Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 28

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Оюунцэцэг,

Шүүгдэгч Б.Ц  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А овогт Б-ын Ц-т холбогдох 1916000000027 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, халх, Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат, Говь-Алтай аймгийн *****  оршин суух, .....оны 06 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, .....настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “.........” ХХК-д баяжуулахын оператор ажилтай, ам бүл 6, аав, ээж, 3 дүүгийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, .........регистрийн дугаартай, А овогт Б-ын Ц .

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Ц  нь 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 1 дүгээр сургуулийн арын ногоон байрны орчим хохирогч Н.Г-ын гээсэн Хуавей П20 маркийн гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж кодыг нь тайлуулан ашиглаж байхдаа дэлгэцийг нь хагалан гар утас засварын газарт 50.000 төгрөгөөр худалдаж завшсаны улмаас хохирогч Н.Г-д 2.175.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Ц-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Би 9 дүгээр сарын  сүүлээр ажлаасаа амраад аймагт ирсэн. Манай дүү нэг гар утас олсон байхаар нь кодыг нь гаргуулж барьж байгаад эвдэлсэн. Утас засварын газар очиж үзүүлэхэд дэлгэцийг нь 500.000 төгрөгөөр засна гэж хэлэхээр нь сэлбэгэнд өгөхөд 50.000 төгрөгөөр авсан... Дээд тал нь ягаан доод тал нь өнгөний уусалттай байсан... Ийм үйлдэл хийсэндээ гэмшиж байна... Хохирлоо төлж барагдуулсан... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Н.Г-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Скайтел ХХК-ий Говь-Алтай аймаг дахь салбараас Хувэй П20 про маркийн гар утсыг шинээр нь 1.800.000 төгрөгөөр худалдаж авсан юм. Тухайн утсыг би өөрөө хэрэглэж ашиглаж байгаад 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Есөнбулаг сумын ногоон байрны орчим явж байгаад утсаа гээсэн байсан. Тэгээд эргэж хайгаад олоогүй. Тэгээд 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр эрүүгийн мөрдөгч Даваанямд гэрчийн мэдүүлэг өгөхдөө миний утсыг хүн олоод Ц нь ашиглаж байгаад эвдлээд хаясан талаар мэдсэн. Миний гээсэн Хувэй П20 про маркийн гар утас нь арын хэсэг дээрээ чернилэн ягаан өнгийн гол хэсэгтээ цэнхэрдүү өнгийн уусалттай, доод хэсэг нь ногоон өнгийн утас байсан юм. Миний утас 2.289.000 төгрөгийн үнэтэй байсан бөгөөд үнэлгээний компаниас ашигласан элэгдэл хорогдлыг тооцоод 2.175.000 төгрөгөөр үнэлсэн байсан. Гэвч би тухайн утсыг хөнгөлттэй үнээр 1.800.000 төгрөгөөр авсан учраас Б.Ц-аас 1.800.000 төгрөг авахаар тохиролцсон байгаа...” гэх мэдүүлэг/хх 13, 88-рт/,

Насанд хүрээгүй гэрч Б.Н-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2018 оны 09 дүгээр сарын сүүлээр өглөө хичээлдээ явж байгаад 3 ногоон орон сууцны хойд талд байрладаг шавар байшин грашийн завсар гар утасны сэрүүлэг нь дуугарч байхаар нь очоод харахад Хувэй П20 про маркийн гар утас байсан. Тэгээд гар утсыг унтраагаад хадгалчихсан байсан. Хөдөөнөөс манай ах Ц  ирээд “би кодыг нь тайлаад барьчихья” гэж хэлээд аваад явсан. Дээд хэсгээрээ ягаан, доод хэсгээрээ цайвар өнгөтэй байсан...” гэх мэдүүлэг/хх 90-рт/,

Гэрч Г.О-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд хувиараа гар утас засвар эрхэлдэг. Би Хувэй брендийн П20  маркийн гар утасны кодыг 2019 оны 09-10 сарын үед тайлсан, кодыг тайлуулсан хүнийг танихгүй, бор царайтай, махлаг өндөр, 25 орчим насны залуу байсан. Надад хэлэхдээ “форматлачихсан чинь кодоо танихаа больчихлоо” гэж хэлсэн. Ойролцоогоор 1.800.000 төгрөгийн үнэ ханштай байгаа байх, чернилэн ягаан өнгөтэй, хос камертай, шинэ утас байсан. 30.000 төгрөгөөр тайлж өгсөн...” гэх мэдүүлэг/хх 20-рт/,

