Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 155

 

Б.Н д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч С.Батдэлгэр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 77 дугаар шийтгэх тогтоол, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 32 дугаар магадлалтай, Б.Н-д холбогдох 1816 00000 0063 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Н болон түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм нарын хяналтын журмаар гаргасан гомдлуудыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, А овогт Б.Н

Б.Н  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Н выг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар түүнд 5 жил 6 сар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч С.Б-н нэхэмжилсэн 26.759.147 төгрөгийн нэхэмжлэлээс 19.196.235 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, 721.582 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, шүүгдэгч нь хохиролд 5.133.350 төгрөг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгчээс 1.707.980 төгрөгийг гаргуулан хохирогч С.Б-д олгохоор шийдвэрлэжээ.

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Н , түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Даваасүрэн, түүний өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Анхан болон давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар гэм буруутайд тооцож 5 жил 6 сар хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой бодит байдалд нийцүүлж үнэлээгүй, хэт нэг талыг барьж хохирогч С.Б гийн эрх ашгийг хамгаалж, хохирогч шүүгдэгч болох Б.Н вын эрх зүйн байдлыг дордуулж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тогтоох, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчиж шийдвэрлэсэн. Б.Н  нь Үндсэн хуулиар хамгаалагдсан амьд явах эрхийнхээ хүрээнд хохирогчийн хууль бус довтолгооноос өөрийгөө хамгаалах явцдаа С.Б д гэмтэл учруулсан болох нь хавтас хэргийн материалд тогтоогддог. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т зааснаар зүйлчлэлд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Н  гаргасан гомдолдоо  “... С.Б  гэгчийн хүний амь нас, эрүүл мэнд, эрх чөлөөний эсрэг нийгэмд аюултай, хүнд аюултай довтолгоо үргэлжилсэн гэмт халдлага нь нотлогдож байна гэж ойлгодог тул ...зөрчигдсэн эрхийг минь сэргээж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээШүүгдэгч Б.Н  нь бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна. Хохирогч нь шүүгдэгч цагаач гэдгээр доромжилсны улмаас гэмт хэрэг гарах сэдэлт болсон ба улмаар хоорондоо зодолдож, шүүгдэгч хохирогчийг 5 удаа хутгалж, эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч нь одоог хүртэл бусдын эрхшээлд, асрамжинд хөдөлж, ярьж чадахгүй нөхцөл байдалд байгаа. Шүүгдэгч нь гэрчийн мэдүүлгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж авсан гэж мэдүүлэх боловч тухайн үйл баримтын талаар хууль сануулж мэдүүлэг авсан ба зөрчил илрээгүй. Харин шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд гэрчэээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаас хассан. Шүүхээс шүүгдэгч Б.Н вын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар зүйлчилж, гэм буруутайд тооцсон нь хуулийг зөв хэрэглэсэн бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй" гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Н  болон түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм нарын гаргасан гомдлуудыг үндэслэн Б.Н д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасан анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Б.Н выг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говь-Алтай аймгийн Алтай сумын төвд 2018 оны 07 дугаар сарын 08-ны шөнө хохирогч С.Б г нийт 5 удаа хутгалж, түүний биед зүүн чамархайн хуйхан дахь гавлын хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, гавлын зүүн чамархай ясны цөмөрсөн хугарал, тархины хатуу хальсны зүсэгдсэн шарх, аалзан хальсны цус харвалт, зүүн эгэмний дээд хэсэг, хүзүү, зүүн дал, бугалганд хатгагдаж зүсэгдсэн шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн хацар, баруун мөрөнд зулгаралт бүхий хүнд зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч нь дээр дурдсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд хууль зүйн үндэслэлтэй, хэргийн жинхэнэ байдалд нийцсэн дүгнэлт хийсэн байна.

