Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 202/МА2024/00005

 

 

 

2024 01 22 202/МА2024/00005

 

 

 

Ч.Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч ерөнхий А.Сайнтөгс даргалж, шүүгч Н.Болормаа, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Г.Тэгшсуурь нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд цахимаар хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Ариунзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 136/ШШ2023/00567 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Дорноговь * тоотод оршин суух, Ү овогт Ч.Гын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг, * оршин суух Р-д холбогдох,

Ачаа тээвэрлэлтийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 36,880 ам доллар буюу 127,236,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгч Ч.Гын гомдлыг үндэслэн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Г , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ж /зайнаас цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М /зайнаас цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Намуунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ч.Гын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ... Д ХХК , Ч.Г  нар нь БНХАУ-ын иргэн Ртэй Ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулан 2011 оноос 2016 он хүртэлх хугацаанд Монгол улсаас Бүгд найрамдах Хятад ард Улс руу жонш экспортлоход хамтран ажиллаж, Д ХХК -ийн тусгай зөвшөөрлийг ашиглан вагоноор жонш тээвэрлэн экспортолсон байх бөгөөд 2016 оны 04 дүгээр сараас 2016 оны 10 дугаар сар хүртэлх хугацааны ачаа тээвэрлэлтийн ажлын хөлсний үлдэгдэл нийт 36,880 доллар буюу 127,236,000 төгрөг болсон байна. Мөн Ч.Г  миний бие 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Д ХХК -тай Шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулаад байна. Тус гэрээний дагуу шаардах эрх шилжүүлэгч Д ХХК  нь БНХАУ-ын иргэн Ртэй байгуулсан Ачаа тээвэрлэлтийн гэрээ-ний дагуу 2016 оны 04 дүгээр сараас 2016 оны 10 дугаар сар хүртэлх хугацааны ачаа тээвэрлэлтийн ажлын хөлсийг Р гээс гаргуулахтай холбоотой бүхий л шаардах эрхийг Ч.Г  миний биед шилжүүлсэн болно.

1.2. Д ХХК -ийн захирал С.Ж 2018 оны 04-р сарын 18-нд Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын Цагдаагийн хэлтэст Р нь 2012-2014 оны хооронд 88 вагон Д ХХК -д мэдэгдэлгүй ачиж, 400 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан гэж гомдол гаргаж, Хэнтий аймгийн Бор-өндөр сум дахь сум дундын Прокурорын газрын прокурорын 2021 оны 10-р сарын 08-ны өдрийн дугаар 44 тоот тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан. Дээрх төлбөр төлөх үүрэг хүлээсэн Р үүргээ биелүүлээгүй тул төлбөр төлж барагдуулах мэдэгдлийг 2023 оны 04-р сарын 07-нд Монгол шуудангаар илгээж Р хүлээж авсан боловч өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Иймд 2016 оны 04 дүгээр сараас 2016 оны 10 дугаар сар хүртэлх хугацааны ачаа тээвэрлэлтийн ажлын хөлсний үлдэгдэл нийт 36,880 америк доллар буюу 127,236,000 төгрөгийг Рээс гаргуулж өгнө үү.

1.3. ... би 2016 онд Ртэй тухайн үеийн хашаар 70,000,000 гаруй төгрөгийн маргаан гаргасан. Одоо яагаад 127,000,000 төгрөг гээд байгаа нь тухайн үед нэхэмжлэл гаргахаасаа өмнө 2016 оны ханшаар бодож байсан юм. Тэгсэн хууль эрх зүйн талаасаа өнөөдрийн ханшаар бодоод нэхэмжлэх эрхтэй юм байна. гэжээ.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2.1. ...нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийн шаардлагад дурдаад буй үйл баримт нь өмнө нь Рний нэхэмжлэлтэй Ч.Г д холбогдох 587,128,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Ч.Г  нь хариу тайлбартаа тусган мөн энэхүү хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг гарган өгсөн байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол хэргийг хэрэгсэхгүй болгоно. гэжээ.

2.2. Нэхэмжлэгч Ч.Г  нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Ртэй 2011 оноос 2016 он хүртэл хугацаанд ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулан хамтран ажилласан байх бөгөөд хамтран ажиллах гэрээг Монгол Улсын иргэний хуульд заасны дагуу амаар байгуулсан болно. Иймд Ч.Гын Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэний Рд хандан гаргасан нэхэмжлэл нь иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэгч Ч.Гын шүүхэд хандан гаргасан 36,880 ам доллар буюу 127,236,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 407 дугаар зүйлийн 407.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ч.Гын нэхэмжлэлтэй Рд холбогдох 36,880 ам доллар буюу 127,236,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 794,130 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч Ч.Г  гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-д "Эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхтэй холбогдсон маргааныг эрүүгийн хэрэг нь шийдвэрлэгдээгүй байхад иргэний журмаар хэлэлцэхгүй гэж зааснаар Рд холбогдох 2016 оны ачилтын дутуу тооцоо, хохирлыг 2018-2021 оны хооронд эрүүгийн журмаар шалгуулан улмаар Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 44 дүгээр тогтоолоор гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хааж, тогтоох хэсгийн 3-д иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тодорхой тогтоосон байдаг.

