Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 154

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1-40 мянгатын 8, 9, 22, 23 дугаар байрны оршин суугч нэр бүхий 19 иргэний нэхэмжлэлтэй, Нийслэлийн хот төлөвлөлт, Ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох захиргааны хэргийг хэлэлцэв.  

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн оршин суугч Н.Ц, Д.Д, А.Ө, О.М, Л.Б, Ц.Б, С.Э, Л.Б, Л.М, А.Л, Р.Н, Л.Б, Л.Ц Б.З г, Т.М, Б.Н, О.Г, О.Х, Г.А

Хариуцагч: Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 297 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд нэхэмжлэгч бөгөөд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны 22, 23 дугаар байрны оршин суугчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г, 8, 9 дүгээр байрны оршин суугч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж, Б.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Н нарыг оролцуулан хийв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж О.Г нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...1. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.4-т зааснаар энэ хэргийн гуравдагч этгээд "О" ХХКнь "А" кино театрыг зөвхөн кино театрынх нь зориулалтаар буюу хөрөнгийн зориулалт болон үйл ажиллагааны чиглэлийг  өөрчлөхгүйгээр ажиллуулах үүрэгтэй байна. 

..."О" ХХК буюу Д.С нь хууль болон гэрээн заасан үүргээ огт биелүүлээгүй байж кино театрыг хууль бусаар хувьчлан аваад зогсохгүй кино театрыг нурааж үйлчилгээ, контор, гражийн зориулалттай барилга барихаар санаархаж байгааг нь биелүүлж шийдвэр гаргаж байгаа Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын шийдвэр өөрөө хууль бус байна.

Улсын цирк болон бусад кино театрууд, дүүргийн эмнэлэг гэх мэтийн үйлчилгээний газрууд хуульд заасан үүргээ биелүүлж үйл ажиллагааны чиглэл, хөрөнгийн зориулалтаар үйл ажиллагаа явуулж байхад Д.С яагаад Монгол улсын хууль үйлчлэхгүй, уг үйлдэл нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө  хууль болон олон мянган хэрэглэгч, үзэгчдийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байгааг дэмжиж шийдвэр гаргаж байгаа Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын шийдвэр нь хуульд нийцсэн хууль зөрчөөгүй шийдвэр мөн үү. 

2.  Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын хөгжлийн үзэл баримтлалаа “Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг чандлан сахиулах баталгаа нь байх” гэж тодорхойлон улмаар үүдний самбартаа хадсан байна. 

Гэтэл энэ үзэл баримтлалаа зөрчин хотын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй барилгыг бариулах гэж шийдвэрлэж байгаа нь хууль ёсны байна. 

3. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар нь Д.С хууль бус үйлдлийг халхлахын тулд оршин суугчдаас санал авах ажиллагаа зохион байгуулсан болно. 

Иргэдийн санал нэрээр хуулийг зөрчиж болохгүй байлтай. Оршин суугчид анхны орчин үеийн кино театраа нураахыг зөвшөөрөөгүй, дэмжсэн санал өгөөгүй байхад Нийслэлийн ерөнхий  төлөвлөгөөний газрын зөвхөн Д.С хууль бус ажиллагааг дэмжиж хууль бус шийдвэр гаргасан болно. 

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар нь иргэдийн гомдолд өгсөн хариундаа “Иргэдээс мэдээллийн самбар байрлуулж саналыг нь авсан эсрэг санал гаргаагүй тул хүчингүй болгох үндэслэл үгүй болно” гэсэн хариуг өгсөн. 

Харин оршин суугчдын 75% нь эсрэг санал өгсөн байхад ийм хариу өгч байгаа нь хэтэрхий эрээ цээргүй хэрэг бус уу.  Түүнчлэн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 295 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар гаргасан байхад 257 болгон будлиулж байгаа нь санаатай үйлдэл бөгөөд олон хэрэг дээр ийм асуудал гардаг. 

Төрийн байгууллагын шийдвэр нь нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэх ёстой баймаар. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар нь ерөнхий төлөвлөгөөг биелүүлэх бус бусниулах газар болж хувирсан байна. Захиргааны акт нь барилгын тухай хуулийг зөрчиж байгаа тухайд 1-р 40.000-ын байрын 9 байр нь суулттай, 2 бүслүүрээр бүслүүлсэн барилга юм.  Кино театрыг нурааж улмаар 33 давхар барилга барих бол орн сууц улам сулрах бүр нурах ч аюулд хүрэхээр байна. 

Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т барилга байгууламжид тавих шаардлагын нэгийг “Зэргэлдээх барилга байгууламж нь ашиглалтын хэвийн нөхцлийг алдагдуулахгүй байх”-аар заасныг зөрчиж байна. 

Барилгын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-т “Усан хангамж ариутгах татуурга цахилгаан дулаан байгалийн гэрэл ашиглах боломжийг хязгаарлахгүй” гэж заасан илт зөрчигдсөн байна. 22 дугаар байрны хувьд огт байгалийн гэрэлгүй үзэгдэх орчин бүрэн хаагдахаар байна.  БНБД31-01-10 тоот 12-р хүснэгтэнд 5 давхар барилгын хувьд 29м байна гэжээ. Гэтэл 9 байр болон 22 дугаар байрны хоорондох зай нь 18м байгаа. 33 давхар барилгыг баривал барилгын норм, дүрэм, нормативыг ноцтойгоор зөрчихөөр байна. 

