Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
Хэргийн индекс | 102/2016/02598/И |
Дугаар | 03532 |
Огноо | 2016-04-28 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 03532
2016 оны 4 сарын 28 өдөр | Дугаар 102/ШШ2016/03532
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянго, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 1-р хороо, 1-р байрны 35 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр ШЗ79060479, Монгол овогт Баярсайханы Зоригийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15-р хороо, Үйлдвэр ХД, 86-р байрны 1 тоотод оршин суух, регистр ЧЖ79061105, Боржигон овогт Дуулгын Оюунгэрэлд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2 370 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Зориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Зориг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.Оюунгэрэлтэй 2015 оны 1-р сарын 28-ны өдөр “Зээлийн гэрээ байгуулан 2 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн. Зээлийн гэрээг 2015 оны 10-р сарын 28-ны өдрийг хүртэл хүү, алдангийг хэвээр сунгасан. Д.Оюунгэрэл нь зээлийн хүүгээ тогтмол төлж байсан боловч гэрээний хугацаа дууссанаас хойш зээлээ төлөөгүй. Иймд зээлийн үлдэгдэл 1 580 000 төгрөг, алданги 790 000 төгрөг нийт 2 370 000 төгрөгийг Д.Оюунгэрэлээс гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Б.Зориг нь Д.Оюунгэрэлд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 2 370 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж дүгнэлээ.
Б.Зориг нь Д.Оюунгэрэлтэй 2015 оны 01-р сарын 28-ны өдөр “Зээлийн гэрээ” байгуулж 2 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, 7 хувийн хүүтэйгээр зээлүүлэх, зээлдэгч зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохирчээ. Талуудын хооронд Иргэний хуулийн 281, 286-р зүйлд заасан “Зээлийн гэрээ” байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна. /хх 3/
Зээлдэгч Д.Оюунгэрэл нь зээлийн гэрээний хугацаа дуусахад 2 140 000 төгрөг төлөх үүрэгтэй байсан бөгөөд талууд тохиролцон гэрээний хугацааг 2015 оны 10-р сарын 28-ны өдрийг хүртэлх дээрх нөхцөлөөр /хх 4/ сунгажээ.
Зээлдэгч гэрээний хугацаанд зээлийн хүүг төлж байсан талаар нэхэмжлэгч маргаагүй, харин үндсэн зээлээс төлөөгүй 1 580 000 төгрөг, алданги 790 000 төгрөг нийт 2 370 000 төгрөг гаргуулахаар шаардсан байна.
Хариуцагч Д.Оюунгэрэл нь нэхэмжлэлийн хувийг 2016 оны 3-р сарын 29-ний өдөр хүлээж авсан боловч 14 хоногийн дотор нэхэмжлэлд тайлбар, татгалзсан үндэслэл, нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн шүүх хуралдааны мэдэгдлийг 2016 оны 3-р сарын 21-ний өдөр мэдэгдсэн боловч ирээгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72-р зүйлийн 72.3, 100-р зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар Д.Оюунгэрэл нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6, 281-р зүйлийн 281.1, 286-р зүйлийн 286.2 дахь хэсэгт заасныг баримтлан Дуулгын Оюунгэрэлээс 2 370 000 /хоёр сая гурван зуун далан мянга/ төгрөг гаргуулж Баярсайханы Зоригт олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 52 900 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Д.Оюунгэрэлээс 52 900 төгрөг гаргуулж Б.Зоригт олгосугай.
Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА