Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 03037

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 4 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2016/03037

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 12-р хороо, 6-р бичил хороолол, 13-р байрны 4-р орцны “00” тоот, “Зул” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 12-р хороо, 6-р бичил хороолол, 13-р байрны 97 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ЧД68122217, Тайж овогт Нүрдэнгийн Баярсайханд холбогдох засвар үйлчилгээний зардал 699 930 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.Солонго, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Лхагвасүрэн нар оролцов.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь: 

 

         Нэхэмжлэгч Н.Солонго шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус сууц өмчлөгчдийн холбооны 13-р байрны 97 тоот сууцны оршин суугч Н.Баярсайхан нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар үйлчилгээний зардлыг 2012 оны 10-р сараас 2015 оны 12-р сарын дуустал нийт 39 сарын 699 930 төгрөгийг төлөөгүй байна. Баярсайхан төлбөрийг төлнө гэдэг боловч төлөөгүй байгаа тул гаргуулж өгнө үү гэв.

 

            Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Зул” сууц өмчлөгчдийн холбоо нь Н.Баярсайханд холбогдох засвар үйлчилгээний зардал 699 930 төгрөг гаргуулахыг нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж дүгнэлээ.

 

Баянгол дүүргийн 12-р хороо, 6-р бичил хороолол, 13-р байрны 97 тоот сууц өмчлөгч Н.Баярсайхан нь Иргэний хуулийн 147-р зүйлийн 147.1 дэх хэсэг, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13-р зүйлийн 13.2.3 дахь хэсэгт зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй бөгөөд сууц өмчлөгч нь 2012 оны 10-р сараас 2016 оны 01-р сар хүртэлх хугацааны засвар үйлчилгээний зардал 699 930 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэгчийн тайлбар, Төрийн банкны төлбөрийн тооцоо зэрэг баримтаар тогтоогдсон байна.  

                  

Хариуцагч Н.Баярсайхан нэхэмжлэлийн хувийг 2016 оны 3-р сарын 7-ны өдөр хүлээж авсан байна.

 

Харин хариуцагч нь 14 хоногийн дотор нэхэмжлэлд тайлбар, татгалзсан үндэслэл, нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн шүүх хуралдааны мэдэгдлийг 2016 оны 4-р сарын 8-ны өдөр хүлээж авсан боловч хүндэтгэх шалтгаангйүгээр ирээгүй байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72-р зүйлийн 72.3, 100-р зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар Н.Баярсайхан нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147-р зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нүрдэнгийн Баярсайханаас 699 930 /зургаан зуун ерэн есөн мянга есөн зуун гуч/ төгрөг гаргуулж “Зул” сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.    

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 21 348 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.Баярсайханаас  21 348 /хорин нэгэн мянга гурван зуун дөчин найм/ төгрөг гаргуулж “Зул” СӨХ-нд олгосугай.

 

Шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэй.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                  Р.АЛТАНТУЯА