Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 52

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхнаран,

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

Шүүгдэгч Б.Л  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Ц.Гэрэлбаатарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Б.Л д холбогдох 163/2019/0055/Э индекстэй, эрүүгийн 1915000310029 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, ээж, ах, дүү нарын хамт Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 1 дүгээр багт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Г овогт Б.Л.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Л  нь /яллах дүгнэлтээр/ 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 5 дугаар багийн нутагт Б.Х ыг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Л  өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн. Торгуулийн ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлөх саналтай байна гэв.

1915000310029 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч Б.Х ын өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө сумын дунд хороонд байдаг Л  гэх айлд ангийнхан хөзөр тоглож, пиво уугаад би пивыг хийж өгч байсан. Гадаа машин ирэх чимээ гарахаар нь гарч харахад манай дээд үеийнхэн болох Л , Х , Б  нар машинаас бууж ирсэн. Би буцаж ороод ангийнхандаа “дээд үеийнхэн ирж байна” гэхэд араас гэрт орж ирсэн. Би пиво хийж өгч байсан бөгөөд шинээр пиво задлаад зөвхөн орж ирсэн дээд үеийнхэнд хийж өгч дуусахад Л  намайг “гарч уулзъя” гэхээр нь гарахад над руу томроод “чи их том болсон байна лээ, чи надтай таарах л байсан шүү дээ, хоёулаа нэг үзье, эсвэл нэг цохиулаад салъя” гээд байхаар нь би “юу ч дугарахгүй” байж байсан чинь элэг руу 2-3 удаа цохиод, гуя руу өвдөглөж, чихний ар хэсэг рүү гараараа 2 удаа цохьсон. Надтай “хоёулаа учраа оллоо” гээд гар бариад би буцаад гэрт ороод удаагүй байж байтал намайг “дуудаж байна” гэхээр нь гарахад Лу  ын найз Х  намайг чих рүү алгадаад зодох гээд дайрахад Лу  а бид хоёрын дундуур ороод салгасан. Энэ үед миний шүд рүү нэг удаа цохьсон. Би арагшаа унасан бөгөөд босч ирэхэд миний үүдэн хоёр шүдний баруун талынх нь унаад цус гарч байсан. Тэр үед би босоод “шүд уначихлаа” гэхэд “алив харъя” гэхэд нь би утасны гэрлээ тусгаад харуулахад харчихаад “балай юм аа, одоо яана” гээд байсан. ...Лу  ын намайг цохьсон шалтгаан нь өнгөрсөн намар сургууль дээр байхад Л  утсаар яриад “ирээд уулзаарай” гэхээр нь “чадахгүй, завгүй байна” гэхэд “чамайг ална” гээд байсан. Би тэгэхээр нь утсаа салгасан бөгөөд үүнээс хойш 2-3 удаа залгахад би утсаа аваагүй. Үүнээс болж намайг цохиж, зодсон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/,

Гэрч Э.Х ын өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө 01 цагийн үед найз Б , Ө , П , Л  нарын хамт манай төрөл, садангийн Б тэй уулзахаар гэрт нь очиход ангийнхан нь байж байсан. Би Б ээс адуугаа асуучихаад гарах гэхэд Л  Х тай уулзахаар гэрээс гарахад нь бид нар араас нь гарч гэрийн үүдэнд зогсон ярилцаж, зарим нь бие засаж байсан. Л , Х  нар гэрийн ард ярилцаад зогсож байсан. Явах болоход Х ын амнаас цус гарсан байхаар нь юу болсон талаар асуухад “ийм юм болчихлоо” гэж хэлсэн. Үүний дараа бид нар явсан. Би урьд нь Улаанбаатар хотод байхад Х  руу заал авахаар чат бичихэд “завгүй байна, боломжгүй байна” гэж хэлж байсан. Би энэ явдалд юм бодож байсан учраас 1 удаа алгадсан. Түүнээс зодох гээгүй. Намайг Х ыг алгадахад Л  дундуур орж салгасан бөгөөд Х ыг цохьсон. Х  хойшоогоо ухарч зогссон. Тэрээр амаа барьж зогсоод “шүд уначихлаа” гэхээр нь бид хоёр харсан чинь үүдэн нэг шүд нь уначихсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 тал/,

Гэрч Б.Ө ын өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө 23 цагийн үед бид Б , Х , Л  нарын хамт Х  Б ээс адуу асуухаар очсон. ...Б , Х , Л  нар түрүүлж Б ийн гэрт орсон. ...Б  ирээд “Лу   Х ын шүдийг цохиод унагачихлаа” гэхээр нь би очиж байсан чинь урдаас Л  ирээд “яасан, юу болсон” гэхэд “мань чинь шүдийг нь хуга цохьчихлоо” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 27 дугаартай:

1.Магадлуулагч Б.Х ын биед баруун дээд 1 дүгээр шүдний булгарал, баруун дээд 2, зүүн дээд 1 дүгээр шүдний сулрал, дээд уруулын дотор салстад язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын гадна хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5 хувь алдагдуулна гэх дүгнэлт /хх-ийн 18 тал/,

Шүүгдэгч Б.Лу  ын яллагдагчаар өгсөн: “Би 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Хишиг-Өндөр сумын төвд манай найз Х оо “Б ийнд очиж адуугаа сураглана” гэхээр нь Б , Ө  нарын хамт дөрвүүлээ очсон. ...Би Х ыг “гэрийн гадаа уулзъя” гэсэн чинь Х  гэрээс түрүүлж гараад, би араас нь гарч хоорондоо “юу байна, хэзээ ирэв” гэх мэт ойр зуурын юм ярьж байгаад би “чи дээр намайг хот ороход  уулзчихгүй юм аа” гэхэд Х  “уулзах ёстой юу” гээд бид хоёр муудалцаад, би Х ын гуя руу араас нь 2 өвдөглөчихөөд ...хоёулаа гар бариад салсан. ...Х  гэрээс гарч ирээд Х той муудалцсан, тэр үед Х ыг алгадах шиг болсон, ...чимээ гарахаар нь дундуур нь орж салгаад Х ыг гарынхаа шуугаар цохьсон ...Х  “шүд уначихлаа” гэх шиг болохоор нь амыг нь ангайлгаад харсан чинь цус гараад байсан   ...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, түүнийг танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 1-2 тал/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 тал/, эмнэлэгийн магадлагаа /хх-ийн 16 тал/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-ийн 19-20 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 25 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27 тал/, хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 28-29 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Л  нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 5 дугаар багийн нутагт Б.Х тай “хот ороод ярихад ирж уулзаагүй, томорсон” гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь нотлогдож тогтоогдсон байна.

       Гэмт хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч Б.Х , гэрч Э.Х , Б.Ө  нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, өөр хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

         Шүүгдэгч Б.Л  нь хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуульд заасан эрхийг зөрчиж бусдын бие, эрх чөлөөнд халдаж хөнгөн хохирол учруулсан дээрхи үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Л  нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч эмчилгээний зардалд 2500000 төгрөг төлсөн, хохирогч Б.Х  нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ шүүхэд илэрхийлсэн байна.

Шүүгдэгч Б.Л д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Л  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1.Шүүгдэгч Г овогт Б.Л  ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л  ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Л д оногдуулсан 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Л д сануулсугай.

4.Энэ хэрэгт шүүгдэгч Б.Л  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Л д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.  

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Л д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ЦЭРЭНХАНД