Хоёр шатны шүүхээс Б.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний доторх ялыг сонгон эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Мөн шүүхүүд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэн шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Н-н зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх агуулгаар гомдол гаргасан ч уг гомдолд дурдсан асуудлууд нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхөөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь хохирогчийг хутгалсан болохоо хүлээн зөвшөөрдөг хэдий ч уг үйлдлээ санаа сэтгэл цочрон давчидсаны улмаас, аргагүй хамгаалалтын нөхцөл байдалд хийсэн гэж гомдолдоо дурджээ.

Эрүүгийн эрх зүйн онолын хувьд санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэгт хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас хүний сэтгэл зүйн хэвийн байдал алдагдаж, оюун ухааны ухамсарт үйл ажиллагаа саармагжин, өөрийн үйлдэлд зөв дүгнэлт өгөх, үйлдлээ сонгох болон өөрийгөө хянах чадвар тодорхой түвшинд буурах, өөрийн үйлдлийн үр дагаврыг тал бүрээс нь нягт нямбай тунгаан цэгнэх боломжгүй болсон байдлыг ойлгоно.

Санаа сэтгэл хүчтэй цочирсон үед тухайн хүн өөрийн үйлдлийн аюулын бодит шинжийг ухамсарлах болон түүнийг удирдах чадвар нь ихэд буурсан байдаг боловч сэтгэхүйн байдал бүрэн алдагдаагүй байдаг тул хэрэг хариуцах чадваргүй байдалд тооцогдоггүй болно.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан “Аргагүй хамгаалалт” гэх ойлголт нь эрүүгийн эрх зүйн онолын хувьд аюул заналхийлсэн довтолгоон бодитой хийгдэж эхэлсэн бөгөөд дуусаагүй байх үндсэн шинжийг агуулдаг билээ.

Тэгвэл хэрэгт цугларсан нотлох баримтуудыг дүгнэхэд тухайн хэрэг гарах үед хэдийгээр хохирогчийн зүгээс шүүгдэгчийн биед халдах явдал болсон хэдий ч энэ нь тодорхой хугацаанд үргэлжилсэн бус 1 удаагийн шинжтэй үйлдэл байсан бөгөөд аюул бодитой учирсан байх, довтолгоон үргэлжлэх нь тодорхой байх зэрэг үндсэн шинж нь хангагдаагүй, хохирогчийн үйлдэл дууссанаас хойш шүүгдэгч нь буцан ирж хохирогчид гэмтэл учруулж байгаа нь аргагүй хамгаалалтын хувьд хийгдсэн, бодит аюул заналхийллээс өөрийн амь нас, эрүүл мэндийг хамгаалсан үйлдэл гэж үзэх үндэслэлгүй болохыг харуулж байх ба эдгээр нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогджээ.

Өөрийн буруутай үйлдлийн улмаас бусдыг гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн, бусдын нэр төр, алдар хүндэд тодорхой хугацаанд халдаж, хэрүүл маргаан үүсгэн олон нийтийн дунд таарамжгүй харилцааг бий болгосон хохирогчийн эсрэг хийсэн Б.Н-н үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрийг хангаж байгаа бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд халдах үйлдэлдээ болон түүний улмаас үүсэх үр дагаварт зориуд хүсэж хүргэсэн идэвхитэй үйлдэл, үүнийг хийхдээ зэвсэг ашигласан зэргээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн объектив, субъектив шинжийг бүрэн хангасан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Түүнчлэн хяналтын шатны шүүх нь хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцон үнэлж, хэргийн үйл баримтыг өөрчлөн тогтоох, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм нарын гаргасан “хохирогчийн хууль бус довтолгооноос өөрийгөө хамгаалах явцдаа хохирогчид гэмтэл учруулсан тул хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү” гэх агуулга бүхий гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 77 дугаар шийтгэх тогтоол, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 32 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Н , түүний өмгөөлөгч Ж.Дорждэрэм нарын гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

ДАРГАЛАГЧ                                                С.БАТДЭЛГЭР

ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                     Ч.ХОСБАЯР

                                                                     Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН