Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 50

 

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхнаран,

Улсын яллагч Ц.Сувдаа,

Шүүгдэгч Ж.О  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Сувдаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г  овогт Ж.О т холбогдох 163/2019/0056/Э индекстэй, эрүүгийн 1915000510036 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1996 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, аавын хамт Булган аймгийн Булган сумын 3 дугаар багт оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Г  овогт Ж.О.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.О  нь /яллах дүгнэлтээр/ 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт Г.Б гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.О ийн өгсөн мэдүүлэгтээ: Өмнө нь өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн эмчилгээний зардлыг төлж барагдуулна гэв.

1915000510036 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч Г.Б гийн өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр найз Ө , О  бид гурав “Х ” караокед сууж байсан. Гаднаас манай нөгөө ангид суралцаж байсан О  2 найзтайгаа орж ирсэн. Бид нартай мэндэлчихээд тусдаа ширээнд суусан. О  ганцаараа манай ширээн дээр ирээд “ахын дүү гараад ир” гэхээр нь араас нь гарсан чинь “чи яасан том болчихсон юм бэ” гээд гэнэт намайг барьж аваад хамар руу нэг удаа мөргөсөн. Хамраас цус гараад байхаар нь цусаа цэвэрлэчихээд “яагаад байгаа юм бэ” гэхэд хамт явсан хоёр найз нь түүнийг салгасан. Манай хоёр найз бие засах өрөө орчихсон хойгуур намайг дуудсан. Үүнээс болж миний хамар мурийж, баруун талын яс цөмөрсөн байсныг эмнэлэгт үзүүлсэн. ... Хавдраа буулгачихаад ир гэхээр нь маргааш нь О тэй уулзсан чинь “би тасарчихсан байсан байна” гээд хохирлыг барагдуулна гэдгээ илэрхийлсэн. Эмч хамрыг минь тэгшилсэн бөгөөд цагаан сарын баярын дараа хагалгаа хийнэ гэж хэлсэн. Хамар битүүрээд амьсгалхад хэцүү байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/,

Гэрч Ц.О ийн өгсөн: “... 2019 оны 01 дүгээр сарын 25-ны орой 23 цагийн үед “Х ” бааранд найз Ө , Б  нарын хамт архи ууж байсан. Ө  бид хоёрыг бие засах өрөө рүү орчихоод ирэхэд Б  “Х ” баарны гадаа О т хамар руугаа мөргүүлчихсэн, хамраас нь цус гоожчихсон зогсож байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,

“... 2019 оны 01 дүгээр сарын 25-ны орой найз Б , Ө  бид нар “Х ” гэх бааранд орсон. Манай нөгөө ангийн О  2 найзынхаа хамт орж ирсэн бөгөөд бид нартай мэндэлчихээд ширээ рүүгээ суусан. Ө  бид хоёр бие засах өрөө орчихоод гарч ирсэн чинь Б  байхгүй байсан бөгөөд гадагшаа гарсан байх гэж бодоод араас нь гарсан. Гадаа О тэй хамт зогсож байсан. Б гийн хамарнаас цус гарчихсан байсан. О  мөргөсөн гэж хэлсэн. Бид хоёр Б г авч явсан. ... О ээс ямар учраас мөргөснийг нь асуусан чинь дуугарахгүй байсан. О , Б  нар архи уусан байсан. Ямар шалтгаанаас болж мөргөсөн гэдгийг мэдэхгүй. ...Б  нь О т мөргүүлснээс болж хамраас нь цус гарч, хамар нь мурийсан байсан. Тэрээр хамар хугарсан гээд байсан. Дараа нь Б тай уулзахад хамар нь хугараад 2 удаа тэгшлүүлсэн гэж хэлсэн. Хамар нь хавдаад, баруун талын нүд нь хөхөрчихсөн байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/,

Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 52 дугаартай:

1.Магадлуулагч Г.Б гийн биед хамар ясны цөмөрсөн хугарал, баруун дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх бломжтой.

3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учир гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 21 тал/,

Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, түүнийг танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 1-2 тал/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 тал/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх-ийн 22-23 тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 28 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30 тал/, хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 31-32 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.О  нь 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт “Х ” гэх бааранд Г.Б тай таарах үедээ “томорлоо” гэх шалтгаанаар хамар руу нь мөргөж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь нотлогдож, тогтоогдсон байна.

Хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, учирсан хор уршгийн талаарх хохирогч Г.Б гийн мэдүүлгийн эх сурвалжийг тухайн цаг хугацаанд хамт байсан гэрч Ц.О ийн мэдүүлэг болон хохирогчийн биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 52 дугаартай дүгнэлт нотлож байх бөгөөд нотолгооны ач холбогдол бүхий шууд нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамаарал бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Шүүгдэгч Ж.О ийн хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуульд заасан эрхийг зөрчиж бие, эрх чөлөөнд нь халдаж хөнгөн хохирол учруулсан дээрхи үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.О  нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн байна.

Хохирогч Г.Б  нь хэрэгт иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч хамрын хагалгаа хийлгэхтэй холбоотой гарах зардлаа нэхэмжилнэ гэсэн учир нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.О т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт шүүгдэгч Ж.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1.Шүүгдэгч Г овогт Ж.О ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Ж.О т оногдуулсан 500000 /таван зуун мянга/ төгрөгийн торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 3 /гурав/ сарын хугацаагаар тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.О т сануулсугай.

4.Энэ хэрэгт шүүгдэгч Ж.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдаж, хохирогч Г.Б  нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.О т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.  

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.О т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ЦЭРЭНХАНД