Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2016/0083

 

П.Я-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч О.Зандраа, Ц.Сумъяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгч П.Я, хариуцагчийн өмгөөлөгч В.У нарыг оролцуулан хийж, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 27 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор П.Я-ын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Хашаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Зандраагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч П.Я шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Миний бие 2006 онд Архангай аймгийн Хашаат сумын Засаг даргын Тамгын газарт Архив, бичиг хэргийн эрхлэгчийн ажилд орж, 2011 оныг хүртэл ажиллаж байгаад 2011 онд тус байгууллагадаа Нутгийн захиргааны эрх зүйчийн ажилд томилогдон одоог хүртэл ажиллаж байна. Энэ хугацаандаа удирдах албан тушаалын сонгон шалгаруулалтыг өгч тэнцсэн бөгөөд 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор Хашаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилуулах Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоол гарсан.

Уг тогтоолыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Л-д хувийн өргөдлийн хамт 2014 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүргүүлсэн. Хурлын дарга нь дээрх тогтоолыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээрээ оруулан хуралдаж, шийдвэр гаргах ёстой байтал хуралд оруулалгүй 3 сарын хугацаа өнгөрсөн учир миний бие Захиргааны хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч мөн хурлыг хуралдуулалгүй нийт 9 сарын хугацаа өнгөрсний дараа Д.Л нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар П.Я намайг Хашаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилох эсэх саналыг Тэргүүлэгчдийн хурлаар оруулж, шийдвэрээ 2015 оны 3 дугаар сарын 09-нөөс 13-ны өдрийг хүртлэх хугацаанд гаргахаар тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулан Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 12 тоот захирамжаар эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосны дагуу Д.Л нь 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Тэргүүлэгчдийн хурлаар оруулж хэлэлцүүлсэн.

Энэхүү хуралдаанаас “Одоо нарийн бичгээр ажиллаж байгаа А.А нь Төрийн албаны сонгон шалгаруулалт өгөөгүй, түр томилогдон ажиллаж байгаа учир сул орон тоо гарсан гэж үзэж байна. Тиймээс энэхүү иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалын ажлын байрны захиалгыг 2015 оны 4 дүгээр сарын 01-ний дотор Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлж сонгон шалгаруулалт явуулаад сонгон шалгаруулалтад тэнцэж өндөр оноо авсан иргэнийг томилно” гэсэн шийдвэр гарсан. Уг ажлын байрны захиалгыг Д.Л хүргүүлэх үүрэгтэй билээ. Энэхүү тэргүүлэгчдийн шийдвэр гарснаас хойш 15 хоногийн дараа Төрийн албаны салбар зөвлөлд ажлын байрны захиалгыг хүргүүлээгүй байсан учир миний бие иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Л болон одоо тус Хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа А.А нараас тэргүүлэгчдээс гарсан шийдвэрийн 1 хувийг авъя гэхэд шийдвэрийг өгмөөргүй байна, харин чамд албан бичиг өгье гээд 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 03 тоот албан бичгийг өгсөн.

Уг албан бичигт “2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Архангай аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 21 тоот тогтоолыг хууль бус гэж үзэн П.Я таныг томилох боломжгүй болсныг мэдэгдье” гэсэн байна. Энэхүү бичгийг Д.Л нь Тэргүүлэгчиддээ мэдэгдэлгүй, Тэргүүлэгчдийн өмнөөс худал шийдвэр гарган албан тушаалаа урвуулан ашиглаж, хуурамч баримт бичиг үйлдсэн төдийгүй иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд ноцтойгоор халдсан үйлдэл юм.

Миний бие дээрх албан бичгийг тэргүүлэгч М.Д, Ц.А, Ю.Г нарт үзүүлэхэд “бид Тэргүүлэгчдийн хуралдаанаар 21 тоот тогтоолыг хууль бус гэж үзэж, П.Я-ыг томилох боломжгүй гэдэг шийдвэр гаргаагүй, харин иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалын ажлын байрны захиалгыг 2015 оны 4 дүгээр сарын 01-ний дотор Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлж, сонгон шалгаруулалт явуулаад, сонгон шалгаруулалтад тэнцэж, өндөр оноо авсан иргэнийг томилно гэсэн шийдвэр гаргасан” гэдгээ хэлсэн бөгөөд бичгээр илэрхийлэн гарын үсгээ зурцгаасан. Д.С тэргүүлэгчтэй утсаар ярьж мэдэгдэхэд мөн л адил хариу хэлж байсан.

Гэтэл тэргүүлэгчид 28 хоногийн дараа буюу 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хуралдахад П.Я намайг тус Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилох эсэх асуудлыг дахин хэлэлцээд шийдвэрээ өөрчилж, томилох боломжгүй гэсэн шийдвэр гаргалаа хэмээн М.Д тэргүүлэгч надад хурлын дараа мэдэгдсэн. Энэхүү үйлдлүүд нь төрийн албыг тоглоом мэт үзэж, хэт улс төржүүлж, Д.Л даргын шахалтад орж тэргүүлэгчид өөрсдийн гаргасан шийдвэрээ хэдхэн хоногийн дараа хууль зүйн үндэслэлгүйгээр өөрчилж байгаа нь төлөөлөгч буюу тэргүүлэгчдийн хувьд туйлбаргүй хандаж хууль бус акт үйлдэж байгаа төдийгүй П.Я миний эрхийг хязгаарлаж, сэтгэл зүйд ч хүндээр нөлөөлж байна.

... Иймд Хашаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 16 тоот тогтоолыг хүчингүй болгож, П.Я намайг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилохыг даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Архангай аймгийн Хашаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Л шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоол нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасны дагуу Тэргүүлэгчдийн Хурлаас гарсан хүчинтэй акт юм. Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т заасны дагуу иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоолыг ёсчилж, баталгаажуулсан болно.

... П.Я нь Хашаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтад оролцоогүй. Хайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтад н.З 1, П.Я 2 дугаар байраар гарч, нөөцөд бүртгэгдсэн байсан. Удирдах ажилтны сонгон шалгаруулах журмын 9 дүгээр зүйлд “... өмнөх сонгон шалгаруулалтад өрсөлдсөнөөс өөр албан тушаалд өрсөлдөх бол сонгон шалгаруулалтад дахин орно” гэж заасан. Хашаат сум сонгон шалгаруулалтын захиалга өгөөгүй.

Өмнө гарсан эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжийн дагуу нэхэмжлэлд дурдсанаар томилох, эс томилох асуудлыг шийднэ. Улмаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэн Тэргүүлэгчид сонгон шалгаруулалтад орж, тэнцсэнийг томилохоор болсон бөгөөд олонгийн саналаар П.Я-ыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар томилохгүй гэсэн. А.А нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргыг түр орлон гүйцэтгэж байгаа бөгөөд нарийн бичгийн дарга нь Тэргүүлэгч байж болох тул хууль зөрчөөгүй” гэжээ.

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 27 дугаар шийдвэрээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4, 22 дугаар зүйлийн 22.3, 25 дугаар зүйлийн 25.4, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.6 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч П.Я-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Архангай аймгийн Хашаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч П.Я-ыг Архангай аймгийн Хашаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилохыг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасан байна.

Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр магадлалаар Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 27 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

Хариуцагчийн өмгөөлөгч В.У хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Төрийн албаны тухай хуулийн 17.1-д зааснаар ... ажиллаж байгаа албан
хаагчдаас сонгон шалгаруулж, албан тушаалын сул орон тоог нөхөх эрх ... нь зөвхөн Хашаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид байгаа, мөн хуулийн 17.4-т зааснаар ... тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг харгалзан шалгаруулж авах хүсэлтээ Төрийн албаны төв байгууллагад тавих эрх нь мөн Хашаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид байна.

Гэтэл Архангай аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлөөс Хашаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын сул орон тоо гарсан тул захиалгаа ирүүлэхийг шаардаад байгаа нь хууль бус байтал Архангай аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлийн 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 21 дүгээр тогтоолыг биелүүлэх үүргээ зөрчсөн, мөн уг тогтоолд гомдол гаргаагүй байна гэсэн үндэслэлээр Хашаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийг буруутгаж байгаа нь учир дутагдалтай байна. Хэдийгээр Төрийн албаны салбар зөвлөлийн 21 тоот тогтоолыг хүчингүй болгуулах талаар гомдол гаргаагүй ч хууль бус тогтоол, шийдвэрийг биелүүлэхээс татгалзах эрх нь нээлттэй байтал Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.6 дахь заалтыг анхан болон давж заалдах шатны шүүх буруу тайлбарлан хэрэглэж, хэргийг шийдвэрлэлээ.

Хэрэгт иргэн П.Я-ыг Архангай аймгийн Хашаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилохыг
даалгаад шийдвэрлэж байгаа атлаа тэрхүү албан тушаалд тавигдах шаардлагыг П.Я хангаж байгаа эсэхийг тодруулаагүй, нотлох баримтыг цуглуулаагүй нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 31 дүгээр зүйлийн 31.1 дэх заалтыг зөрчиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж, дутуу нотлох баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй.

Архангай аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл 2015 оны 6 дугаар сард Хашаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ажлын байран дээр сонгон шалгаруулалт зарлаж, сонгон шалгаруулалт явуулсан хирнээ П.Я-ыг томилуулахаар нэр дэвшүүлээд байгаа зэргээс харахад Төрийн албаны салбар зөвлөлийн сонирхол харагдаад байгаа зэрэг нөхцөл байдлыг шүүх тал бүрээс нь харгалзан үзээгүй, зөвхөн Хашаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сул орон тоо гарсаар байхад сул орон тоонд захиалгаа хүргүүлээгүй байгаад хэт анхаарлаа хандуулж шийдвэрлээд байгааг анхаарч үзнэ үү.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч П.Я-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үүгэжээ.

