Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/00036

 

 

2023 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/00036

 

 

 

А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2023/03462 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б ХК, В ХХК-д тус тус холбогдох,

6,800,000 ширхэг ард койныг Ард аппликэйшн дэх нэхэмжлэгчийн дансанд буцаан шилжүүлэх, ард койны дансыг захиран зарцуулах эрхийг сэргээхийг тус тус даалгах тухай иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Дамбаасүрэн, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Миний бие 2013 оноос Б ХК болон түүний охин компаниудад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан ба 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгож, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Өөрийн ажиллаж байсан Б ХК болон түүний охин компани Г ББСБ ХК-ийн харилцагч болж 2018 оноос эдгээр компанийн санал болгодог Ард Апп гар утасны аппликэйшнээр дамжуулан харилцах данс, зээл, үнэт цаас худалдах, худалдан авах үйлчилгээ болон виртуал хөрөнгөд хөрөнгө оруулж, эзэмших, арилжаалах зэрэг үйлчилгээг авч ирсэн.

Гар утасны аппликэйшнээр дамжуулан Г ББСБ-тай зохих гэрээг байгуулж хэд хэдэн дансуудыг эзэмшдэг ба ард койны 110027000196 тоот дансанд 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 13,603,973 ширхэг ард койн хадгалагдаж байсан.

Дээрх эдийн бус хөрөнгийг хууль ёсоор, шударга хөдөлмөрөөрөө олж авсан. Мөн Б ХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувьд компанийн ногдол ашгийг ард койноор олгож байсныг хүлээн авч хуримтлуулсан. Тухайн үед ард койныг 2 жилийн хугацаанд захиран зарцуулах эрхгүй нөхцөлтэйгээр олгож байсан гэдэг бөгөөд уг хугацаа нь 2021 оны 7 дугаар 16-ны өдөр дуусгавар болсон.

Гэтэл 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр надад мэдэгдэлгүй, миний данснаас 6,800,000 ширхэг урамшууллын ард койныг В ХХК руу татав гэх утгатай зарлагын гүйлгээ хийгдсэн бөгөөд тухайн өдрийн ханшаар бирж дээр нэг ширхэг ард койн 150 төгрөгөөр арилжаалагдаж байсан Үүний дагуу тооцоолол хийвэл 1,020,000,000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгийг Б ХК болон В ХХК-ийн удирдлагуудын шийдвэр, үйлдлийн улмаас харилцагч миний данснаас зөвшөөрөлгүй авч, их хэмжээний хохирол учруулсан.

Энэхүү хууль бус үйлдлийн талаар Б ХК-д мэдэгдэж, тайлбар хүссэн боловч гүйцэтгэх захирлын шийдвэрээр дээрх үйлдлийг хийсэн гэж утсаар мэдэгдсэнээс өөр албан ёсны тайлбар, мэдэгдэл өгөөгүй.

Иймд хууль бусаар эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр данснаас татсан 6,800,000 ширхэг ард койныг Ард аппликэйшн дэх нэхэмжлэгчийн ард койны дансанд буцаан шилжүүлэх, мөн нэхэмжлэгчийн ард койны дансыг захиран зарцуулах эрхийг сэргээхийг Б ХК болон В ХХК-д даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагч Б ХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

Б ХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шийдвэрийн дагуу А-ын урамшууллын онооноос 6,800,000 ширхэг ард койныг буцаан татах болсныг Б ХК-ийн хүний нөөцийн менежерээс А-од утсаар мэдэгдсэн.

Б ХК-аас А-од нийт 11,900,000 ширхэг ард койны урамшууллыг түгжээтэй, тодорхой хугацаанд захиран зарцуулах эрхгүй олгосон ба урамшуулал олгогчийн зүгээс тодорхой хэсгийг буцаан татах хүсэлт илгээсний дагуу В ХХК гүйлгээг хийсэн.

А- нь Б ХК болон түүний холбоотой компаниудад олон жилийн хугацаанд эрх бүхий албан тушаалд ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Ажиллах хугацаандаа гэрээ, хэлцэлд заасан өндөр хэмжээний цалин, урамшуулал, шагналд байнга хамрагдаж ирсэн юм. Харин нэхэмжлэлд дурдагдаж байгаа хураагдсан ард койныг Б ХК-аас үнэ төлбөргүй, урт хугацаанд тогтвортой, үр бүтээлтэй ажиллуулах зорилго нөхцөлтэйгээр урамшуулал болгон олгосон бөгөөд Ард апп дахь өөрийнх нь урамшууллын онооны дансанд түгжээтэй байршуулсан.

А-од олгосон койныг урамшуулал, цалин хөлс, ноогдол ашгаар олгосон талаар шийдвэр баримт байхгүй. Хөдөлмөрийн тухай хуульд цалин хөлсний хэлбэрийг зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр олгоно гэж заасан байдаг. Койныг ажилтныг удаан хугацаанд ажиллуулах зорилгоор олгосон. Нэхэмжлэлд дурдсан данс нь байгууллагын өөрийн данс, А- койныг мөнгө төлж шударгаар олж аваагүй. Нэхэмжлэгчид учирсан хохирол байхгүй, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байгаа учир хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Хариуцагч В ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

Б ХК-ийн зүгээс нийт 11,900,000 ширхэг ард койны урамшууллыг В ХХК-аар дамжуулж А-од түгжээтэй олгосон байдаг. Б ХК-аас 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр А-ын урамшууллын онооноос 6,800,000 ширхэг ард койныг буцаан татах болсон тухай ирүүлсэн албан хүсэлтийг үндэслэн В ХХК тус гүйлгээг хийсэн.

Нэхэмжлэгч нь тус ард койныг захиран зарцуулах эрхгүй, түгжээтэй урамшуулал бөгөөд бид урамшуулал олгогчийн шийдвэрээр тус арга хэмжээг авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасныг баримтлан А-ын эзэмшлийн 110027000196 тоот данснаас хууль бусаар данс эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр татсан 6,800,000 ширхэг ард койныг Ард аппликэйшн дэх А-ын ард койны 110027000196 тоот дансанд буцаан шилжүүлэхийг болон, А-ын ард койны 110027000196 тоот дансыг захиран зарцуулах эрхийг сэргээхийг Б ХК, В ХХК нарт тус тус даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хараамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Б ХК, В ХХК нараас 140,400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А-од олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. А- нь Б ХК болон В ХХК-д ажиллаж байгаагүй, хөдөлмөрийн эрх зүйн харилцаа эдгээр аж ахуйн нэгжтэй үүссэн нь шүүхээр хэлэлцэгдсэн баримт, талуудын тайлбараар тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч А- нь 2015 оноос 2020 оны хооронд "Ард Даатгал" ХХК-тай хөдөлмөр эрхлэлтийн харилцаатай байсан атал анхан шатны шүүх нэхэмжлэгч А-, хариуцагч Б ХК нарын хооронд хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн. А-ыг Б ХК-тай ямар нэгэн хөдөлмөрийн харилцаа үүсээгүй талаар хариуцагчаас маргасан байхад анхан шатны шүүх нь хариуцагч нарын тайлбарт дүгнэлт өгөөгүй.

4.2. Нэхэмжлэгч А-оос Улсын Ерөнхий прокурорын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1/797 дугаартай хариу мэдэгдэх хуудсыг хэрэгт гаргаж өгсөн ба үүнд үйл баримтыг дурдаж, ард койныг А-од шилжүүлсэн боловч хөдөлмөрийн гэрээ дуусгавар болсон, урамшууллын койныг татан авах шийдвэрийн дагуу татан авалт хийгдсэн тул буцаан татан авсан үйлдлийг хууль бус аргаар авсан гэж үзэх үндэслэлгүй болохыг хэдийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шалган тогтоосон байтал анхан шатны шүүх нь дээрх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг хэрэгт нотлох баримтын шаардлага хангуулан бүрдүүлээгүй атлаа нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагад хамаарахгүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

4.3 Нэхэмжлэгчийн 2 нэхэмжлэлийн шаардлага нь хоёр хариуцагчийн хэнд холбогдуулан гаргасан нь тодорхойгүй. Мөн нэхэмжлэгч А- нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 6,800,000 ард койн нь "...цалин, ажлын үр дүнгийн урамшуулал, хувьцаа эзэмшигчийн урамшуулалд хүлээн авч ... хөдөлмөрөөрөө олж авсан хөрөнгө" гэж тодорхойлсон боловч аль хэсэг нь цалин, урамшуулал, аль хэсэг нь хувьцаа эзэмшигчийн урамшуулал буюу ногдол ашиг болохыг тодорхойлж чадаагүй. Нэхэмжлэгч нь 6,800,000 ард койныг цалин, урамшуулал, хувьцаа эзэмшигчийн урамшуулал буюу ногдол ашиг гэж үзэн нэхэмжлэл гаргасан байтал анхан шатны шүүх нь зөвхөн урамшуулал гэж үзсэн нь нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойгүй болгож байна.

