Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 04514

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 102/ШШ2016/04514

 

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

           Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

            Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 6-р хороо, 57-р байрны 23 тоотод оршин суух, регистр ЮД68061101, Зиан Фенгмигийн нэхэмжлэлтэй,

 

          Хариуцагч: Баянгол дүүрэг, Алтай хотхон 13/1 тоот, “Тайгам алтай” ХХК-д холбогдох 7 600 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оргил, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Тамир нар оролцов. 

                                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Оргил шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: БНХАУ-ын иргэн Зиан Фенгми нь 2014 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр “Тайгам алтай” ХХК-тай 02-430-114 тоот гэрээ байгуулж Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 150 айлын орон сууцны 430-р байрны 114 тоотод 106.0 м.кв орон сууцыг захиалгаар бариулахаар тохирсон. Гэрээний 1-р зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу орон сууцны үнэ болох 212 000 000 төгрөг гэсэн байдаг. Харин 1 м.кв -ийн үнийг гэрээнд зааж өгөөгүй боловч 2 000 000 төгрөгөөр тохиролцож төлбөрийг төлсөн.  Захиалагч нь гэрээний 2-р зүйлийн 2.1 дэх хэсэгт заасны дагуу 212 000 000 төгрөгийг бүрэн шилжүүлсэн, гэвч гэрээгээр 106.0 м.кв-аас гадна MNS 6058:2009 стандартаар 102.20 м.кв гэсэн хэмжээ байсныг анзаараагүй байна. Энэ нь Монгол улсад мөрдөгдөж байгаа албан ёсны стандарт болохыг сүүлд үл хөдлөх эд хөрөнгийн бүргтэлийн газарт бүртгүүлэхийг хүссэн албан бичиг “Тайгам алтай ХХК-ний зүгээс гарах үед мэдсэн. Нэхэмжлэгчийн төлсөн төлбөрийг тооцож үзвэл 1м.кв-ийг 2000 000 төгрөгөөр тооцож, 106.0 м.кв-ийн төлбөр 212 000 000 төгрөг төлсөн байна. Үл хөдлөхийн гэрчилгээ нь 102.20 м.кв-аар гарсан нь илт хууль бус болсон. Өөрөөр хэлбэл, захиалсан орон сууцнаас 3.8 м.кв-ийн зөрүү гарч байна. “Тайгам алтай” ХХК нь заавал мөрдвөл зохих ҮСХ-ны стандартчилал хэмжил зүйн үндэсний зөвлөлийн 2009 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан орон сууцны барилгын доторхи сууцны талбайг тооцох аргачлал нь стандартыг мөрдөөгүй байна. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т зааснаар иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ бусдад гэм хор учруулсан, мөн зах зээлийн харилцааны чөлөөт байдлыг үндэслэлгүйгээр хязгаарласан, хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулж болохгүй бөгөөд хэрэв зөрчвөл хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээн гэж заасны дагуу “Тайгам алтай” ХХК-иас 3.8 м.кв-ийн илүү төлсөн 7 600 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. 

 

Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туул шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Зиан Фенгми нь Хятад улсын иргэн бөгөөд 2014 оны 9 дүгээр сарын 29-ны  өдөр 02-430-114 тоот гэрээ байгуулсан. Захиалагч нь Баянзүрх дүүргийн 26-р хороо, 150 айлын орон сууцыг барьж байгаа Тайгам алтай ХХК-тай харилцан тохиролцож 430 дугаар байрны 114 тоот 106.0 м.кв  орон сууц 4 өрөө байрыг 1м.кв талбайг 2 000 000 төгрөгөөр тооцож 212 000 000 төгрөг болсон. Тус  гэрээний 1.3-т зааснаар нэхэмжлэгч талд талбайн хэмжээний талаар тайлбарласан байдаг. MNS6058:2009 стандартаар тооцсон сууцны талбай нь 102.20 м.кв бөгөөд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг энэ хэмжээгээр олгохоор тохирсон. Энэ хэмжээнд хүлцэх алдаа, шаврын зузаан, плита зузааныг оруулж тооцоогүй. Энэ бүхнийг гэрээгээр тохирсон. Үүнийгээ нэхэмжлэгч тал ойлгоогүй гэдэг үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасныг Тайгам алтай ХХК хүлээн зөвшөөрөхгүй гэв. 

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад       

                                                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Зиан Фенгми нь “Тайгам алтай” ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний улмаас учирсан хохиролд 7 600 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Зиан Фенгми нь "Тайгам алтай" ХХК-тай 2014 оны 9-р сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 26-р хороонд баригдаж буй 430-р байрны 114 тоот 106.0 м.кв талбай бүхий сууцыг 212 000 000 төгрөгөөр захиалан бариулахаар харилцан тохиролцож  02-430-114 тоот "Орон сууц захиалгаар барих гэрээ" / хх 5-7/ байгуулжээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 343-р зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Захиалагч нь 2014 оны 09-р сарын 24-ний өдөр 212 000 000 төгрөгийг гүйцэтгэгчид шилжүүлсэн /хх 8/, гүйцэтгэгч нь барилгыг 2015 оны 11-р сарын 30-ны өдрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссийн 2015/689 тоот актаар байнгын ашиглалтад оруулсан байна.

 

Байрыг ашиглалтад оруулснаар 430-р байрны 114 тоот сууцыг Зиан Фенгмид шилжүүлэн өгсөн байх ба харин захиалагч өмчлөх эрхээ бүртгүүлэхэд сууцны талбайн хэмжээний талаар маргажээ.

Талууд гэрээ байгуулахдаа сууцны нийт талбайг 106 м.кв, Монгол улсад мөрдөгдөж байгаа MNS6058:2009 стандартын Орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлалаар /хх 26-36/ тооцож 102.20 м.кв-аар тооцсон, хэмжилтийг гаргахдаа хүлцэх алдаа, шаврын зузаан, плита зузааныг оруулж тооцоогүй, талбайн хэмжээний талаар тайлбарлаж,үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээг стандартад зааснаар гаргуулахаар тохирч гэрээний 1.1-1.4 дэх хэсэгт тусгасан байна.

 

Гэрээний энэ нөхцөлийг захиалагч ойлгоогүй, мэдээгүй гэх үндэслэл тогтоогдоогүй  гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118-р зүйлд  заасныг удирдлага болгон

                                                                                                 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343-р зүйлийн 343, 352-р зүйлийн 352.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Тайгам алтай” ХХК-иас 7 600 000 /долоон сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулахыг хүссэн БНХАУ-ын иргэн Зиан Фенгми Zhang Fengmei/-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 136 950 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээсүгэй.

 

Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                         Р.АЛТАНТУЯА