ХЯНАВАЛ:

Архангай аймгийн Хашаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 14 дүгээр тогтоолоор тус Хурлын нарийн бичгийн дарга Ц.П-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөр ажлын байрны сул орон тоо гарсан боловч тухайн Хурал нь Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн жинхэнэ албан тушаалын сул  орон тоо гарсан тохиолдолд ... төрийн жинхэнэ албан хаагчдаас ... сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө”, 17.4-т “... сул орон тоог энэ хуулийн  17.1-д заасан албан хаагчдаас нөхөх боломжгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс ... шалгаруулж авах тухай хүсэлтээ төрийн албаны төв байгууллагад тавина” гэснийг биелүүлж, сул орон тоог төрийн жинхэнэ албан тушаалтнаас нөхөж ажиллаагүй, уг албан тушаалд улс төрийн албан тушаалтныг түр орлон гүйцэтгэгчээр томилж ажиллуулсан, төрийн жинхэнэ албан тушаалд орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс шалгаруулж авах хүсэлтээ төрийн албаны байгууллагад хүргүүлээгүй байна.

Архангай аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс дээрх сул орон тоонд захиалга ирүүлэхийг хүсч, 2013 оны 47, 49, 65 дугаартай албан бичгүүдийг Хашаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад хүргүүлсээр байхад дээрх хуульд заасан журмын дагуу хүсэлтээ ирүүлээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

Улмаар Хайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга буюу төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад тэнцэж, нөөцөд бүртгэгдсэн П.Я-ыг Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор Хашаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн байна.

Хашаат сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2014 оны 21 дүгээр тогтоолыг хууль бус гэж үзсэн хирнээ Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.7-д “Төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн тал уг шийдвэр гарснаас хойш  30  хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно” гэсний дагуу шүүхэд гомдол гаргаагүй, дээрх хуульд заасан хугацаа өнгөрсөн учир мөн хуулийн 39.6-д “Төрийн албаны төв байгууллагын гаргасан шийдвэрийг холбогдох байгууллага, албан тушаалтан биелүүлэх үүрэгтэй” гэж заасныг хэрэгжүүлж ажиллаагүй нь буруу юм.

Мөн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 28, 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 15, мөн оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 16 дугаар тогтоолуудаар П.Я-ыг маргаан бүхий сул орон тоонд томилох боломжгүй гэж 3 удаа татгалзсан нь дээрх хуулийн 351 дугаар зүйлийн 351.6-д “Томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагын санал болгосон нэр дэвшигчийг томилохоос хуульд заасан үндэслэлээр 1 удаа татгалзах эрхтэй ...”, Монгол Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 37-д “Томилох эрх бүхий этгээд Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлийн санал болгосон нэр дэвшигчийг тухайн  албан тушаалд томилохоос татгалзвал энэ тухайгаа зохих үндэслэлийн хамт нэр дэвшигчийн материалыг хүлээн авснаас хойш ажлын 7 өдрийн дотор Төрийн албаны зөвлөл буюу Салбар зөвлөлд албан бичгээр мэдэгдэнэ...” гэж заасныг тус тус зөрчсөн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Төрийн албаны тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиудын холбогдох заалтуудыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлж, хэргийг хуулийн үндэслэлтэй шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэр, магадлал Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.1-д “маргаан бүхий захиргааны акт хууль бус болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох;”, 70.2.4-т “захиргааны актыг гаргахгүй байгаа явдал болон эс үйлдэхүй нь хууль бус гэж тогтоогдсон бол шаардагдах захиргааны актыг гаргахыг тухайн захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгах;”, 87 дугаар зүйлийн 87.1-д “Давж заалдах журмаар захиргааны хэрэг хянан хэлэлцсэн захиргааны хэргийн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзвэл уг шийдвэрийг хэвээр үлдээнэ” гэж заасантай нийцсэн байна.

Иймд, хариуцагчийн өмгөөлөгчийн “... Төрийн албаны салбар зөвлөлөөс ... сул орон тоонд захиалгаа ирүүлэхийг шаардаад байгаа нь хууль бус ... Төрийн албаны салбар зөвлөлийн ... хууль бус тогтоол шийдвэрийг биелүүлэхээс татгалзах эрх нь нээлттэй ... П.Я тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэхийг тодруулаагүй, нотлох баримтыг цуглуулаагүй ...” гэх хяналтын гомдлыг хангаж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэл байхгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 27 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                                   О.ЗАНДРАА