Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2018/0547/З |
Дугаар | 221/МА2019/0299 |
Огноо | 2019-05-29 |
Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 221/МА2019/0299
2019 оны 05 сарын 29 өдөр Дугаар 221/МА2019/0299 Улаанбаатар хот
“Т...” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0201 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлын дагуу “Т...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0201 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6, 34.7 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч “Т...” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хариуцагч Ашигт малтмал, газрын тосны Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, --------- тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах асуудлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хянан хэлэлцэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн зүйл, заалтыг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болохыг дараах үндэслэлүүдээр тодорхойлж байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлаа хадгалах үүрэгтэй бөгөөд үүний тулд тусгай зөвшөөрлийн төлбөрийг хүчин төгөлдөр бүртгэлтэй /Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралт 1,2-т бичигдэж, УУККСистемд бүртгэгддэг/ огноо буу сар, өдрөөс өмнө төлбөрөө урьдчилан төлөх мөн хуулиар тогтоосон хэмжээгээр зардлын доод хэмжээнээс багагүй зардал бүхий хайгуулын ажлыг хийж гүйцэтгэх, уг ажлыг хийж гүйцэтгэхийн тулд Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан хайгуулын ажлын төлөвлөгөө, тайланг жил бүр батлуулж, хянуулж, тайлагнасан эсэхийг хянаж, маргаан бүхий актыг гаргасан.
Кадастрын хэлтэс нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдлийг хянаж үзээд хуулийн шаардлага хангаагүй бол Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй бол төрийн захиргааны байгууллага хугацаа сунгахаас татгалзаж энэ тухай өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэж заасны дагуу өргөдөл болон өргөдлийн бүрдлийг бүхэлд нь хянадаг.
Улсын дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 9 дүгээр Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолд “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-д заасан “мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүний утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно” гэж заасан ба маргаан бүхий шийдвэрийг “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарны 09-ний өдрийн 7/172 тоот албан бичгээр нэхэмжлэгч хүргүүлж мэдэгдэж, Кадастрын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээний сунгалтын өргөдөл хариуцсан мэргэжилтэн нь өргөдөл болон түүнд хавсаргасан баримтуудыг хүлээж аваад, дотоод хяналтын хуудас нээж хариуцсан чиг үүргийн мэргэжилтнүүдээр тойруулан хянуулж, эцэст нь Кадастрын хэлтсийн дарга шийдвэр гаргадаг. Өөрөөр хэлбэл, сунгуулах өргөдлийн бүрдэл хангаж байвал хэлбэрийн хувьд хүлээж аваад, агуулгын хувьд хуульд нийцэж байгаа эсэхэд дүгнэлт хийдэг.
Кадастрын хэлтсийн Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “Төрийн захиргааны байгууллагын геологийн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.1 – 11.1.7, уул уурхайн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.8 – 11.1.12, кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13 – 11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ” гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх, нэгдсэн хяналт тавих чиг үүргийнхээ хүрээнд шийдвэрлэсэн захиргааны акт юм.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 201 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд шаардлагатай нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
Нэхэмжлэгч “Т...” ХХК-аас “... тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан шийдвэрээ бидэнд албан ёсоор мэдэгдээгүй” гэсэн үндэслэлээр “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, --------- тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж заасан. Төрийн захиргааны байгууллага болон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хооронд эрх зүйн үр дагавар бүхий харилцаа үүссэн тохиолдолд албан ёсны хаягаар нь харилцах үүрэгтэй байна.
Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20 дугаар шийдвэрээр “Ашигт малмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахыг хүссэн дараах өргөдлийг тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө гаргаагүй. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 34.2, 34.6 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй” гэсэн үндэслэлээр Кадастрын хэлтсийн өргөдлийн бүртгэлийн --------- дугаар бүртгэгдсэн өргөдлийг хянан --------- тоот тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзжээ.
Төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20 дугаар шийдвэрийг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7/172 дугаар албан бичгээр хүргүүлсэн боловч буцаасан болох нь хэрэгт авагдсан баримт бичиг хүлээлцэх дэвтрийн хуулбараар нотлогдож байна.
“Монгол шуудан” ХК Ашигт малтмал, газрын тосны газраас 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн -- дугаар хороо, -----ийн -- тоотод байрлах “Т...” ХХК-д илгээсэн RD32567909MN дугаартай албан бичгийг 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 09:23 цагт тус хаягт иргэн С.Ө-д хүлээлгэн өгсөн байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс уг хаягийг төрийн захиргааны байгууллагатай харилцах албан ёсны хаяг гэж тайлбарласан.
Гэтэл хэрэгт авагдсан тусгай зөвшөөрлийн дэлгэрэнгүй мэдээлэл болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэргээс үзвэл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хаягийг Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ---р дугаар хороо, --------- гудамж, -- байр --- тоот гэжээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар “тухайн хуулийн этгээдийн нэр, шуудангийн хаяг, утас, факсны дугаар, цахим шуудангийн хаяг”-ийг аливаа этгээд нь анх хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөлдөө хавсаргаж өгөх бөгөөд мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч байгууллага Ашигт малтмал, газрын тосны газартай албан ёсоор харилцах хаягаа өөрөө тодорхойлж өгөх үүрэгтэй бөгөөд төрийн захиргааны байгууллага хууль зүйн үр дагавар бүхий асуудлаар нэхэмжлэгч хуулийн этгээдтэй албан ёсны хаягаар нь харилцах үүрэгтэй.
Тусгай зөвшөөрөл цуцлах тухай мэдэгдлийг хуулийн этгээдийн албан ёсоор бүртгүүлсэн хаягаар хүргүүлсэн тохиолдолд хариуцагч байгууллагыг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан мэдэгдэх үүргээ биелүүлсэн гэж үзэх боломжтой гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 7/172 дугаар мэдэгдлийг нэхэмжлэгч хуулийн этгээдэд ямар хаягаар хэзээ хүргүүлсэн, тус мэдэгдэл буцаагдах болсон нь нэхэмжлэгч болон хариуцагчийн хэнийх нь буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
Нэхэмжлэгч хуулийн этгээд нь хайгуулын тусгай зөвшөөрөл авахдаа албан ёсоор ямар хаяг бүртгүүлсэн, албан ёсны хаягаа өөрчилж байсан эсэх, өөрчилсөн бол хариуцагч байгууллагад мэдэгдсэн эсэх талаар нотлох баримт авагдаагүй байх тул энэ талаар нотлох баримтыг цуглуулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг баримтлан
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0201 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Ц.ЦОГТ