Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 1201

 

 Хын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/03870 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Хын нэхэмжлэлтэй,

Хариуцагч ХХд холбогдох,

 

Түрээсийн гэрээний үүрэгт 9 467 436 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 

 

Хт холбогдох 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 2015-57 тоот үл хөдлөх хөрөнгө түрээслүүлэх, түрээслэх гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай хариуцагч ХХын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ,

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х миний бие үл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниар дамжуулан 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 2015-57 тоот үл хөдлөх хөрөнгө түрээслүүлэх, түрээслэх гэрээгээр ХХХХХХХХ дүүрэг, ХХ хороо, ХХХХХХХХ байрны ХХ тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 1 давхарын 149.71 м.кв талбайтай байраа сарын 1 800 000 төгрөгөөр төлбөрийг cap сард нь авч байхаар иргэн ХХд түрээслүүлсэн. ХХ нь урьдчилгаа 500 000 төгрөг өгөөд гэрээ байгуулсны дараа 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 3 100 000 төгрөг төлсөн бөгөөд энэ төлбөрийн 1 800 000 төгрөг нь барьцаа, 1 800 000 нь төгрөг нь 1 сарын төлбөр юм. Ингээд би ХХд ажлын байр засвар хийх хугацаа өгөөд 2 дахь сарын мөнгийг 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс тооцож авахаар болсон. Гэтэл ХХ нь 2015 мөн өдрөөс хойш өнөөдрийг хүртэл түрээсийн төлбөрөө төлөхгүй байгаа.

Миний бие болон зуучлалын компаниар дамжуулан удаа дараа түрээсийн төлбөр төлөхийг шаардсан боловч авч чадаагүй. Төлбөрөө төлөхийг шаардахад удахгүй өгнө, мөнгө орж ирээгүй байна гэж байсан боловч сүүлдээ Мэргэжлийн хяналтын газраас зөрчил арилгуулах акт тавиулсан үйл ажиллагаа явуулж болохгүй байна гэсэн. Ингээд гэрээгээ цуцалж, ажлын байрыг суллаж өгөхийг хүссэн боловч удахгүй түрээсийн төлбөрөө өгнө гэж бичгээр бидэнд мэдэгдсэн боловч төлөөгүй. ХХаас 2 сарын түрээсийн төлбөр 3 600 000 төгрөг, гэрээний 6.5-т заасны дагуу алданги 90 000 төгрөг, нийт 3 690 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

ХХ нь урьдчилгаа болгон 500 000 төгрөг өгөөд гэрээ байгуулсны дараа буюу 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 3 100 000 төгрөгийг төлсөн. Энэ төлбөрийн 1 800 000 төгрөг нь 1 сарын түрээсийн төлбөр, үлдсэн 1 800 000 төгрөг нь барьцаа юм. Ингээд ХХд ажлын байрыг засвар хийх хугацаа өгч 2 дахь сарын төлбөрийг 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс тооцож авахаар болсон. Гэвч ХХ нь 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар түрээсийн төлбөрт 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хойш ямар нэгэн мөнгө өгөөгүй тул 2015 оны 10, 11 дүгээр сарын түрээсийн төлбөр 3 690 000 төгрөг дээр 2015 оны 12 дугаар сарын түрээсийн төлбөр 1 800 000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сарын түрээсийн төлбөр 1 800 000 төгрөг, 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөр 1 551 724 төгрөг, дулааны зардал 625 712 төгрөг нийт 5 777 436 төгрөг, нийт 9 467 436 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХХ шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ХХ нь ХХХХХХХХ дүүрэг, ХХ хороо, ХХХХХХХХ байрны ХХ тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 1 давхарын 149.71 м.кв талбайг 2015 оны 08 дугаар сарын 27-ны өдөр түрээсийн төлбөр болох 3 600 000 төгрөгийг төлөн түрээслэхээр гэрээ байгуулсан. Түрээсийн хугацааг 2015 оны 09 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн тооцохоор болсон. Түрээслэгч миний бие кимчиний үйлдвэрлэлийн зориулалтаар тус талбайд үйл ажиллагаа явуулна гэдгээ гэрээ байгуулахаас өмнө мэдэгдсэн бөгөөд түрээслэгч тал нь үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж болно хэмээн мэдэгдэж гэрээ байгуулж, түрээсийн төлбөрийг урьдчилан авсан.

Үйлдвэрлэл эхлээд 7 хоноход оршин суугчид зориулалтын бус талбайд үйл ажиллагаа явуулж байна гэж удаа дараа гомдол гарган ажилчдыг зүй бус үгээр доромжилсон. Тус байрны СӨХ-ны дарга болох ХХХХХХХХ нь ХХХХХХ дүүрэг, ХХ хорооны цагдаагийн хамт орж ирэн оффиссын зориулалттай талбайд үйлдвэрлэл эрхэлж буй тул үйл ажиллагааг зогсоож өгөхийг шаардсан. Оршин суугчид болон СӨХ-ны дарга ХХХХХХХХ удаа дараа дүүргийн Мэргэжлийн хяналт, Засгийн газрын гомдол хүлээн авах утас болох 1111, Дүүргийн тамгын газар тус тус гомдол гаргасан. 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Мэргэжлийн хяналтын газраас үйл ажиллагааг түр зогсоосон. Улмаар оршин суугчдын гомдол болон орон сууцны тухай хуулийг үндэслэн үйл ажиллагааг бүрэн зогсоох акт гаргасан. Иймд иргэн Хын нэхэмжилсэн түрээсийн зардлыг төлөх шаардлагагүй гэж үзэж байгаа бөгөөд урьдчилж өгсөн түрээсийн зардал болон ажлын байрны тохижилтын зардлыг хариу нэхэмжлэх болно. 

Үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээнд заасны дагуу түрээслүүлэгч тал түрээслэгч талын үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрэн хангана гэсэн заалт байгаа бөгөөд түрээсийн гэрээний хариуцлагыг биелүүлээгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч Хын нэхэмжлэлийн шаардлагыг надад хариуцуулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие Хтай 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 2015-57 тоот Үл хөдлөх эд хөрөнгө түрээслүүлэх, түрээслэх гэрээ байгуулсан. Уг гэрээний 6.7-д “...гэрээг нотариатаар батлуулж, улсын бүртгэлд бүргүүлнэ...” гэжээ. Уг гэрээг нотариатаар гэрчлүүлээгүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Мөн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг харгалзан үзэхээр байна. Иймд 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 2015-57 тоот үл хөдлөх хөрөнгө түрээслүүлэх, түрээслэх гэрээг хүчин төгөлдөр буст тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Иргэний хуульд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн түрээслүүлэх, түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлнэ, бүртгүүлээгүй бол хүчин төгөлдөр бус болно гэсэн хуулийн зохицуулалттай. Энэ хуулийн зохицуулалт бол хэлбэрийн шаардлага. Бид нарын байгуулсан гэрээ бол хүчин төгөлдөр юм. Яагаад гэвэл энэ гэрээ агуулгын хувьд хүчин төгөлдөр байгаа. Эрх үүргийг нь тодорхой заасан, гэрээний зорилго нь тодорхой, байраа шилжүүлээд өгсөн, бодитойгоор мөнгө төгрөг шилжүүлж өгсөн, иргэний эрх зүйн харилцаа үүссэн. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХаас 2 815 712 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Хт олгож, нэхэмжлэлээс 6 651 724 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8 дахь хэсэгт заасныг баримтлан үл хөдлөх хөрөнгө түрээслүүлэх, түрээслэх гэрээг хүчин төгөлдөр буст тооцуулах тухай ХХын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 197 389 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 72 550 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХаас 193 400 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 2601025961 тоот данснаас 16 010 төгрөгийг, хариуцагч ХХаас 60 001 төгрөг тус тус гаргуулж Хт олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор ул суурьтайгаар судлалгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Хариуцагч нь “Оршин суугчдаас гомдол гаргаж, үйлдвэрлэл явуулах боломжгүй байгаа талаар Хт утсаар мэдэгдсэн, ...Хт би хорооны цагдаа СӨХ-ны ажилтныг танина, би зохицуулчихна” гэсэн хэмээн огт үндэслэлгүй тайлбар хийж, үүнийгээ нотлох баримт гаргаж өгөөгүй байхад шүүх дээрх нөхцөл байдал хөдлөшгүй баримтаар тогтоогдсон мэтээр дүгнэж, улмаар “...түрээслүүлэгч нь гэрээний үүргээ зөрчсөн, агааржуулалтын хоолойг стандартын дагуу угсраагүй тул Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн зөрчил арилгуулахаар өгсөн хугацаа буюу 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш түрээсийн төлбөр шаардах эрхгүй...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

ХХ нь гэрээ байгуулах үед буюу 2015 оны 8 дугаар сард байрыг хүлээн авч, шаардлагатай засварыг хийн үйл ажиллагаагаа явуулах болсон бөгөөд энэ хугацаанд гэрээний 1.2-т заасан үүрэг зөрчигдсөн, үүнийг засаж сайжруулах, гэрээг цуцлах талаар санал гаргаж байгаагүй. Харин түрээслүүлэгчийн зүгээс гэрээгээ цуцалж, байраа чөлөөлүүлэх тухай мэдэгдэхэд “төлбөрийг удахгүй төлнө, 3-5 хоногийн дотор төлнө” гэх тайлбарыг ирүүлж, 2016 оны 04 дүгээр сарыг хүртэл түрээсийн байранд үйл ажиллагаа явуулсан хэвээр байсан. Иймд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 02, 03-236/253 тоот “Зөрчил арилгуулах тухай” улсын ахлах байцаагчийн албан шаардлага ирүүлсэн нь түрээслүүлэгчийн түрээсийн төлбөрийг шаардах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй юм.

Дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч Х нь хариуцагч ХХд холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 9 467 436 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

            Нэхэмжлэгч түрээсийн гэрээний үүрэг шаардсан гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан бол хариуцагч татгалзлаа түрээсийн байр нь хүнсний үйлдвэрлэлийн зориулалтгүй байснаас ашиглаж чадаагүй, үйл ажиллагааг мэргэжлийн хяналтын газар зогсоосон тул түрээсийн төлбөр төлөхгүй гэж гаргасан байна.

            Зохигчид 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 2015-57 дугаартай үл хөдлөх хөрөнгө түрээслүүлэх, түрээслэх гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, түрээслүүлэгч ХХХХХХХХ дүүргийн ХХ дугаар хороо, ХХ дугаар байрны ХХ тоот хаягт байрлах үйлчилгээний зориулалттай 149.71 м.кв талбайтай байрыг түрээслэгчид хүлээлгэн өгч, түрээслэгч нь түрээсийн төлбөрт сар тутам 1 800 000 төгрөгийг төлөхөөр тохиролцож гарын үсэг зурсан боловч уг гэрээг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүй байна.

            Үл хөдлөх хөрөнгө түрээслэх тухай дээрх гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус  бөгөөд талуудад түрээсийн гэрээний дагуу шаардах эрх үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

Гэвч хариуцагч нь бодит байдалд нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг өөрийн эзэмшил, ашиглалтад байлгаж, үйлчилгээний зориулалттай 149.71 м.кв талбайтай байрыг 2016 оны 4 дүгээр сард буцаан хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон байна.