Ийнхүү Ч.Г  миний бие 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 44 дүгээр тогтоол гарснаас хойш Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил" гэж заасны дагуу 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. ...Иймд С.Жны цагдаад гаргасан гомдол нь 2012-2016 оны 10 дугаар сар хүртэлх Рний үйлдэлтэй холбоотой гомдол бөгөөд тус үйл баримтыг прокурорыг тогтоолоор тогтоосон, тус тогтоолд тогтоосны дагуу иргэний журмаар нэхэмжлэлээ хөөн хэлэлцэх хугацааны дотор гаргасан тул Дорноговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 136/1/2023/00567 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү . гэв.

5. Нэхэмжлэгч Ч.Гын өмгөөлөгч Ц.Ж давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анхан шатны шүүх хамааралтай байгаа асуудлыг зөвхөн вагон ачсантай холбоотойгоор л хамааралгүй байна гэж дүгнээд байгаа. Тэгэхээр энэ дээр хөөн хэлэлцэх хугацаа дүгнэх гэхээр төлөх ёстой төлбөр буюу тухайн гэрээтэй холбоотой гэрээний үүргийн харилцаа байсан. Энийг давхар эрүүгийн журмаар шалгах процесст энийг шалгаж байсан гэдэг дээр анхан шатны шүүх огт олж хараагүй щ дээр гомдолтой байгаа. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг илгээмжийн гэрээний харилцаа үүссэн гэж зохицуулаад байгаа. Тэгэхээр энэ илгээмжийн гэрээний зүйл нь жонш болно гэдэг дээр өмгөөлөгчийн хувьд эргэлзэж байна. Илгээмж гэдэг нь өөрөө ямар агуулгатай билээ. Анхан шатны шүүхээс талуудын дунд үүссэн харилцааг анхнаасаа буруу тодорхойлон дүгнэлт хийж, прокурорын дүгнэлт дээр хамаарал бүхий этгээд гэж дүгнэлт хийж чадаагүй учраас алдаатай дүгнэлт хийж хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар тайлбарлахдаа 1хх-216 талд авагдсан 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоолыг дурдан яриад байна. Энэ ямар асуудалд холбогдуулан хэрэг нээсэн гэхээр Р ХХК ХХК, Д компанид мэдэгдэлгүй 2012 оноос эхлэн 5445 тонн жоншийг хууль бусаар экспортод гаргасан гэж эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан.

Энэ хэргийг шалгаж байгаад 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн прокурорын хэрэг хаасан тухай тогтоол байгаа. Агуулга нь юу гэхээр энэ хууль бусаар 5445 тонн жонш гаргасан гэдэг үйлдэл нь тогтоогдохгүй байна. Хэрэв яг энэ асуудлаар хохирсон бол иргэний журмаар нэхэмжилж болно гэсэн тогтоол байгаа. Гэтэл нэхэмжлэгч тал зөвхөн Р гэх БНХАУ иргэнд холбогдуулан энэ нэхэмжлэлийг гаргаад байгаа. Үнийн хувьд ч цаг хугацааны хувьд хамаатуулж байгаа этгээдийн хувьд бүгд зөрүүтэй. Энэ хэрэг дээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Гэрээтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацаа 3 жил, ерөнхий хугацаа 10 жил байдаг. Энэ хугацаанд яагаад энэ талаар гомдол гаргаагүй юм. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөл юу байгаа юм гэдэг дээр ямар ч баримт байдаггүй. Тиймээс шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч гэж хүсэж байна гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч Ч.Гын давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрлэлээ.

1. Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна. Тодруулбал:

2. Нэхэмжлэгч Ч.Г  нь хариуцагч Рд холбогдуулан ...Д ХХК  нь Хятад Улсын иргэн Ртэй 2011-2016 оны хооронд Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу жонш экспортлоход хамтран ажилласан, 2016 оны 4 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд жонш экспортлоход хөлсийг дутуу төлсөн, дутуу төлбөр 36,880 ам доллар буюу 127,236,000 төгрөгийг гаргуулна гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: ...нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, Ч.Г  нь Ртэй 2011-2016 онд ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулан хамтран ажилласан, гэрээг амаар байгуулсан, төлбөр тооцоог бүрэн төлж барагдуулсан, тооцоо байхгүй, хэргийн хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар дууссан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргасан байна.

3. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 407 дугаар зүйлийн 407.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Ч.Гын нэхэмжлэлтэй, Рд холбогдох 36,880 ам доллар буюу 127,236,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн.

Энэ шийдвэрийг нэхэмжлэгч Ч.Г  эс зөвшөөрч ...Рд холбогдох 2016 оны ачилтын дутуу тооцоо, хохирлыг шалгуулаад прокурорын 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 44 дүгээр тогтоолоор хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хааж, тогтоох хэсгийн 3-д иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг тогтоосон, энэ дагуу анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, шүүх хохирогч С.Ж , гэрч Ч.Гын мэдүүлэг болон прокурорын тогтоолд заасан хугацаа болох 2016 оны 4-өөс 9 дүгээр сарын хугацаанд үйлдэл байгаа болохыг тогтоосон нотлох баримтыг үнэлэлгүй энэ хугацааны асуудлын талаар гомдол гаргаагүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, С.Жны цагдаад гаргасан гомдол Рний үйлдэлтэй холбоотой, нэхэмжлэлээ хөөн хэлэлцэх хугацааны дотор гаргасан тул шийдвэрийг хүчингүй болгож, өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

4. Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбарыг харьцуулан үзвэл:

4.1. Д ХХК  нь Ртэй Ачаа тээвэрлэлт-ийн гэрээг амаар байгуулан Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад ард Улс руу жонш экспортлоход хамтран ажиллаж, Д ХХК -ийн тусгай зөвшөөрлийг ашиглан вагоноор жонш тээвэрлэн экспортолсонтой холбоотой тээвэрлэлтийн үлдэгдэл төлбөр 36,880 ам долларыг Р төлөөгүй гэсэн үндэслэлээр энэ төлбөрийг шаардах эрхээ Ч.Г д шилжүүлсэн гэрээ/2хх248-249/ байгуулж,

гэрээнд заасны дагуу Ч.Г аас 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Рд ...Ачаа тээвэрлэлтийн гэрээ-ний дагуу 2016 оны 04 дүгээр сараас 2016 оны 10 дугаар сар хүртэлх хугацааны ачаа тээвэрлэлтийн ажлын хөлс 74 145, 930 төгрөгийг 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн дотор төлөхийг мэдэгдэж байна гэсэн мэдэгдэл/1хх 237/-ийг хүргүүлсэн,

нэхэмжлэгч Ч.Г  2023 оны 06 дугаар сарын 05-нд гэрээний дагуу Анхан шатны шүүхэд, хариуцагч Рээс 36,880 ам доллар буюу 127,326,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх буюу Иргэний хуульд заасны дагуу Д ХХК  болон Р нарын хооронд амаар тохирч, байгуулсан гэрээний үүрэгтэй холбоотой буюу ачаа тээвэрлэлтийн гэрээний гүйцэтгээгүй үүргийг шаардсан нэхэмжлэлийн ийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

4.2. Талуудын хооронд үүссэн гэрээний харилцаатай холбоотой 127,326,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх ба прокурорын Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол/2хх 241-247/-д заасан үйл баримт нь нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй талаар шийдвэрт дурдсаныг үндэслэл бүхий гэж үзнэ.

Тодруулбал прокурорын тогтоолд ...Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Р  ХХК-ний захирал Р , Ц.А нар 2012 оноос эхлэн Д ХХК -нд мэдэгдэлгүй нийт 5445 тн буюу 88 вагон жоншийг хууль бусаар экспортоор гаргаж, 74,145,930 төгрөгийн хохирол учруулсан хэргийг шалгасан материалтай танилцахад гээд хохирогч С.Жны ...Р 2012 онд 37, 2013 онд 41, 2014 онд 10, нийт 88 вагон жоншийг манай компанид мэдэгдэлгүй хулгайгаар ачиж, тээвэрлэж экспорт хийсэн, манай компанид гэрээ байгуулсны дагуу төлөх ёстой гэж тэмдэглэгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогчийн гомдолд дурдсан үндэслэлээр мөрдөгчөөс хэргийг нээж, шалгасны эцэст хэргийг хаах саналыг прокурорт хүргүүлжээ.

Мөрдөгч нь хохирогчийн гомдолд дурдсан асуудлын хүрээнд л гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгаж, тогтоох үүрэгтэй бөгөөд энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх хуулийн шаардлагад нийцнэ.

Прокуророос хохирогч С.Жны 2012-2014 онд хууль бусаар жонш гаргаж, 74,145,930 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримттай холбоотой хэрэг бүртгэлтийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хааж, гомдол гаргагч С.Жыг өөрт учирсан хохирлоо иргэний журмаар шүүхэд хандан шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсан байх ба нэхэмжлэгч Ч.Гын нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хугацаа буюу 2016 оны 04 дүгээр сараас 10 дугаар сард жонш гаргасан ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 36,880 ам доллартой холбоотой асуудлаар хохирогч С.Ж гомдол гаргаагүй байна.

