Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/00035

 

 

2023 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/00035

 

 

А-, Б- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2023/04571 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-, Б- нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: В-т холбогдох,

Гэрээний үүрэгт 5,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгч Б-н итгэмжлэгдсэн төлөөлөгч А-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

А-, Б- нар нь В-тэй 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр орон сууц хөлслөх гэрээг байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Уг гэрээгээр А-, Б- нар нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэн гудамж, 95/1 дүгээр байр, *** тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг 1 сарын 1,000,000 төгрөгөөр 1 жилийн хугацаатай В-т хөлслүүлэхээр тохиролцсон. Гэрээгээр В- нь эхний 9 сарын төлбөрийг бөөнд нь өгөх, үлдэх 3 сарын төлбөрийг сар бүрийн 01-ний өдөр төлөхөөр талууд харилцан тохиролцсон.

Тус гэрээний хугацаа дуусахад хөлслөгч В- дахин үргэлжлүүлэн хөлслөх хүсэлт гаргаснаар 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 1 жилээр хугацааг сунгаж, нотариатаар гэрчлүүлсэн ба өмнөх нөхцөлийн дагуу төлбөрийг төлөхөөр тохиролцсон.

Гэрээний 3.4-т хөлслөгчийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор дэнчин болгож 1,000,000 төгрөгийг хөлслөгч тал хөлслүүлэгчид өгнө. Дэнчинг гэрээгээр тохиролцсоны дагуу аливаа хохирол, төлбөр үүсвэл түүнийг барагдуулахад үл маргах журмаар захиран захиран зарцуулна, мөн 3.6-д Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө, мөн 3.7-д Хөлслөгч тал гэрээг хугацаанаас өмнө цуцлах бол хөлслүүлэгч тал дэнчин болох 1,000,000 төгрөгийг буцаан олгохгүй гэж тус тус гэрээний нөхцөлийг харилцан тохиролцсон.

Гэвч хариуцагч В- нь гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэхээс татгалзаж, гэрээний хугацаа дуусахаас 5 сарын өмнө буюу 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр орон сууцыг хүлээлгэн өгөлгүй орхиж гарсан.

В- эхний 9 сарын төлбөрийг гэрээнд тохирсон хугацаа, хэмжээгээр нь бүрэн төлөөгүй. Тодруулбал, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 3 сарын хөлсийг, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дахин 3 сарын төлбөрийг хэсэгчлэн дутуу төлж байсан болно.

Дэнчин 1,000,000 төгрөг, алданги 4,500,000 төгрөг нийт 5,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Талууд 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр орон сууц түрээсийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулж, түрээсийн төлбөрийн эхний 9 сарын төлбөрийг төлөхөөр заасан. Үүний дагуу А-д гэрээ байгуулсан өдөр дэнчингийн 1,000,000 төгрөгийн хамт 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэрээний мөн заалтад 2022 оны 6 сараас эхлэн үлдэгдэл төлбөрийг сар бүрийн 1-ний өдөр төлөхөөр заасан. Улмаар 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, мөн сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөг, 09 дүгээр сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөг шилжүүлсэн.

Үндсэн гэрээнд ямар нэгэн алданги тохиролцоогүй. Хариуцагч тал нэмэлт гэрээ болон үндсэн гэрээгээр нийт 19 сар тухайн орон сууцыг хөлслөн сууж, 19,000,000 төгрөгийг бүрэн төлсөн тул алданги төлөх үндэслэлгүй.

Гэрээний талууд гэрээг хэдийд ч цуцалж болно, энэ эрхийг хязгаарлаж болохгүй. Гэрээнд гэрээг цуцлах бол нэг сарын өмнө мэдэгдэнэ гэж заасан энэ заалтыг манай тал биелүүлсэн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.5, 232.6-д заасныг баримтлан хариуцагч В-ээс 5,500,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч А-, Б- нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. В-ийн нөхөр Д- телеграммаар А-тэй харьцсан гэх хүчин төгөлдөр бус хуурамч нотлох баримт гаргаж өгснийг шүүх үнэлж, хөлслөгчийг гэрээний 5.4-т зааснаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахдаа хөлслүүлэгчид мэдэгдсэн гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. Хариуцагчийн гаргаж өгсөн телеграммын захиа бичвэр гэх эвлүүлж, зохиож, өнгөтөөр А4 цаасан дээр хэвлэсэн талуудын харилцан яриа гэх зүйл нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй.

