тохиолдолд ямар үндэслэлээр гаргасан, энэ тохиолдолд талуудын гэрээнд заасан гэрээ цуцлах аль үндэслэл, нөхцөлд хамаарахыг тодорхойлох зэргээр маргаан бүхий үйл баримтын гол нөхцөл байдлыг тогтоох талаар тодорхойлж заасныг анхан шатны шүүх анхаараагүй, давж заалдах шатны шүүхийн магадлалын заалтуудыг биелүүлээгүй.

-Дорноговь аймгийн Замын-Үүд сумын онцгой комиссын мэдэгдэл /хх-207/-д зааснаар нэхэмжлэгч ...А ХХК БНХАУ руу нүүрсний тээвэр эрхлэх зөвшөөрлийн дагуу Замын-Үүд суманд жолооч нарыг нэвтрүүлэхийн тулд Дорноговь аймгийн Засаг дарга болон Замын-Үүд сумын засаг даргаас зөвшөөрөл авсан байх шаардлага биелэгдээгүй байна гэх агуулга дурьдагдсан байгааг анхан шатны шүүх анхаараагүй орхигдуулсан.

Өөрөөр хэлбэл: Энэ нөхцөл байдал буюу А ХХК-ны нийт 52 хүнийг Замын-Үүд суманд нэвтрүүлсэн үйлдэл нь цар тахлын улмаас хорио цээрийн дэглэмтэй үед байсан бол Гамшгийн тухай болон Коронавируст халдварт /ковид-19/ цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиуд болон тэдгээртэй холбоотой дүрэм, журамд нийцсэн байсан, эсхүл зөрчсөнөөс үүссэн эсэхэд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

Энэ нөхцөл нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлд заасан хүндэтгэн үзэх үндэслэлээр талууд гэрээнээс татгалзсан тухай нөхцөл байдалд хамаарах эсэх, энэ тохиолдол бий болсон гэж үзвэл талуудын гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагавар, зайлшгүй гарах зардал, хохирлыг хэрхэх байсан талаар дүгнээгүй.

-хэрэгт талууд Зочид буудлын үйлчилгээ үзүүлэх гэрээ-г /хх 6-12/ Иргэний хуулийн 343-358-р заалтуудыг үндэслэн байгуулсан байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 буюу худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болсон, энэ тухай үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

-хариуцагч Б.О  2023 оны 09 дүгээр сарын 8-нд цус харвасан эрүүл мэндийн шалтгааны улмаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзсантай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэх боломж олгоогүй гэж гомдолдоо дурьдсан тул хариуцагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хэргийн оролцогчийн эрх, үүргийг дахин сайтар танилцуулж, нотлох баримт цуглуулах боломжийг олгох шаардлагатай байна.

5.Эдгээр нөхцөл байдлууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсгийн 1.1-д зааснаар анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүх шийдвэр гаргахдаа хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зэрэг нь шийдвэрийг өөрчлөх боломжгүй үндэслэлд хамаарч байгаа, энэ тухай үндэслэлээр гомдол гаргасан хариуцагч Б.Оны давж заалдсан гомдол үндэслэлтэй байх тул гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.5, 168 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 137/ШШ2023/00341 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагч Б.Оны давж заалдсан гомдлыг хангасугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар Б.Оны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 229,650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4, 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

Н.БОЛОРМАА

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА

ШҮҮГЧИД Г.ТЭГШСУУРЬ

А.САЙНТӨГС