Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/00034

 

 

2023 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2024/00034

 

 

А-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2023/03496 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б ТӨААТҮГ-т холбогдох,

Цалин, урамшуулалд 9,589,502 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгах тухай иргэний хэргийг

нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Намбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

А- нь техник хангалт, навигацийн үйлчилгээний албаны хангамжийн хэсгийн техникч нярваар ажиллаж байсан. Зам тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 151 дүгээр тушаалаар тус албаны нэршил Холбоо, навигаци, ажиглалтын алба гэж өөрчлөгдсөн юм. Улмаар 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Холбоо, навигаци ажиглалтын албаны дарга Д- нь тус албаны хангамжийн хэсэгт намайг техникч нярваар ажиллуулахаар 038/2018 тоот дугаартай хөдөлмөрийн гэрээг байгуулсан.

2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс намайг Холбоо, навигаци, ажиглалтын албаны техникч нярвын ажлаас чөлөөлж, Үйлдвэрлэлийн нягтлан бодох бүртгэлийн албанд нярваар шилжүүлсэн. Ингэхдээ ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлийг харилцан тохиролцох үүргээ зөрчин, ажил олгогчийг төлөөлөх эрхгүй Иргэний нисэхийн ерөнхий газрын Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга Ч- нь хөдөлмөрийн гэрээг дарамтлан байгуулсан. Үүний улмаас үндсэн цалинг 141,215 төгрөгөөр бууруулж тогтоосноор цалин хөлс 208,998 төгрөгөөр хорогдсон. Өөрөөр хэлбэл, надад 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш үндсэн цалинг бууруулан 113.04.08-III сүлжлээр тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хууль болон хөдөлмөрийн дотоод журам, хамтын гэрээний заалтыг ноцтой зөрчсөн.

Цалин хөлсийг минь бууруулан олгож байгаа өөрийн харьяалах дарга нартаа хандан удаа дараа өргөдөл, гомдол гаргаж байсан боловч намайг ялгаварлан гадуурхсаар асуудлыг өнөө хүртэл шийдэж өгөөгүй болно.

2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүр 208,998 төгрөгөөр, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сар бүр 264,328 төгрөгөөр дутуу цалин хөлс авсан ба 2018, 2019, 2020 оны урамшуулалт цалин хөлсийг тооцон нийт 9,589,502 төгрөгийн нөхөн олговрыг гаргуулж, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийлгэхийг даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2 дахь хэсэгт зааснаар Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах байгууллага буюу Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдлоо гаргаагүй атлаа 5 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст гомдол гаргасан. Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын тэмдэглэлд хөөн хэлэлцэх хугацааны талаар дурдаагүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б ТӨААТҮГ-аас дутуу олгосон цалинд 7,978,380 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,611,122 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас 142,604 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас нийгмийн, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичиглэл хийлгэх болон улсын тэмдэгтийн хураамж 168,382 төгрөг төлсөн талаар шийдвэрлээгүй орхигдуулсан.

А- би тэтгэвэртээ гарч байгаа тул энэ мөнгөө яаралтай тэтгэврийн тооцоондоо оруулчих учиртайгаа зөндөө хэлж, шүүхийн тамгын газарт хандсан боловч одоо засах боломжгүй давж заалдах шатны шүүхэд гомдлоо гарга гэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон нөхөн олговрын хэмжээнд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичиглэл хийлгэх, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу буцаан олгуулах өөрчлөлтийг шийдвэрт оруулж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талаас оролцоогүй, гомдолд тайлбар гаргаагүй.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Бт холбогдуулан цалин, урамшуулалд 9,589,502 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хариуцагч нь Техник хангалт, навигацийн үйлчилгээний албаны хангамжийн хэсгийн техникч нярав А-ийг 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн тушаалаар Үйлдвэрлэлийн нягтлан бодох бүртгэлийн няравын ажилд шилжүүлэн томилохдоо албан тушаалын цалинг өөр өөр нэршлээр тогтоосон, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгоогүй үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

Улмаар ажилтан нь өөрийн зөрчигдсөн эрхийг хамгаалахаар ажил олгогч болон Хөдөлмөрийн маргаан таслах комисс, Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо зэрэгт хандаж байсан зэргийг харгалзан түүнийг шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

3.1. Анхан шатны шүүх хариуцагч байгууллагын 2019 оны 05 дугаар 23-ны өдрийн А/410, 2020 оны 03 дугаар 04-ний өдрийн А/145 дугаар тушаалаар тогтоосон цалингийн сүлжээ, нэхэмжлэгчийн авч байсан цалинг харгалзан 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны цалингийн зөрүү 5,390,800 төгрөг, дээрх цалингийн зөрүүнд ногдох удаан жилийн болон үр дүнгийн нэмэгдэл 2,587,584 төгрөг, нийт 7,978,384 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэнд хариуцагч гомдол гаргаагүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмын дагуу дээрх шийдлийг хэвээр үлдээнэ.

Харин анхан шатны шүүх уг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ өөр ажилд буруу шилжүүлсэн үйл баримт тогтоогдоогүй байхад үүнд хамаарах хуулийн зохицуулалтыг хэрэглэсэн, мөн одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Хөдөлмөрийн тухай хуулийг баримтлаагүй зэрэг алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт нийцнэ.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

 

4.1. Нэхэмжлэгч нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгах шаардлагыг гаргасан, үүнийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд мөн дэмжиж илэрхийлсэн байна.

Энэхүү шаардлагыг анхан шатны шүүх шийдвэрлэлгүй орхигдуулсныг залруулж, цалин, урамшуулалд хариуцагчаас 7,978,384 төгрөг гаргуулах шаардлага хангагдсантай холбогдуулан Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар үүнд ногдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгах нь зүйтэй.

 

4.2. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 168,382 төгрөгийг төлсөн байхад анхан шатны шүүх шийдвэрлээгүй орхигдуулснаас гадна нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар чөлөөлөгдсөн гэж дурдсан нь буруу болсон байх тул холбогдох өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор хуваарилна.

5. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 183/ШШ2023/03496 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 97 дугаар зүйлийн 97.1-т зааснаар гэснийг 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасныг баримтлан гэж өөрчилж,

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгасугай. гэсэн заалт нэмж,

2 дахь заалтыг 3 гэж дугаарлан, уг заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168,382 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газраас 142,604 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А-т олгосугай. гэж өөрчлөн найруулж,

3 дахь заалтыг 4 гэж дугаарлаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Т.БАДРАХ