Иймд, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 295 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавры илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны 8, 9 дүгээр байрны оршин суугч иргэдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж нар шүүхэд гаргасан тайлбартаа: 

...40 мянгатын байрнууд модон хучилттай, хуучны байрнууд байдаг. Монгол Улсын норм ба дүрэм, орон сууцны барилгын зураг төсөл, төлөвлөлт, зам тээвэр барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 418 тоот тушаалын хавсралтаар баталсан журам байдаг. Тус журмын 4.2-т “Орон сууцны барилгын өндрийг дараах байдлаар ангилна гэж байдаг ба үүнд 1-3 давхрыг нам давхар, 4-6 давхрыг цөөн давхар, 7-16 давхар барилгыг олон давхар барилга, 17 ба түүнээс дээш барилгыг өндөр барилга гэнэ. Тэгэхээр тус журмын зөвлөмжийн 4 дүгээр хавсралтын 12 дугаар хүснэгтийн 1 дүгээр багананад барилгын давхрын тоо 2-4 бол 15м, 5-8 бол 21м, 9 бол 32м, 12 бол 45, 16 бол 62м гэж заасан байдаг. 

Гэтэл өнөөдөр тус Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу баригдах гээд байгаа барилга нь 5 давхар 33 давхар  гээд хоёр шатлалтай. Үүнд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын хариу тайлбарт зөвхөн 5 давхар барилгын шаардлагыг хангасан гэсэн байдаг. 33 давхрын тухайд шаардлага хангасан эсэх тухай тайлбар байхгүй. 

Тэгэхээр 33 давхар барилга нь өндөр барилгад хамаардаг, тусдаа дүгнэлт гаргадаг ба 12 давхраас дээш бол 45 метрийн зайтай байх ёстой юм. Гэтэл өнөөдөр 9 дүгээр байр болон 22 дугаар байрны хооронд барилга барих гээд байгаа зайны тууш тал буюу урт талын хоорондох зай нь 18-20 метр байдаг. Гэтэл үүнийг хууль зөрчөөгүй, норм, стандартыг хангаж шийдвэрлэсэн гэж яриад байгаа нь үндэслэлгүй юм. Тийм учраас Архитектур төлөвлөлтийн даалгавар үндэслэлгүй байгаа юм.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Журам батлах тухай” 5/14 дугаартай тогтоолоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барихдаа газрын эрх олгох барилгын эх загвар, зураг батлах, барилгын угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ыг баталсан байдаг. 

Тус журмын 4 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад “Орон сууц хороолол дундах баригдаагүй талбайд барилга байгууламж барихад” гэж байдаг. Энэ журмын дагуу оршин суугчдаас санал авахад 8,9 дүгээр байрны оршин суугчдын 90 орчим хувь, 22, 23 дугаар байрны 80 орчим хувь нь зөвшөөрөөгүй санал өгсөн байдаг. 

Гэтэл иргэд зөвшөөрөөгүй байхад энэ хамааралгүй гээд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Газар барилгажилтын зөвлөлийн 12 дугаар хурлын протокол байдаг. Тус протоколд “Олон нийтээс санал авах шаардлагагүй...” гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүйгээр зохих этгээдүүд шийдвэр гаргасан байдаг. 

...Монгол Улсын хэмжээнд барилгыг нураагаад барихтай холбоотой ямар нэгэн дүрэм, журам байдаггүй ба зөвхөн дээр дурдсан журам үйлчилдэг. Энэ журмын дагуу явахад өөрсдөө сайн дураараа дахин барилга барих гэж байгаа биш шинээр барилга барих гэж байгаа биш, нураагаад барих гэж байгаа гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй юм. Энэ талаар ямар нэгэн эрх  зүйн акт байхгүй юм. Энэ зөвхөн нураасан ч гэсэн шинэ барилга барих гэж байгаа учир журмын дагуу явах ёстой юм. 

...Манай 9 дүгээр байр нь Ард кино театрын урд талд байрладаг. Тэр барилга нь 12 дугаар сарын дундуур шалаараа цууралт өгөөд, хугарал өгөөд доод талын бохирын шугамыг гэмтээсэн маш том асуудал бий болсон байгаа. Түүнийг засварлаад, шалны хөндлөн хугарсан хэсэг нь тэр чигээрээ байж байдаг. Сая цагаан сарын өмнө Сүхбаатар дүүргийн хэмжээнд бүх Сууц өмчлөгчдийн холбоонуудын гэнэтийн шалгалт буюу Барилга хот байгуулалтын яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллага гэх мэтчилэн 5 албан газрын хамтарсан гэнэтийн шалгалт ирээд тухайн бодит байдлыг харсан бөгөөд баримтуудыг авч явсан. 

9-р барилга бүслүүртэй буюу бэхлэлт хийгддэг тийм барилга байсан.  Сүүлийн  жилд бэхжилт болон засвар хийгдээгүй, чанарын шаардлага хангахгүй байгаа бөгөөд хажууд нь барилга барих байтугай тус байр маань суулт өгсөн байгаа учраас барилга баригдах боломжгүй юм.

Тэгэхээр 33 давхар барилгыг барих нь цаг үеэ дагаад зүй ёсны хэрэг боловч оршин суугчдын амар тайван байдал болон эрүүл мэндийн байдлыг алдагдуулж байна. Зүгээр байхдаа нурж байгаа байр нь барилга барихад нурж хүний амь нас эрсэдвэл яах вэ? Өөрөөр хэлбэл, бидний аюулгүй байдал алдагдах гээд байгаа юм.