Мөн үзлэгийн тэмдэглэлд хэн хэнтэй буюу ямар утасны дугаартай телеграмм хэрэглэгч нь өөр ямар утасны дугаартай телеграмм хэрэглэгчтэй харьцаад байгааг шүүх огт тогтоогоогүй атлаа уг баримтыг үнэлсэнд гомдолтой байна.

Шүүхээс нэхэмжлэгч нарт үзлэг хийхгүй боллоо та ирэх шаардлагагүй гэж мэдэгдсэн атлаа үзлэг хийж, баримтжуулсан байгааг зөвшөөрөхгүй байна. Мөн хариуцагч өөрөө үзлэг хийлгэх хүсэлтээсээ татгалзсан байхад түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч хамтран шүүгчийн дэмжлэгтэйгээр хууль зөрчсөн.

Телеграмм захиа бичвэр гэх нотлох баримтыг ямар үндэслэлээр шүүх үнэлээд байгаа нь ойлгомжгүй. "байрны хүн" гэх этгээд хэн болохыг шүүх тогтоогоогүй. Энэ тухай шүүхийн тэмдэглэл дээр ч огт тэмдэглэгдээгүй.

Нэхэмжлэгчдийн хувьд гэрээний нөгөө тал болох гэрээ байгуулсан В-тэй гар утсаар болон телеграммын захиагаар харьцаж байсныг үгүйсгэдэггүй. Нэхэмжлэгч бидний хувьд Д-ийн утасны дугаарыг мэдэхгүй учраас түүнтэй телеграммаар харьцсан байх боломжгүй юм. Анхан шатны шүүх нотлох баримт хасуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаагүйд гомдолтой байна. Тиймээс анхан шатны шүүхийн гаргасан алдааг залруулж байж хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.

4.2. 2022 оны 2001 дугаартай орон сууц хөлслөх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 4.3-т заасан 2021.10.01-ний өдөр байгуулсан орон сууц хөлслөх гэрээний бусад заалтууд хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэх заалтаар энэ бүх үүссэн асуудлыг маш ойлгомжтой зохицуулсан.

Орон сууцны түрээсийн төлбөрийг өсгөлгүйгээр шинэ гэрээг дахин хариуцагчтай байгуулсан шалтгаан нь нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээний 4.3-т зааснаар түрээсийн төлбөрийн үнэ болон 4 удаа хэсэгчлэн хувааж бөөнд нь төлөх нь урьд жилийнх шиг ижил байна гэдгийг хариуцагч зөвшөөрсөн.

Мөн хариуцагчид ямар ч хүн түрээслэх боломжтой үе болох намрын улиралд байрнаас гарах, түүнээс бусад цаг үед хөлслөгчийн санаачилгаар гэрээг цуцалж гарахаар бол дэнчин барьцааг буцаан олгохгүй байхаар тохиролцсон нь гэрээний гол нөхцөл байсныг анхан шатны шүүх анхаараагүй.

Орон сууцны түрээсийн үнэ жил тутам нэмэгдэж байдаг тул түрээсийн төлбөрийг хариуцагчаар бөөнд нь төлүүлэх нөхцөлөө өөрчилж, сар сард нь түрээсээ төлөх болгон өөрчлөх ямар ч шаардлага нэхэмжлэгчид байхгүй.

Хариуцагч шинэ гэрээний түрээсийн төлбөр төлөлт хийгдэж эхлэхэд 3, 3 сараар нь төлсөн байгаа нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5, 222.8 дахь хэсэгт заасныг зөрчсөн буюу надаас зөвшөөрөл аваагүй байж түрээсийн төлбөрийг 3 сараар нь төлж гэрээний хугацааг хэтрүүлсэн тул хариуцагч нь нэхэмжлэгчдэд ямар ч тохиолдолд алданги төлөхөөр байгааг шүүх анхаараагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцааж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч тал оролцоогүй, гомдолд тайлбар гаргаагүй.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч А-, Б- нар хариуцагч В-т холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн алдангид 4,500,000 төгрөг, дэнчинд 1,000,000 төгрөг, нийт 5,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан гэрээгээр А-, Б- нар нь Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Манлайбаатар Дамдинсүрэн гудамж, 95/1 дүгээр байр, *** тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцыг 1 сарын 1,000,000 төгрөгөөр тооцон 1 жилийн хугацаатай В-т хөлслүүлэх,

В- нь эхний 9 сарын төлбөрийг гэрээ байгуулахад шилжүүлэх, 2022 оны 06 дугаар сараас эхлэн сар бүр төлбөрийг төлөхөөр тохиролцсон байх ба 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр дээрх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 1 жилээр сунгасан байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэжээ.

 

3.1. В- дээрх гэрээний дагуу орон сууцыг хүлээн авч, 9 сарын төлбөр 9,000,000 төгрөг, дэнчин 1,000,000 төгрөг буюу нийт 10,000,000 төгрөгийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр, мөн 2022 оны 07 дугаар сарын 05, 23, 09 дүгээр сарын 02-ны өдөр тус бүр 1,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 06, 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тус бүр 3,000,000 төгрөг, нийт 19,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлж, улмаар 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр буюу 19 сар хөлсөлсний дараа орон сууцнаас гарсан үйл баримт зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан гэрээ, дансны хуулга зэргээр тогтоогдсон.

 

3.2. Анхан шатны шүүх хариуцагч нь хөлс төлөх үүргийг хугацаанд нь биелүүлсэн тул алданги тооцох үндэслэлгүй гэж үзэн алданги 4,500,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцжээ.

Хариуцагч нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр байгуулагдсан гэрээний 3.2.1-д зааснаар эхний 9 сарын төлбөрийг бөөнд нь төлөх, үүнээс хойших хугацааны төлбөрийг сар бүр төлөхөөр нэхэмжлэгч нартай харилцан тохиролцсон байна.

Улмаар зохигч 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа гэрээний хугацааг сунгасан байх ба төлбөр төлөх нөхцөлд дахин төлбөрийг бөөнд нь төлөх зохицуулалтыг тохиролцоогүй байна.

Нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний 4.3-т 2021 оны 10 сарын 01-ний байгуулсан орон сууц хөлслөх гэрээний бусад заалтууд хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ гэж заасныг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасны дагуу тайлбарлан авч үзвэл хариуцагч нь хөлсийг 2022 оны 06 дугаар сараас эхлэн сар бүр төлөхөөр тохиролцсон талуудын тохиролцоо хэвээр үргэлжлэх агуулгатай байна.

Учир нь 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн гэрээнд төлбөрийг нэг удаа бөөнд нь төлснөөс хойших хугацаанд сар бүр төлбөр төлөхөөр зохицуулсан ба гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахдаа уг зохицуулалтыг хөндөөгүй.

 

3.3. Талуудын хооронд байгуулагдсан 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн гэрээний 3.5-д Дэнчинг гэрээгээр тохиролцсоны дагуу аливаа хохирол, төлбөр үүсвэл түүнийг барагдуулахад үл маргах журмаар захиран зарцуулна, 3.7-д Хөлслөгч тал гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах бол хөлслүүлэгч тал дэнчин болох 1,000,000 төгрөгийг буцаан олгохгүй. Хөлслүүлэгч тал гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах бол дэнчин 1,000,000 төгрөг болон дэнчинтэй дүйцэхүйц мөнгөн торгууль хөлслөгч талд төлнө гэж заасан.

Гэрээний дагуу хариуцагчаас шилжүүлсэн дэнчин 1,000,000 төгрөгийг 2023 оны 04 дүгээр сарын хөлсөнд тооцсон болохоо нэхэмжлэгч тайлбарласан бөгөөд гэрээ цуцлагдсанаас нэхэмжлэгчид хохирол учирсан баримт тогтоогдоогүй.

Иймд хариуцагчийн дэнчингийн төлбөрт шилжүүлсэн 1,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь төлөгдөөгүй 1 сарын төлбөрт тооцон суутган авсан, үүнээс өөрөөр нэмэлт зардал, хохирол учраагүй тул дахин дэнчин болон торгууль шаардах эрх үүсээгүй байна.

Анхан шатны шүүх дэнчин 1,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт нийцжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШЗ2023/26130 дугаар захирамжийн дагуу хариуцагчийн нөхөр Д-ийн гар утсанд 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр үзлэг хийсэн ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 51.5 дахь хэсэгт заасан үзлэг хийх зохицуулалтыг зөрчөөгүй.

Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар дээрх үзлэгийн тэмдэглэлээр илэрсэн нөхцөл байдал буюу хариуцагчийн нөхөр Д-той телеграммаар харилцсан этгээдийн утасны дугаар байхгүй, байрны хүн гэх нэрээр харилцсан этгээдийг нэхэмжлэгч тал гэж эргэлзээгүй үзэх боломжгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүх үзлэгийн тэмдэглэлийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв нотлох баримтад тооцож үнэлээгүй болно.

Анхан шатны шүүхийн нотлох баримт үнэлэх явцад гаргасан уг алдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэх зөрчилд хамаарахгүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулж дүгнэв.

 

5. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2023/04571 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Т.БАДРАХ