4.4 Хөдөлмөрийн тухай /1999 оны хуулийн/ 126 дугаар зүйлийн 126.1, 127 дугаар зүйлийн 127.1, 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2 дахь хэсэгт зааснаар А- нь 6,800,000 койныг түүнийг данснаас нь татсан өдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан таслах комисст гомдлоо гаргаж, маргаан таслах комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногийн зохих дүүргийн шүүхэд давж заалдах гомдол гаргах үүрэгтэй байсан боловч А- нь 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр буюу бүхэл бүтэн 4 сарын хугацаа өнгөрсний дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуулийн дээрх дээрх зохицуулалтыг ноцтой зөрчин, хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн болохыг харуулж байна.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар шүүхэд хандах гурван сарын хөөн хэлэлцэх хугацаа яагаад энэ хэрэгт хамаарахгүй талаар дүгнэлт хийгээгүйгээс гадна А-ын маргааныг эхлээд хөдөлмөрийн маргаан таслах комисст хандах бус шууд шүүхэд хандан шийдвэрлүүлэх боломжтой гэж хууль зүйн алдаатай дүгнэлт хийсэн.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

Маргааны гол зүйл бол хөдөлмөрийн харилцаа биш юм. Улсын Ерөнхий Прокурорын газраас 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ирүүлсэн хариу албан бичигт зөвхөн эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан бөгөөд энэ асуудлаар Иргэний шүүхэд хандаж шийдвэрлүүлэх эрх нээлттэй.

В ХХК нь койны дансыг захиран зарцуулах эрхийг хязгаарлаж байгаа нь шүүхээс явуулсан үзлэгээр тогтоогддог. А- миний данснаас татсан ард койныг хариуцагч байгууллагын хэн нь эзэмшилдээ авсныг мэдэх боломжгүй тул 2 хариуцагчид холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан.

Намайг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн байхад 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр буюу бүтэн жилийн дараа Б ХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалаар батласан "Урамшууллын бодлого" гэх журмын баримт бичгийг баталж, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/48/21 тоот тушаал гаргаж, нэхэмжлэгч миний дансанд байсан койныг татсан байдаг.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч А- нь Б ХК болон В ХХК-нд холбогдуулан 6,800,000 ширхэг ард койныг Ард аппликэйшн дэх нэхэмжлэгчийн дансанд буцаан шилжүүлэх, ард койны дансыг захиран зарцуулах эрхийг сэргээхийг тус тус даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. А- нь Ард даатгал ХК-д 2015 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс гүйцэтгэх захирлаар, 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрөөс үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар тус тус ажиллаж байгаад өөрийн хүсэлтийн дагуу 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байна /хх127-129/.

Уг үйл баримтыг анхан шатны шүүх алдаатай дүгнэснийг ийнхүү залруулав.

 

Харин Б ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/19/14 дугаар тушаалаар А-од 6,800,000 ширхэг ард койны 50 хувийг 1 жил, үлдэгдэл 50 хувийг 2 жилийн хугацаатай захиран зарцуулахгүй байх нөхцөлөөр урамшуулал болгож олгосон /хх 56, 96-98/,

2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр В ХХК нь нэхэмжлэгчийн данснаас 6,800,000 ширхэг ард койныг татан авсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна /хх 78-83/.

 

3.1. 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Б ХК-ийн гүйцэтгэх захирлын тушаалын дагуу шилжүүлсэн 6,800,000 ширхэг койныг нэхэмжлэгч нь хүлээн авч Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар эзэмшигч болсон байна.

Улмаар Б ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/19/14 дугаар тушаалд заасан койны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан хугацаа 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдөр дуусгавар болсноор нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар 6,800,000 ширхэг ард койныг өмчлөх эрхтэй болжээ.