Гэрч С.Б-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд хувиараа гар утас засвар, ломбард, гар утас худалдаа эрхэлдэг юм. Би Хувэй брендийн П20 про маркийн гар утас засварт 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр танихгүй залуугаас 50.000 төгрөгөөр худалдан авсан, тухайн утсыг 2 залуу надад худалдсан. Хувэй брендийн П20 про маркийн утсыг Улаанбаатар хотод хувиараа ажил эрхэлдэг Д гэх залууд өгч явуулсан тухайн гар утсыг янзлуулахаар явуулсан тэгсэн чинь “засвар авахгүй байна” гэхээр нь 50.000 төгрөгөөр сэлбэгэнд өгсөн. Ойролцоогоор 2.100.000 төгрөгийн үнэ ханштай байгаа байх. Утасны ар талын таг цайвар өнгөтэй, дэлгэц нь хагарчихсан хуучивтар утас байсан. Надад Хувэй брендийн П20 про маркийн гар утас засвар худалдсан залууг харвал танина, “*******” ХХК-д ажилладаг гэсэн, 2019 оны 02 дугаар сарын 11-нд манай ажил дээр ирж уулзсан, Цээл сумын харьяат Б-ын Ц  гэдэг залуу байсан. Надад хэлэхдээ 5 сар барьсан унагаагаад хагалсан талаар хэлсэн. Гар утсыг өөрийнхөө гар утас гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх 17-рт/,

Гэрч Ц.Б-ний мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Би Ц-ыг танина, манай эхнэрийн хамаатан садан болдог. Захын хойд талын утас засварладаг хүнд 50.000 төгрөгөөр сэлбэгэнд өгсөн. Тухайн үед би Б.Ц-тай хамт явсан. Гар утасны ар таг нь дээд хэсгээрээ ягаан өнгөтэй, доод хэсгээрээ ногоон цэнхэрдүү өнгөтэй Хувэй П20 про маркийн гар утас байсан. Тухайн гар утасны дэлгэц хагарсан байсан учир Б.Ц  нь янзлуулахаар очоод 500.000 төгрөгөөр дэлгэцийг солино гэхээр нь янзлуулахаа болиод сэлбэгэнд өгч байсан. Би ямар нэгэн мөнгөнөөс нь авч хэрэглээгүй...” гэх мэдүүлэг/хх 92-рт/,

Гэрч Б.Д-ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2008-2012 онд Завхан аймгийн Монгол Улсын Их сургуулийн Эдийн засгийн сургуульд С.Б  бид хоёр нэг ангид суралцаж төгссөн. 2018 оны 12 дугаар сарын 17, 18-ны үед С.Б  над руу 99******* дугаарын утсаар яриад “би чам руу Говь-Алтай аймгийн автобусаар Хувэй П20 маркийн гар утас явуулсан, чи тосож аваад утас зардаг “****” гэдэг газарт очоод сэлбэгэнд өгчих” гэж хэлсэн. Тэгээд би хэлсэн ёсоор нь тус утсыг аваад сэлбэгэнд зарсан, 50.000 төгрөг болсон, цэнхэр өнгөтэй, ар, өвөр нь нилэнхүйдээ хагарсан, Хувэй маркийн гар утас байсан. Тус утсыг зарсан хүнээ танихгүй...” гэх мэдүүлэг/хх 26-рт/,

Ашид билгүүн ХХК-ний 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн №141/144 дугаартай  “...2.175.000 төгрөгөөр тогтов...” гэх үнэлгээний дүгнэлт/хх 35-36-рт/,