Иймд холбогдох хууль, журам зөрчсөн учир Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын /хуучин нэрээр/ орлогч дарга Ш.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

“...  Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/500 дугаар захирамжаар "О" ХХК-д Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 3595 м2 газрыг 5 жилийн хугацаагаар, үйлчилгээ, контор, дээрээ тохижилт бүхий газар доорх гаражийн зориулалттайгаар эзэмшдэг бөгөөд эзэмшлийн газартаа  барилга барих хүсэлтийг 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр нэг цэгийн үйлчилгээгээр, 2015 оны 05 дугаар сард 01/15 дугаар албан бичгээр тус газарт хүсэлт гаргасан. Хүсэлтийг хүлээн авч судалсны үндсэн дээр тус газраас "О" ХХК-д саналд авах самбар байршуулж, фото зургаар баталгаажуулахыг шаардсаны дагуу "О" ХХК нь 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс мөн оны 6 дугаар сарын 10-ны хооронд зааж өгсөн 4 байршилд 14 хоногийн туршид самбар байршуулж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгдөөс эсэргүүцсэн иргэдийн санал зохих хувьдаа хүрээгүй байсан ул журмын дагуу Газар, барилгажилтын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн. 

Учир нь Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын 4 дүгээр бүлгийн 4.2.1-д “Орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд барилга байгууламж барихад иргэн, хуулийн этгээдийн саналыг авч болно”, мөн бүлгийн 4.3.1-д саналд хамрагдах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг зааж өгсөн байдаг.

Газар, барилгажилтын зөвлөлийн 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 12 дугаар хурлаар хэлэлцүүлж, тухайн байршилд барилга барих асуудал дэмжигдсэн тул 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 297 дугаар бүхий Архитектур төлөвлөлтийн даалгавар бичигдэн олгогдсон бөгөөд 17,0x25,0 м хэмжээтэй 5 давхар 25,0х25,0 м хэмжээтэй 33 давхар нийлсэн барилгын зөвшөөрөл гарсан. 

БНбд 31-01-10-ийн 12 дугаар хүснэгтэд барилгын тууш талуудын хоорондын зайг 5 давхар барилгын хувьд 21,0 метрээр тогтоож өгсөн бөгөөд төлөвлөж буй “Од  театр” ХХК-ийн үйлчилгээ, конторын барилга 9 дүгээр байрны хооронд 23,0 м, "О" ХХК-ийн үйлчилгээ, конторын барилга 22 дугаар байрны хооронд 22,5 м хэмжээтэй байгаа нь БНбД 31-01-10-ийн 12 дугаар хүснэгтэд заасан барилга хоорондын зай хэмжээг хангаж байна.

Иймд 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 297 дугаар бүхий Архитектур төлөвлөлтийн даалгаврыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“... Нийслэлийн Засаг даргын 2014 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А500 дугаар  захирамжаар Од театр ХХК-д Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 3595м2 газрыг 5 жилийн хугацаанд үйлчилгээ, контор, газар доорх гражийн зориулалтаар эзэмшүүлсэн байдаг. 2015 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр нэг цэгийн үйлчилгээгээр барилга барих хүсэлтээ 01/15 дугаар албан бичгээр манайд хүсэлт гаргаж түүнийг судалсны үндсэн дээр Од театр ХХК-д санал авах самбар байршуул гэсэн чиглэл өгсөн. Энэ хүрээн барилгажихыг хориглосон ногоон байгууламжийн байршлуудыг баталсан байдаг. Барс захын ард талын ногоон байгууламж, Ард кино театрын зүүн талын барилгажихыг хориглосон ногоон байгууламжууд зэрэг байдаг. Тэнд барилга барих талаар иргэдээс санал ав гэж явуулахад иргэдээс тухайн ногоон бүсэд барилга барихыг дэмжихгүй байна гэсэн саналыг ирүүлсэн байдаг.

Газар барилгажилтын зөвлөлийн 2015 оны 12 дугаар хурлаар хэлэлцүүлсэн протокол хавтаст хэрэгт авагдсан байдаг ба түүнд ногоон байгууламж дээр барилга барихыг зөвшөөрөөгүй байна. Тийм учраас Ард кино театрын өөрийн өмчлөлийн барилгаа буулгаад тухайн өмчлөл дээрээ сууриар нь барилга барихыг дэмжье гэсэн дүгнэлт гарсан. Тэгээд тухайн байршил дээр 25х25 хэмжээтэй нэг блок, 17х25 хэмжээтэй 5 давхар нэг блок барилгыг орчны төлөвлөлттэй уялдуулж, эдэлбэр газрын хязгаарт багтааж нормын дагуу төлөвлөхөөр Архитектур төлөвлөлтийн даалгаврыг өгсөн байдаг. Төслөөр 5 давхар болон 33 давхар зоорьтой байхаар өгөгдсөн байдаг.

Эдэлбэр газрын барилгажих талбай нь 1050м2, эдэлбэр газрын хэмжээ нь   3595м2 юм. Энэ нь Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь заалтад Эдэлбэр газрын 30 хүртэл хувь нь ногоон байгууламж болон авто зогсоол байхаар төлөвлөгдсөн байдаг. Үүнд 1050м2-ийн 30 хувьд барилгажина, үлдсэн 70 хувьд авто зогсоол болон ногоон байгууламж байхаар  Архитектур төлөвлөлтийн даалгавар өгөгдсөн байдаг.

Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлд Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичиг гэж зааж өгсөн байдаг ба барилгын үйл ажиллагааг доор дурдсан норм, нормативын баримт бичгээр зохицуулна гэж заагаад 5.1.1 дэх заалтад барилгын норм дүрэм, 5.1.2 дахь заалтад Барилгын болон техникийн дүрэм, заавар, аргачлал, 5.1.3 дахь заалтад стандарт, 5.2 дахь заалтад “Барилгын үйл ажиллагаанд энэ хуулийн 5.1.1 дэх заалтад заасан норм дүрмийг заавал, 5.1.2 дахь заалтад заасан баримт бичгийг сонгож мөрдөнө” гэж заасан байдаг. Тэгэхээр уг Архитектур төлөвлөлтийн даалгавар нь Барилгын норм ба дүрмийн 31.10.12 дугаар зүйлд барилгын тууш талын хоорондын зайг 5 давхар барилгын хувьд 21 метрээр өгсөн байдаг. 9-р байр болон 22-р байр нь Од театртай пралель, 9 дүгээр байрны хооронд 23 метр, 22 дугаар байрны хооронд 22.5м байгаа. Өөрөөр хэлбэл байртай огтлолцол байхгүй юм.