Харин нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр түүний өмчлөлийн 6,800,000 ширхэг ард койныг хариуцагч хуулийн этгээдүүд данснаас нь татан авсан байгаа нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасан өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах өмчлөгчийн эрхийг зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүх 6,800,000 ширхэг ард койныг Ард аппликэйшн дэх А-ын ард койны 110027000196 тоот дансанд буцаан шилжүүлэхийг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт нийцжээ.

 

3.2. Хэрэгт авагдсан Улсын Ерөнхий прокурорын газрын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1/797 тоот хариу мэдэгдэх хуудас, Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 9/805 тоот албан бичиг зэрэгт зохигчийн хооронд үүссэн маргаан бүхий харилцаанд зохих шалгалтыг хийхэд хариуцагч нарын зүгээс Б ХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 21/Б/20 дугаар тушаалаар батласан Урамшууллын бодлого, Ажилтны ур чадварын үнэлгээний журам, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/48/21 тоот Урамшуулал буцаан татах тухай тушаалыг үндэслэн В ХХК нь нэхэмжлэгчийн данснаас 6,800,000 ширхэг ард койныг татан авсан талаар тусгасан /хх 7-8/.

Хариуцагчийн зүгээс татгалзлын үндэслэлээ мөн энэ агуулгаар тайлбарласан.

Ард даатгал ХК болон А- нарын хөдөлмөрийн эрх зүйн харилцаа 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсноос, мөн койныг өмчлөх эрх нэхэмжлэгчид үүссэнээс хойш буюу 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан Урамшууллын бодлого, Ажилтны ур чадварын үнэлгээний журам нь хариуцагч нарт нэхэмжлэгчийн данснаас 6,800,000 ширхэг ард койныг буцаан татан авах эрхийг үүсгэхгүй.

 

4. А- нь ард койны 110027000196 тоот дансыг эзэмшдэг үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.

Анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр дээрх 110027000196 тоот данс нь блоклогдсон буюу түгжээтэйгээс шалтгаалан эзэмших, ашиглах бололцоогүй нөхцөл байдал илэрсэн байна /хх138-147/.

Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт зааснаар шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй байдаг.

Иймээс анхан шатны шүүх А-ын ард койны 110027000196 тоот дансыг захиран зарцуулах эрхийг сэргээхийг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт нийцсэн үндэслэл бүхий болжээ.

 

5. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан дараах давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5.1. Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөх эрх зөрчигдсөн асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг тоолох, маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх журмаар шийдвэрлүүлэх зэрэг нь энэ хэргийн маргааны зүйлд хамааралгүй.

Түүнчлэн зохигчийн хооронд үүссэн маргаанд Улсын Ерөнхий прокурорын газрын 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1/797 тоот хариу мэдэгдэх хуудсаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн талаар хариу өгсөн байгаа нь энэхүү иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд өмчлөгчийн эрхийг хариуцагч нар зөрчсөн эсэхэд шүүх эрх зүйн дүгнэлт өгөхөд саад болохгүй.

Учир нь прокурорын байгууллага зөвхөн Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай тухай хуульд заасан үндэслэлийн талаар дүгнэлт өгсөн бөгөөд харин иргэний эрх зүйн маргааны хүрээнд дүгнэлт өгч, хэргийг хянан шийдвэрлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал юм.

Эдгээр үндэслэлээр гаргасан хариуцагчийн гомдлыг хангахүй.

 

5.2. Б ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/19/14 дугаар тушаалд харилцан хамаарал бүхий компанийн ажилчдад урамшууллыг ард койноор олгохоор заасан байгаа тул нэхэмжилж буй койн нь цалин, урамшуулал, ногдол ашгийн алинд хамаарахыг шүүх тодорхойлоогүй гэх гомдол үндэслэлгүй.

 

5.3. Нэхэмжлэгч нь түүний өмчлөлийн ард койныг Б ХК-ийн гаргасан шийдвэрийн дагуу В ХХК үндэслэлгүйгээр татан авсан үндэслэлээр эдгээр хуулийн этгээдийг хариуцагчаар татан нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй гэж дүгнэхгүй.

Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлтийг өгч, хариуцагч нарт холбогдуулан нэхэмжлэлийг шийдвэрлэсэн тул үүнд холбогдох гомдлыг хангахгүй.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2023/03462 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид Б ХК-ийн төлсөн 70,200 төгрөг, В ХХК-ийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Т.БАДРАХ