Иймээс хариуцагчийг бусдын эд хөрөнгийг хууль болон гэрээнд заасан үндэслэлгүйгээр эзэмшиж, ашигласан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч нь хөрөнгөө бодитоор бусдын эзэмшилд байсан хугацааны төлбөрийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч Х үл хөдлөх хөрөнгийг хүлээлгэн өгөх үедээ 1 сарын төлбөр 1 800 000, барьцаа 1 800 000, нийт 3 600 000 төгрөгийг  хариуцагч ХХаар урьдчилан төлүүлсэн байх боловч 2015 оны 10 дугаар сарын 05-наас тооцож төлбөрийг авахаар тохиролцсон үйл баримт тогтоогдсон, талууд энэ үйл баримтын талаар маргаагүй. Хариуцагч нь байрыг хүнсний үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах гэсэн боловч ашиглаж чадаагүй гэж тайлбарласан ба уг байрыг өөр үйл ажиллагаанд ашиглах боломжгүй болсон талаар болон буцаан хүлээлгэж өгөх талаар нэхэмжлэгч талд мэдэгдэж байсан талаар хэрэгт баримт авагдаагүй байна.

Хэргийн дээрх нөхцөл байдлуудаас үзвэл хариуцагч нь байрыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах боломжгүй байсан гэх боловч буцааж хүлээлгэн өгөөгүйд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн 2016 оны 2 дугаар сарын 25-ныг хүртэл төлбөр шаардсаныг хангах үндэслэлтэй гэж үзэв.   

Төлбөрийг 2015 оны 10 дугаар сарын 5-наас хойш нэхэмжлэл гаргах хүртэл 4 сар 20 хоногийн хугацаанд байрыг эзэмшил, ашиглалтдаа байлгасныг бодитой буцаах боломжгүй тул уг үр дагаврыг нэхэмжлэгч байрыг түрээсэлсэн бол сард 1 800 000 төгрөг олох боломжтой байсан гэж үзэн 8 400 000 төгрөг төлөх үүрэг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагчийн хувьд үүсэх тул түүний нэхэмжлэгчид урьдчилан төлсөн 3 600 000 төгрөгийг хасаж 4 800 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгч нь байрны дулааны зардалд 625 712 төгрөг шаардсан нь баримтаар нотлогдсоноос гадна хариуцагч зөвшөөрсөн тайлбар өгсөн байх тул уг зардлыг шүүх хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 496.1 дэх хэсэгт нийцнэ.

Талуудын хооронд байгуулсан гэрээ нь хуулиар тодорхойлсон хэлбэрийн шаардлагыг хангахгүй хүчин төгөлдөр бус гэх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэйгээс гадна нэхэмжлэгч Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.9 дэх хэсэгт зааснаар Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тодорхойлсон алданги шаардах эрхгүй.

Шүүх түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хууль зүйн үндэслэлтэй байхад хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байхаас гадна үндсэн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсгийг баримталсан нь буруу тул шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэлийг 5 425 712 төгрөгийн хэмжээнд хангаж Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасанд нийцэхгүй тул 4 041 724 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулна. 

Мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасныг баримтлан  сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад оруулж, нэхэмжлэлийг хангасан дүн өөрчлөгдсөн болон сөрөг нэхэмжлэлийг хангасантай холбоотойгоор шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтаар улсын тэмдэгтийн хураамжийг зохигчдод хуваарилсан дүнд мөн өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/03870 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6” гэснийг “492 дугаар зүйлийн 492.1.1, 496 дугаар зүйлийн 496.1” гэж, “2 815 712” гэснийг “5 425 712” гэж, “6 651 724” гэснийг “4 041 724” гэж тус тус өөрчлөн, 

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “үл хөдлөх хөрөнгө түрээслүүлэх, түрээслэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай ХХын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “хариуцагч ХХын үл хөдлөх хөрөнгө түрээслүүлэх, түрээслэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хангасугай” гэж өөрчлөн ,

тогтоох хэсгийн 3 дахь заалтаас “хариуцагч ХХаас 193 400 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах гэснийг хасч, “60 001 төгрөг” гэснийг 29 211 төгрөг” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг  хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 121 400 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                        ШҮҮГЧИД                                           Д.БАЙГАЛМАА

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