Шүүгдэгч Б.Ц-ын мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн: “...2018 оны 9 дүгээр сарын сүүлээр ажлаасаа амраад аймагт ирсэн. Тэгсэн чинь манай дүү Б.Н нь ногоон байрны орчмоос ягаан өнгийн Хувэй П20 маркийн гар утсыг хичээлдээ явж байгаад олсон байсан. Тэгээд тухайн гар утсыг надад өгөхөөр нь би аваад гар утас засварчин дээр очиж кодыг нь гаргуулж авсан. Тэгээд тухайн гар утсыг өөрөө ашиглаж байгаад дэлгэцийг нь хагалчихсан, тэгээд захын хойд талд байдаг Б  гэдэг утас засварын хүнд 50.000 төгрөгөөр сэлбэгэнд өгчихсөн. Тухайн гар утс нь арын хэсэг дээрээ чернилэн ягаан өнгийн гол хэсэгтээ цэнхэрдүү өнгийн уусалттай, доод хэсэг нь ногоон өнгийн байсан юм. Тухайн утсыг хүмүүс харахаар ягаан харагддаг, хөдөлгөөд харахаар дээрх өнгөнүүд солигдож харагддаг уусалттай юм...” гэх мэдүүлэг/хх 52, 95-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах тал болон шүүгдэгчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр Хохирогч Н.Г-ын мэдүүлэг хх12-13, 88-рт, насанд хүрээгүй гэрч Б.Н-ын мэдүүлэг хх90-рт, гэрч С.Б-ын мэдүүлэг хх16-18, гэрч Г.О-ын мэдүүлэг хх19-20, гэрч Ц.Б-ний мэдүүлэг хх92-рт, гэрч Б.Д-ийн мэдүүлэг хх26-рт, Ашид Билгүүн ХХК-ны 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 141/144 дугаартай үнэлгээний дүгнэлт хх35-36-рт, хохирогчийн гээсэн гэх гар утасны зургийг хавтаст хэрэгт тусгах хүлээн авсан зургийг хх83-85-рт, шүүгдэгч Б.Ц-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг хх52, 95-рт/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Ц  нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцоно гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй гэснийг тэмдэглэх нь зүйтэй байна.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Б.Ц-ыг яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Говь-Алтай аймгийн прокурорын газраас хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Б.Ц  нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Хэд хонохоор нь эзэнгүй юм байна гэж бодоод өгсөн ...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Бүл зав муутай байгаа учир торгуулийн арга хэмжээ авч өгнө үү...” гэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрийн сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.

Гээгдэл эд хөрөнгө гэдэг нь хэн нэг этгээдийн ямар нэг оролцоогүйгээр өөрийн өмчлөлийн эд зүйлийг хаясан, өмчлөгч, эзэмшигч нь хэн болох нь тодорхойгүй, мэдэгдэхгүй байгаа эд хөрөнгийг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Ц  нь дүү Б.Н-ын олсон ягаан өнгийн Хувэй П20 про маркийн гар утсыг дүүгийнх нь болон өөрийнх нь биш, бусдын өмчлөл, эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж цагдаагийн болон орон нутгийн захиргааны байгууллагад мэдэгдэхгүйгээр, өөрөө хувийн шунахай сэдэлт, зорилгоор ашиглаж байгаа нь завшиж буй үйлдэл бөгөөд мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт “ бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгохоор заасан ба Эрүүгийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ ...гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэгт тооцох”-оор хуульчилсан тул шүүгдэгч Б.Ц-ын 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 1 дүгээр сургуулийн арын ногоон байрны орчим хохирогч Н.Г-ын гээсэн Хуавей П20 маркийн гар утсыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж кодыг нь тайлуулан ашиглаж улмаар дэлгэцийг нь хагалан гар утас засварын газарт 50.000 төгрөгөөр худалдаж завшсаны улмаас хохирогч Н.Г-д 2.175.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.  

Иймд Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюунцэцэгийн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнээд шүүхээс шүүгдэгч Б.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Ц-ын хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал нь уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.

Хохирогч Н.Г нь мөрдөн байцаалтад өгсөн хүсэлтдээ: “... Б-ын Ц  Huawei P20 pro маркийн утасны төлбөрийг өгч барагдуулахаар үлдсэн байсан 500.000 төгрөгийг Н  овогтой Г-д өгсөн болно. Ийнхүү миний бие Н.Г  нь Б.Ц-т өргөдөл гомдолгүй болсон болно. Харилцан тохиролцлоо...” гэх хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгч Б.Ц-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй  байна.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүгдэгч Б.Ц  нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Ц  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтээ мөрдөн байцаалтад гаргасан, прокурор 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, шүүгдэгч Б.Ц-ыг яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахаар шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн этгээдэд дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр заасан байх бөгөөд дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Прокурорын санал болгосон хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг шүүгдэгч Б.Ц  нь хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан/хх 108-рт/ байх бөгөөд шүүгдэгч Б.Ц нь улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй холбогдуулан ямар нэгэн санал хүсэлтийг гаргаагүй тул улсын яллагчийн шүүхэд гаргасан дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчид Эрүүгийн хэрэг тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  дөрвөн зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Ц  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нь гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул учруулсан хохирлыг төлсөн гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял шийтгэл оногдуулахдаа харгалзаж үзсэн бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Ц  нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт Б-ын Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Шүүгдэгч Б-ын Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Ц  нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийвэл торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, ялтан нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Ц  нь цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Б.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА