Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/00077

 

 

2024 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/00077

 

 

 

“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Д.Нямбазар, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2023/03045 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: “Б” ХХК, В-т тус тус холбогдох,

түрээсийн гэрээний үүрэгт 198,878,118 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

хариуцагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатар, хариуцагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Өлзийсайхан, хариуцагч В-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ганчулуун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

“А” ХХК болон “Б” ХХК-ийн хооронд 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 19/10, 19/12, 19/13 тоот түрээсийн гэрээнүүдийг байгуулж, Өмнөговь аймгийн Цогтцэций сум, цагаан овоо багийн нутагт орших “Таван толгой” ХК-ийн нүүрсний уурхайд хөрс хуулалтын ажил гүйцэтгэхэд зориулж тээврийн хэрэгсэл түрээслүүлж хамтран ажилласан.

19/13 тоот түрээсийн гэрээний дагуу 03-59 УН, 87-74 УН улсын дугаартай 2 ширхэг авто ашигч, 1 ширхэг загрушка түрээслүүлсний үндсэн төлбөр 28,894,343.38 төгрөг, алданги 14,447,171.69 төгрөг, нийт 43,341,515.07 төгрөгийн үлдэгдэлтэй,

19/10 тоот түрээсийн гэрээний дагуу 04-00 ТТА, 04-01 ТТА, 04-25 ТТА, 04-26 ТТА, 29-06 ТТА. 29-08 ТТА, 29-09 ТТА, 29-23 ТТА, 29-24 ТТА, 05-62 ТТА улсын дугаартай 10 ширхэг Хово-371 /НОWО/ маркийн дампыг түрээслүүлсний үндсэн төлбөр 19,802,803 төгрөг, алданги 9,901,401.5 төгрөг, нийт 29,704,204.5 төгрөгийн үлдэгдэлтэй,

19/12 тоот түрээсийн гэрээний дагуу Хьюндай-520 /Hyundai/ маркийн эксковаторыг түрээслүүлсний үндсэн төлбөр 83,888.266.14 төгрөг, алданги 41,944,133.07 төгрөг, нийт 125,832,399.21 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Түрээслэгч нь төлбөрөө гэрээгээр тохирсон цаг хугацаанд нь бүрэн дүүрэн төлж барагдуулаагүй. Түрээсийн гэрээний дагуу төлбөрөө шаардсан боловч түрээслэгчийн зүгээс 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр, 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төлж барагдуулахаа илэрхийлж, хэрэв төлж чадахгүй бол өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр барагдуулна гэсэн боловч төлбөр тооцоо барагдаагүй.

Талууд 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр үлдэгдэл төлбөрт тооцоо нийлж, акт үйлдэхэд түрээслэгч компаниас “А” ХХК-д 155,585,950 төгрөг төлөхөөр тусгагдсан бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 5,000,000 төгрөг, 04 дүгээр сарын 03-ны өдөр 18,000,000 төгрөгийг шилжүүлж, 132,585,412.52 төгрөгийн өр төлбөрийн үлдэгдэлтэй болсон.

Иймд дээрх 3 түрээсийн гэрээний үндсэн төлбөрт 132,585,412.52 төгрөг, алданги 66,292,706.26 төгрөг, нийт 198,878,118.78 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

Гэрээ байгуулан хамтран ажиллаж эхэлсэн үеэс түрээслүүлэгч талын түрээслүүлж байгаа техникүүдэд байнга эвдрэл гарч түүнээс үүдэн сул зогсолт үүсч, эвдэрсэн техникийг засаж сэлбэхэд хугацаа алдаж, ажил удааширч, гэрээнд заасан тоо ёсоор техникүүд нь бүрэн ажиллахгүй байсан учир ажил хэвийн явагдаагүй. Техникүүд маш их эвдэрч ажил хэвийн явагдаж чадаагүйгээс сул зогсолт их болсон.

Энэ талаар түрээслүүлэгч “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж-, уулын албаны дарга Н- нар сайн мэдэж байгаа. Мөн гэрээнд мот/цагаар тооцохоор заасан экскаватор, ковш зэрэг техникийн төлбөрийг бүрэн ажилласнаар үзэж, харин сул зогсолтыг тооцоогүй байна.

Техникүүдийн эвдрэл гэмтэл нэмэгдэж, сул зогсолт гарсаар байсан тул 2020 оны 01 дүгээр сарын эхээр ажил зогссон. Түүнээс хойш талуудын хооронд албан ёсоор ажлын төлбөр тооцоо нийлсэн, нягтлан бодох бүртгэлийн акт үйлдсэн зүйл байхгүй. Манайхаас түрээсийн гэрээний төлбөрт төлсөн дүнг нэхэмжлэгч дутуу тооцсон, бодит үнэнд нийцээгүй, үндэслэлгүй дүн нэхэмжилсэн байна. Түрээслүүлэгч тал техник тоног төхөөрөмжүүдийг бүрэн бүтэн хэвийн ажиллуулах үүргээ биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлийг гэрээний дагуу шаардах эрхгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Б” ХХК-аас түрээсийн гэрээний үүрэгт 198,878,118 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ”А” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч В-т холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 198,878,118 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч “А” ХХК татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,152,341 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,152,341 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “А” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны үед шүүх хуралдааны дэгийг, хуулийг сахилгүйгээр удаа дараа шүүгч рүү дайрч “Чи хэрэг хянан шийдвэрлэх хугацааг удаашруулж байна, чамайг сахилгын хороонд өгнө” гэх мэтээр шүүгчид нөлөөлөх үйлдэл гаргаж байсан. Энэ нь шүүх хуралдааны дууны бичлэгт үлдсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ мэт заналхийлсэн өнгө аястай нөлөөлөх үйлдэл нь шүүгчийн зүгээс шүүх хуралдааныг яаралтай явуулж, хэрэг маргааныг өөрөөсөө холдуулж, нотлох баримт, хүсэлтэд хуульд заасны дагуу бүрэн дүүрэн үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр шийдвэрлэхэд нөлөөлсөн гэж үзэж байна.

4.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Өлзийсайхан эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй гэдгээ илэрхийлж Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн эмчийн магадлагааны бичгийг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хүргүүлсэн байхад шүүгч шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж хэргийг шийдвэрлэсэн нь талуудын эрх тэгш байдлыг алдагдуулж, мэтгэлцэх зарчмыг хангаагүй.

4.3. Мөн нэхэмжлэгч талаас шинээр гаргасан нотлох баримтуудыг хариуцагч талд танилцуулаагүй бөгөөд бидний зүгээс тайлбар, няцаалт сонсолгүйгээр, нотлох баримт гаргаж өгөх боломжоор хангалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2 жил үргэлжилсэн. Уг нөхцөл байдлын талаар шүүхэд тайлбарлаж байсан. Анхан шатны шүүхээс намайг нөлөөлсөн гэж үзсэн тохиолдолд шүүгч өөрөө нөлөөллийн мэдүүлгийг хөтлөх ёстой.

5.2 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Өлзийсайхан нь анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байсан гэж байгаа боловч гаргаж өгсөн баримт нь Эрүүл мэндийн сайдын баталсан журамтай нийцээгүй учраас шүүх хүсэлтийг хангахгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. 

5.3 Гэрчийн мэдүүлэг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үйл явцтай зохигчид шүүхэд биечлэн ирж танилцах үүрэгтэй. Хариуцагч талаас өөрийн хариуцлагагүй байдалд шүүхийг буруутгасан нь шүүхэд нөлөөлж байгаа нөхцөл байдал гэж үзэж байна.

Анхан шатны шүүх шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч ”А” ХХК нь түрээсийн гэрээний үүрэгт 198,878,118 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч В-т холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан тул шүүх татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцсэн байна.

 

3. “А” ХХК болон “Б” ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 19/10, 19/12, 19/13 дугаартай түрээсийн гэрээг байгуулж,

уг гэрээгээр нэхэмжлэгч нь 10 ширхэг “Хово-371” /НОWО/ маркийн дампыг 1 рейс нь 90,000 төгрөгийн төлбөртэйгээр, “Хюндай-520” /Hyundai-520/ маркийн экскаваторыг нэг сарын 45,000,000 төгрөгийн төлбөртэйгээр, 2 ширхэг авто ачигч техник болон 1 ширхэг запрушкийг 1 сарын 5,000,000 төгрөгийн төлбөртэйгээр, ковш 1 сарын 11,000,000 төгрөгийн төлбөртэйгээр тус тус хариуцагчид түрээслүүлэхээр харилцан тохиролцжээ /хх 7-9, 13-18/.

Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

3.1. Гэрээний дагуу нэхэмжлэгч нь түрээсийн зүйл болох 04-00 ТТА, 04-01 ТТА, 04-25 ТТА, 04-26 ТТА, 29-06 ТТА. 29-08 ТТА, 29-09 ТТА, 29-23 ТТА, 29-24 ТТА, 05-62 ТТА улсын дугаартай 10 ширхэг “Хово-371” /НОWО/ маркийн дамп, “Хюндай-520” /Hyundai-520/ маркийн экскаватор, 03-59 УН, 87-74 УН улсын дугаар бүхий 2 ширхэг авто ачигч болон 1 ширхэг запрушкийг “Б” ХХК-д хүлээлгэн өгсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна.

 

3.2. Анхан шатны шүүх хариуцагч байгууллагын бүртгэж хөтөлсөн түрээсийн техникийн ажилласан цагийн бүртгэл, үүнд үндэслэж гаргасан төлбөрийн тооцооллын дагуу түрээсийн төлбөрт хариуцагч “Б” ХХК-аас 132,585,412 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт нийцсэн, шүүх энэ талаар дүгнэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй болно.

Хариуцагч нь түрээсийн зүйл эвдрэлтэй байсан учир зохих ёсоор ашиглаагүй, үүнээс шалтгаалан султ зогсолт их гарсан үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан боловч уг татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.22., 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй, түрээсийн зүйлийн төлбөрийг бууруулах тооцоолол, хугацааны талаар тодорхой мэтгэлцээний байр суурь илэрхийлээгүй байна.

 

3.3. Түрээсийн гэрээний 3.4-т түрээсийн төлбөрийн хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хоногийн 0.3%-ийн алданги тооцохоор зохигч тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн зохицуулалтад нийцсэн.

Иймд хариуцагчаас гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний буюу 66,292,706 төгрөгийн алданги гаргуулах нэхэмжлэлийг анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар хангасан нь үндэслэлтэй болжээ.

 

4. Дараах үндэслэлээр гаргасан хариуцагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

4.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүгчид нөлөөлсөн гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй, эрх бүхий байгууллага шалгаж тогтоогоогүй тул энэ үндэслэлээр гаргасан гомдлыг хангахгүй.

 

4.2. Хариуцагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Өлзийсайхан нь эрүүл мэндийн шалтгааны улмаас 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийг анхан шатны шүүхийн шүүгчийн 183/ШЗ2023/17532 дугаар захирамжаар эмнэлгийн магадлагаанд ерөнхий эмч гарын үсэг зураагүй, эмчлэгч эмчийн тамга дарж баталгаажуулаагүй нь шаардлага хангаагүй гэж дүгнэж, хүсэлтийг хангахгүй орхиж, хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцсэн байх тул үүнд холбогдох гомдлыг хангах үндэслэлгүй.

 

4.3.  Энэхүү хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр эхэлж, улмаар нэхэмжлэлийн хувийг хариуцагчид 2021 оны 06 дугаар сарын 11-ний өдөр гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгчээ /1хх 22-203, 2хх 147-149/.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилсэн 2 жил 6 сарын хугацаанд хариуцагч “Б” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийн материал, хэрэгт авагдсан нотлох баримттай танилцах эрхийг шүүх хязгаарласан, танилцах боломжоор хангаагүй гэх үндэслэл баримтаар тогтоогдохгүй тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

 

4.4. Түүнчлэн Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн тогтоолоор тогтоосон харьяаллын дагуу анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн байгааг дурдвал зохино.

5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2023/03045 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Б” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,152,341 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ

 

                                ШҮҮГЧИД                                      Д.НЯМБАЗАР

 

                                                                                     Т.БАДРАХ