Барилгын норм ба дүрэмд “Сууриас суурины хооронд зайн хэмжээг тооцно” гэж зааж өгсөн. Харин 9, 22, 23 дугаар байр нь наашаа өргөтгөл хийгээд өргөтгөгдсөн байдаг. Нэхэмжлэгч нар хэлэхдээ өргөтгөлийн сууринаас Од кино театрын суурь хүртэлх зайг 18 метр байна гэж хэлээд байдаг нь буруу юм. Яагаад гэхээр барилгын норм ба дүрэмд барилгын сууринаас суурины хоорондох хэмжээг баримталж  төлөвлөнө гэж заасан байдаг учраас 22, 23 метр байгаа нь норм дүрмийг хангаж байгаа. 

33 давхрын барилгын тухайд 12 дугаар хүснэгтийн тайлбар хэсэгт 51 метрээс дээш өндөр барилгын хоорондын зайн хэмжээг өндөр барилга төлөвлөх нормын дагуу тусад нь тооцож төлөвлөнө гэж заасан боловч өндөр барилгын тухайн Барилгын норм ба дүрмийн 31-17-10-т барилга хоорондын зайн зохицуулалт тусгагдаагүй байдаг. Тэгээд 5 давхар барилгын хооронд галын норм дүрэм, нар ээвэрлэлтийн норм дүрэм, орчны гэрэлтүүлгийн норм дүрмийг хангасан байгаа.Тэгэхээр Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад заасны дагуу мөрдөж, түүний дагуу гарсан шийдвэр байгаа юм.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолоор баталсан журмыг мөрдөөгүй гэж ярьж байгаа нь үндэслэлгүй юм. Тэгэхээр Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журамд одоо байгаа барилгын буулган шинээр барилгажуулахад иргэн хуулийн этгээдээс санал авах зохицуулалт ороогүй байдаг. Өөрөөр хэлбэл орон сууцны дунд барилгажаагүй  талбайд барилга барихад иргэдээс санал авна гэж заасан байдаг. Жишээ нь 22 дугаар байрны ард талд байгаа Жүр үр гэдэг хүүхдийн тоглоомын талбайтай хэсэг байсан ба энэ нь 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш барилгажаагүй талбайд барилга барих тохиолдолд иргэн, хуулийн этгээдээс санал авна гэсэн зохицуулалт байгаа. Харин Од театр нь өмнө нь барилгажсан хэсэг юм.

Нэхэмжлэгч тал өмчлөлтэй маргаагүй байдаг. Тэгэхээр өмчлөл дээрээ барилга барих хүсэлтийг манайд ирүүлсний дагуу Газар барилгажилтын зөвлөлийн хурлаар оруулаад барилгаа буулгаад суурин дээр барилга барих асуудлыг дэмжсэн нь тус хурлын протоколоор баталгаажиж байгаа юм.

Тэгэхээр 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн өдрийн 297 дугаар бүхий Архитектур төлөвлөлтийн даалгавар нь холбогдох норм дүрэм, журам, хуульд нийцэж гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү“ гэв. 

Гуравдагч этгээд "О" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Нинжбадгар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 

“...О” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч тайлбар гаргаж байна.Үүнд:

Нэг. Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагадаа нийт 5 зүйлийн асуудлыг багцалж, үндэслэлээ тодорхойлсон байна. Үүний нэгээс дөрөв дахь хэсэг нь маргаан бүхий захиргааны акттай огт холбогдолгүй үйл баримтын талаарх асуудал байна. Тодруулбал нэг болон хоёр дахь хэсэгт нь “Ард кино театр”-ын хувьчлалын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг дурдсан нь энэ хэрэг маргаантай огт хамааралгүй байна. Мөн гурав дахь хэсэгтээ НЕТГ-ыг хууль зөрчиж, оршин суугчдын санал авах “журам” гэгчийг гаргасан нь хуулиас дээгүүр журам гаргасан байна. Иймд эдгээр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэсэн нь мөн л энэ хэрэг маргаантай огт хамааралгүй байна. Мөн дөрөв дэх хэсэгтээ “Энэ журам гэгчийн дагуу оршин суугчдаас хуйвалдааны журмаар санал авсан тухай” гэх үндэслэлтэй нь танилцахад уг журмыг хуульд нийцээгүй “журам”, олон нийтийн эрх ашгийг уландаа гишгэсэн “журам” байна. ...Үүнийг хэн батлав.... гэсэн асуудал дэвшүүлсэн утга бүхий, хэрэг маргаантай огт хамааралгүй зүйлүүдийг дурдсан байх тул үүнд тайлбар өгөх шаардлагагүй гэж үзэв.

Харин энэхүү 4 дахь зүйлдээ."О" ХХК-ийг эрх ашиг нь төдийлөн хөндөгдөөгүй 8, 23 дугаар байрны оршин суугчдын саналыг авсан болж, жинхэнэ эрх ашиг нь хөндөгдөж зөрчигдөхөөр байгаа “Ард кино театр”-ын урд байрлах 9 дүгээр байр, хойд зүгт байрлах 22 дугаар байрны оршин суугчдын саналыг авалгүйгээр, зөвхөн гудамжинд зураг нааж, саналаа өгөөгүй бол “ хохь чинь” гэсэн байдлаар хандаж, оршин суугчдын хууль ёсны эрх ашгийг хөндөж зөрчсөн гэсэн хэсэгт дараах тайлбарыг гаргав. Үүнд:         

Манай "О" ХХК нь Нийслэлийн засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/500 дугаар захирамжтай, Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 3595 м2 газрыг, 5 жилийн хугацаагаар, үйлчилгээ, контор, дээрээ тохижилт бүхий газар доорх грашийн зориулалтаар эзэмшдэг. Энэ газартаа, барилга барих хүсэлтийг НИТХ-ын 2014 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 5\14 дүгээр тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барипгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйп  ажиллагааны журам”-ын Гуравдугаар бүлгийн 3.3-д заасан эрхийн дагуу 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр нэг цэгийн үйлчилгээгээр, 2015 оны 5 дугаар сард 01/15 тоот албан бичгээр, энэ журмын 3.4-д заасан баримтуудыг бүрдүүлэн гаргасан.

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас манай компанийн гаргасан хүсэлтийг хүлээн авч судлаад, дээр дурьдсан журмын Дөрөвдүгээр бүлэгийн 4.2.1-д “Орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд барилга байгууламж барихад иргэн, хуулийн этгээдийн саналыг авч болно”, 4.3.1-д“ орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд барилга барих тохиолдолд нэгж талбарын хил хязгаарыг тогтоосон эргэлтийн цэгүүдээс дор дурдсан зайд байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөс санал авах, 4.3.1.2-д 5 давхар барилгад 21 метр”гэсэн заалт , мөн журмын 4.4-д “Баригдах барилгын талаарх мэдээллийг олон нийтэд мэдээлэх Зх2м хэмжээтэй самбарыг барилгажих талбайд тод харагдахуйцаар 7 хоногоос доошгүй хоног байршуулна” гэсэн заалт, мөн журмын 4.5-д “Мэдээллийн самбарт дараах мэдээллийг тусгасан байна, 4.5.1-д газар эзэмшигчийн нэр, газрын зориулалт, хэмжээ, газар олгосон шийдвэр, 4.5.2-д төлөвлөж буй барилгын талаарх мэдээлэл, план зураг, 4.5.3-д санал авах хугацаа, зөвлөлийн хурлын тов, хаяг, холбоо барих утасны дугаар “ гэсэн заалтуудыг тус тус удирдлага болгож, барилгажих талбайн 4 байршилд, энэ журамд заасан мэдээллүүдийг тусгасан самбарыг 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд байршуулж, фото зургаар баталгаажуулах үүрэг өгсний дагуу "О" ХХК самбаруудыг заасан байршилд байршуулж ажилласан бөгөөд үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нараас эсэргүүцсэн оршин суугчдын санап нь энэхүү журмын 4.11-д заасан 70%-д хүрээгүй юм.

Иймд журмын 4.10-д заасны дагуу 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Газар, барилгажилтын зөвлөлийн 12 дугаар хурлыг хийж, манай компанийн барилга барих асуудлыг хэлэлцүүлсний эцэст дэмжсэн шийдвэр гаргасан. Ингээд 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдөр 297 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар бичигдэж, 17,0x25,0 м хэмжээтэй 5 давхар, 25,0x25,0 м хэмжээтэй 33 давхар нийлсэн барилгын зөвшөөрөл олгогдсон. Энэ бүх ажиллагаа нь хууль журмын дагуу хийгдсэн болно.

Нэхэмжлэгч нар нь хууль журмаар олгогдсон эрхээ эдэлж, үүргээ биелүүлээгүй явдалд хариуцагч болон гуравдагч этгээдийн буруу байхгүй юм. Тодруулбал иргэн, хуулийн этгээд энэ журмын 4.10-д зааснаар "Зөвлөлийн хуралд төлөөллөө оролцуулаагүй, саналаа ирүүлээгүй тохиолдолд тухайн байршилд барилгажихыг дэмжиж саналаа өгсөнд тооцно" гэсэн заалтын дагуу Арихтеюур төлөвлөлтийн даалгавар олгох шийдвэр гарсан нь хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Хоёр. Нэхэмжлэлийн тав дугаар зүйлд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 297 дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар нь Үндсэн хуульд заасан иргэдийн амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх ноцтой зөрчиж байна. Тухайлбал:

... Хариуцагч манай компанийн барилга барих хүсэлтийг судлаад холбогдох хууль журам, БНбД 31-01-10-ийн 12 дугаар хүснэгтэд заасны дагуу барилгын тууш талуудын хоорондын зайг 5 давхар барилгын хувьд 21,0 м-ээр тогтоож өгсөн бөгөөд манай "О" ХХК-ийн үйлчилгээ, конторын барилгын тууш 2 талд буюу урд талд байрлах орон сууцны 9 дүгээр байр нь 23,0 м-ийн зайтай, ард талд байрлах орон сууцны 22 дугаар байр нь 22,5 м-ийн зайтай байгаа нь БНбД 31-01-10-ийн 12 дугаар хүснэгтэд заасан барилга хоорондын зай хэмжээг хангаж байна гэж дүгнэн хууль зүйн үндэслэлтэй шийдвэрийг гаргасан.Мөн “Хот төлөвлөлт, барилгажилт” БНбД 30-01-10-ийн нормын заавал мөрдөх 4 дүгээр хавсралтад “Орон сууц хоорондох гал тусгаарлах хамгаалалтын зай 6 м-ээс багагүйгээр төлөвлөнө” гэж тусгагдсан байдаг. 9 болон 22 дугаар байр нь барих барилгаас доод тал нь 22,5 м зайтай байгаа нь норматив баримт бичгийн барилга хоорондын байж болох хамгийн бага зайнаас илүү байх тул нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна.