Түүнчлэн прокурорын тогтоолд тэмдэглэсэн, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт/2хх 245-247/ болох хохирогч, гэрчийн мэдүүлэг, Аудитын дүгнэлтээр хохирогч С.Ж нь Р ийг 2016 оны 04 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд жонш экспортлоход тээвэрлэлтийн төлбөрөөс 36,880 ам долларыг төлөөгүй гэж гомдол гаргаагүй буюу талуудын хооронд байгуулагдсан жонш тээвэрлэх гэрээний үүрэгтэй холбоотой гомдол гаргаж шалгуулаагүй, энэ үйл баримтын талаар мөрдөгч, прокурор шалгаж, шийдвэрлээгүй болно.

4.3. Прокурорын тогтоолд дурдсан хохирол нэхэмжлэх заалтын тухайд:

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 1, 3, 222 дугаар зүйлийн 222.7-д тус тус зааснаар гэрээний аль нэг тал үүргээ зөрчсөнөөс нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирлыг арилгуулах, энэ тохиолдолд үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй хэдий ч хохиролд нэхэмжлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл мөн нэхэмжлэгчид зайлшгүй орох байсан орлого зэргийг тооцдог учир хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, прокурорын тогтоолын дээрх заалт нь Ч.Гын гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох хариуцагчаас 36,880 ам доллар гаргуулах шаардлагад хамааралгүй.

Харин хохирогч С.Жыг 88 вагон жоншийг Р хулгайгаар ачиж, тээвэрлэж экспорт хийсэн гэх гомдолтой холбоотой хохирлыг нэхэмжлэх тухайд юм.

Өөрөөр хэлбэл Ч.Г  /Д ХХК /-ын нэхэмжлэлтэй, Рд холбогдох 2016 оны жонш ачилтын хөлсний үлдэгдэл төлбөр 36,880 ам доллар гаргуулах шаардлага нь гэрээний үүрэгтэй холбоотой байх ба эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхтэй холбогдсон, эрүүгийн журмаар шийдвэрлэсэн маргааны үйл баримтад огт хамааралгүй учир нэхэмжлэгч Ч.Гын ...2016 оны ачилтын дутуу тооцоо, хохирлыг 2018-2021 оны хооронд эрүүгийн хэргийн журмаар шалгуулан, прокуророос хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хааж, иргэний журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг тогтоосон учир хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэсэн гомдлыг хангах үндэслэлгүй, нэхэмжлэгч Иргэний хуульд заасны дагуу гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэлийн шаардлагыг гаргаагүй байна.

4.4. Жонш тээвэрлэлтийн гэрээний дагуу хамтран ажилласан хугацааг 2012-2016 он гэж, гэрээг амаар байгуулсан талаар зохигч тайлбартаа тодорхой тусгасан, маргаагүй учир Иргэний хуульд заасны дагуу гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх ба энэ нь гэрээний бүх төрөлд хамаарна. Тухайн гэрээний төрөл нь өөртөө хөөн хэлэлцэх тусгай хугацааг агуулаагүй бол энэ зүйл заасан хугацаа үйлчилнэ. Учир нь хөөн хэлэлцэх хугацаа гэж зөрчигдсөн эрхийг хамгаалуулах эрхийг тодорхойлж буй хугацаа юм.

Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд шаардах эрх нь зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсэх бөгөөд эдгээр дурдсан нөхцөл байдлыг хянаж, үзэхэд С.Ж , Ч.Г  нарын тооцоо нийлсэн /1хх7/ баримтаас өөр шаардах эрх үүссэн хугацааг тогтоох нөхцөл байдал тогтоогдохгүй байна, иймд 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 2 вагон жонш Хятад Улс руу илгээсэн гэсэнд үндэслэн сүүлийн жоншийг илгээсэн энэ хугацаанаас хөөн хэлэлцэх хугацааг тоолж, хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэж үзсэн нь үндэслэлтэй.

4.5. Нэхэмжлэгч Ч.Гын ...хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан прокурорын тогтоолын дагуу иргэний шүүхэд нэхэмжлэлээ гаргасан гэсэн тайлбар бодит байдалд нийцэхгүй үндэслэлгүйн зэрэгцээ мөн бусад нотлох баримтаар хөөн хэлэлцэх хугацааны дотор нэхэмжлэлийг гаргасан, хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Иймд эдгээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, түүний гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 792,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 136/ШШ2023/00567 дугаартай шийдвэрийг дугаартай шийдвэрийг шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ч.Гын давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.4, 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч Ч.Гын давж заалдсан гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 794,130 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4, 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаас хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САЙНТӨГС

ШҮҮГЧИД Г.ТЭГШСУУРЬ

Н.БОЛОРМАА