... Учир нь “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт” БНбД 31-01-10-ийн 5.26-д “Сууцны өрөө тасалгаанд нарны шууд тусгалын үргэлжлэх норматив хугацаа өдөрт 2,5 цаг байх нь тохиромжтой” гэж зааж өгсөн байдаг. Манай "О" ХХК-ийн барих барилгаас болж нэхэмжлэгч нарын орон сууцанд нарны гэрлийн тусгал тусах хугацаа нь энэхүү норматив баримт бичгийн заалтыг зөрчөөгүй болох нь манай компанийн барих барилгын эскиз зурагны харагдах байдлын 3 хэмжээст зургаар баталгаажиж байгаа тул нарны тусгалын талаар маргаан гаргах үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд дээрх үндэслэлүүдийг хянан үзэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны 8, 9, 22, 23 дугаар байрны оршин суугч нэр бүхий 19 иргэн нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар/хуучин нэрээр/-аас "О" ХХК-д олгосон 2015 оны 297 дугаартай Архитектур Төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “...297 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”  гэж тодруулжээ. 

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ж нараас “297 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаагаа илэрхийлсэн тул шүүх энэ шаардлагын хүрээнд, гуравдагч этгээд "О" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүрэлцэн ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул түүнийг оролцуулалгүйгээр хэргийг хэлэлцэн шийдвэрлэсэн болно.

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар /хуучин нэрээр/-ын Газар, барилгажилтийн зөвлөлийн 2015 оны 07 дүгээр сарын 01-ний өдрийн 12 дугаар хуралдаанаар  "О" ХХК-ийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт одоогийн "А" кинотеатрын суурин дээр 17м х 25м хэмжээтэй 5 давхар, 25м х 25м хэмжээтэй 33 давхар залгаа барилга барихыг зөвшөөрч 297 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар  олгосон байна. 

Нэхэмжлэгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “Ойр орчмын оршин суугчид барилга барихыг эсэргүүцсэн санал өгсөн, 33 давхар барилга нь барилгын норм, дүрмийг хангахгүй байхад Архитектур төлөвлөлтийн даалгавар олгосон нь илт хууль бус бөгөөд бидний амьдарч буй 8, 9 ,22, 23 дугаар байрууд нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон учир уг барилга баригдснаар бидний аюулгүй байдал алдагдаж болзошгүй” гэж, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...ногоон байгууламжид барилга барих хүсэлт ирүүлсэн тул иргэдээс санал авсан боловч иргэд дэмжээгүй, төлөвлөгдөж буй барилгыг одоо байгаа барилгынхаа сууриас томруулахгүй байхаар зөвшөөрсөн тул Архитектур төлөвлөлтийн даалгавар нь хууль тогтоомжид нийцсэн” гэж тус тус маргажээ.

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар/хуучин нэрээр/-ын 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 297 дугаартай архитектур төлөвлөлийн даалгавраар баригдахаар төлөвлөгдсөн барилга нь эзэмшил газар болон барилгажих талбайн харьцааны хувьд хууль тогтоомжоор тогтоосон шаардлага хангаж байх бөгөөд төлөвлөгдсөн барилгын суурь нь одоо байгаа "А" кинотеатрын барилгын сууриас хэтрээгүй болох нь тогтоогдож байна.  

Мөн төлөвлөгдөж буй барилга нь “Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын хангамж/БНбД23-04-07/” баримт бичгийн шаардлагыг хангаж байгаа нь Барилгын хөгжлийн төвийн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 3/48 тоот албан бичгийн хавсралт тайлбарт “...барилгын норматив баримт бичгийг зөрчихгүй байна”  гэж бичигдсэнээр нотлогдож байх тул нэхэмжлэгчийн “22 дугаар байрны тэнд байгалийн гэрэл тусахааргүй болох гэж байгаа” гэсэн тайлбар үндэслэлгүй.

Нэхэмжлэгч бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Г нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “нь Ард кино театрыг хууль бусаар, 2 өрөө байрны үнээр худалдаж хувьчилж авсан байдаг. Иргэний үүргээ биелүүлээгүй байдаг. Тийм урчаас төр буцааж авах нь зүйтэй гэж үзэж байгаа. 2-рт. Хувьчилж авсны дараа Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд  зааснаар хөрөнгийн зориулалт, үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөхгүйгээр кино гаргаад зориулалтын дагуу ажиллуулж байх ёстой байтал хэрэглэгчийн эрх ашгийг зөрчөөд явж байдаг” хэмээн тайлбарлан маргаж байх боловч энэ нь маргаан бүхий актын үндэслэлд хамааралгүй байна.

Дээрхээс дүгнэн үзвэл, маргаан бүхий архитектур төлөвлөлтийн даалгавар нь нэхэмжлэгч нарын газрын болон нар ээвэрлэлтийн талаарх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй байна. 

Гэсэн хэдий ч, 2008 онд батлагдсан Барилгын тухай хуулийн “Барилга байгууламжид тавигдах шаардлага” гэсэн 9 дүгээр зүйлийн 9.1.4-т “зэргэлдээ барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулаагүй” байх шаардлагыг хуульчилсан байх ба маргаан бүхий актаар төлөвлөгдөж буй барилга нь энэ шаардлагыг хэрхэн хангаж байгааг шалгаж тогтоогоогүй, дүгнээгүй байх тул нэхэмжлэгч нараас маргаж буй “иргэдийн болон өмч хөрөнгийн аюулгүй байдал алдагдаж болзошгүй” гэсэн тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй байна. Учир нь:

1/ Хот байгуулалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Хот байгуулалт, төлөвлөлтөд дараахь үндсэн зарчим баримтална:”, 4.1.3-т “хот байгуулалтын үйл ажиллагаанд оролцогч этгээдийн эрх ашгийг тэгш хангах” зарчмыг хуульчилсан байх ба мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д “Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх…”-аар зохицуулсан байна. 

Гэтэл хариуцагч нь 297 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавраар "О" ХХК-д 33 давхар барилга барих зөвшөөрөл олгохдоо хуулиар хүлээсэн дээрх үүргээ хангалтгүй биелүүлсэн, иргэдийн болон тэдний өмч хөрөнгийн аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар урьдчилан тооцоогүй буруутай байна гэж шүүх дүгнэлээ. 

Тодруулбал, “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага” баримт бичгийн “Бага тойруугийн хуучин барилгыг буулгах оновчтой төлөвлөлт”-ийн техник эдийн засгийн үндэслэлд нэхэмжлэгч нарын өмчлөлийн 8, 9, 22, 23 дугаар байрууд болон гуравдагч этгээдийн өмчлөлийн "А" кинотеатрын барилга аль аль нь хамаарч байх тул төлөвлөгдөж буй барилгын зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдэлтэй уялдахын зэрэгцээ өмнө баригдсан барилга байгууламжийн ашиглалтад нөлөөлөхөөргүй байх шаардлагатай.

Түүнчлэн нэхэмжлэгч нарын оршин сууж буй Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны 9 болон 22 дугаар байрууд нь Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Барилгын чанар, аюулгүй байдлын хэлтсийн 2014 оны “Газар хөдлөлтийн тэсвэрлэлтийн үнэлгээ”-ээр барилгын одоогийн төлөв байдал нь газар хөдлөлтөнд “тэсвэргүй” , 8 болон 9 дүгээр байрууд нь Дэд бүтцийн улсын хяналтын албаны 58 дугаар дүгнэлтээр “...шаардлага хангахгүй, газар хөдлөлтийн эсрэг арга хэмжээгүй” гэж, 9 дүгээр байр нь “... суултанд орсон”  гэж тус тус дүгнэгдсэн ба уг барилгууд нь ашиглалтын шаардлага хангахгүй барилгын жагсаалтад орсон “дахин төлөвлөгдөх” тухайд талууд маргахгүй байна.

Хариуцагч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “өөрийн өмчлөлийн барилгыг нурааж хотод өнгө үзэмж нэмэх, орчин үеийн шийдэл бүхий барилгыг барихад иргэдээс эсэргүүцэж байгаа нь үндэслэлгүй” хэмээн тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлтэй хэдий ч нэхэмжлэгч нарын өмчлөлийн 8, 9, 22, 23 дугаар байруудыг дахин төлөвлөх талаарх эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэр гараагүй байх тул “ирээдүйд төлөвлөлтөнд орно” гэсэн үндэслэлээр өнөөдрийн нөхцөл байдлыг дүгнэх боломжгүй төдийгүй нэхэмжлэгч нарын өмчлөлийн барилгууд нь одоо бодитоор оршин байх тул нэхэмжлэгч нар нь “хот байгуулалтын үйл ажиллагаанд оролцох” эрхтэй байна.

2/ Хэдийгээр гуравдагч этгээдийн хувьд өөрийн өмчлөлийн барилгаа нураах эсэх нь түүний эрхийн асуудал боловч хуучин барилгыг нураагаад дахин шинэ барилга барих тохиолдолд энэ нь барилгажаагүй талбайд тооцогдох ба "А" кинотеатрын зүүн урд хэсэгт төв замруу орох уулзварт “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийн “Тав”-ын 5.31-т заасан “Хорооллын төгсгөл” тэмдгийг байрлуулсан байх тул “орон сууцны хороолын дундах талбай биш” гэж үзэх боломжгүй.

Дээрхээс үзвэл, хариуцагч байгууллага нь нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 5/14 тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах барилга, угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам””-ын 4 дүгээр зүйлийн 4.3-т “Санал авах тохиолдолд дараах байдлаар авна”, 4.3.1-д заасан “Орон сууцны хороолол дундах барилгажаагүй талбайд барилга барих тохиолдолд нэгж талбарын хил хязгаарыг тогтоосон эргэлтийн цэгүүдээс дор дурьдсан зайд байрлах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөс”, 4.3.1.5-д “16 давхар барилгад 45 метр” гэж заасныг баримтлах шаардлагатай. 

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нийслэлийн ИТХ-ын 2014 оны 5/14 тогтоолоор батлагдсан журамд заасан орон сууцны хорооллын дундах барилгажаагүй талбай гэж үзэхгүй, мөн барилга одоо байгаа барилгыг буулган шинээр барилгажуулахад иргэн хуулийн этгээдээс санал авах зохицуулалт ороогүй. Иргэдээс авсан саналын тухайд барилгажихыг хориглосон ногоон байгууламжид барилга барих хүсэлт гэдэг утгаар санал авсан. Хариуцагчаас барилгажих талбайн хэмжээг одоо байгаа барилгын суурийн хэмжээгээр багасгасан тул өмнө авсан саналыг тооцохгүй” гэсэн тайлбарыг зөвтгөх боломжгүй бөгөөд барилга барих талаар иргэдээс авсан саналыг харгалзаагүй нь буруу байна.

3/ Маргаан бүхий 297 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавраар төлөвлөгдөж буй барилга нь дээрх 22 дугаар байрны урьд, 9 дүгээр байрны хойно тууш хөндлөн байрлалтай байх ба нэхэмжлэгч нарын үл хөдлөх эд хөрөнгө нь “орон сууцны”, гуравдагч этгээдийн төлөвлөж буй барилга нь “үйлчилгээ, оффис”-ын буюу олон нийтийн барилга байх тул Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын 2010 оны 12 дугаар сарын 23 ны 418 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Монгол Улсын барилгын норм ба дүрэм Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт/31-01-10/” баримт бичгийг хариуцагчаас үйл ажиллагаандаа мөрдөх үүрэгтэй.

Гэтэл хариуцагчийн итгэмлэгждсэн төлөөлөгчөөс “барилгуудын сууриас суурины хоорондох зай 22,5 метр байгаа нь 5 давхар барилга хоорондын норм дүрмийн шаардлага хангаж байгаа” гэж тайлбарлан маргаж байх боловч 33 давхар барилгын тухайд “Өндөр барилгын төлөвлөлт/31-17-10/ БНбД баримт бичгээр өндөр барилга хоорондын зайг нормчлоогүй” гэж зөрүүтэйгээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. 

Тодруулбал, дээр дурьдсан “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт/31-01-10/” баримт бичгийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Арван  долоо  ба түүнээс дээш давхар барилгыг өндөр барилга” гэж тодорхойлсон байх ба “Орон сууцны барилгын өөр хоорондоо болон орчны барилга байгууламжийн зай хэмжээ, орон сууцны барилга, автомашины гараж, ил зогсоолын хоорондын зай хэмжээ” гэсэн 4 дүгээр хавсралтын дагуу “Орон сууц барилга хоорондын, орон сууц, олон нийтийн барилга хоорондын байршлын зайн ойролцоо  хэмжээ нь 5 давхар барилгын хувьд 21 метр байхаар заасан бөгөөд 51 м-ээс дээш өндөр барилга хоорондын зай хэмжээг өндөр барилгыг төлөвлөх нормын дагуу тусад нь тооцож төлөвлөх”-өөр зохицуулсан байна. 

Мөн “Өндөр барилгын төлөвлөлт/31-17-10/” баримт бичгийн 3.1-д “...Хот байгуулалт, зориулалт, хэв шинжийн талаар өндөр барилгын шаардлагуудыг “Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөх норм ба дүрэм”...болон энэхүү норм ба дүрмийг баримтлан мөрдвөл зохино” гэж заасан байна. 

Иймд нэг норм дүрмээр тогтоосон барилга хоорондын хэмжээг өөрөөр авч үзэх үндэслэлгүй төдийгүй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “33 давхар барилгын хувьд тусад нь тооцож төлөвлөсөн зүйл байхгүй. Галын норм дүрмээр зохицуулагдаж байгаа” хэмээн тайлбарлаж байх тул хариуцагч Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар нь маргаан бүхий 297 дугаартай актыг гаргахдаа хүчин төгөлдөр эрх зүйн хэм хэмжээний актаар тогтоосон барилга хоорондын зайг баримтлаагүй гэж үзэхээр байна.

Түүнчлэн маргаан бүхий архитектур төлөвлөлтийн даалгавар нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарлаж маргаж байгаа Барилгын тухай хууль 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс маргаж буй “...Барилгын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалтад “Барилгын үйл ажиллагаанд энэ хуулийн 5.1.2 дахь заалтад заасан Барилгын болон техникийн дүрэм, заавар, аргачлал,  баримт бичгийг сонгож мөрдөнө” гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

Дээрхээс дүгнэн үзвэл, хариуцагч нь маргаан бүхий шийдвэрийг гаргахдаа гуравдагч этгээдэд олгогдсон архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу баригдах барилга нь зэргэлдээ барилга, байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулах эсэх, Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт /31-01-10/” баримт бичгийн 4 дүгээр хавсралтын дагуу “51 м-ээс дээш өндөр барилга хоорондын зай хэмжээг өндөр барилгыг төлөвлөх нормын дагуу тусад нь тооцсны үндсэн Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5-д заасан “...иргэдийн оролцоотой төлөвлөх” зарчмыг хэрэгжүүлж маргаан бүхий шийдвэрийг гаргах шаардлагатай байжээ. 

Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд "О" ХХК-д олгосон 297 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврын   өрөнгийн өмчлөгч нарын “эрх ашгийг тэгш хангах” шаардлагын дагуу тэдний саналыг үнэлэх, зэргэлдээ барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулах эсэхийг шалган тогтоож, Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт/31-01-10/” баримт бичгийн 4 дүгээр хавсралтын заасан орон сууц, олон нийтийн барилга хоорондын байршлын зайн ойролцоо  хэмжээг харгалзаж 51 м-ээс дээш өндөр барилга хоорондын зай хэмжээг өндөр барилгыг төлөвлөх нормын дагуу тусад нь тооцож төлөвлөсний үндсэн дээр гуравдагч этгээдийн өмчлөлийн барилгаа нурааж шинэ барилга барих эрхийг хангаж дахин шийдвэр гаргах шаардлагатай гэж үзлээ. 

Иймд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар/хуучин нэрээр/-ын 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 297 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11-д заасныг баримтлан ТОГТООХ нь: 

 

1. Хот байгуулалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.3, 12 дугаар зүйлийн 12.5, 12.8, Барилгын тухай хууль/2008/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар/хуучин нэрээр/-ын 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 297 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар нь энэхүү шийдвэрийн үндэслэх хэсэгт дурьдсан шалгавал зохих нөхцөл байдлуудыг шалган шийдвэрлэж, орчны иргэдийн оролцоо, эрх ашгийг тэгш хангаж, гуравдагч этгээд "О" ХХК-ийг өмчлөлийн барилгаа нурааж шинэ барилга барих эрхийг хангасан захиргааны шинэ акт гаргах замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар нь шүүхээс тогтоосон 6 /зургаан/ сарын хугацаанд захиргааны шинэ акт гаргаагүй тохиолдолд "О" ХХК-д олгосон 2015 оны 297 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болсонд тооцсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр  зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.МӨНХЗУЛ